Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                         Хэргийн индекс:166/2022/0007/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Ч.Ч.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ч-т холбогдох эрүүгийн 2118000000388 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ивээл буузны цехэд бууз чимхэгч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд:

-2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Ч.Ч-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Ч.Ч- нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн орчим ******* тоотод Ч.Ч.Д-тэй маргалдаж хутгалж биед нь баруун бугалга, зүүн гуя, баруун гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Ч.Ч.Ч- нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн орчим ******* тоотод Ч.Ч.Д-тэй маргалдан түүнийг хутгалж эрүүл мэндэд нь баруун бугалга, зүүн гуя, баруун гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Ч.Ч- нь хохирогч Ч.Ч.Д-ийг “охин хүүхэд байж архи үнэртүүлж, харанхуй шөнөөр гадуур явлаа” гэж хэлээд цохиход нь түүний баруун бугалга, зүүн гуя, баруун гуяыг хутгаар зүссэн үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч Ч.Ч.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Найзуудтайгаа архи уугаад өөрийгөө удирдах чадваргүй болсон байсан. Ганц ахдаа ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна.” гэв.

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-Дархан-Уул аймгийн******* тоотод Ч.Ч.Ч- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Ч.Ч.Д-ийг хутгалж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх дуудлагыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01:26 цагт хүлээн авсан.  /хх 1/,

 

3. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт...”...өрөөний наана хаалга ширээ хоёрын дунд байрлах шалан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав”  /хх 2-7/,

 

            4. Хохирогч Ч.Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнө 01 цагийн орчим манай төрсөн дүү Ч.Ч.Ч- гаднаас архи уучихсан орж ирсэн юм. Тэгэхээр нь би чи охин хүүхэд байж архи дарс үнэртүүлж харанхуй шөнөөр гадуур явлаа гэж хэлээд дух руу нь 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон юм. Тэгсэн чинь манай төрсөн дүү Ч Ч.Ч- хоол хийдэг жижиг хутга гартаа бариад авсан юм. Тэгээд тэрийг нь булаалцалдаж байгаад зүүн гуя, баруун гарын булчин хэсгүүдэд зүсчихсэн юм. Тэгээд манай ээж цус харж айгаад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх 13/,

 

            5. Гэрч Д.Ш- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Ч.Ч- согтуу орж ирчихээд хүүхдээ авч явна гээд загнаад байсан. Өөрөө согтуу орж ирчихээд шөнө юу гэж хүүхэд өгч явуулдаг юм. Явах гээд байгаа бол өөрөө яв, хүүхэд өгч явуулахгүй гэхэд “гаргасан хүүхдээ би өөрөө мэдэж байна” гээд дайраад хэрэлдээд байсан. Гэтэл ах нь буюу Ч.Ч.Д- босоод ирсэн. Тэгээд дух руу 2-3 удаа цохиод авсан юм. Би бие засах гээд 00-ын өрөө рүү ороод бие засаж байтал орилолцоод явчихсан юм. Тэгэхээр нь би гараад харсан чинь Ч.Д-ийн гар нь нил цус болчихсон байсан. Яагаад ийм зүйл болчхов оо гэж хэлэхэд “энэ харин хутга бариад авахаар нь би булааж авах гэж байгаад ийм болчихлоо” гэж хэлээд манай хоол хийдэг саарал хутгыг бариад зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх 17/,

6. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 785 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Ч.Ч.Ч-ийн биед духанд цус хуралт тогтоогдлоо.

-Дээрх цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Ч.Ч.Ч-ийн биед тогтоогдсон цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хх 23/,

 

7. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 784 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Ч.Ч.Д-ийн биед баруун бугалга, зүүн гуя, баруун гуянд шарх тогтоогдлоо.

-Дээрх шархнууд нь хурц ир үзүүртэй багажийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Ч.Ч.Д-ийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

-Ч.Ч.Д-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 31/,

 

8. Шүүгдэгч Ч.Ч.Ч-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 46-60/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Ч.Ч-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.Ч-т оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Ч.Ч- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Ч.Ч.Д- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..дүү болох Ч.Ч.Ч-т ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх тайлбар /хх 77/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн 1 ширхэг хутгыг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.Ч-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.Ч-т оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.Ч- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн 1 ширхэг хутгыг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

   6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Ч.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ