Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогч М.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б бөх ургийн овогт Д Бад холбогдох эрүүгийн 2235000510056 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 9-19 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаанд тэнсэн хянан харгалзаж байсан, Б бөх ургийн овогт Д Б, /РД: ШЖ86111676/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан иргэн М.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000510056 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагчаас:

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 06-09 дүгээр хуудас),

-Шүүгдэгч Д.Бын хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

-Хохирогч М.Оын хувцаст үзлэг хийсэн тэмдэгдэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас),

-Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

-Дуу-дүрсний бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 47-52 дугаар хуудас),

-Хохирогч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 57-60, 113, 115-116 дугаар хуудас),

-Гэрч Н.П мөрдөн шалгах ажиллгааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 69, 71-73 дугаар хуудас),

-Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 77-78, 80, 118 дугаар хуудас),

-Гэрч П.Ү мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 82-83, 120 дугаар хуудас),

-Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 103-106 дугаар хуудас),

-Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас),

-Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 139 дүгээр хуудас),

-Шинжээч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэлээс:

-Гэрч Н.П мөрдөн шалгах ажиллгааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 103-106 дугаар хуудас),

-Хохирогч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 113, 115-116 дугаар хуудас),

-Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 77-78, 80, 118 дугаар хуудас),

-Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 139 дүгээр хуудас),

-Гэрч Н.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас),

-Гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас),

-Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Д Б нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаангом сумын 7 дугаар багийн 9-19 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов. Тайлбар: Д.Б төлөв даруу, баг, хамт олны үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцдог, манай багийн тэргүүний залуучуудын нэг юм” гэх тодорхойлолтыг (хавтаст хэргийн 193 дугаар хуудас),

-Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 196-198 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Хохирогч М.О, шүүгдэгч Д.Б нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.О “Миний тархинд учирсан хүнд гэмтлийг Д.Б учруулаагүй. Би өөрөө гэрийнхээ бие засах өрөөний плитан шалан дээр хальтарч унаад уг гэмтлийг авсан. Би Д.Бад ямар нэгэн гомдол байхгүй. Байрны гадаа Д.Бад цохиулсан гэдгээ санахгүй байна. Би архи уухаараа их агсам, овилгогүй зантай болчихдог. Миний буруугаас болсон байхыг үгүйсгэхгүй” гэх мэдүүлгийг, шүүгдэгч Д.Б “Найзыгаа цохиж гэмтээсэндээ маш их харамсаж байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлгийг тус тус гаргажээ.

Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан иргэн М.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 06-09 дүгээр хуудас),

-Шүүгдэгч Д.Бын хувцаст үзлэг хийсэн “...ногоон өнгийн синтфон материалтай биеийн тамирын өмдний зүүн гуяны хэсэгт 2,5х1,5 см, баруун өвдөгний хэсэгт 1,5х0,8 см хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

-Хохирогч М.Оын хувцаст үзлэг хийсэн “...хар өнгийн савхин, дотор талдаа саарал өнгийн үслэг дотортой, зах хэсэг нь хар өнгийн үслэг материалаар хийсэн куртик 1 ширхэг байх ба куртикт урагдалгүй, зүүн талын энгэрийн доод хэсэг дотор талд хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан, мөн зүүн мөр, мөрний ар хэсэг, зүүн тохойны ар хэсэгт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байна...” гэх тэмдэгдэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас),

-Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн “...латин үсгээр Хань гэсэн дугаараас “битгий муухай царайлаад бай, хагалгаанд ороод гайгүй болно, зоригтой байна шүү хань минь” гэсэн мессэж ирсэн, мөн Д.Б өөрийн гар утасны дугаараас 95257070 дугаар луу латин үсгээр бичсэн “...гайгүй юу хөгшөөн, яагаад муудалцчихваа, өдөржин цагдаа дээр байлаа, эрхээ хасуулаад 400к торгууллаа, шүд нь яаж байна хөгшөөн, чи бид хоёр муудалцсан юм уу, өөр хүн шаачихав уу тасарчиж...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

-Дуу-дүрсний бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 47-52 дугаар хуудас),

-Хохирогч М.Оын “...бид хоёр Увс нуур төвийн 1 давхарт байрлах дэлгүүрээс 1 виски аваад Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах 1 цонхны үйлчилгээний төвийн хойд талд зогсож байгаад хоорондоо ярилцаад вискигээ задалж хувааж уусан. Тухайн үед ойролцоогоор 20 цаг болж байсан. Түүний дараагаар 22 цагийн үед манай эхнэр Э Их наяд караоке бааранд байна гэхээр нь тийшээ очсон юм. ...бид 23 цагийн үед гарч явсан ба... Д.Б автомашинаа жолоодож Улаангом сумын 3 дугаар багт байрлах Улаан загалмайн байрны зүүн талд байх манай байрны гадна очоод зогссон бөгөөд эхнэр Э “гэр лүүгээ оръё” гэхэд нь виски үлдсэн байсан тул түүнийг уучхаад орно гээд үлдсэн. Эхнэр орсны дараа вискинээс уусан эсэхээ санахгүй байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд өглөө болчихсон би гэртээ байсан. Миний уруул хавдчихсан, шүд хөдөлсөн байдалтай, мөн толгой маш ихээр өвдөж байсан юм. 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө төрсөн ээж Үенчимэг нь надад “хаагуур яваад ирсэн юм, чиний хувцас чинь цус болчихсон байна, малгай цамц хувцас чинь хаана байгаа юм” гэж асуусан би “мэдэхгүй” гэсэн. Тэр өдөр толгой өвдөөд байхаар нь гэртээ хэвтээд өнжсөн. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны орой би эхнэр Эын хамтаар Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутар байрлах Эрээдэй гэх ахынд очиж толгойгоо бариулсан. Тэгээд буцаж гэртээ алхаж ирээд 5 минут бололгүй таталт өгөөд би ухаан алдсан. Нэг мэдэхэд эмнэлэгт ухаан орсон. Б бид хоёр маргалдах үндэслэл байхгүй. Би Бтай хэрэлдэж маргалдаж зодолсноо санахгүй байна. Д.Б бид хоёр удаан уулзаагүй, нэг уулзъя гээд ярилцаад уулзсан. Миний тархинд гэмтэл учирсан, уруул дотор талдаа сэтэрсэн, зүүн нүд хөхөрчихсөн, үүдэн хоёр шүд хөндүүр өвдөлттэй, хүзүүнд зулгаралт үүссэн, цээжинд бага зэрэг хөхрөлтүүд байсан. Одоо миний толгой өвдөж байгаа, би тархиндаа хагалгаа хийлгэсэн. Миний цамц байхгүй байгаа. Бусад хувцас байгаа. Би тэр өдөр пудволкгүй, нимгэн цамцтай, савхитай явсан. Хар хөх өнгийн савхитай явсан. Одоогоор нэхэмжлэх зүйл, гомдол санал, хүсэлт байхгүй...” гэх, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч М.Оын дахин өгсөн “...Би тэр шөнө гэртээ унтаж байгаад бөөлжих гэж босоод бие засах өрөө лүү орохдоо плитан шалан дээр асгарсан усан дээр гишгээд хөл халтирч хойшоо толгойгоороо савж унасан. Түүний дараагаар толгой өвдөөд тухайн өрөөнд нэлээн хэсэг хугацаанд хэвтэж байгаад босоод бөөлжөөд буцаад орондоо ороод хэвтсэн. Манай гэр бүлийн гишүүд намайг хойшоо савж унаж байхад бүгдээрээ унтаж байсан. Би хэдэн цагийн үед бие засах өрөө лүү орсон талаараа мэдэхгүй байна. Цагийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Тэр өдрөө хэвтэж өнжөөд маргааш нь эхнэрийн хамтаар бариачид очиж толгойгоо бариулаад гэртээ ирээд ухаан алдсан юм. Би Баар зодуулж байснаа санахгүй байгаа, миний санаж байгаа зүйл бол бие засах өрөөнд хойшоо савж толгойгоороо унасан тэр үед толгой их өвдсөн, тэндээ хэсэг хугацаанд хэвтэж байгаад босож орондоо орж унтсан, тэр шалтгаанаас болоод тархины гэмтэл учирсан гэж бодож байна. Надад хэн нэгэн бие засах өрөөнөөс гарахад туслаагүй. Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Хоолонд дургүй болчихсон, толгой автомашинд суухаар тархины гавлын яснаас авчихсан хэсгээрээ бамбалзаж өвдөөд байгаа, өөр өвдөж байгаа зүйл байхгүй. Би эхнэр, хүүхдүүдийн хамтаар тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт Улаан загалмайн байрны зүүн талд байрлах 3 давхар орон сууцны барилгын 4 тоот өрөөнд төрсөн аав, ээж хоёрын хамтаар, эхнэр, хүүхдүүдийн хамтаар өвөлжиж байгаа. Тэр үед эхнэр Э, төрсөн аав Ж.М, төрсөн ээж П.Ү нар байсан. Надад гомдол, санал хүсэлт нэхэмжпэх зүйл байхгүй” гэх, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хохирогч М.Оын дахин өгсөн “Би анх хагалгаанд орж гарч ирсний дараагаар мэдүүлэг өгсөн. Тийм учраас зарим зүйлийг мартаад санаагүй байхдаа мэдүүлэг өгсөн юм. Сүүлд эмчилгээ хийгдээд хагалгааны дараа биеийн байдал сайжираад тэгээд болсон үйл явдлын талаар санах гээд хичээхэд миний ой санамжид согтуу бөөлжих гэж байгаад бие засах өрөөний шалан дээр ус асгарчихсан байгаад хойшоо дагзны хэсгээрээ газар унасан тэр үед толгой маш их өвдсөн. Тэгээд плита шалан дээр хэвтэж унасан байдалтай 10 орчим минут хэвтэж байгаад боссон юм. Би уначихаад шууд босох гэхэд биеэ хөдөлгөж чадахгүй, толгой өвдөж байсан учраас хэсэг хугацаанд хэвтэж байгаад боссон. Би толгойныхоо зүүн талын зүүн хойд талын хэсгээр унасан гэж бодож байна. Тийм учраас би хоёр дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө санасан зүйлээ хэлсэн. Намайг толгойгоороо савж унасан гэж мэдүүлэг өгөх талаар надад хэн нэгэн нөлөөлсөн, ятгасан, мэдүүлэг өгүүлэх талаар айлган сүрдүүлж дарамталсан, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж нөлөөлсөн хүн байхгүй, би өөрийнхөө санасан зүйлийг хэлж байна. Би гэр бүлийн гишүүдийг унтаж байхад шөнө бие засах газар луу явж байгаад унасан. Манай гэр бүлийн гишүүд тухайн үед бүгдээрээ унтаж байсан. Би уначихаад ямар нэг байдлаар орилж, хашгираагүй юм. Д.Б намайг эмнэлэгт байхад байнга эргэж ирж байсан, эмийн мөнгө, эмчилгээний мөнгө, хувийн эмнэлэгт хэвтэхэд зардал гэх мэтээр 3 сая гаруй төгрөгөөр тусалсан. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал хүсэлт байхгүй, би хохирлын баримт бүрдүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй, өөрөө унаж толгойндоо гэмтэл авсан. Надад ямар нэг гомдол, санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 57-60, 113, 115-116 дугаар хуудас),

-Гэрч Н.П “Тухайн үед би хойноос урагш чиглэлд гэр лүүгээ явж байтал Улаан загалмайн замын эсрэг талын байрны гадна үүднээс 10-аад метрийн орчим зайд 55-88 гэсэн дугаартай суудлын машины хажууд 2 эрэгтэй зодолдож байгаа бололтой нэгийгээ цохиж харагдсан ба өндөр, нам нуруутай 2 залуу байсан, намхан залуу нь цээж нүцгэн хувцасгүй өндөр залуугаараа цохиулчихаад орилсон. Өндөр залуу гадуур хувцас болох хар бараан өнгийн куртиктэй байсан. Би тэр 2 залууг нэгээ цохихыг харангуут зайнаас ойртолгүй “хөөе боль” гэсэн чинь өндөр нь над руу уурлаж “чамд ямар хамаатай юм, ална шүү пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн 7045102 утас руу ярьж дуудлага мэдээлэл өгсөн. Тэнд байсан 2 залуугийн өндөр нь буюу 175-180 см орчин нуруутай, намхан нь 165-170 см орчим нуруутай, туранхуйдуу биетэй залуус байсан ба өндөр залуу нь намхан залуугаа цохиж байсан. Намхан залуу нь нэлээн их согтолттой байгаа бололтой нөгөөхөөрөө цохиулчихаад орилоод байсан. Өндөр залуу нь намхан залууг бодоход гайгүй, их биш согтолттой байсан. Би цагдаад дуудлага өгчхөөд цаашаа явчихсан. Ер нь бол өндөр залуу нь намхан залуугаа цохиж байхтай нь таарч намайг “боль” гэхэд ямар ч байсан цохихоо болиод өндөр нь залуу над руу уурлаж эхэлсэн. Тэр хооронд нөгөө залуу нь орилоод байсан. Би дуудлага өгчхөөд тэр залуучуудаар зодуулчихаж магадгүй гэж айгаад цаашаа явчихсан. Тэр 2 залуу машины хажууд үлдсэн. Би тэр 2 залуугийн ойролцоо зөрөх хооронд л болсон үйл явдал юм. Би харахад өндөр залуу намхан залуугийн толгой, нүүр хэсэгт цохисон. Нөгөөх нь цохиулангуутаа орилсон би ч үүнийг харангуут “боль” гэдгийг хэлсэн” гэх, мөн гэрч Н.П дахин өгсөн  “Би 20 орчим метрийн зайнаас хараад боль гэж хэлсэн юм. Тэд нар Улаан загалмайн байрны эсрэг талын зүүн талын орон сууцны барилгаас Улаан загалмайн байр талдаа 10 орчим метр зайнд байсан. Уг хоёр залуу орилолдож, чарлаад байхаар нь яваад очиход өндөр нь намхан залуугаа цохиж байсан. Намхан нь өндөрөө цохих гэхэд өндөр нь гараараа тулаад өөртөө хүргүүлээгүй. Өндөр нь хавчгар нүүртэй, туранхайвтар залуу байсан. Би холоос харанхуйд харсан болохоор царайг нь сайн харж чадаагүй. Би царайг нь харвал танихгүй. Өндөр залуу бараан өнгийн куртиктэй байсан. Би харахдаа өндөр нь намханыхаа толгой, нүүр лүү цохьчих шиг болоод намхан залуу цээж нүцгэн орилоод байна гэж харсан. Өндөр залуу дахиад зодох гээд намхан залуу руугаа дайрахаар нь “боль, боль” гээд болиулчихсан юм. Түүний дараа өндөр залуу нь над руу уурлахаар нь би цагдаагийн газарт дуудлага өгчихөөд явчихсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 69, 71-73 дугаар хуудас),

-Гэрч Б.Э “2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ...манай ажлын хүмүүс “Их наяд” төвийн караокед байсан тул тэнд очиж суусан. ...Тэр үеэр хадам ээж утсаар ярьж “хүүхэд чинь уйлж байна, ирэх болж байна уу” гэж хэлэхээр нь Оод хэлээд гэр лүүгээ явахаар болоод Б, О гурав хамт баарнаас гараад гэр лүү явсан. Б саарал өнгийн суудлын машин бариад явж байсан ба марк, дугаарыг нь анзаарч хараагүй. Баарнаас яваад байрны гадна очсон. Тэгээд би Оыг гэр лүүгээ орох уу гэсэн чинь О “юмаа уугаад дуусгачихаад араас чинь оръё” гэхээр нь би “за за, удалгүй орж ирээрэй, хүүхэд уйлж байна” гэж хэлчхээд тэр хоёрыг машинд нь үлдээгээд гэр лүү орсон. Тухайн үед 23 цаг болж байсан гэж бодож байна. Би гэрт ороод хүүхдээ хөхүүлж унтуулчихаад ор дээрээ засаж бэлдчихээд Оын утас руу залгасан чинь авахгүй болохоор нь Бын утас руу залгасан чинь бас аваагүй. Мессэж бичихээр хариу бичихгүй байхаар нь гайхаад гадаа гарсан чинь тэр хоёр байхгүй, машинтайгаа явсан байсан. Буцаад гэрт ороод байж байтал ажлаас “түлхүүр оруулаад ирээч” гэж сувилагч ярихаар нь ээжид хэлчхээд ажил руу очсон. Ажил дээр очоод 20 минут болсон байх буцаж гэр лүү явж байтал хадам ээж утсаар яриад “хаана байна О хүнтэй зодолдсон юм шиг байна, цус болчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд би гэр лүү яваад орсон чинь О “ёо, яа” гэж зовуурилаад газраар хэвтэж байхаар нь ээжээс “яасан юм бол” гээд асуусан чинь хадам ээж “яасныг нь мэдэхгүй, зодолдсон юм шиг байна, цагдаа авч ирлээ” гэхээр нь би утасны гэрэл тусгаад харсан чинь Оын дээд уруул хавдаад цус гарсан, хүзүү, цээж гарын хэсгүүдэд хөхөрсөн байсан. Намайг гэрт ороход О хувцасгүй хэвтэж байсан. Хувцасыг нь ээж тайлсан уу, О тайлсан уу тэрийг нь мэдээгүй. Намайг ирсний дараа О 30-40 минут орчим ёолж байгаад унтах шиг болсон. Тэр шөнө О зовуурилаад олигтой унтаж чадаагүй. Шөнө дунд О гэнэт бөөлжөөд орны даавуу бөөлжис болгочихсон. Бөөлжөөд гайгүй болсон юм шиг байсан тэгээд унтчихсан. Өглөө болсон чинь О орноосоо босоогүй ба “толгой өвдөж байна” гээд хэвтээд өнжсөн. Тэгж байтал Оын утсанд Ч гэх найзаас нь дуудлага ирэхээр нь би аваад ярьсан чинь “танайд Бын савхи байна уу, байвал аваад гараад ирээч” гэхээр нь би Оын хувцасыг харсан чинь Бын савхи байсан. Тэр хоёрын савхи солигдсон байсныг би мэдээгүй байсан. Урьд орой Оын хувцасыг тайлаагүй, хараагүй болохоор ямар байсныг нь мэдээгүй. Тэгээд хувцасыг нь харахад савхин куртик нь солигдсон, цамц, малгай нь байхгүй, өмд гутал нь байсан. Өмдний хөлийн урд гуя хэсэг нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Бын савхийг аваад гарсан чинь Б, Ч 2 машинтай ирчихсэн байсан. Бад савхийг нь өгөөд Оын савхийг авсан чинь савхины зарим хэсэгт цус болсон байсан. Би Бад уурлаж “юу болсон юм бэ, Оыг яачихсан юм бэ, өвдөөд зовуурьтай байна, та хоёр л хамт явсан, чи ийм болгосон, орж тэр хүнээ хар” гэсэн чинь Б “яанаа юу болчихвоо, би мэдэхгүй, санахгүй байна” гэж хэлсэн. Би хэсэг загнаж байгаад Оын савхийг аваад гэр лүү орсон. Ороод Оод савхи, савхины цусыг үзүүлээд “энэ яачихсан юм бэ” гээд харуулахад юу ч хэлэхгүй байсан. Тэр өдөр О хэвтээд өнжсөн. Маргааш нь 1 дэх өдөр ажлын өдөр байсан тул би өглөө 07 цаг өнгөрөөд ажилдаа явсан. О унтаад үлдсэн. Ажлаас гэрт 17 цагийн үед ирсэн чинь О орондоо хэвтэж л байсан ба царай нь сонин болчихсон нэлээн өвдөж байгаа юм шиг царайтай болчихсон байхаар нь “юу нь өвдөөд байна” гээд асуусан чинь О “толгой өвдөж байна, доргичихсон юм болов уу бариулмаар байна” гэхээр нь хадам аав, ээжид хэлчхээд бид хоёр гэрээс гараад Нийгэмлэгийн заалны тэнд байдаг Эрээдэй гэх бариачийн гэрт очиж толгойг нь бариулсан чинь бариач “ямар аймаар зовуурьтай байгаа юм бэ” гэж хэлээд хэсэг барьж өгсөн. Бариулж дуусаад гэр лүү алхаад очсон. Гэртээ орж ирээд хувцасаа тайлж байтал О гэнэт таталт өгөөд газар унасан. Газар уначхаад татаад байхаар нь аав ээж хоёр гар хөлийг барьж таталтыг болиулах гэж оролдсон. Би Нэгдсэн эмнэлгийн 103 утас руу залгаж дуудлага өгсөн. Дуудлагын эмч нар ирэх хүртэл О таталттай ухаангүй байсан. Эмч ирээд Оыг аваад эмнэлэг явсан. 103-ын хүлээн авахын эмч нар үзээд 2-3 цаг анхан шатны тусламж үзүүлсний дараа мэс заслын тасаг руу шилжүүлж хагалгаанд оруулсан. Түүнээс хойш сэхээнд 1 хоноод энгийн тасагт шилжсэн. Одоо Оын биеийн байдал сайнгүй сахиуртай байгаа. Оыг хэрхэн биедээ гэмтэл аваад толгой нь өвдөх болсныг мэдэхгүй. Тэр орой Баас салаагүй, тэр хоёр цугтаа үлдэгдэл вискигээ уугаад үлдсэн. Тэгэхээр Б л Оыг зодож цохиж ийм байдалд оруулсан гэж бодож байна. Би Оын тэр орой өмсөж байсан савхин куртик, өмд, гутал, мөн гар утсыг авч ирсэн. Ач холбогдолтой зүйл байж магадгүй гэж бодоод үзлэг хийлгэе гэж авч ирсэн. Гэхдээ өмдийг нь цус ихтэй байгаад байхаар нь хадам ээж надад хэлэхгүйгээр угаачихсан болохоор цус нь арилчихсан байгаа. Мөн бөөлжсөн орны даавууг бас авч ирсэн. Эдгээр зүйлийг үзэж харуулаад зураг хөргийг нь даруулна. О Бтай уулзахаар гэрээс гарахын өмнө бие хаа нь эрүүл, ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан. Б тэр хоёр бааранд ирэхэд ч гэсэн Оын бие зүгээр бэртэл гэмтэлгүй байсан. Баарнаас гараад гэрийн гадна орох хооронд ч гэсэн ямар нэгэн хэрүүл маргаангүй зүгээр очоод үлдэгдэл вискийг ууна гээд тэр хоёр үлдсэн” гэх, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрч Б.Э дахин өгсөн “Манай нөхөр М.О нь тухайн үед намайг гэр лүүгээ орох гэж байхад Д.Б гэгчтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй, хоорондоо хэвийн харилцаатай байсан. Архинаас нь үлдсэн байсан бөгөөд түүнийгээ уучихаад араас орно гэх хэлэхээр нь би түрүүлээд орчихсон юм. О, Д.Б нар хоорондоо найз нөхдийн харилцаатай. О Д.Б нарын хооронд өр авлага, өш хонзонгийн асуудал байдаггүй. Манай нөхөр М.Оын цамц хаана байгаа талаар мэдэхгүй байна, одоог хүртэл цамц нь олдоогүй, М.О өөрөө мэдэхгүй байгаа. Нөхөр М.О нь Д.Баас намхан. М.О 172-173 см орчим өндөртэй. Одоогоор манай нөхөр М.Оын толгой өвчтэй, зарим зүйлийг мартаж, санаад байгаа, өнөөдөр толгойнд тавиулсан оёдлын талыг нь авахуулсан, 6 сарын дараагаар тархины ясыг нөхнө гэсэн, эмч хэлэхдээ одоо ясгүй нярай хүүхдийн толгой шиг байгаа гамаа сайн бариарай гэж хэлсэн. Өөр өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй, үүдэн хоёр шүд нь зовуурьтай байна гэж хэлсэн, уруулын хавдсан хэсэг нь арилчихсан. Д.Б нь эм тарианы мөнгө өгч байгаа, хааяа гар утсаар яриад хэрэгтэй зүйл байгаа эсэх талаар асуудаг, бид эм тарианы мөнгийг 100 хувь Д.Баар гаргуулахгүй байгаа ч гэсэн, шаардлагатай тохиолдолд Д.Баар эм, тариа авахуулж байгаа. Манай орон сууцны орцны хэсэгт орц луугаа харсан хяналтын камертай, хяналтын камер нь ажилладаггүй юм шиг байна лээ. Орцны баруун талын автомашины зогсоол хэсгийг харуулсан хяналтын камер байдаггүй” гэх, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрч Б.Э дахин өгсөн “2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ухаан алдаж, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон бөгөөд наркозтой хагалгаа хийлгэсэн. ...Өөрөө надад хэлэхдээ тэр шөнө бид нарыг унтчихсан байхад дотор эвгүйрхээд бие засах өрөө лүү бөөлжихөөр орж байгаад шалан дээр асгарсан усан дээр гишгээд хальтраад хойшоо савж унасан. Түүний дараагаар толгой өвдөөд босч чадахгүй хэсэг хэвтэж байгаад босоод орондоо орсноо санаж байна гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 77-78, 80, 118 дугаар хуудас),

-Гэрч П.Ү “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө Мягмарсүрэн гэх цагдаагийн алба хаагчтай манай хүү М.О нь цээж нүцгэн гадна талын хэсгээрээ саарал өнгийн савхин өвлийн куртиктэй орж ирсэн бөгөөд нүүр амны хэсэг нь цус болчихсон, уруул нь хавдчихсан байдалтай, хүзүү нь зулгарсан байдалтай, биеийн хэсэгт энд, тэнд цус хурчихсан байдалтай байсан. Тухайн цагдаа надад хэлэхдээ Б гэх залуутай хамт явсан талаар хэлсэн бөгөөд манай хүү М.О цагдаагийн алба хаагч руу заагаад “чи намайг зодсон, ээж наадах чинь зодсон” гэж байсан. Тэгэхээр нь би цагдаагийн алба хаагчаас “миний хүүг чи арай ийм болгоогүй биз дээ” гэхэд “та маргааш эрүүл болохоор нь цагдаад гомдол гаргаад шалгуулаад хэн ийм байдалтай болгосныг шалгуулж тогтоолгох хэрэгтэй, би юу гэж танай хүүг зодох юм, Б гэх найзтайгаа хамт явсан, Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдсан, Д.Быг эхнэр нь ирээд аваад явчихсан гэж хэлсэн. Би цагдаагийн алба хаагчийг явсны дараагаар өөрийн хүү М.Оыг загнасан. Мөн эхнэр Б.Эыг дуудсан. Маргааш нь М.О гэртээ унтаад өнжсөн, хүүгийн өмд нь цус болчихсон байсан учраас, мөн малгай нь харлаж бохирлогдсон учраас би угаачихсан. Би М.Ооос хэн зодсон талаар нь асуухад би мэдэхгүй байна, санахгүй байна гэж хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай хүү М.О гэгч нь бариачид очиж бариулчихаад гэрт ирээд удалгүй таталт өгсөн. Тэгээд эмнэлэг дээр очоод тархины хагалгаанд орсон. Уруул хавдчихсан, нүүр, амны хэсгээр цус болчихсон, хүзүүны хэсгээр биеийн хэсгээр цус хурчихсан, улаан толбууд үүсчихсэн байсан. Толгойны зүүн талын үсний хэсгээр цус мэт зүйл болчихсон байдалтай байсан. М.О нь гэрт ирэхдээ хар өнгийн куртиктэй, хувцасгүй бэлхүүснээс дээш хэсгээрээ нүцгэн, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай байсан. Миний харснаар хүүгийн хувцаст ямар нэг урагдалт, цооролт, ханзарсан гэмтэл учраагүй байсан” гэх, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрч П.Ү дахин өгсөн “Тухайн шөнө 00 цаг өнгөрч байхад манай хүү М.Оыг цагдаагийн алба хаагч нар гэрт авчирсан. Гэрт авчирсаны дараагаар би өөрийн бэр Эыг дуудсан. М.Оын нүүр, хэсэг нь хавдсан байдалтай, ам хэсгээр хувцас хунар нь цус болсон байдалтай байсан юм. М.Оыг гэрт ирсний дараа 30 минутын дараа Э гэртээ ирсэн. М.Оыг би архи уулаа гээд загнасан, хүү М.О нь бөөлжих үедээ амаа дараад надаас нуугаад бөөлжөөд байсан. Гэрт ирсний дараагаар эхнэр Э нь ирсний дараагаар бие засах өрөө лүү ороод суултуур луу бөөлжиж байсан. Эхнэр Э нь ирсний дараагаар би унтчихсан. Шөнө орой хүртэл сэрүүн байсан учраас ядраад унтчихсан байна лээ. Одоо миний хүүхэд биеийн байдал хэвийн тухайн үед болсон үйл явдлын зарим зүйлийг санаж байгаа юм байна лээ, бид нарт хэлэхдээ тэр согтуу ирсэн орой биднийг унтаж байхад бие засах өрөө лүү бөөлжих гээд орохдоо халтирч унаад толгойгоо цохисон, тэгээд хэсэг хэвтэж байгаад босоод орондоо ороод унтсан гэж хэлсэн. Би хүү М.О нь тухайн шөнө бие засах өрөө лүү орохдоо унасан талаар мэдээгүй” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 82-83, 120 дугаар хуудас),

-Гэрч Н.М “П.Б станцаар ойролцоогоор 23 цагийн үед байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Хан хөхий рестораны хажуу замд согтуу жолооч зогсоочихсон байна, замын цагдаагийн станцууд ирж аваарай гэж зарласан. Тэгэхээр нь би цагдаагийн ахлах ахлагч Д.Ганзоригийн хамтаар тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Хан хөхий рестораны урд талын замын хажуугийн зогсоол дээр очиход 55-88 УВХ улсын Королла загварын суудлын автомашин байсан бөгөөд жолооч талын хэсэгт очиход нэг танихгүй эрэгтэй байсан. Би өөрийг нь хэн болох талаар тодруулахад өөрийгөө Д.Б гэдэг гэж танилцуулсан. Түүний эсрэг талын хэсэгт нэг эрэгтэй цээж нүцгэн гадна талын хэсгээрээ хар өнгийн савхитай автомашины урд талын салон хэсгийг дэрлээд унтаж байсан ба би Д.Быг автомашинаас буухыг хүсэхэд бууж ирсэн. Би Д.Бын согтуурлыг шалгах гэхэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн ба Д.Быг цагдаагийн газар луу авч явахаар болсон. Намайг харахад Д.Бын баруун гарны сарвууны гадна талын хэсэг нь цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон, мөн хамарны баруун талын хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. Цагдаагийн газарт очоод Д.Б нь согтуурлаа шалгуулъя гэсэн бөгөөд согтуурал шалгах драгер багажаар шалгахад Д.Б нь 2.26 хувийн согтолттой байсан. Д.Бын эхнэрийг дуудаж уулзаад хүлээлгэж өгөхөөр болоод согтуугаар жолоодсон тээврийн хэрэгслийг саатуулах гээд бүрэн бүтэн байгаа байдлыг дүрс бичлэгээр бэхжүүлж харахад жолоочийн эсрэг талд суусан эрэгтэйгийн уруул ам нь хавдчихсан, хүнээр зодуулчихсан юм шиг байсан. Д.Б болон түүний эхнэрийн хамтаар автомашиныг шалгаж байхад Д.Б нь та нар цагдаа юм чинь наад хүнээ гэрт нь хүргээд өгчих гэх зүйл яриад байсан. Д.Быг эхнэр нь аваад явахаар болсон бөгөөд би тухайн хүмүүсийг авч яваад ар гэрт нь хүлээлгэж өг гэхэд Д.Б нь би явган, согтуу яаж наадах хүнийг чинь гэрт нь хүргэж өгдөг юм, та нар машин хураагаад авчихсан биздээ чадахгүй, өөрсдөө хүргэж өг гэж хэлсэн. Тэр үед Д.Бын эхнэр гэх эмэгтэй тухайн эрэгтэйгийн амьдардаг газрыг зааж өгсөн. Би тухайн эрэгтэйг гэрт нь хүргэж өгөхөд төрсөн ээж нь гэртээ байсан ба би танай хүүхэд бусдад зодуулчихсан байж магадгүй байна шүү, маргааш өөрөөс нь тодруулаад цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “...1.М.Оын биед гэмтэл тогтоогдлоо. Зүүн тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархай хэсгийн тархины эдийн няцрал, дээд урууланд язарсан шарх, зүүн нүдний алимны салстад, хүзүүний баруун талд цус хуралт гэмтлүүд учирсан байна. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь эдгэж буй шинэ гэмтлүүд байна. 4.Зүүн тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархай хэсгийн тархины эдийн няцрал гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Зүүн нүдний алимны салстад, хүзүүний баруун талд байрласан цус хуралт гэмтлүүд эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх 58 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 103-106 дугаар хуудас),

-Гэрч Б.Э “М.Оын хуйхан дор ямар нэг цус хуралтгүй, хатуу хальсан доор нөжирсөн цус хуралт байсныг авсан. Тархи хаван ихтэй, лугшилтгүй, чинэрсэн байдалтай, хатуу хальсийг онгойлгоход цус хуралт өөрийн даралтаар урсан гарч байсан. Цус хуралтыг эвийн аргаар соруулан авч тархи дарагдлыг чөлөөлөхөд тархи лугшиж эхэлсэн. Уг няцрал гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Тархины өнгө хэвийн, тархи хавантай байсан. Тархины няцралт цус хуралт нь зүүн талын чамархай зулай орчимд байсан. Уг хоёр няцралын нэг нь уураг тархины гадаргуу дээр бага хэмжээний, нөгөө няцрал нь уураг тархины дотор хэсэгт хоёр өөр газар үүссэн байсан. Уг гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой эсэхийг мэдэхгүй байна. 2 хоногийн дотор үүссэн байх боломжтой. Цусны бүлэгнэл нэвчимтгий байсан. Хүчтэй цохилтын улмаас юмуу хүчтэй механизмаар үйлчилсэн үед үүсч болно. Савж унасны улмаас тархины эдэд няцрал цус хуралт үүсч болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас),

-Гэрч Ц.Б “Хуйхны дотор талд цус хуралт байгаагүй, гавал дотор хатуу хальсан доорх цус хуралт байсан. Хатуу хальсан доорх хэсэг газарт бөөгнөрсөн цус хуралт байсан. Цус хуралтын хэмжээ нь мэс заслын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Тархины эд няцарсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Тархины эд няцарсаны улмаас тухайн газар цус гараад бөөгнөрч цус хуралт үүссэн байсан гэсэн үг юм. Тархины эд өнгө болон гадаргуу хэвийн байсан. Тархи хавантай байсан. Тархины няцралууд хагалгаа орсон хэсэг буюу зүүн талын чамархайн хэсэгт байрлаж байсан. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Ер нь бол гэмтлээс хамаараад хагалгаанд ордог. 2 хоногийн хугацаа үүссэн байхыг үгүйсгэхгүй, тухайн үед үүссэн гэмтлээс хамаарна. Цус нөжирчихсөн, тогтоц муутай байсан учраас цус тогтоох эмчилгээ хийсэн. Алинаас нь ч үүсэж болно. Ямар хүч үйлчилсэнээс хамаарна. Үйлчлэлийн хүчээс хамаараад хүниий биеийн тархинд янз бүрийн байдлаар гэмтэл учирсан байдаг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139 дүгээр хуудас),

-Шинжээч Б.Хын “Би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №58 дугаартай дүгнэлтийг гаргасан. Хохирогч М.Оын биед үзлэг хийж, шинжилгээний объектыг үндэслэн тархины хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн няцрал гэх оношийг үндэслэн гэмтлийн хүнд зэрэгт хамааруулан авч үзсэн. Мөн гэмтлийн эмчийн үзлэгт бичигдсэн цус хуралт, шарх гэмтлүүдийг тусад нь ялгаж гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан. Үзүүлэгч М.О урьд нь 2017 онд тархиндаа гэмтэл авч тухайн үед эмийн эмчилгээ болон дэглэмийн эмчилгээ сахиж биеийн байдал сайжирсан гэж өгүүлдэг. Энэ удаагийн тархины гэмтлийн хувьд гадны хүчний үйлчлэлийн буюу цохилтын улмаас аль эсвэл уналтын улмаас тархины эд шинээр гэмтсэн, аль эсвэл хуучин гэмтэл дахин сэдэрч шинэ гэмтэл үүссэнийг тухайн үед хагалгаанд орсон нарийн мэргэжлийн гэмтлийн эмч тогтоох боломжтой. Уг гэмтэл нь шинэ үүссэн гэмтэл бол хүний гарын цохилтын улмаас үүсэх боломжтой. Мөн толгойгоороо савж унасан тохиолдолд ч хир зэрэг хүчтэй унасан гэдгээс шалтгаалаад үүсэх боломжтой. М.Оын зүүн тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархай хэсгийн тархины эдийн няцрал гэмтэл гавал тархины зүүн талын хэсэгт үүссэн онцлогтой. Дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн нүдний алимны салстад, хүзүүний баруун талд байрласан цус хуралт гэмтлүүд нь хүний цохилт буюу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тодорхой хугацаанд ухаантай байх, гэмтлийн дараа өөрөө алхаж явах боломжтой. Учир нь тархины няцрал гэмтэл нь цохилтын болон цохилтын хүчний эсрэг талд үүсдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас)-үүдээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 58 дугаартай дүгнэлтээр хохирогч М.Оод “...Зүүн тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархай хэсгийн тархины эдийн няцрал гэмтлүүд” учирсан байх бөгөөд энэ нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна гэжээ.

Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Д.Б хохирогч М.Оын биед дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл буюу хөнгөн гэмтлийг учруулсан байх боломжтой, харин хүнд гэмтлийг учруулсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байна.

Тухайлбал, хохирогч М.Оын “...Би тэр шөнө гэртээ унтаж байгаад бөөлжих гэж босоод бие засах өрөө лүү орохдоо плитан шалан дээр асгарсан усан дээр гишгээд хөл халтирч хойшоо толгойгоороо савж унасан. Түүний дараагаар толгой өвдөөд тухайн өрөөнд нэлээн хэсэг хугацаанд хэвтэж байгаад босоод бөөлжөөд буцаад орондоо ороод хэвтсэн. Манай гэр бүлийн гишүүд намайг хойшоо савж унаж байхад бүгдээрээ унтаж байсан. ...Би Баар зодуулж байснаа санахгүй байгаа, миний санаж байгаа зүйл бол бие засах өрөөнд хойшоо савж толгойгоороо унасан тэр үед толгой их өвдсөн, тэндээ хэсэг хугацаанд хэвтэж байгаад босож орондоо орж унтсан, тэр шалтгаанаас болоод тархины гэмтэл учирсан гэж бодож байна” гэх мэдүүлгээр, мөн хохирогч М.Оын дахин өгсөн “Би анх хагалгаанд орж гарч ирсний дараагаар мэдүүлэг өгсөн. Тийм учраас зарим зүйлийг мартаад санаагүй байхдаа мэдүүлэг өгсөн юм. Сүүлд эмчилгээ хийгдээд хагалгааны дараа биеийн байдал сайжираад тэгээд болсон үйл явдлын талаар санах гээд хичээхэд миний ой санамжид согтуу бөөлжих гэж байгаад бие засах өрөөний шалан дээр ус асгарчихсан байгаад хойшоо дагзны хэсгээрээ газар унасан тэр үед толгой маш их өвдсөн. Тэгээд плита шалан дээр хэвтэж унасан байдалтай 10 орчим минут хэвтэж байгаад боссон юм. Би уначихаад шууд босох гэхэд биеэ хөдөлгөж чадахгүй, толгой өвдөж байсан учраас хэсэг хугацаанд хэвтэж байгаад боссон. Би толгойныхоо зүүн талын зүүн хойд талын хэсгээр унасан гэж бодож байна. Тийм учраас би хоёр дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө санасан зүйлээ хэлсэн. Намайг толгойгоороо савж унасан гэж мэдүүлэг өгөх талаар надад хэн нэгэн нөлөөлсөн, ятгасан, мэдүүлэг өгүүлэх талаар айлган сүрдүүлж дарамталсан, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж нөлөөлсөн хүн байхгүй, би өөрийнхөө санасан зүйлийг хэлж байна. Би гэр бүлийн гишүүдийг унтаж байхад шөнө бие засах газар луу явж байгаад унасан. Манай гэр бүлийн гишүүд тухайн үед бүгдээрээ унтаж байсан. Би уначихаад ямар нэг байдлаар орилж, хашгираагүй” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 113, 115-116 дугаар хуудас), гэрч Н.П “...55-88 гэсэн дугаартай суудлын машины хажууд 2 эрэгтэй зодолдож байгаа бололтой нэгийгээ цохиж харагдсан ба өндөр, нам нуруутай 2 залуу байсан, намхан залуу нь цээж нүцгэн хувцасгүй өндөр залуугаараа цохиулчихаад орилсон. Өндөр залуу гадуур хувцас болох хар бараан өнгийн куртиктэй байсан. Би тэр 2 залууг нэгээ цохихыг харангуут зайнаас ойртолгүй “хөөе боль” гэсэн чинь өндөр нь над руу уурлаж “чамд ямар хамаатай юм, ална шүү пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн 7045102 утас руу ярьж дуудлага мэдээлэл өгсөн. Намхан залуу нь нэлээн их согтолттой байгаа бололтой нөгөөхөөрөө цохиулчихаад орилоод байсан. Өндөр залуу нь намхан залууг бодоход гайгүй, их биш согтолттой байсан. Би цагдаад дуудлага өгчхөөд цаашаа явчихсан. Ер нь бол өндөр залуу нь намхан залуугаа цохиж байхтай нь таарч намайг “боль” гэхэд ямар ч байсан цохихоо болиод өндөр нь залуу над руу уурлаж эхэлсэн. Тэр хооронд нөгөө залуу нь орилоод байсан. Би дуудлага өгчхөөд тэр залуучуудаар зодуулчихаж магадгүй гэж айгаад цаашаа явчихсан. Тэр 2 залуу машины хажууд үлдсэн. Би тэр 2 залуугийн ойролцоо зөрөх хооронд л болсон үйл явдал юм. Би харахад өндөр залуу намхан залуугийн толгой, нүүр хэсэгт цохисон. Нөгөөх нь цохиулангуутаа орилсон би ч үүнийг харангуут “боль” гэдгийг хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), шинжээчийн “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх 58 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 103-106 дугаар хуудас) зэргээс дүгнэхэд шүүгдэгч Д.Б нь хохирогч М.Оын нүүрэн тус хэсэгт гараараа нэг удаа цохисон, уг цохилтын улмаас дээд уруулын дотор салстын язарсан шарх үүссэн байх боломжтой юм.

Харин хохирогч гэртээ архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас орон дээрээ бөөлжсөн, дараа нь бие засах өрөө рүү бөөлжих гэж яваад шалан дээр хальтарч унахдаа толгойгоороо шал мөргөсөн гэдгээ удаа дараа мэдүүлж байх тул уг уналтын улмаас ч тархиндаа хүнд гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал үүссэн байна.

Тиймээс прокуророос “...Хэдийгээр Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татсан боловч Д.Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан иргэн М.Оыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн болно” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч М.Оын “...Д.Б нь надад эмчилгээний зардал гэж 3,000,000 төгрөг өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 115 дугаар хуудас) өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нөхөн төлсөн гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.Бын хувийн байдлын талаар гэрч Н.Жгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас), гэрч Ж.Бын мэдүүлэг (хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 184 дүгээр хуудас), Сум дундын шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 187-190 дүгээр хуудас), Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Д Б нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаангом сумын 7 дугаар багийн 9-19 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов. Тайлбар: Д.Б төлөв даруу, баг, хамт олны үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцдог, манай багийн тэргүүний залуучуудын нэг юм” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 193 дугаар хуудас), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 196-198 дугаар хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 09-19 тоотод ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаанд тэнсэн хянан харгалзаж байсан болох нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, мөн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бад 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн СиДи диск нэг ширхгийг хэргийн хамт хадгалахаар тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б бөх ургийн овогт Д Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн СиДи диск нэг ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.МӨНХСАЙХАН