Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2015/0589

М.А-н нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар шийдвэртэй, М.А-н нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрт ногдсон ажлаа хийж гүйцэтгэж байсан. Намайг ажил шалтгаангүйгээр тасалсан гэсэн. 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шалтгаангүйгээр ажил тасалсан гэж байна. Ер нь надад ажлын цагаар, ажлын өдрүүдэд ажил шалтгаангүйгээр таслах зав байдаггүй. Ажлын ачаалал маш их байдаг. 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр багийн Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн болсон. Мөн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын шуурхай зөвлөгөөн болсон. Энэ 2 шуурхай зөвлөгөөн дээр Баян-Өндөр сумын Засаг даргаас болон Тамгын газрын даргаас өгсөн үүрэг даалгаврыг нэгтгээд  багийн Засаг дарга нарт хүргүүлж, багуудаас биелэлтийг нь гаргуулж авсан. 2015 оны 02 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажил тасалсан гэж байна. Миний ээж Эрдэнэт Үйлдвэр-ийн сувилалд хэвтэж байгаад ухаа алдаад уначихлаа гэсэн дуудлага авсан. Тэгээд манайхан ээжийг ээлж ээлжээр сахидаг байсан бөгөөд нэг дэх өдөр миний сахих ээлж таарсан. Би нэг дэх өдөр 7 цаг 40 минут гэж ажил дээрээ очоод 08 цаг 00 минутад Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд өргөдлөө өөрийн биеэр авч орсон. Намайг өргөдлөө авч ороход Баян-Өндөр сумын Засаг даргын нарийн бичгийн дарга ирсэн байсан. Мөн даргын өрөөнд үйлчлэгч цэвэрлэгээ хийж байсан. Миний ээжийн бие муу байна. Би ээжийгээ сахих хэрэгтэй байна гээд албан ёсоор хүсэлтээ гаргасан. Энэ талаар манай ажлынхан бүгд мэдэж байсан. Тэгээд миний өгсөн өргөдөл яагаад байхгүй байгааг би гайхаж байна. Тухайн үед миний цалин хөлс бүтнээрээ бодогдож орсон байсан. Тэгэхээр нь би миний өргөдлийг ямар ч байсан хүлээж аваад цалинтай чөлөө өгсөн юм байна гэж бодсон. Ажлын цаг ашиглалтыг үр бүтээлгүй өнгөрөөдөг гэдэг асуудал дээр би хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр надад интернэтэд тоглож суух, фейсбүүк орох зав байдаггүй. Би их ажилтай байдаг. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, аймгийн Засаг даргын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, бодлогын баримт бичиг, эрх зүйн актууд, Хурлын тогтоол, шийдвэрүүдийн биелэлтүүдийг гаргах, мөн дээрээс нь 7 хоногийн шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон өгсөн үүрэг даалгаврыг нэгтгэж багуудад тараах зэргээр ажлын ачаалал их байдаг. Тийм учраас надад тоглож байдаг цаг байдаггүй. Албан тушаал бууруулсан шалтгаан нь Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгаас шалгалт ирсэн. Би тодорхой хэмжээгээр хийсэн ажлуудаа танилцуулсан. Урьд нь Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн гэж байгаагүй. Шинээр ийм орон тоо гарсан. Тэгээд надад хүлээлгэж өгсөн баримт бичиг юу ч байхгүй. Би хуулийн нэгдсэн сантай, дээрээс нь тогтоол шийдвэрүүдийн нэгдсэн сантай болох, түүнийгээ багууддаа хуваарилах, багт хамааралтай заалтуудыг гаргаж өгөх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан тогтоолуудыг татаж авч үүнийгээ холбогдох мэргэжилтнүүдэд өгөх, багуудад өгөх ажлуудыг хийдэг байсан. Надад тоглож суугаад ажил тасалж явдаг цаг зав байдаггүй байсан. Тиймээс нэхэмжлэлээ дэмжиж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилуулахыг хүсэж байна. Би 2014 онд Үр дүнгийн гэрээ байгуулж, сайн буюу 80 хувиас дээш үнэлгээтэй дүгнүүлсэн. Тэгээд архиваас үзэхэд миний Үр дүнгийн гэрээ, гэрээ дүгнэсэн материал ганцаараа байхгүй байгаа. Бусад хүмүүсийн үр дүнгийн гэрээ байсан. 2015 онд Үр дүнгийн гэрээ байгуулсан. Энэ маргаан үүссэн учраас 2015 оны эхний хагас жилээр Үр дүнгийн гэрээг дүгнээгүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А-д 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ажил тасалсан гэж Тамгын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Мөн 2015 оны 2 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ажил тасалсан гэсэн асуудал яригддаг. Гэхдээ цаг хугацааны хувьд энэ нь сануулах шийтгэл ногдуулсан тушаалаас хойш болсон үйл явдал. Тийм учраас 2015 оны 15 дугаар тушаалд хамааралгүй байх. Сануулах шийтгэл ногдуулахдаа жижүүрийн ирцийн бүртгэлийг үндэслэл болгосон гэж байна. Зөвхөн жижүүрийн цаг бүртгэлийн т гэсэн үсгийг үндэслэн М.А-г ажил тасалсан гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Үүнийг өөрөөс нь асууж тодруулсан, шалгаж тогтоосон зүйл байхгүй байна. Ажил тасалсан гэдэг нь жижүүрийн ирцийн бүртгэлээс өөр баримтаар нотлогдохгүй байна. Иймд Тамгын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 74 дүгээр тушаалаар М.А-н нэг сарын цалинг 20 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаалын үндэслэлээ ажлын цагийг үр бүтээлгүй ашигласан, ажлын байрны зорилт, чиг үүргээ биелүүлээгүй гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. Хариуцагчаас тайлбарлахдаа ажлын цагийг үр бүтээлгүй ашигласан гэдгээ ажлын цагаар интернэт орчинд өнгөрөөх, фейсбүүк ашигласан гэж тайлбарлаж байна. Өнөөдөр бид интернэтийг өргөн ашиглаж, хууль тогтоомж судлах, татах, бусад ажилтнуудтай харилцаж мэдээлэл солилцох, бичиг баримт татаж авах зэргээр интернэт ашигладаг болсон. Гэтэл интернэтийг ажил үүрэгтэй холбоотой ашигласан уу, холбоогүй ашигласан уу гэдгийг тогтоосон зүйл байхгүй байна. Мөн ажлын байрны зорилт, чиг үүргээ биелүүлээгүй, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгаас хийсэн хяналт шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан гэдэг. Гэтэл энэ зөвлөмжид сумын хэмжээний асуудал яригдсан байдаг. Нийт 16 асуудал зөвлөмжид тусгасан. Үүний аль нь М.Ад холбогдолтой болох нь тодорхойгүй байна. Тийм учраас энэ үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна. Мөн 2015 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл тайлагнах хугацаа хэтрүүлсэн гэж байна. Хэзээ хэтрүүлсэн нь тодорхойгүй. Хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг Б.Б-д даалгаж, Б.Б хийсэн гэж байгаа боловч энэ талаар тодорхойгүй байна. М.А нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Гэтэл 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар М.А-н албан тушаалыг бууруулсан. Одоо М.А нь Баянцагаан багт зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Энэ тушаалын үндэслэлийг ажлын байрны зорилго, зорилтоо биелүүлээгүй гэж тайлбарладаг боловч аль заалтад заасан чиг үүргээ биелүүлээгүй нь тодорхойгүй. Мэдээллийн сан байгаа гэж байна. М.А нь яг ямар ажил хийгээгүй болох талаар асууж тодруулж тайлбар авсан зүйлгүй. Тухайн ажлыг хийгээгүй, зорилго зорилтоо биелүүлээгүй учир шалтгааныг тодруулаагүй байна. Ямар нэгэн байдлаар тайлбар юм уу бусад байдлаар тогтоож болох байсан боловч тодруулаагүй. М.А-г буруутгаад байгаа баримт нь тодорхойгүй байна. Баян-Өндөр сумаас өгсөн тайлбаруудаас харахад ямар ажлыг хийгээгүй талаар нотлох баримт байхгүй байна. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай тушаал, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай тушаал, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, сахилгын шийтгэл ногдуулж нэг сарын цалингаас хассан 103622 төгрөгийг гаргуулах, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.А нь 1996 оноос 2013 он хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2014 оноос тус газар хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллах болсон. Ийнхүү ажиллах болсон үеэсээ үүрэгт ажилдаа хайнга хандаж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хугацаатай тайланг хоцроох зэргээр алдаа дутагдал гаргасаар улмаар Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 117 дугаар тушаалаар 1 сарын үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн. Үүний дараа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн. Ийнхүү М.А нь дахин давтан зөрчил, дутагдал гаргаж, удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, тэр болгонд энэ талаар өөрт нь хэлж, алдаа дутагдлаа засах, дахин гаргахгүй байх талаар сануулсаар байтал ажлын цагаар интернэт орчинд цаг нөхцөөх, тоглох зэргээр ажлын цагийг үр бүтээлгүй ашиглаж, ажлын байрны зорилт, чиг үүргийг биелүүлээгүй тул Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай тушаалаар 1 сарын үндсэн цалингийн хэмжээг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн.

М.А нь 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хайнга хандаж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хугацаатай тайланг хоцроох, ажил таслах, ажлын цагаар компьютер тоглоом тоглох, фейсбүүкт удаан хугацаагаар холбогдох зэргээр ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ үл биелүүлэн олон алдаа дутагдлыг удаа дараа давтан гаргаж, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар албан тушаал буурч, мөн өдрөөс Баянцагаан багийн зохион байгуулагчаар томилогдсон хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа албан ёсоор хүлээж авалгүй 4 хоног ажил тасалж, төрийн албаны тасралтгүй байх зарчмыг алдагдуулсан. ...Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аймгийн хяналт шинжилгээ, үнэлгээний баг аймгийн Засаг даргын дэргэдэх захиргааны байгууллагын үйл ажиллагаанд жил бүр хяналт, шинжилгээ, үнэлгээ хийдэг бөгөөд Баян-Өндөр суманд 2014, 2015 онуудад хийгдсэн шалгалтаар сумын хяналт шинжилгээ, үнэлгээний ажил удаа дараа хангалтгүй дүгнэгдэж, маш олон алдаа дутагдал илэрч, 2014 онд 9 заалт бүхий, 2015 онд 16 заалт бүхий зөвлөмж ирсэн ба хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээ чадваржуулах, чадавхжуулахад анхаарах асуудал байнга яригддаг. Зөвлөмжийн заалт 2015 онд урьд оныхоос бараг 2 дахин өссөн байгаа нь М.А-н ажлын үр дүн ямар байдалтай байгааг нотлон харуулж байгаа үзүүлэлт юм. ...Түүнчлэн М.А нь үр дүнгийн гэрээгээ тооцуулаагүй бөгөөд бодитой хийсэн ажил, үзүүлж дүгнүүлэх зүйлгүй байсан ба 2015 оны эхний хагас жилийн байдлаар мөн л үр дүнгийн гэрээгээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо биелүүлээгүй тул Тамгын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 дугаартай тушаалаар түүний албан тушаалыг бууруулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Тамгын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тушаалын үндэслэл нь М.А 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан бөгөөд 2015 оны 1, 2 дугаар саруудад нийт 3 өдөр ажил тасалсан. Эдгээр саруудын цагийн бүртгэлийн хуулбарыг байгууллагын цагийн бүртгэлээс албан ёсоор хуулбарлаж, нотлох баримтаар гаргаж өгсөн. Тамгын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 74 дүгээр тушаалын үндэслэл нь ажлын цагийг үр бүтээлгүй ашиглаж, ажлын байрны зорилт, чиг үүргийг биелүүлээгүйтэй холбоотой асуудал бөгөөд энэ талаар М.А-тай нэг өрөөнд хамт ажилладаг мэргэжилтэн С.С, мөн мэргэжилтэн Б.Б нарын тайлбар хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа. ...Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдгийг тогтоосон баримтууд /Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгаас Баян-Өндөр сумын 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын удирдамж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй байдалтай танилцах ажлын удирдамжийн дагуу хийгдэх ажлуудыг Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.А хийгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар М.А-н хариуцсан ажлын гүйцэтгэлийг тооцож байсан баримт/. М.А нь ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй болох нь аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Мэргэжлийн хяналтын газар гээд тогтоол, шийдвэрүүдийн биелэлт тооцох, үнэлгээ хийх, дотоодын хяналт, шинжилгээ хийх, дүгнэх сар, улирал тутмын гээд хугацаатай ажлууд бүгд цалгардаж, хоцорч, байнгын нэхэгдэж, улмаар эдгээр ажлуудыг тухайн ажилтны өмнөөс Төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Б хийж, удаа дараа хийх ёстой ажлыг нь өмнөөс нь хийж байсан. ...М.А нь үүрэгт ажилдаа хариуцлагатай ханддаггүй, цаг хугацаандаа ажлаа гүйцэтгэдэггүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс байгууллагын ажлын төлөө ийнхүү бие даасан өөр мэргэжилтнээр ажлыг нь хийлгэхэд хүрч байсан” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.А нь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад  холбогдуулан Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байна. Энэ тушаалаар М.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. М.А нь 2015 оны 01 дүгээр сар болон 02 дугаар сард нийт 3 өдөр ажил тасалсан талаарх баримтыг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ бол жижүүр дээр бүртгэгддэг цагийн бүртгэлийн дэвтрээс тодорхой харагдаж байгаа. Манай ажилчдын ирцийг жижүүрүүд бүртгэдэг, ирцийн бүртгэл нь албан ёсны баримт мөн. Тийм учраас үүнтэй маргах шаардлагагүй асуудал байгаа. 2015 оны 02 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Баян-Өндөр сумын Засаг даргаас чөлөө авсан гэж шүүхэд тайлбарласан байсан. Энэ талаар Баян-Өндөр сумын Засаг даргаас тодорхой тайлбарыг ирүүлсэн байгаа. М.А нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэг өдрийн чөлөө хүссэн өргөдөл гаргасан. Үүнээс өөр 2015 онд чөлөө хүссэн өргөдөл гаргаагүй. Тиймээс 1 дүгээр сар болон 2 дугаар сард нийт 3 өдөр ажил тасалсан нь нотлогдож байгаа. Үүний дараа 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай тушаалаар М.А-г нэг сарын үндсэн цалинг 20 хувиар буруулж сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалын үндэслэл нь ажлын цагийг үр бүтээлгүй ашиглаж, ажлын байрны зорилт, чиг үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэл байгаа. Энэ тушаал нь тухайн ажилтны ажлын цаг ашиглалттай холбоотойгоор гарсан шийдвэр. М.Ад хамт олон болон удирдлагын зүгээс олон удаа Ажлын цагаар тоглож, фейсбүүк орох зэрэг ажлын цагийг үр бүтээлгүй ашиглаж байна гэж хэлж байсан. Гэтэл алдаа дутагдлаа засахгүй байсан учраас энэ тушаал гарсан. Ажлын цаг ашиглалтын талаар Төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн болон хамт нэг өрөөнд сууж байсан бусад мэргэжилтнүүдийн тайлбар зэргээр нотлогдож байгаа. 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 дугаартай Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаал байгаа. Уг тушаалаар М.А-г албан тушаал бууруулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн зохион байгуулагчаар томилон ажиллуулах тухай тушаал гарсан. Энэ тушаалын үндэслэл нь өмнөх алдаа дутагдлыг удаа дараа давтан гаргасан. Түүнчлэн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хугацаатай тайланг хоцроох, үүрэгт ажилдаа хайнга хандсан, ажлын байрны зорилго, зорилтоо биелүүлээгүй гэсэн үндэслэлтэй байгаа. 2015 оны 03 дугаар сард аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний тасгаас Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг шалгаж, хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн. 2015 оны 05 дугаар сард аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийн хэрэгжилтэд  нэгдсэн шалгалт хийсэн бөгөөд үүнд Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар хангалтгүй дүн үзүүлсэн. Энэ нь хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилтай шууд холбоотой. Иймд М.А-г урьд ажиллаж байсан ажилд нь томилох боломжгүй. Харин Төрийн албаны тухай хуульд заасан шат дараалан сахилгын шийтгэл оногдуулсан. Харин боломжтой байдлаар шийдвэрлэж өгсөн гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар нь нийт байгууллагуудаас 2.9 оноо авсан байгаа. Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар бол аймгийн Засаг даргын Тамгын газрын араас бусад хэлтэс газруудыг манлайлж, үлгэр дуурайлал болж орох ёстой. Тэр тогтоол шийдвэрийн биелэлтийг хамгийн түрүүнд хэрэгжүүлж ажиллах чиг үүрэгтэй байгууллагын хувьд ийм бага үзүүлэлттэй ажиллана гэдэг бол маш муу үзүүлэлт. Энэ нь Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажил, үүрэгтэй шууд холбоотой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч М.А-н Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 74, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, М.А-г Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг баримтлан сахилгын шийтгэл ногдуулж М.А-н нэг сарын цалингаас хассан 103622 төгрөгийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг ойлгох, гаргаж өгөх, цуглуулах, үнэлэхдээ энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40-45, 47-49, 51 дүгээр зүйлд заасан журмыг баримтална” гэж заасан байдаг. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, харьцуулан үзэлгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг нь бүрэн гүйцэт үнэлж дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан, түүнчлэн шүүхийн шийдвэрт гэрчийн мэдүүлгийг агуулгыг нь илтэд гуйвуулан өөрчлөн бичсэн, хариуцагчийг ташаа бичсэн зэрэг алдаа гарсан болох нь дараах нөхцөл байдлуудаар илэрч байна.

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 74 дүгээр тушаалаар а-д сахилгын шийтгэл ногдуулсныг аймгийн Засаг даргын Тамгын газраас гэж ташаа бичсэн.

Ийнхүү сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 4-д заасан журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж тогтоогоогүй байна гэж шүүх үзсэн байна. Гэтэл М.А нь ажлын цагийг үр бүтээлгүй ашиглаж, түүнээс нь шалтгаалж хариуцсан ажил нь цалгардаж байгаа талаар өөрт нь удаа дараа амаар сануулж, алдаа дутагдлаа засахыг даалгаж байсан болох нь хариуцагчийн анхан шатны шүүхэд гаргасан удаа дараагийн тайлбарууд болон төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Б, М.А-тай нэг өрөөнд хамт ажилладаг мэргэжилтэн С.С-н тайлбар зэргээр хангалттай нотлогдож байгаа.

...М.А-н гаргасан зөрчлүүд нь түүний ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн 5 зорилтуудыг бүгдийг нь хангалтгүй биелүүлж байсан, цаг хугацааны хувьд тогтоосон тогтмол хугацаанд байнгын давтамжтай хийгдэх ёстой ажлуудыг хугацаа алдаж, чанаргүй гүйцэтгэж байсан явдал бөгөөд энэ нь Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын ажлыг хойш татсан, цалгардуулсан зөрчил юм. Түүнийг нэг удаагийн бус олон удаа давтан гаргаж байсан зөрчлийг анхан шатны шүүхээс шалгаж тогтоосон болох нь нотлогдохгүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

... М.А нь 2014 онд байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа үр дүнгийн гэрээ, түүний биелэлтийг архивын нэгж болгон архивт шилжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэсэн. Гэтэл Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдийн Тамгын газрын даргатай 2014 онд байгуулсан үр дүнгийн гэрээнүүд бүгд архивт байхгүй байгаа нь М.А-н ажлын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Үүнийг М.А өөрөө сайн мэдэж байгаа мөртлөө ганцхан өөрийнх нь үр дүнгийн гэрээ байхгүй байгаа мэтээр шүүх хуралдаанд илтэд худал тайлбар гаргасан. Түүнчлэн үр дүнгийн гэрээгээ 80 хувиас дээш дүнтэй дүгнүүлсэн гэсэн байгаа нь үнэнд нийцэхгүй бөгөөд түүний үр дүнгийн гэрээг дүгнэх үед гэрээний биелэлт маш хангалтгүй, биелэгдээгүй гэрээний заалтуудыг биелэгдсэн мэтээр ташаа бичсэн байсныг улаан балаар засан, бүгдийг нь засаж ирээд дүгнүүл гээд буцаасан. Харин М.А гэрээний биелэлтээ засаж дүгнүүлээгүй.

Аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албад, сумын Засаг даргын Тамгын газрын 2014 оны үйл ажиллагааны үр дүн, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажил 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдсан ба удирдамжийн дагуу бэлтгэл хангаж ажиллахыг хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.А-д Тамгын газрын даргын зүгээс цохолтоор даалгасан баримтыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн.

Тус шалгалтанд нийт 25 байгууллага хамрагдсан бөгөөд үйл ажиллагааны чиглэл, боловсон хүчний тоо, бусад онцлог шинжээс хамааран тухайн байгууллагуудыг 5 хэсэгт хуваан шалгаж, дүгнэсэн бөгөөд Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар 2-р хэсэгт аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Биеийн тамир, спортын газруудтай нэг хэсэг болон дүгнэгдсэн. Гэтэл 3,901 оноогоор хэсгээсээ хамгийн сүүлд буюу 5-р байрт ороод зогсохгүй, оноогоор жагсаавал нийт 25 байгууллагаас хамгийн сүүлд орсон маш муу үзүүлэлттэй дүгнэгдсэн.

Иймд, М.А-н ажлын байрны тодорхойлолтонд шууд зааж өгсөн эдгээр ажлуудын үзүүлэлт маш муу дүгнэгдсэн нь М.Аг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэл болох юм.

М.А нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл “Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах”-ыг зөрчин шууд Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхэд гомдол гаргасан нь буруу бөгөөд түүний нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан нь процессын алдаа юм.

Иймд, дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 74, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “...Давж заалдах гомдол нь улсын хураамж төлөөгүй, тэмдэгтийн хураамж төлөх эсэхээ нотлоогүй гомдлыг шүүх хүлээн авч танилцуулсан нь ИХШХШТХ-ийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Давж заалдах гомдол гаргаж байгаа этгээд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөх тухай ИХШХШТХ-ийн 57.4 дэх хэсэгт заасан байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт 40 дүгээр зүйлийн 40.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг анхан шатны шүүх баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 27 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэжээ.

            Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.А-д “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж, мөн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 74 дүгээр тушаалаар “...ажлын цагийг үр бүтээлгүй ашиглаж ажлын байрны зорилт чиг үүргийг биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.

            Улмаар 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг үндэслэн “...албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн зохион байгуулагчаар томилжээ.

            Хариуцагч нь нэхэмжлэгч М.А-д ажлын цагийг үр бүтээлгүй ашиглаж ажлын байрны зорилт чиг үүргийг биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл ногдуулахдаа Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын хоёрын 4-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна ...” гэсэн заалтыг зөрчиж, сахилгын арга хэмжээ авах болсон үндэслэлээ шалгаж тогтоогоогүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

            Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга маргаан бүхий 74 болон Б/42 дугаар тушаалуудыг гаргахдаа нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээ интернэт орчинд цаг нөхцөөх, тоглох, /facebook/ ашиглах зэргээр цагийг үр бүтээлгүй ашиглаж, хугацаатай мэдээ, тайланг удаа дараа хоцроодог, аймгийн Засаг даргын зөвлөмж, албан бичгүүдээр нэхэмжлэгчийн хариуцсан ажил ямар байгааг харуулж байна гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 1/995, 2015 оны 1/884 дүгээр албан бичиг, Хяналт шинжилгээ, үнэлгээний комиссын дүгнэлт зэргээс үзэхэд тус сумын Тамгын газарт цаашид анхаарч, хэрэгжүүлбэл зохих ажлуудын талаар зөвлөмж болгосон асуудлууд байх бөгөөд нэхэмжлэгч Д.А-н ажил үүргийн хуваарь, чиг үүрэгтэй нь хэрхэн холбогдож байгаа, эдгээртэй холбогдуулан шууд буруутгах үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичиг, зөвлөмж, дүгнэлтэд дурдагдсан сумын Засаг даргын Тамгын газрын алдаа, зөрчлийг нэхэмжлэгчид хамааруулан, түүнийг ажлын байрны зорилт, чиг үүргийг биелүүлээгүй гэж дүгнэж, сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр хариуцагч дээр дурдсанаар сахилгын шийтгэл ногдуулах хангалттай үндэслэл байгаа эсэхийг зохих журмын дагуу шалган тогтоогоогүй тул маргаж буй сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актуудыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

 Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” бол албан тушаал бууруулахаар заасан бөгөөд уг шаардлагыг   биелүүлсэн эсэхийг тухайн байгууллагын менежертэй хийсэн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрхэн биелүүлснээр тодорхойлогдох бөгөөд тухайн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хийсэн үр дүнгийн гэрээ, болон гэрээг дүгнэсэн материалууд хэрэгт авагдаагүй /хариуцагчийн тайлбарласнаар алга болсон/ тул нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг зохих ёсоор биелүүлээгүй гэж буруутгаж, албан тушаал бууруулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.

Харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул 15 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ