Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2018/ДШМ/37

 

Ц.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                           Прокурор Д.Ганцэцэг

                                           Ялтан Ц.Б

                                           Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны  өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Д.Ганцэцэгийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр Ц.Б холбогдох 1726000710039 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Жоов овогт  Ц.Б нь согтуурсан үедээ, ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 02-нд шилжих иргэн Р.Н-н гэрт нэвтэрч мөнгөн маанийн үсэг, эрэгтэй хүний түрийтэй гутал 1 хос зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1600000 төгрөгийн, мөн ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн С.Х-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч Эл Жи брэндийн 49 инчийн зурагт 1 ширхэг, зурагтны нүдний шил 4 ширхэг, эрэгтэй хүний пойлсон материалтай бүс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1745000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 30-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 47-09 тоотод оршин суух иргэн Б.Б-н хувийн сууцанд нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, их сургуулийн ромбо тэмдэг 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 565000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 24-08 тоот оршин суух иргэн Б.Э-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч цэнхэр торгон өнгөтэй, хурганы арьсан дотортой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, эрэгтэй хүний дээлийн эсгэсэн хурганы арьс 1 ширхэг, 15 килограмм ямааны мах зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1567500 төгрөгийн, 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 24-08 тоотод оршин суух иргэн Ц.О-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч эрэгтэй хүний арьсан дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурганы арьсан дээл 1 ширхэг, хутга 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 2320000 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 16-18 тоотод оршин суух иргэн Г гэрт нэвтэрч Тошиба брэндийн 32 инчийн Эл Си Ди зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлж 400000 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 19-03 тоотод оршин суух иргэн Ё.Б-н гэрт нэвтэрч модон гуутай цутгамал шармал бурхан 3 ширхэг, цөгц 1 ширхэг, таваг 1 ширхэг, эрх 1 ширхэг, даллаганы уут 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 3275000 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 15-08 тоотод оршин суух иргэн И.Г-н гэрт нэвтэрч “Skyworth” брэндийн 40 инчийн зурагт 1 ширхэг, индукцэн плитка 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Жоов овгийн Ц.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ганцэцэг дүгнэлтдээ: Ц.Б-н хүсэлтийг хянахад, Ц.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн дээрх шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй байсан буюу 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн Д.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 403 800 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл шинээр илэрч, уг үйлдэлд прокуророос 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1826001320081 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 97 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба хэрэг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд хянагдаж байна. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоол болон Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1826001320081 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тогтоол, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 97 дугаартай яллах дүгнэлт зэргээр Цэдэндорж овогтой Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Ц.Б-н үйлдлүүдэд гурван удаагийн шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэсэн нь Ц.Б-н эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байх ба Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1826001320081 дугаартай хэрэгтэй нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Ц.Б-н эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэв.

Иймд Ц.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1826001320081 дугаартай хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Ялтан Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Б нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 50-13 тоотод оршин суух иргэн Р.Н-н гэрээс 1600000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 15-03 тоотод оршин суух иргэн С.Х-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч 1745000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 30-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 47-09 тоотод оршин суух иргэн Б.Б-н хувийн сууцанд нэвтэрч 565000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 24-08 тоот оршин суух иргэн Б.Э-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч 1567500 төгрөгийн, 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 24-08 тоотод оршин суух иргэн Ц.О-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч 2320000 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 16-18 тоотод оршин суух иргэн Г-н гэрээс 400000 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 19-03 тоотод оршин суух иргэн Ё.Б-н гэрээс 3275000 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 15-08 тоотод оршин суух иргэн И.Г-н гэрээс 1000000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт үйлдэлдээ 2018 оны 01 дүгээр сарын 12-ны  өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, 7 /долоо/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Б нь шүүхээр шийтгүүлсний дараа 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, 68-17 тоотод оршин суух иргэн Д.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэх эрүүгийн 1826001320081 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэж яллагдагчаар татагджээ.

Прокуророос эрүүгийн 1726000710039 дугаартай хэргийг 1826001320081 дугаартай хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэж Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны  өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн нь үндэслэлтэй байна.

Ц.Б-н шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн хэрэг, шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн нь оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болохгүй хэдий ч түүний шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн хэрэгт оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай хэрхэн нэмж нэгтгэх талаар хуулийн зохицуулалтгүй, энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчмыг баримтлан, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх, энэ талаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны  өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Ц.Б холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны  өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Жоов овогт Ц.Б холбогдох эрүүгийн 1726000710039 тоот хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.