Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/341

 

  2021        06          14                                   2021/ШЦТ/341

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч М.Энхбаатар,

  шүүгдэгч О.Ц  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

шүүгдэгч А.Д  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чингүүнжав овогт О.Ц , Боржигон А.Д  нарт холбогдох эрүүгийн 2111 00000 0346 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, Чингүүнжав овогт О.Ц , 1989 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эхнэр, 2-6 насны 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 16-754 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

            Монгол улсын иргэн, Боржигон овогт А.Д , 1995 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр зам ХХК-нд туслах машинчаар ажилладаг, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 31-1 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Ц  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны гадна талд орцны үүдэнд иргэн А.Д тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүр лүү гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны гадна талд орцны үүдэнд иргэн О.Ц тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр лүү гараараа цохих, арын дагз хэсэгт нь шалбалах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ц  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч А.Д  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ:  “...Би тэр өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 04- ний өдрийн оройн 21:15 цагийн үед гэртээ байж байтал манай гэрт манай найзууд болох Дөлгөөн, Мөнхбаяр, Мөнхзаяа, Төгсбаясгалан нар ирсэн. Тэгээд бид нар гадагшаа гараад зааланд тоглоё гэж байтал заал хайгаад олдоогүй, тэр нь бүтээгүй. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад караоке орохоор болоод нарны замын ард байдаг Санрайс гэдэг караокед орцгоосон. Тэндээ шөнийн 22:00 цагийн үед ороод 23:00 цаг өнгөрч байхад гарч ирсэн. Тэгээд тэр газартаа 2 шил 075 грамм Чингис архи авч ууцгаасан. Төгсбаясгалан, Дөлгөөн бид гурав хуваагаад ууж байсан. Тэгээд дараагаар нь тэр газраасаа гараад бид нар шууд Дөлгөөнийг гэрт нь хүргэж өгч байсан. Тэр үедээ Мөнхбаярын машинаар нь хүргэж өгч байсан юм. Тэгээд гэрт нь буулгаад оруулах гэтэл тэр надад агсан тавьж эхэлсэн ба эхлээд миний араас толгой руу цохиж авсан. Тэгээд дараагаар нь миний нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж авч байсан. Тэгээд дахин цохих гэж байхаар нь би түүний гарыг нь барьж аваад түүнтэй адилхан зодолдож байсан. Тэр үед Дөлгөөний ээж, эхнэр нь гэрийнхээ цонхоороо хараад гарч ирж байсан гэгээд тэд нар цагдаа дуудаж ирүүлээд намайг цагдаа нар авч яваад эрүүлжүүлэх байранд хонуулсан юм. Тэр шөнө ямар ч байсан А.Д ийг гэрт нь оруулж өгөх гэж байсан тэгтэл тэр уурлаж эхэлсэн угаасаа бид нарт жаахан гомдолгүй явж байсан. Түүний аав нь жилийн өмнө өнгөрсөн байсан ба тэгээд бид нарыг ирээгүй гэх зэргээр гомдоллоод байсан. Тэгж байгаад хүн болгон луу үг хаяж байсан. Тэгээд тэр уурандаа тэр шөнө намайг гэрт нь оруулж өгөх гэж байхад уурлаад агсан тавьж эхэлсэн гэж бодож байна. Гэрт нь оруулж өгөх гээд явж байхад “чи муу бол амжихгүй шүү” гэж хэлээд намайг араас толгой руу гараараа нэг удаа цохиж авсан. Тэгээд эргээд хартал миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж авсан. Би тэгэхээр нь газарт унасан ба тэгээд газраас босоод иртэл Дөлгөөн намайг толгойн баруун хэсэгт гараараа дахиад нэг удаа цохиж авсан. Тэгэхээр нь би түүнийг барьж аваад зөрүүлээд цохиж, түүнтэй хэрүүл маргаан болсон. Тухайн үед манай найз Мөнхбаяр, Мөнхзаяа нар сүүлд нь эрүүлжүүлэх байрнаас гарч ирэхэд намайг харсан ба “яасан бэ” гэхээр нь өчигдөр Дөлгөөнд цохиулсан гэдгээ хэлж байсан. Тэр үедээ хэлэх гэтэл тэр хоёр байхгүй машиндаа суугаад үлдсэн байсан. Би өөрийнхөө шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа үүнээс асууж тодруулах зүйл байхгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ:  “...Би тэр өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 04- ний өдөр гэртээ байж байсан чинь манай найз Мөнхбаяр ирсэн. Би гэрээсээ гараад түүний машинд суугаад Цогсүрэнг гэрээс нь авсан...Бид нар зааланд тоглох гэж байсан боловч заал олдоогүй. Тэгээд караокед орцгоох болсон. Тэнд бүгдээрээ 2 шил 750 грамм Хар Чингис архи авч ууцгаасан. Харин Мөнхбаяр, Мөнхзаяа нар уугаагүй. Тэгээд тэндээсээ шөнийн 24 цаг өнгөрөөгөөд гарч ирсэн. Тэд нар эхлээд намайг хүргэж өгсөн. Замдаа Цогсүрэн бид хоёр муудалцаж байсан. Бид хоёр аавын тухай дуу дуулсан тэрнээс болоод муудалцсан. Цогсүрэн намайг зодсон ба гэрээс эхнэр, ээж хоёр хараад гарч ирсэн. Харин өглөө нь Цогсүрэн эрүүлжүүлэх байрнаас гарч ирсэн ба баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна. Бид нар хоорондоо эвлэрсэн, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

Гэрч Б.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ингээд оройн 22:30 цагийн үед Санрайс гэдэг нэртэй Нарны замын хойно байдаг караокед орцгоосон. Тэгээд тэр газартаа бид нар хоёр шил 075 грамм Чингис нэртэй архи авч ууцгаасан. Тэгж байгаад тэр газраасаа шөнийн 23:30 цагийн үед бид нар гарч ирцгээсэн. Тэр үед Дөлгөөн замдаа согтуурхаад агсраад байсан ба Цогсүрэн лүү том том дуугараад “жаахан суух гэж байхад” гэх зэргээр юм хэлээд байсан. Тэгж байгаад тэр хоёр миний машинаас буугаад цаашаа яваад өгсөн. Тэгж байтал нэлээн удсан, тэр хоёр маргалдаад муудалцаад байсан. Мөнхзаяа бид хоёр машиндаа хүлээгээд байсан. Бараг нэг цаг гаран болсон байхаа, тэгж байтал Дөлгөөний ээж, эхнэр хоёр миний машин дээр хүрээд ирсэн. Тэгээд ирээд “та нар бөөнөөрөө ирээд манай хүүхдийг зодлоо, та нар харсаар байтал хүүхэд зодууллаа” гэж хэлээд байсан. Тэгж байгаад тэд нар Цагдаа дуудаж ирүүлээд аваад явж байсан. Би тэр хоёрын зодооныг хараагүй, би тэр хоёрыг хэзээ салах бол гэж машиндаа хүлээгээд зогсож байсан. Тэдний орцноос нь нэлээн зайтай байсан. Харин маргааш нь хоёуланг нь харсан чинь О.Ц  нь эрүүлжүүлэх байрнаас гарч ирж байсан. Түүний баруун нүд нь хөхөрсөн толгой нь арын дагз хэсгээрээ бага зэрэг хагарсан байсан, харин Дөлгөөн нь нүүрнийх нь зүүн тал хэсэг нь бага зэрэг хавдсан, мөн дух нь болон нүүрний ганц нэг хэсэгтээ бага зэрэг шалбарсан байсан. Тэгээд тэр хоёртой уулзаж байхад хоорондоо зодолдсон талаар О.Ц  нь хэлэхдээ “Дөлгөөн намайг эхлээд цохиж аваад зодоод байсан тул би өөрөө биеэ хамгаалах зорилгоор түүнийг зодсон” гэж хэлж байсан. Харин Дөлгөөн нь Цогсүрэн ах намайг зодсон гэж хэлж байсан. Тэр шөнө Бааранд маргалдсан зүйл байхгүй, наашаа ирж явах замдаа хэрүүл маргаан болоод байсан. Дөлгөөн нь “хүн бааранд суух гэж байхад гараад ирэх юм” гэх зэргээр үг хаяад хоорондоо хэрэлдэж байсан. Тэр үедээ тэд нар гурвуулаа хоёр шил 075 грамм архи хувааж ууцгаасан байсан. Нэлээн согтсон байсан. Тэгээд Дөлгөөн нь бас над руу үг хаяад “танд гомдож байна, та намайг мартсан байна, манай аавыг өөд болоход чи ирээгүй шүү, би чамайг аймаар ихээр харж байсан” гэх зэргээр гомдоллоод байсан. Тэгтэл хажуугаас нь Цогсүрэн нь “чи болио” гэтэл “чамтай бол юм ярихгүй шүү” гэх зэргээр хэлээд байсан. Тэгж байгаад хоорондоо зодолдсон байсан. Машинаас буугаад юу болсныг нь хараагүй болохоороо мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Т.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр 2021 оны 03 дугаар сарын 04-ны оройн 21:00 цагийн үед гэртээ байж байтал манай найз залуу Б.М  нь манай гэрт машинтайгаа Дөлгөөн, Төгсбаясгалан нарын хамт хүрээд ирсэн. Бид нар заал авах гэж байна гэхээр нь гараад ирсэн. Тэгээд бид хоёр яваад Дэнжийн мянгад байдаг О.Ц гийн гэрт нь очоод түүнийг авсны дараагаар нь бид нар заалаа хайсан боловч олдоогүй. Тэгээд бүгдээрээ ярилцаад караокед орох болоод нарны замын Санрайс гэдэг нэртэй караокед орцгоосон. Тэр үед 22:30 цаг болж байсан. Тэгээд тэр газартаа бид нар дуу дуулж байсан. Тэд нар 2 шил 075 грамм Чингис нэртэй архи авч ууж байсан. Тэрнээс нь Б.М  бид хоёр архи уугаагүй, тэр гурав архиа хувааж ууцгааж байсан. Тэгээд тэр газраасаа шөнийн 23:30 цагийн үед нэг цаг сууж байгаад гараад ирцгээсэн. Тэгээд хамгийн түрүүнд Дөлгөөнийг хүргэж өгөх гээд бөөнөөр машиндаа сууцгаасан. Тэндээс Төгсбаясгалан нь салаад гэртээ харьсан. Бид нар наашаа Баянбүрдийн тойргийн хажуудах нэгэн байрны гадаа ирээд зогсож байсан. Машинаас Дөлгөөн, О.Ц  нар буугаад явсан. Гэрт нь оруулж өгөх гээд явж байсан. Тэгээд нэлээн хүлээгээд бид хоёр машиндаа сууж байтал Дөлгөөний ээж, эгч нар машин дээр хүрээд ирсэн. Тэд нар машины гэрэл нь асаалттай байсан болохоор ирсэн байх гэж бодож байна, мөн бас машиныг нь таньдаг юм байна лээ. Тэгээд ээж нь ирээд загнаад байсан. “та нар манай хүүхдийг зодлоо” гэж байсан. Би суугаад үлдсэн Б.М  буугаад уулзаж байсан. Тэгсэн чинь цагдаа ирээд Б.М ыг аваад явж байсан. Баарнаас гарч ирээд машин дотор сууж явахдаа Дөлгөөн нь согтуурхаад байсан. Тэд нарт аавынхаа бурхан болсон талаар яриад гомдоллоод байсан. Нөгөө хоёртойгоо хэрүүлийн чанартай үг хэрэглээд явж байсан. Тэгээд Баянбүрдийн тойргийн хажуухан нэгэн байрны гадаа ирээд зогсож байсан. Тэр хоёр буугаад явсан, бид хоёр хүлээгээд л байсан миний хажууд ямар нэгэн зодоон цохион болсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч Н.Ч  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр 2021 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-ныг шилжих шөнө 01:50 цагийн үед гэртээ унтаж амрах гээд байж байсан чинь манай гэрийн гадаа доор согтуу хүмүүс хэрүүл маргаан болоод муудалцаад байсан. Тэгээд эхлээд би тагтныхаа цонхоороо хартал нэг хүн нөгөөхөө зодоод байсан. Тэгээд сайн ажиглаад харсан, сонсоод байсан чинь манай нөхөр А.Д ий орилох дуу чимээ гараад байхаар нь би цонхоороо орилоод “хөөе болиоч ээ цагдаа дуудлаа шүү” гэж орилж байсан. Яг намайг тэгж орилж байхад нэг залуу манай нөхрийг цохиж унагаагаад өшиглөөд, цохиж аваад байхаар нь би ээжийгээ сэрээгээд А.Д ийг хүн зодоод байна гэж хэлээд би доошоо гүйгээд гадаа гарсан чинь бас л зодоод байж байсан. Намайг гартал доошоо суулгаад дээрээс нь дарчихсан цохиж аваад байсан. Би очоод нөхрөө салгаж авсан. Цогоо гэж би нэрийг нь сонсож байсан би бол тэр хүнийг танихгүй ганц хоёр удаа зүс харж байсан. Тэгээд тэр Цогоо гэгч нь манай нөхрийг зодож байхдаа “би чиний багш чинь байна, чамайг зодох эрхтэй” гэх зэргээр хэлээд орилоод байсан. Тэр хүн өөрөө бөөгийн шашинтай гэж байсан. Тэгээд манай нөхрийг бөө болох гэж байгаа гээд байсан. Энэ хоёр хоёулаа согтуу байсан. Манай нөхрийн нүүр ам нь хавдаж хөхөрсөн дух нь шалбарсан, гар хуруу нь шалбарсан байсан. Намайг гадаа гүйгээд гарахад тэр хоёр хоёулаа байж байсан. Араас ээж гарч ирж байсан. Бас нэг хамтдаа явсан гэх ах нь машиндаа сууж байгаад гарч ирж байсан тэгээд тэр машинд нь нэг эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2181 дугаартай: “...О.Ц гийн биед дагзанд шарх, баруун нүдний дээд доод зовхи, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1984 дугаартай: “...А.Д ий биед тархи доргилт, дух, хамар, зүүн доод зовхи, нүдний алимын салст, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-69 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70, 76 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 67, 67 дугаар тогтоол /хх-ийн 84-85 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч О.Ц  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны гадна талд орцны үүдэнд иргэн А.Д тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүр лүү гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны гадна талд орцны үүдэнд иргэн О.Ц тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр лүү гараараа цохих, арын дагз хэсэгт нь шалбалах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Ц гийн “...Би тэр өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 04- ний өдрийн оройн 21:15 цагийн үед гэртээ байж байтал манай гэрт манай найзууд болох Дөлгөөн, Мөнхбаяр, Мөнхзаяа, Төгсбаясгалан нар ирсэн. Тэгээд бид нар гадагшаа гараад зааланд тоглоё гэж байтал заал хайгаад олдоогүй, тэр нь бүтээгүй. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад караоке орохоор болоод нарны замын ард байдаг Санрайс гэдэг караокед орцгоосон. Тэндээ шөнийн 22:00 цагийн үед ороод 23:00 цаг өнгөрч байхад гарч ирсэн. Тэгээд тэр газартаа 2 шил 075 грамм Чингис архи авч ууцгаасан. Төгсбаясгалан, Дөлгөөн бид гурав хуваагаад ууж байсан. Тэгээд дараагаар нь тэр газраасаа гараад бид нар шууд Дөлгөөнийг гэрт нь хүргэж өгч байсан. Тэр үедээ Мөнхбаярын машинаар нь хүргэж өгч байсан юм. Тэгээд гэрт нь буулгаад оруулах гэтэл тэр надад агсан тавьж эхэлсэн ба эхлээд миний араас толгой руу цохиж авсан. Тэгээд дараагаар нь миний нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж авч байсан. Тэгээд дахин цохих гэж байхаар нь би түүний гарыг нь барьж аваад түүнтэй адилхан зодолдож байсан. Тэр үед Дөлгөөний ээж, эхнэр нь гэрийнхээ цонхоороо хараад гарч ирж байсан гэгээд тэд нар цагдаа дуудаж ирүүлээд намайг цагдаа нар авч яваад эрүүлжүүлэх байранд хонуулсан юм. Тэр шөнө ямар ч байсан А.Д ийг гэрт нь оруулж өгөх гэж байсан тэгтэл тэр уурлаж эхэлсэн угаасаа бид нарт жаахан гомдолгүй явж байсан. Түүний аав нь жилийн өмнө өнгөрсөн байсан ба тэгээд бид нарыг ирээгүй гэх зэргээр гомдоллоод байсан. Тэгж байгаад хүн болгон луу үг хаяж байсан. Тэгээд тэр уурандаа тэр шөнө намайг гэрт нь оруулж өгөх гэж байхад уурлаад агсан тавьж эхэлсэн гэж бодож байна. Гэрт нь оруулж өгөх гээд явж байхад “чи муу бол амжихгүй шүү” гэж хэлээд намайг араас толгой руу гараараа нэг удаа цохиж авсан. Тэгээд эргээд хартал миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж авсан. Би тэгэхээр нь газарт унасан ба тэгээд газраас босоод иртэл Дөлгөөн намайг толгойн баруун хэсэгт гараараа дахиад нэг удаа цохиж авсан. Тэгэхээр нь би түүнийг барьж аваад зөрүүлээд цохиж, түүнтэй хэрүүл маргаан болсон. Тухайн үед манай найз Мөнхбаяр, Мөнхзаяа нар сүүлд нь эрүүлжүүлэх байрнаас гарч ирэхэд намайг харсан ба “яасан бэ” гэхээр нь өчигдөр Дөлгөөнд цохиулсан гэдгээ хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, хохирогч А.Д ий “...Би тэр өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 04- ний өдөр гэртээ байж байсан чинь манай найз Мөнхбаяр ирсэн. Би гэрээсээ гараад түүний машинд суугаад Цогсүрэнг гэрээс нь авсан...Бид нар зааланд тоглох гэж байсан боловч заал олдоогүй. Тэгээд караокед орцгоох болсон. Тэнд бүгдээрээ 2 шил 750 грамм Хар Чингис архи авч ууцгаасан. Харин Мөнхбаяр, Мөнхзаяа нар уугаагүй. Тэгээд тэндээсээ шөнийн 24 цаг өнгөрөөгөөд гарч ирсэн. Тэд нар эхлээд намайг хүргэж өгсөн. Замдаа Цогсүрэн бид хоёр муудалцаж байсан. Бид хоёр аавын тухай дуу дуулсан тэрнээс болоод муудалцсан. Цогсүрэн намайг зодсон ба гэрээс эхнэр, ээж хоёр хараад гарч ирсэн. Харин өглөө нь Цогсүрэн эрүүлжүүлэх байрнаас гарч ирсэн ба баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, гэрч Б.М ын “...Би тэр хоёрын зодооныг хараагүй, би тэр хоёрыг хэзээ салах бол гэж машиндаа хүлээгээд зогсож байсан. Тэдний орцноос нь нэлээн зайтай байсан. Харин маргааш нь хоёуланг нь харсан чинь О.Ц  нь эрүүлжүүлэх байрнаас гарч ирж байсан. Түүний баруун нүд нь хөхөрсөн толгой нь арын дагз хэсгээрээ бага зэрэг хагарсан байсан, харин Дөлгөөн нь нүүрнийх нь зүүн тал хэсэг нь бага зэрэг хавдсан, мөн дух нь болон нүүрний ганц нэг хэсэгтээ бага зэрэг шалбарсан байсан. Тэгээд тэр хоёртой уулзаж байхад хоорондоо зодолдсон талаар О.Ц  нь хэлэхдээ “Дөлгөөн намайг эхлээд цохиж аваад зодоод байсан тул би өөрөө биеэ хамгаалах зорилгоор түүнийг зодсон” гэж хэлж байсан. Харин Дөлгөөн нь Цогсүрэн ах намайг зодсон гэж хэлж байсан. Машинаас буугаад юу болсныг нь хараагүй болохоороо мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч Н.Ч ын “...Тэгээд эхлээд би тагтныхаа цонхоороо хартал нэг хүн нөгөөхөө зодоод байсан. Тэгээд сайн ажиглаад харсан, сонсоод байсан чинь манай нөхөр А.Д ий орилох дуу чимээ гараад байхаар нь би цонхоороо орилоод “хөөе болиоч ээ цагдаа дуудлаа шүү” гэж орилж байсан. Яг намайг тэгж орилж байхад нэг залуу манай нөхрийг цохиж унагаагаад өшиглөөд, цохиж аваад байхаар нь би ээжийгээ сэрээгээд А.Д ийг хүн зодоод байна гэж хэлээд би доошоо гүйгээд гадаа гарсан чинь бас л зодоод байж байсан. Намайг гартал доошоо суулгаад дээрээс нь дарчихсан цохиж аваад байсан. Би очоод нөхрөө салгаж авсан. Цогоо гэж би нэрийг нь сонсож байсан би бол тэр хүнийг танихгүй ганц хоёр удаа зүс харж байсан. Тэгээд тэр Цогоо гэгч нь манай нөхрийг зодож байхдаа “би чиний багш чинь байна, чамайг зодох эрхтэй” гэх зэргээр хэлээд орилоод байсан. Тэр хүн өөрөө бөөгийн шашинтай гэж байсан. Тэгээд манай нөхрийг бөө болох гэж байгаа гээд байсан. Энэ хоёр хоёулаа согтуу байсан. Манай нөхрийн нүүр ам нь хавдаж хөхөрсөн дух нь шалбарсан, гар хуруу нь шалбарсан байсан. Намайг гадаа гүйгээд гарахад тэр хоёр хоёулаа байж байсан. Араас ээж гарч ирж байсан. Бас нэг хамтдаа явсан гэх ах нь машиндаа сууж байгаад гарч ирж байсан тэгээд тэр машинд нь нэг эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2181 дугаартай: “...О.Ц гийн биед дагзанд шарх, баруун нүдний дээд доод зовхи, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1984 дугаартай: “...А.Д ий биед тархи доргилт, дух, хамар, зүүн доод зовхи, нүдний алимын салст, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд “...Нэхэмжлэх зүйлгүй. Одоо учраа олж эвлэрсэн...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч О.Ц , А.Д  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх байдаг тул шүүх шүүгдэгч О.Ц , А.Д  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч нарын улсын яллагчтай тохиролцсоноор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч О.Ц , А.Д  нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч О.Ц , А.Д  нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч О.Ц , А.Д  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чингүүнжав овогт О.Ц , Боржигон овогт А.Д  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц , А.Д  нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц , А.Д  нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч О.Ц , А.Д  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц , А.Д  нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН