Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 0159

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 05 өдөр             Дугаар 128/ШШ2020/0159           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: В овгийн С-ийн Н /РД:*********/,

Нэхэмжлэгч: В овгийн С-ийн Х /РД:*********/,

Нэхэмжлэгч: В овгийн С-ийн Ц /РД:*********/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс,

Хариуцагч: Нийслэлийн Боловсролын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоогүй Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохгүй байгаа Нийслэлийн Боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Нийслэлийн Боловсролын газарт даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н[1], нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Б[2], хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М[3], хариуцагч Нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, Б.Э[4], гэрч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Иргэн С.Н, С.Х, С.Цбид нар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зорилгоор хүүхэд харагч бэлтгэх сургалтад хамрагдан гэрчилгээ авч, С.Х нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар, С.Н, С.Ц нар нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/178 дугаар захирамжаар хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан болно. Бид 2016 оны 04 дүгээр сараас 2019 оны 1 дүгээр сарыг дуустал Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, ******* байрны ******* хаягт хүүхэд харах үйлчилгээг эрхэлсэн, бидний хүүхэд харах үйлчилгээнд 15 хүүхэд хамрагдаж байсан.

Засгийн газрын 2015 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам 1-д Засгийн газрын 2018 оны 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт орохоос өмнө тус журмын 5.1-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сантай байна. Мэдээллийн санд хүүхэд харагч болон хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн талаарх мэдээллийг .....тусгана” гэж заасан байсны дагуу хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар эрхлэн явуулж байсан. Энэ үед манай хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн мэдээлэл хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд байсан.

Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 216 тоот албан бичгээр “... Ажил хүлээлцсэн баримт бичигт хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй 184 хүүхэд харагчийн мэдээллийн сан, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй 939 хүүхдийн мэдээллийн сан, хүүхэд харах үйлчилгээний 83 хаяг байршлын жагсаалтыг файлаар болон цаасаар хүлээн авсан. Уг хүлээлцсэн баримт бичигт С.Н, С.Ц, С.Х нарын мэдээлэл байхгүй байна” гэсэн хариуг өгсөн. Төрийн байгууллагууд буюу Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн боловсролын газрын хооронд ажил хүлээлцэх явцад манай хүүхэд харах үйлчилгээний мэдээлэл мэдээллийн сангаас хасагдаж, орхигдсон явдалд бид өөрсдийгөө буруутай гэж үзэхгүй байна. Төрийн байгууллагуудын хооронд ажил хүлээлцэх явцад хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сангаас манай хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн мэдээлэл орхигдож, хасагдсанаас болж бид хүүхэд харах үйлчилгээг эрхлэхэд шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг авч чадахгүй хохирч байна. Учир нь Засгийн газрын 2015 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам-ын 4.4-т “Аймаг, нийслэлийн боловсролын газар нь энэ журмын 4.1, 4.2-т заасан мэдээг мөн журмын 5.1-д заасан мэдээллийн сантай тулгаж, зөрчилгүй байгаа тохиолдолд сар бүрийн 20-ны дотор санхүүгийн дэмжлэгийг хүүхэд харагчийн харилцах банкны төгрөгийн дансанд шилжүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн мэдээлэл мэдээллийн санд байхгүй, зөрсөн тохиолдолд санхүүгийн дэмжлэг олгох боломжгүй байдаг юм байна.

Засгийн газрын 2015 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журамд Засгийн газрын 2018 оны 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт орж тус журмын 5.1-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сантай байна. Мэдээллийн санд хүүхэд харагч болон хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн талаарх мэдээллийг ... тусгана” гэж заасан.

Бидний зүгээс 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хандаж “Манай хүүхэд харах үйлчилгээний мэдээллийг мэдээллийн санд бүртгэж өгөх” асуудлаар өргөдөл гаргасан боловч уг асуудлыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/12217 тоот албан бичгээр Нийслэлийн боловсролын газар руу шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2015 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журамд Засгийн газрын 2018 оны 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт орохоос өмнө тус журмын 6.1-д “Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (төв), мэргэжлийн хяналтын байгууллага нь энэ журамд заасан хяналтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй хүүхэд харагч болон төвд олгох санхүүгийн дэмжлэгийг зогсоох, зөвшөөрлийг хүчингүй болгох санал, дүгнэлтийг зөвшөөрөл олгосон этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлнэ” гэж заасан байсан. Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсээс манай хүүхэд харах үйлчилгээнд зөрчил илэрсэн гэж, мөн зөрчлийг арилгах талаар ямар нэгэн шийдвэр гаргаж мэдэгдэж байсан зүйл байхгүй бөгөөд 2017 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооноос манай хүүхэд харах үйлчилгээний байдалд шалгалт хийж, холбогдох дүгнэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 26/188 тоот албан бичгээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст явуулж байсан.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 13.2-т “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг энэ хуулийн ******* зүйлд заасан шаардлагыг хангасан байдал, баг, хорооны Засаг даргын санал, дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоно”, 13.4-т “Энэ хуулийн 5, 6, 7, 8 дугаар зүйл, 9.4 дэх хэсэг, 12 дугаар зүйлийг зөрчсөн нь энэ хуулийн 15.2-т заасан эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдвол хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж тус тус заасан, Баянзүрх дүүргийн Засаг даргаас манай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр гарч байгаагүй болно. Манай хүүхэд харах үйлчилгээ ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, зөрчил гаргасан талаар эрх бүхий байгууллагаас мэдэгдэж байгаагүй, зөвшөөрлийг маань хүчингүй болгоогүй.

            2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүхэд харах үйлчилгээний санхүүжилт олгогдож, бид хүүхэд харах үйлчилгээгээ хэвийн явуулж байсан. 2017 оны 1-5 дугаар сарын хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэгийг өгөхгүй байсан тул бид Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч уг хугацааны санхүүгийн дэмжлэгийг олгохоор болж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 0******* сарын 23-ны өдрийн 02205*******тай захирамж гарсан. Уг захирамжийн дагуу 2017 оны 1-5 дугаар сарын хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг олгогдсон.

2017 оны 09 дүгээр сараас хойших хугацааны хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг дахин олгогдохгүй байсан бөгөөд бид тухайн үед санхүүгийн дэмжлэг хоцорч орж байгаа юм байна гэж ойлгож байсан боловч, санхүүгийн дэмжлэг орохгүй удсан тул Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өргөдөл гаргасан боловч албан ёсоор хариу өгөөгүй. Бусад хүүхэд харах төвүүдээс асуухад 2017 оны 09 дүгээр сарын санхүүгийн дэмжлэг 10 дугаар сарын сүүлээр, 2017 оны 10, 11, 12 дугаар саруудын санхүүгийн дэмжлэг 12 дугаар сард орсон байсан.

Хүүхэд харах үйлчилгээ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд шилжсэн тул Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн боловсролын газар, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд удаа дараа өргөдөл, гомдол гаргаж байсан бөгөөд энэ үед ч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өргөдөл, гомдлоо гаргаж байсан.

Төрийн байгууллагуудаас манай хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгогдохгүй байгаа асуудлаар тодорхой хариу өгөхгүй байсан ба сүүлд Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 216 тоот албан бичгээр “... Ажил хүлээлцсэн баримт бичигт хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй 184 хүүхэд харагчийн мэдээллийн сан, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй 939 хүүхдийн мэдээллийн сан, хүүхэд харах үйлчилгээний 83 хаяг байршлын жагсаалтыг файлаар болон цаасаар хүлээн авсан. Уг хүлээлцсэн баримт бичигт С.Н, С.Ц, С.Х нарын мэдээлэл байхгүй байна” гэсэн хариунаас бүх зүйл тодорхой болсон. Дээр дурдсанчлан тухайн хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн мэдээлэл мэдээллийн санд байхгүй, зөрсөн тохиолдолд санхүүгийн дэмжлэг олгох боломжгүй байдаг юм байна.

Манай хүүхэд харах үйлчилгээний мэдээлэл мэдээллийн сангаас дээр дурдсанаар хасагдаж үүнээс болж Нийслэлийн боловсролын газар манай хүүхэд харах үйлчилгээний мэдээллийг хүлээн авч холбогдох санхүүжилтийг олгохгүй байгаа болно. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн боловсролын газарт хандаж санхүүгийн дэмжлэг авах, хүүхэд харах үйлчилгээний хамрагдаж байгаа хүүхдүүдийг бүртгэж өгөх талаар өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй.

Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 216 тоот албан бичгээр манай хүүхэд харах үйлчилгээний мэдээллийг мэдээллийн санд бүртгүүлэх, санхүүгийн дэмжлэг олгох талаар гаргасан өргөдлийг Нийслэлийн боловсролын газар руу шилжүүлсэн боловч уг албан бичгийн дагуу одоог хүртэл Нийслэлийн боловсролын газраас ямар нэгэн хариу өгөөгүй байна. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 10 дүгээр сарын 19-ний өдрийн 5/12217 тоот албан бичгээр манай хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох асуудлаар гаргасан өргөдлийг Нийслэлийн боловсролын газар руу шилжүүлсэн боловч одоогийн байдлаар Нийслэлийн боловсролын газраас уг албан бичгийн шийдвэр гаргаж бидэнд хариу мэдэгдээгүй байна.

Засгийн газрын 2015 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам-ын 4.1-д “Улаанбаатар хот, аймгийн төвийн суманд үйлчилгээ эрхэлж байгаа хүүхэд харагч нь тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, ирцийн бүртгэлийн мэдээг хүүхдийн овог, нэр, регистрийн дугаараар гаргаж, дараа сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлнэ”, 4.4-т “Аймаг, нийслэлийн боловсролын газар нь энэ журмын 4.1, ,..-т заасан мэдээг мөн журмын 5.1-д заасан мэдээллийн сантай тулгаж, зөрчилгүй байгаа тохиолдолд сар бүрийн 20-ны дотор санхүүгийн дэмжлэгийг хүүхэд харагчийн харилцах банкны төгрөгийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байна. Үүнээс үзэхэд санхүүгийн дэмжлэг олгох асуудлыг хариуцах байгууллага нь Нийслэлийн боловсролын газар байна.

Хариуцагч Нийслэлийн Боловсролын газраас шүүхэд нотлох баримтаар өгсөн Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2/83 тоот албан бичиг түүнд хавсаргад баримт, тайлбаруудаас үзэхэд тус хэлтсээс 2017 оны 0******* сарын 08-ны өдрийн 42 тоот “цаашид үйл ажиллагаа үргэлжлүүлэн эрхлэх боломжгүй болсон тухай” мэдэгдлийг хавсаргасан байдаг. Хариуцагч нь нэхэмжлэгч нартай эвлэрсний дагуу 2017 оны ******* сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарч, хариуцагч 2017 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны санхүүгийн дэмжлэгийг нэхэмжлэгч нарт нөхөн олгосон байдаг. Үүнээс хойш хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээг зогсоосон талаар ямар нэгэн шийдвэр гаргаж нэхэмжлэгч нарт мэдэгдэж байгаагүй болно.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс 2017 оны 9 дүгээр сараас хичээлийн жил эхэлсний дараагаас эхлэн нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэгийг олгохгүй эс үйлдэхүйг дахин гаргаж эхэлсэн ба нэхэмжлэгч нар уг асуудлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/Ш32018/02094 дугаартай захирамжаар уг хэргийг иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Энэ хугацаанд хуульд нэмэлт, өөрчлөлт орж хүүхэд харах үйлчилгээ хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлаас боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд шилжсэн байдаг.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дээрх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2/83 тоот албан бичгийн хавсралтад байгаа мэргэжилтэн Ц.Агийн тайлбараас үзэхэд “2017 оны 0******* сарын 08-ны өдрийн 42 тоот мэдэгдлээр Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэст тус хүүхэд харах төвийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг цуцлах хүсэлтийг хүргүүлсэн” гэсэн байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/400 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрлийн хугацааг нэг жилээр сунгаж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын 2015 оны 513 дугаар батлагдсан "Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-ын 1.3-т заасны дагуу Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс нь нэхэмжлэгч нартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан байдаг нь Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн тайлбар үндэслэлгүй болохыг нотолж байна.

Хариуцагч Нийслэлийн боловсролын газар нь анхан шатны шүүхийн өмнөх шийдвэр болох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0204 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа “Нийслэлийн боловсролын газарт шилжиж ирээгүй байх үеийн 2017 оны 09 дүгээр сараас тооцон санхүүгийн дэмжлэгийг нөхөн олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн байдаг.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* зүйлийн 106.3.4-т заасны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацааны нийт 4 сард хамаарагдах 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоогүй хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохгүй байгаа Нийслэлийн Боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Нийслэлийн Боловсролын газарт даалгах” тухай шаардлага гаргасан.” гэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед манайх санхүүжилт авахын тулд баримтуудаа гаргаж өгч байсан. Сар болгоны 20-ны өдөр өгөх ёстой байсан ч санхүүжилт нь орж ирэхгүй байхаар оны сүүлд санхүүжилт нь орж ирэхээр бид зарлагаа өгдөг байсан.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын Их Хурлаас 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хуулиар хувь хүн тодорхой сургалтад хамрагдаад шаардлага хангасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг дүүргийн Засаг даргаас олгож, эдгээр хүмүүс хувиараа хүүхэд харах боломжийг олгосон. 1 хүүхэд харагчид ногдох хүүхдийн дээд хязгаар 5 байсан. Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрлийг олгосон байдаг. 2016 оны 04 дүгээр сараас эхлээд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 3 дугаар хороолол, ******* байрны ******* хаягт энэ байрыг түрээслэн тус бүр 5, 5 хүүхдийг хязгаараа хэтрүүлэхгүйгээр харж эхэлсэн.

Энэ хугацаанд 2017 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацааны хүүхэд харах санхүүгийн дэмжлэгийг олгосон байдаг. 2017 оны 3, 4, 5 дугаар сарын санхүүгийн дэмжлэгийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс санхүүжилтийг олгохгүй явдал тухайн үед гарч байсан. Тухайн үед нэхэмжлэгч нарын зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар шүүхэд хариуцагчтай эвлэрч, хариуцагч 2017 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны санхүүгийн дэмжлэгийг олгосноор энэхүү маргаан дууссан.

2017 оны 0******* сараас амралтын улирал эхэлсэн. 2017  оны 09 дүгээр сараас эхлэн хүүхэд харах ажиллагааг үргэлжлүүлсэн.

 Гэтэл 2017 оны 12 дугаар сар хүртэл хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэгийг олгохгүй байсан. Тиймээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн ч шүүх хуралдаанаар хэлэлцээд иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байна гэж хүлээн авахаас татгалзсан. Тэр захирамжид нь гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэдэг байдлаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шүүхээс хэд хэдэн удаа буцсан.

Иргэний хэргийн шүүхээс маргааныг хүлээж авахаас татгалзсан, захиргааны хэргийн шүүхээс захиргааны хэрэг үүсгэх хүртэлх тодорхой хугацаанд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Өмнө нь хүүхэд харах үйлчилгээг хүн амын хөгжил, нийгмийн хангамжийн агентлаг хариуцахаар зохицуулагдсан Засгийн газрын агентлагийн харьяалалд явж байсан. Тэр утгаараа Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст харьяалагдаж явж байсан. Хуульд өөрчлөлт ороод Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлагийн харьяанд шилжсэн.

Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгохгүй байгаа асуудлаар нэхэмжлэгчийн хувьд Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн Засаг дарга, яам, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч зэрэг хандаагүй газар байхгүй. Эдгээр газруудад хандаж байсан боловч тодорхой хариу өгөхгүй удаашруулж байсан. Сүүлд Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 216 тоот албан бичгээр “тухайн үед ажил хүлээлцэх үед танай хүүхдүүдийн мэдээлэл байхгүй байсан” гэсэн хариуг өгсөн байдаг.

Нэхэмжлэгч нарын хувьд хүүхэд харах үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж явуулж байсан, санхүүгийн дэмжлэг олгогдож явж байсан ийм асуудлын талаар хариуцагч нар маргахгүй байх гэж бодож байна. Төрийн байгууллагуудын хооронд ажил хүлээлцэхтэй холбоотой асуудал нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээний мэдээлэл багтаагүй нь харагддаг.

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах санхүүгийн дэмжлэг тухайн үед хуулийнхаа дагуу чиг үүрэг нь хариуцаж байсан захиргааны байгууллага буюу Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хамаарагдана.

Нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт “манай хүүхэд харах үйлчилгээг хаана, хаахгүй гэсэн хариугаа тодорхой өгөөч. Тэгвэл би эцэг эхчүүддээ хандаад энэ төвийн үйл ажиллагаагаа зогсоомоор байна” гэсэн асуудлыг тавьж байсан. Тэгэхэд хаана ч гэж хэлэхгүй, хаахгүй ч гэж хариу өгөхгүй, танай тусгай зөвшөөрлийг цуцалсан ч гэж хариу өгөхгүй, цуцлаагүй ч гэж хариу өгөхгүй явсан асуудал байдаг.

Хамгийн сүүлд энэ тусгай зөвшөөрлийн хугацааг нь сунгуулъя гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрлийг сунгахгүй гэдгээ мэдэгдсэн. Нэгэнт захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг сунгахгүй гэсэн хариу өгсөн тул хүүхэд харах үйлчилгээний төвийн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон.

Шүүх хүүхдийн ирц, санхүүгийн баримтуудыг өгч байсан эсэх нь маргааны гол асуудал гэж үзэж байх шиг байна. Гэвч бидний зүгээс төрийн байгууллагын хооронд ажил хүлээлцэх явцад хүүхэд харах үйлчилгээний мэдээлэл шилжээгүй. Хариуцагч тал танайх ерөөсөө хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэггүй гэж маргадаг гэж бид ойлгодог. Түүнээс биш танайх баримтаа өгөөгүй гэж маргаж байгаа зүйл байхгүй гэж ойлгож байгаа. Учир нь хэрвээ бид хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа гэдэг байдлаар хүсэлтээ өгч байх явцад тэгвэл та нар баримтаа өг гэсэн хариу өгч байсан бол өөр хэрэг. Танай хүүхэд харах үйлчилгээ мэдээллийн санд байхгүй байна гэсэн хариуг өгч байсан. Албан бичгээр танай хүүхэд харах үйлчилгээний баримт өгөөгүй гэсэн хариу өгвөл асуудал өөрөөр тавигдах байх. Хариуцагчийн зүгээс та нар огт хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэггүй хүмүүс юм байна гэсэн хариуг өгч байсан.

Нэхэмжлэгч нарын харж байгаа хүүхдүүдийн мэдээллийг мэдээллийн сантай тулгасны дараа санхүүжилтын асуудал яригдана. Гэтэл тэр мэдээллийн сангийн мэдээлэл нь яагаад алга болсон, яагаад нэхэмжлэгч нарыг үйл ажиллагаа явуулдаггүй гэж байгаа талаар тодруулахгүйгээр шууд санхүүгийн баримтуудыг өгч байсан эсэх асуудалруу орох нь логикийн алдаатай гэж бодож байна. Эхлээд мэдээллийн сангаас яагаад энэ хүмүүсийн нэрсийг хассан юм бэ гэдэг асуудлыг тодорхой болгож байж тэр баримтуудыг өгч байсан эсэх асуудлыг тодруулах нь зүйтэй байх. Санхүүгийн баримтыг мөнгө, санхүүгийн дэмжлэг орж ирж байж зарлага гаргасан баримт гарна уу гэхээс мөнгө орж ирэхгүй байхад энэ хүмүүс ямар зарлага гаргаж байж баримтаа гаргаж өг гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Сүүлд Баянзүрх дүүргийн Тамгын газраас 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр татан буулгасан талаарх албан бичиг ирсэн байсан. Хүүхэд харах үйлчилгээг Боловсролын газарт шилжихэд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийг оруулахгүйгээр Баянзүрх дүүргийн Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс нь өөрсдөө шалгаж, мэдээллийг хүлээлцсэн.

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нийгмийн ажилтан шалгаад 103 оноо авсан гарын үсэгтэй шалгалтын хуудас хавтаст хэрэгт авагдсан. Үүнийг үндэслээд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь хүүхэд харах үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нь сунгаад, нэхэмжлэгч нар Нийгмийн хөгжлийн хэлтэстэй гэрээ байгуулсан байдаг. Тус дүүрэг нь Нийгмийн хөгжлийн хэлтэст хариуцуулж, хороодоороо дамжуулж хүүхэд харах төвүүдийг шалгасан. 2017 оны 04 дүгээр сар, 05 дугаар сарын 30-ны өдөр шалгасан гэсэн зүйл байгаа. Хяналт шалгалт хийсэн боловч ямар ч баталгаажуулсан зүйл байдаггүй. Утсаар ярьсан л болохоос тэмдэглэл үйлдсэн зүйл байдаггүй. Тухайн үед Иргэний хэргийн шүүх дээр маргаж байхад өөрсдөө буруугаа хүлээн зөвшөөрч санхүүжилтыг олгосон учраас тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй гэдэгт маргахгүй гэж бодож байна.

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ц.А “танай төвийг хаана” гэсэн байсан. Үүний дагуу өргөдөл гаргахад Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс “танай төвийг хаагаагүй, тусгай зөвшөөрлийг цуцлаагүй, 4, 5 сарын санхүүжилтүүд удахгүй орж ирнэ” гэсэн хариуг өгсөн.

Программаас хүүхдийн нэрс хассан асуудлын хувьд хэний буруутай үйл ажиллагаа гэдэг нь тодорхойгүй байна. Гэрч Ц.А 2017 оны 5 дугаар сард программдаа нэхэмжлэгч нарыг шивж оруулсан юм байна. Гэтэл энэ нь хасагдсанаас болоод Нийслэлийн Боловсролын газарт шилжиж очиж чадаагүй. Улмаар Нийслэлийн Боловсролын газар нь мэдээллийн санд байхгүй гэдэг байдлаар өргөдөл гомдлыг хүлээж авч шийдвэрлээгүй, мэдээ тайланг нь хүлээж аваагүй байна. Нэхэмжлэгч нарын хувьд үйл ажиллагаа явуулаагүй байж улсаас хууль бусаар мөнгө авсан зүйл байхгүй. Үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь хувь хүний орлогын албан татвар төлсөн баримтаас харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, явуулсан үйл ажиллагаанд тооцогдох санхүүгийн дэмжлэгийг олгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжаар дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болгосонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/01 дүгээр тогтоолоор дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийг татан буулгахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу тус дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаартай захирамжаар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг татан буулгаж, татан буулгах ажлын хэсгийг томилсон.

Ингээд 2017 онд хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой асуудлыг хариуцах чиг үүрэг бүхий байгууллага дээрх тогтоол, захирамжийн дагуу татан буугдсан учир дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс уг чиг үүргийг хэрэгжүүлж 2017 онд хүүхэд харах хүсэлт ирүүлсэн иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний загварыг дээд шатны байгууллага буюу Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дүүргүүдэд нэгдсэн байдлаар ирүүлж байсан болно.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 513 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-д Засгийн газрын 2018 оны 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулж, улмаар хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрлийг дүүргийн Боловсролын хэлтэс хариуцдаг болсон тул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөлтэй холбоотой бүх баримт, материалуудыг архивын нэгж болгон дүүргийн Боловсролын хэлтэст хүлээлгэн өгсөн.” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Манай байгууллагад холбогдуулж 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн дэмжлэгийг авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай байгууллага зохион байгуулалтын хувьд хүүхэд харах үйлчилгээг дэмжих төв гэж явдаг, мэргэжлийн байгууллагын хувьд тэр төв үйл ажиллагаагаа явуулж байгаа юм уу, тэр хүмүүс хүүхэд харах төвөө ажиллуулж байгаа юм уу гэдгийг шалгах эрх нь байсан.

Хуулиараа Нийслэлийн Боловсролын газарт 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр чиг үүрэг нь шилжүүлэх тул 2017 оны 12 дугаар сард ажил хүлээлцэх гэж нэхэмжлэгч нарын хүүхэд харах төвд бид 3 удаа очсон байдаг. 2017 оны 12 дугаар сарын 01-ний Баянзүрх дүүргийн гэр бүл хөгжлийн хэлтсийн асуудал хариуцсан ахлах Ц.А, Хүүхдийн хөгжлийн оролцоо хариуцсан мэргэжилтэн н.Өлзийхишиг нар очсон. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Гэр бүл, хөгжлийн хэлтсийн дарга н.Б*******, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтэн н.Б*******, Баянзүрх дүүргийн гэр бүл хөгжлийн хэлтсийн асуудал хариуцсан ахлах Ц.А, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зохион байгуулаад хөндлөнгийн хяналт зөвлөгөөний үүрэг гүйцэтгэгч Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн н.Б, Баянзүрх дүүргийн гэр бүл хөгжлийн хэлтсийн асуудал хариуцсан ахлах Ц.А нар цуг очсон. Тус төв хаалгаа тус бүр нээж өгөөгүй, утсаа авахгүй байсан. Ингээд хүүхэд харах үйлчилгээг тус бүр сунгах эсэх талаарх албан бичиг манай байгууллагаас дүүрэгрүү яваагүй. Гэтэл хэрэгт хавсаргасан байгаа 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн Засаг дарга Т.Б-ын гарын үсэгтэй захирамжаар хүүхэд харагчийн зөвшөөрлийг нь сунгасан байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож гэсэн байгаа. Гэтэл нэхэмжлэлээс харахад эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Бидний чиг үүрэг тухайн хүүхэд харах төв ажиллаж байгаа эсэх, хүүхэд харагч тэр байгууллагад яг хүүхэд харагчаар ажиллаж байгаа эсэх, 15 хүүхэд нь байгаа эсэх талаар байнгын шалгалтыг хийх эрхтэй. Түүнээс биш урьдчилж утсаар хэлээд очно гэсэн хуулийн талаас болон мэргэжлийн талаар тийм зүйл байхгүй. Хүүхэд харах үйлчилгээ гэдэг бол тэнд бид шалгалт хийж байж мэдэх тийм чиг үүрэгтэй.

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Боловсролын газар дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх болсон тул бид хүүхэд харах төвийн жагсаалт, бичиг баримтыг цэгцлэхээр шалгалт зохион байгуулсан. Хэрэв хууль эрх зүйн орчин нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд өөр байгууллагад шилжихээргүй байсан бол энэ хүмүүс хүүхэд харсан, хараагүй энэ зөрчил дутагдал нь илрэхгүйгээр цаашаа мөнгө аваад явах боломж байж. Гэтэл гэнэтийн шалгалт хийгдсэн, энэ шалгалтаар эдгээр хүмүүс үнэхээр ийм үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь ойлгомжтой болсон. Энэ талаар бид дүүргийн Гэр бүл, хөгжлийн хэлтэст хэлж байсан. Гэхдээ бид энэ асуудлаар удаа дараа дүүрэгт энэ хүмүүс хүүхэд хардаггүй юм байна гэж ярьж байсан.

2017 оны 08 дугаар сард манай байгууллагын дарга н.Э цуг очиход энэ байгууллага огт үйл ажиллагаа явуулах шинж байгаагүй, С.Н “бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэхээ мэдэхгүй байна” гэсэн хариултыг өгсөн. Бид үйл ажиллагаагаа явуулж байна гэж мэдэгдэх үүрэг нь эдний төвд байгаа.

2017 оны 0******* сард гарсан шүүхийн шийдвэрт урьд саруудын тайлангаа өгөөгүй байсан учраас эвлэрлийн гэрээ байгуулахдаа заавал баримтуудаа ирүүлж  байж санхүүжилтээ авна гэсэн шаардлагаар эвлэрсэн. 09 дүгээр сарын тайлангаа дараа сарын 05-ны дотор ирүүлэх ёстой, Гэтэл 2017 оны 9, 10, 11, 12 дугаар сарын баримт ирүүлээгүй учраас бид санхүүжилтийг өгөөгүй.  

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 3 дугаар зүйлд төрийн захиргааны байгууллагын эрх, үүргийг тодорхой зааж өгсөн. Энд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа хэлтэс харьяалан хэрэгжүүлнэ гэж зааж өгсөн. Энэ нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Урд нь нэхэмжлэгч нар зөрчил дутагдал илэрсэн талаар огт маргаагүй. Манайхаас ******* сард шуудангаар хүргүүлсэн мэдэгдэлтэй маргаагүй. Хүлээн зөвшөөрөхгүй бол тухайн үед Захиргааны хэргийн шүүхэд маргах эрх нь нэхэмжлэгч талд нээлттэй байсан. Гэтэл одоо нөхөж баахан санхүүгийн баримт, ирцийн баримтыг шүүхэд гаргаж өгч байна. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх баримтыг шүүхэд нөхөж гаргаж өгч байна. Яагаад хуульд заасан сар болгоны 05-ны өдрийн дотор гаргаагүй өгөөгүй юм бэ? Нөхөж гаргаж өгч байгаа баримтаар үйл ажиллагаа явуулсан гэж тооцож санхүүжилт олгох нь хуульд нийцэхгүй гэж бодож байна. Биднийг ажлаа хийсэн байхад ингэж болохгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр болсон бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон. Дээрх хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хүүхэд харах үйлчилгээг шилжүүлэх ажлыг зохион байгуулах тухай А/011, А/020 тоот хамтарсан тушаалаар батлагдсан удирдамж чиглэлийн дагуу Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас нийслэлийн Боловсролын газарт, Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст хүүхэд харах үйлчилгээ шилжсэн.

Хүүхэд харах үйлчилгээний ажлыг хүлээлцэхэд нийслэлийн хэмжээнд 143 хүүхэд харах төв, 434 хүүхэд харагч ажиллаж байгаа мэдээлэл шилжиж ирсэн. Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд 54 төвийн 189 хүүхэд харагч шилжсэн байдаг. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүлээлгэж өгсөн хүүхэд харагч нарын нэрс дотор нэхэмжлэгч нарын нэр /С.Н, С.Х, С.Ц/ байгаагүй, хүүхэд харах үйлчилгээний төвд ороогүй байсан.

Ийм учраас 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан Хүүхдийн тооны хязгаар батлах тухай А/171, 67 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн хэмжээнд 937 хүүхэд хамрагдахаар батлагдсан. Энэ санхүүжих хүүхдийн тоонд нэхэмжлэгч нарын хүүхдийн тоо багтаагүй байна.

Иймд С.Н, С.Х, С.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ушүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсонтой холбогдуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан тушаал гарч дүүргийн Нийгмийн хөгжлийн болон гэр бүл хөгжлийн газар, хэлтсээс манайхруу хүүхэд харах үйлчилгээг шилжүүлсэн байдаг. Шилжүүлэхдээ хүүхдийн тоо, хүүхэд харагчийн нэрс, төвийн байршил эдгээрийг нэр бүрчлэн гаргаж шилжүүлсэн. Ердийн 923, хөгжлийн бэрхшээлтэй 13 хүүхэд, нийт 937 хүүхдийг шилжүүлсэн. 143 хүүхэд харах төв, 434 хүүхэд харагчийн мэдээлэл нь шилжиж ирсэн. Эдгээр нэрсийн дотор нэхэмжлэгч нарын нэрс байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэрс байхгүй байна гэж нэхэмжлэл гаргадаг. Гэтэл Засгийн газрын 2015 оны 513 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд харах үйлчилгээний санд бүртгэж дэмжлэг олгох тухай” журмын 4.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд харагч нь тухайн сард хамрагдсан хүүхдийн тоо, ирцийн бүртгэл, овог нэр, регистрийн дугаар зэргийг сар бүрийн 5-ны дотор Боловсролын газарт ирүүлж байх ёстой. Энэ үүргээ огт хэрэгжүүлж байгаагүй. Гэтэл энэ эрх, үүргээ хэрэгжүүлж байгаагүй байж манайхаас санхүүгийн дэмжлэг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм.

Манайх санхүүжилтын мөнгийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас авдаг. Баянзүрх дүүргийн хэмжээнд хүүхэд харагчдын тоо 54 төв, 190 хүүхэд шилжиж ирсэн байдаг. Энэ нь манайх төсвийн тухай хуульд зааснаар энэ тооны дагуу хяналт шалгалт явуулсан. Нэгэнт манайд санхүүжилт орж ирээгүй байхад манайх энэ мөнгийг шилжүүлэх боломжгүй.

2017 оны 09 дүгээр сараас хүүхэд харах үйл ажиллагаа явуулаагүй болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хяналт шалгалт хийгээд үйл ажиллагааг нь зогсоох талаар албан бичгээр мэдэгдсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар шалгалтын дүгнэлтээ хүлээн зөвшөөрөхгүй бол эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй.

2017 оны 8 дугаар сард өөрсдөө “9 сараас үйл ажиллагаа явуулахгүй” гэдгээ утсаар мэдэгдсэн. 2018 оны 01 дүгээр сараас манайхруу шилжүүлэхэд хүүхэд харагчийн мэдээллийн санд ороогүй. Засгийн газрын 2015 оны 513 дугаар “Хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг олгох журам”-ын 4.4 дэх хэсэгт “Аймаг, Нийслэлийн Боловсролын газар нь энэ журмын 4.1, 4.2 дахь хэсэгт заасан мэдээг энэ журмын 5.2 дахь хэсэгт заасан мэдээллийн сантай тулгаж зөрчилгүй байгаа тохиолдолд сар бүрийн 20-ны өдрийн дотор санхүүгийн дэмжлэгийг хүүхэд харагчийн харилцах банкны төгрөгийн дансанд шилжүүлнэ”. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаман дээр мэдээллийн сан үүсгэсэн байдаг. Энэ мэдээллийн санд хүүхэд харагч болон хүүхэд харах төвийн мэдээлэл орсон байдаг. Гэтэл энэ мэдээлэл нь огт байхгүй.

Нийслэлийн Боловсролын газрын дарга нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38 дахь хэсэгт зааснаар төсвийн шууд захирагч. Төсвийн шууд захирагч нь төсвийн төвлөрүүлэн захирагчаас төвлөрүүлсэн мөнгийг гүйцэтгэл, үр дүнд нь тохируулан зохистой зарцуулах үүрэгтэй.  Энэ мөнгөний хүрээнд үйл ажиллагааг нь шалгаад олгож байгаа. Гэтэл энд байхгүй байж байгаад бид үйл ажиллагаа явуулж байсан гэж байгаа. Заавал төсвөөс санхүүжих шаардлагагүй үйл ажиллагаа явуулж болно. Хэрэв төсвөөс санхүүжих шаардлагатай бол журамд заасны дагуу сар болгон мэдээ, тайлангаа өгөх ёстой. Манайхруу мэдээллийн санд тавигдсан хүүхэд харагчтай холбоотой асуудлыг шууд хүлээж авдаг. Хэрэв нэмэлтээр хүүхэд харагч байгууллага санхүүжилт авья гэсэн хүсэлтээ ирүүлвэл, хүсэлтийг “edoc” системд хүлээж авдаг. Түүнээс биш шууд буцаадаггүй. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу заавал бүртгэж программд оруулж хариу өгдөг. Нэхэмжлэгчийн хэлж байгаа сар болгон мэдээгээ өгөхөд хүлээж аваагүй гэж тайлбарлаж байгаа тухайд мэдээг нь хүлээж авахгүй байсан гэх нотлох баримт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Хариуцагч Нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайд гомдол гаргаж байсан гэлээ. Манайд өргөдөл өгсний дагуу бид 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэнтэй бид хоёр очиж үзсэн. Тухайн үед С.Н, С.Цнар 7 хүүхдийн цуг байсан. Очиж үзэхэд хүүхэд харах үйлчилгээ гэж хэлэхэд хэцүү айлын нэг өрөөг хүүхэд харах зориулалтаар сулласан байдалтай үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед бид удирдамжаар биш газар дээр нь танилцах байдалтай очиж шалгасан. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр  Сангийн сайд, Боловсролын сайдын баталсан хүүхдийн тооны хязгаарт ороогүй байгаа учраас манайд хүүхдийнхээ тоонд санхүүжилт нь ирсэн учраас санхүүжилт олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Манайх 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газраас ажлаа хүлээж авахад нийслэлийн хэмжээнд 143 төвийн 434 хүүхэд харагч, буюу 2500 хүүхэд хүлээж авсан.

Шинээр хүүхэд харах үйлчилгээ эрхлэхийн тулд хуульд заасны дагуу дүүргийн Засаг даргад хандана. Хорооны Засаг дарга очиж үзээд дүгнэлт гаргаад үүнийг үндэслэж дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгодог.

2018, 2019 онд манайд шилжиж ирснээс хойш хүүхэд харагчийн тоо нэмэгдээгүй. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сургалтын сертификатын хугацаа дууссан байхад дүүргийн Засаг дарга нь зөвшөөрлийг нь сунгасан байна гэж харж байна. Хүүхэд харагч бэлтгэх сургалтанд жил болгон суух ёстой.” гэв.

 

Гэрчээр Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хөгжлийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих хэлтэст хөгжлийн ахлах мэргэжилтнээр ажилд орсон. 1 жил орчим ажилласан.

Баянзүрх дүүргийн хэмжээний 55 хүүхэд харах төв, 1000 хүүхэд, 190 хүүхэд харагчийн асуудлыг хариуцаж байсан. Агентлагаас чиг үүрэг өгсний дагуу хэлтсийн дарга тушаал гарсны үндсэн дээр 3-4 хүний бүрэлдэхүүнтэй баг хяналт шалгалт хийдэг байсан. 2017 оны 04 дүгээр сард манайхаас бүрэлдэхүүнтэй очиж шалгахад зөрчил гарсан, 5 дугаар сард дахин шалгасан зөрчлөө арилгаагүй байсан учраас хаах мэдэгдэл өгсөн албан бичиг ******* сард явуулж байсан.

Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтыг олгохын тулд бид 2017 оны 09 дүгээр сард бүх хүүхэд харах төвүүдийн үйл ажиллагааг хэвийн байгааг шалгаж 4 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Тэр шалгалтаар явахад эднийх хаалгаа тайлж өгөөгүй. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би нэг мэргэжилтэнтэй цуг очсон. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн хамгааллын дарга н.Б*******, мэргэжилтэн н.Б-ынхамтаар очсон. Гэтэл эднийх ерөөсөө хаалгаа тайлж өгөхгүй байсан учраас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр агентлагаас хөндлөнгийн шалгалтыг хийхэд мөн хаалгаа тайлж өгөөгүй. Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас Боловсролын газарруу шилжих үед энэ шалгалтыг хийсэн. Энэ хүүхэд харах төв Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд, Чингис зочид буудлын эсрэг талын шар байрны 4 давхар орон сууцны 4 давхарт байрлаж байсан.

2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр орж шалгахад С.Н нь байсан. Өөрийнхөө амьдардаг түрээсийн байрандаа үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн. Хүүхдэд эрсдэлтэй том шилэн тавцантай тавилгууд тавих ёсгүй ч эднийх тийм том шилэн серванттай, ширээ тавьсан том өрөөтэй, ортой нэг унтлагын өрөөтэй, энэ хүмүүсийн хувцас хунар нь байсан, нэг өрөөндөө хүүхэд тоглуулахаар сулласан,  тэр өрөө нь огт тавилгагүй, тэрэндээ хүүхэд тоглуулж байсан, гал тогоо нь тусдаа, ер нь айл гэж харахаар. Сулласан өрөөндөө газраар хүүхдүүдийг унтуулж байсан. Бусад өрөө нь айлын тавилга, хувцас хунар байсан. Наад зах нь нойлын суултуур нь хүүхдэд зориулсан биш, зүгээр горшок тавьсан байсан.

2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэлтсийн даргатай хамт очихдоо орж чадаагүй хаалгыг нь цохиход хаалгаа нээж өгөөгүй. Нэхэмжлэгч С.Ц-той утсаар ярьсан. “Би бие муутай хүн, тиймээс би хүүхэд харах үйл ажиллагаа явуулдаггүй” гэсэн. С.Х нь болохоор би “Багахангайд амьдардаг, би ийм үйл ажиллагаа явуулдаггүй” гэсэн. 12 дугаар сарын 01-ний өдөр н.Ө-тэйочиход хаалгаа тайлаагүй, 12 дугаар сарын 05-ны өдөр н.Б*******, н.Б*******тай очиход мөн хаалгаа тайлж өгөөгүй, мөн утсаа аваагүй.

Хүүхэд харах үйлчилгээний төвүүдээс хүүхдүүдийн ирц, шинжилгээний бичиг зэргийг нягтлан хариуцаж хүлээж авдаг байсан. 2017 оны 04 дүгээр сарын 20, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шалгалтаар  зөрчил илэрсэн тайланг би бичсэн. Энэ хэд хоног хийсэн шалгалтын тайлан. Энд бүх хүүхэд харах төвөөр гарын үсэг зуруулаагүй. 1 өдөр бүх төвийг шалгаж чадахгүй байсан учир тэр 55 төвийг 7-10 хоногт шалгаж дуусгадаг байсан. Тэгээд тайлан бичсэн. 55 төвөө жагсааж бичээд хамгийн сүүлд нь  дарга гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ бичиг Нийслэлрүү ч явсан, агентлагруу ч явсан. Бид Нийслэл, агентлагаас явсан тушаалын үндсэн дээр шалгалтаар явсан. Бид агентлагт тайлангаа хүргүүлсэн.

Хүүхэд харах үйлчилгээнд н.Анхбаяр гэсэн мэргэжилтэн бид 2 хариуцдаг байсан. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн шалгалт Баянзүрх дүүргийн Иргэний шүүхийн шийдвэртэй хамааралгүй. Манай санхүүжилт сар сардаа ордоггүй байсан. 1, 2, 3 сарын нэхэмжлэхээр 04 дүгээр сарын 04-ний өдөр хүмүүсийн дансанд орсон. 5, ******* сараа ахиад нэхэмжилсэн байсан. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шалгалтыг н.Э даргатай цуг явж хийсэн. Дүүргийн хүүхэд харах төвүүдээ хамгийн сайн мэддэг гээд намайг бүрэлдэхүүнд багтаасан. Агентлагаас гарсан шалгалт хийх тушаал учраас агентлагт тайлангаа өгсөн. Хүүхэд харах үйлчилгээнд хяналт тавих, сүлжээнд багш, хүүхдийг мэдээллийг шивж оруулах үүрэг өгч байсан. 2017 оны 05 дугаар сараас эхэлж программд шивж оруулсан. Нэхэмжлэгч  болон хардаг хүүхдүүд нь программд 2017 оны 0******* сард орсон. Зарим хүмүүсийг өргөдлөө өгөөд хасагдсан байсан ч программд оруул гэж байсан.  2017 оны 12 дугаар сард нэхэмжлэгч нарын нэрс энэ программд байсан эсэхийг мэдэхгүй.

Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа газрууд сар болгон хүүхдийн ирцийн бүртгэл, хоол хүнсний задаргаа, шуудангийн задаргаа зэрэг бүх юм нь и-баримтаар тайлангаа өгөх ёстой. 2017 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад нэхэмжлэгч нар эдгээр баримтуудаа ирүүлээгүй. 4,5 сарын тайлангаа шуудангаар ирүүлсэн байсан.

Бид хүүхэд харагчийн нэрсийг шивэхэд агентлагаас хянадаг. Нэрс дутвал бидэнд хянаж мэдэгддэг. Нэг байгууллагаас нөгөө байгууллага руу энэ үйлчилгээг шилжүүлэхэд дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс хүүхэд харагчийн жагсаалтыг хамгийн эцсийн байдлаар хянасан. Дүүрэг өөрөө Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ахлуулсан баг хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн материалыг өөрсдөө татсан. Манай хэлтэс оролцоогүй. Программаас агентлаг хасах эрхтэй. Программад нэвтэрдэг нууц үгийг агентлагаас буюу Нийгмийн хамгааллын яамны харьяа Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар өгдөг.

Бид чиг үүргийнхээ дагуу 12 дугаар сард шалгалт хийсэн. Манай байгууллагаас Нийслэлийн Боловсролын газарт тайлангаа хүлээлгэж өгөх юм байна гэхэд дүүрэг “хэрэггүй, та нараас авахгүй, бид өөрсдөө цуглуулъя” гэсэн.

2018 оны 05 дугаар сард Боловсролын хэлтсээс энэ 3 хүний талаар мэдээлэл явуулна уу гэсний дагуу 5 дугаар сарын 07-ны өдөр энэ тайлбарыг хүргүүлсэн.

Миний хувьд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хөгжлийн ахлах мэргэжилтэн хийсэн.

Улсаас дэмжлэг авахгүйгээр хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болно Гэхдээ манай дүүрэгт ийм тохиолдол гарч байгаагүй. Улсаас дэмжлэг авахгүй хүүхэд харагч нарт хяналт тавих чиг үүрэг байсан. Тайлан ирүүлсэн, ирүүлээгүйгээс шалтгаалж бүртгэлд өөрчлөлт орсон байх. Заавал сар бүр тайлангаа ирүүлэх ёстой. Эднийх 2017 оны 9 сараас хойш тайлангаа ирүүлээгүй учраас санхүүжилтэд ороогүй гэсэн үг.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг даалгах”, Нийслэлийн Боловсролын газарт холбогдуулан “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг даалгах”[5] тухай шаардлага гаргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Х нь 2016 оны 1 дүгээр сарын 29-нд, С.Н, С.Ц нар нь мөн оны 5 дугаар сарын 16-нд “хүүхэд харагч” бэлтгэх 40 цагийн сургалтад хамрагдан 1 жилийн хугацаатай гэрчилгээ Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс авсан[6], тэдгээр гэрчилгээ сунгагдаагүй, харин хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/119 дүгээр, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/178 дугаар захирамжаар 1 жилийн хугацаатай авч, уг зөвшөөрлийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/400 дугаар захирамжаар 1 жилийн хугацаатайгаар сунгаж[7], дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй байгуулсан хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хамтран ажиллах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулжээ[8].

Нэхэмжлэгч С.Н нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд ******* байрны ******* 78 м.кв 4 өрөө байрыг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны ******* сарын 01-нийг хүртэл түрээсийн гэрээгээр эзэмшиж[9], уг байранд 2016 оны 4 дүгээр сараас эхлэн хүүхэд харах үйлчилгээг эрхэлсэн, хүүхэд харах үйлчилгээнд 15 хүүхэд хамрагдаж байсан гэх бөгөөд нэхэмжлэгч нар 2019 оны 1 дүгээр сарыг дуустал энэ үйл ажиллагааг эрхэлсэн гэж тайлбарладаг[10].

Хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 онд батлагдсан, энэ хуулийн ******* зүйлд хүүхэд харах үйлчилгээнд тавигдах байр, түүний хэрэгсэл, хүүхдийн тооны шаардлагыг зааж, энэ шаардлагыг хангасан, хүүхэд харагч бэлтгэх сургалтад хамрагдан гэрчилгээ авсан иргэнд баг, хорооны Засаг даргын санал, дүгнэлтийг үндэслэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгохоор заажээ. Мөн хүүхэд харах үйлчилгээний зохион байгуулалт, уг үйлчилгээнд хориглох үйл ажиллагааг хуульд тодорхой заажээ. 

Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хоолны болон нормативт зардлыг улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг болгон Засгийн газрын баталсан журмын дагуу олгох бөгөөд, мөн эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхэд харагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр төрөөс санхүүгийн дэмжлэг шаардахгүйгээр энэ хуульд заасан нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болохоор байна.

Тиймээс ч хуульд хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлгүй байлгах, хоол, хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн холбогдох хууль тогтоомжийг мөрдөхийг хүүхэд харагчийн үүрэг болгож хуульчилсны дээр, хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн бүртгэл, тайланг гаргах, эцэг, эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулах, гэрээний үүргийн хэрэгжилт болон төлбөр, санхүүжилтын зарцуулалтын тайланг танилцуулахыг үүрэгжүүлсний дээр, энэ талаар зохицуулсан Засгийн газрын 2015 оны 513 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмаар хүүхэд харагч нь тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн ирцийн бүртгэлийн мэдээг хүүхдийн овог, нэр, регистрийн дугаараар гаргаж, дараа сарын 5-ны дотор аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст, 2018 оны 1 дүгээр сарын 01-нээс энэ мэдээг аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэхээр, тэдгээр байгууллага нь хүүхэд харагчийн болон уг үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн мэдээллийн сан дахь мэдээлэлтэй тулгаж, зөрчилгүй байгаа тохиолдолд сар бүрийн 20-ны дотор санхүүгийн дэмжлэгийг хүүхэд харагчид олгохоор заажээ.

Эндээс үзэхэд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сургалтад хамрагдсан, хуулиар тавьсан шаардлагыг хангасан иргэн зохих зөвшөөрлийг авч хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болох бөгөөд тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, ирцийн бүртгэлийн мэдээг хүүхдийн овог, нэр, регистрийн дугаараар гаргаж, дараа сарын 5-ны дотор 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны мэдээг аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст, 2018 оны 1 дүгээр сарын 01-нээс хойших мэдээг аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлснээр хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэгийг улсын төсвөөс авч болохоор байна.

Өөрөөр хэлбэл хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан иргэн бүрт хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг авах эрх шууд үүсэхгүй бөгөөд уг шаардлагыг хангахаас гадна тухай бүрт буюу сар бүр хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн нэрс, тоо, энэ үйлчилгээг үзүүлснээ, үйл ажиллагаа явуулснаа, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээ зохих баримтаар нотлон, зохих хугацаанд эрх бүхий байгууллагад тайлагнаснаар санхүүгийн дэмжлэг авах эрх үүсэхээр байна.

Нэхэмжлэгч нар 2016 оны 4 сараас 2019 оны 1 дүгээр сарыг дуустал хүүхэд харах үйлчилгээг үзүүлсэн гэх авч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2017 оны 9 дүгээр сарын 1-ээс 2019 оны 1 дүгээр сарын 31-нийг хүртэлх хугацаанд энэ үйлчилгээг явуулсан болохоо дээрх байдлаар үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн нэрсийг регистрийн дугаараар гаргаж, үйлчилгээнд гаргасан зардлын баримтын хамт энэ үйлчилгээнд хяналт тавих холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлснээ нотлоогүй, харин “хүүхэд харах төвийн үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн болон хүүхэд харагчийн мэдээллийг сүлжээнээс хассанаас санхүүжилтыг олгохгүй байгаа” талаар маргаж, энэ талаарх гомдлоо тодорхой байгууллагуудад гаргаж байсан, тухайлбал нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “хүүхэд харах үйлчилгээнд 2017 оны 09-12 сарын санхүүжилтийг олгоогүй” талаар гомдол гаргасныг Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1а/356 тоотоор “Боловсролын асуудал эрхэлсэн хэлтэст хариуцна” гэсэн хариу[11],  2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд “2017 оны 09-12 сарын санхүүжилтийг олгоогүй” талаар гомдол гаргаж, тус яамнаас 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/5350 тоотоор “энэ хугацааны хүүхэд харах үйлчилгээний зардал тус яаманд хамааралгүй, цаашид харьяа дүүргийн Засаг дарга, Боловсролын хэлтэст асуудлаа тавьж, бүртгэл мэдээллийн нэгдсэн системд холбогдох журмын дагуу хүүхэд харах үйлчилгээ эрхлэх эрх нь нээлттэй” гэсэн хариу[12],  нийслэлийн Боловсролын газарт 2018 оны 8 дугаар сарын 14-нд “үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийг бүртгүүлж 2018-2019 оны хичээлийн жилд санхүүгийн дэмжлэг авах” хүсэлт гаргаж, Нийслэлийн боловсролын газар 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 04/725 тоотоор “ажил хүлээлцсэн материалд мэдээлэл байгаагүйгээс 2018 онд санхүүжих хүүхдийн тооны хязгаарт багтаагүй, бүртгүүлэх асуудлыг дүүргийнхээ Засаг даргад хандаж шийдвэрлүүл” гэсэн хариу[13], 2018 оны 08 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст “үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийг бүртгүүлж 2018-2019 оны хичээлийн жилд санхүүгийн дэмжлэг авах” хүсэлт гаргасанд тус хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 215 тоотоор хүсэлтийг нийслэлийн Боловсролын газарт уламжилж, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 216 тоотоор “ажил хүлээлцсэн материалд мэдээлэл байгаагүйгээс 2018 онд санхүүжих хүүхдийн тооны хязгаарт багтаагүй” гэсэн хариу [14], 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд “хүүхдүүдийн мэдээллийг санхүүжилтын программаас хассан, нөхөн бүртгүүлэх” хүсэлт гаргасныг Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/12217 тоотоор  Нийслэлийн боловсролын газарт шилжүүлсэн[15], Нийслэлийн Боловсролын газар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 04/1777 тоотоор “2018 оны төсвийн жилд хамрагдах хүүхдийн тоонд багтаагүй” гэсэн хариу[16] тус тус өгчээ. 

“Үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийг мэдээллийн санд бүртгүүлэх” тухай  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нар татгалзаж, уг татгалзлыг шүүх баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн[17] байдаг.

Хүүхэд харах үйлчилгээний тухай 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтаар эрх олгосноор Засгийн газрын 2015 оны 513 дугаар тогтоолоор баталсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмаар тухайн төсвийн жилд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тооны хязгаарыг /улсын төсөв хязгаартай/  сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хүүхэд харах зөвшөөрөл авсан иргэдийн тоог харгалзан хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн сайд нар өмнөх жилийн 4 дүгээр сард багтаан баталдаг.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд 2017 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр энэ үйлчилгээнд хяналт тавих чиг үүрэг гэр бүл, хүүхэд хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжсэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/011, А/20 дугаар тушаалаар хүүхэд харах үйлчилгээнд хяналт тавих ажил болон хүүхэд харагч, үйлчилгээнд хамрагдах хүүхдийн мэдээллийн санг шилжүүлсэн, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд “Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам”, “Хүүхэд харагч бэлтгэх сургалтын хөтөлбөр”-ийг баталжээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/28 дугаар захирамжид зааснаар тус дүүргийн хүүхэд харах үйлчилгээг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс дүүргийн Боловсролын хэлтэст шилжүүлэн өгсөн байдаг. 

Анх хүүхэд харагч, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн мэдээллийг мэдээллийн санд бүртгэхэд нэхэмжлэгч нар болон тэдний явуулж байсан үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийн мэдээлэл мэдээллийн санд бүртгэгдсэн[18] хэдий ч ийнхүү хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг шилжсэнээр хүүхэд харагч, үйлчилгээнд хамрагдах хүүхдийн мэдээллийн санг шилжүүлсэн, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүүхэд харах төв, хүүхэд харагчийн мэдээлэлд нэхэмжлэгч нарын мэдээлэл шилжиж ирээгүй[19] байдаг.

Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавихтай холбоотой ажил, түүнд хамаарах мэдээлэл баримтуудыг дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс нэгтгэн шилжүүлсэн байх бөгөөд энэ үед нэхэмжлэгч нарын мэдээллийг хүүхэд харагчийн бүртгэлд, тухайн төвд үйлчилгээнд хамрагдаж байсан хүүхдүүдийн мэдээллийг мэдээллийн сангийн бүртгэлд бүртгээгүй захиргааны байгууллагын эс үйлдлийг хассан үйлдлийг хууль бус гэж үзэхээргүй байна. Учир нь,

Засгийн газрын агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/36 тушаалаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага стандарт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжид нөхцөл байдлын үнэлгээ хийх төлөвлөгөө, удирдамжийг баталж, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүүхэд харах төвүүдийн үйл ажиллагааг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  шалгасан, хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч нарын ажиллуулдаг хүүхэд харах төвд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шалгалт хийхэд хүүхэд харагч С.Ц биеийн эрүүл мэндийн шалтгаанаар /цус харвасны улмаас гэх/ ажиллаагүй, туслан дэмжигч зөвшөөрөлгүйгээр ажиллуулсан, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлгүй байх” шаардлагыг хангаагүй галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулаагүй, ******* зүйлийн 6.2.2 “хүүхэд харах үйлчилгээний байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглана”, 6.2.3 “байр нь хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байна” гэсэн байрны болон 6.5 “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байна” гэсэн хүүхдийн тоог тогтоосон шаардлагыг тус тус хангаагүй, 8 дугаар зүйлийн 8.1.1 “хүүхдийг хараа хяналтгүй, харах хүнгүй орхихыг хорилгоно” гэснийг зөрчсөн, 12 дугаар зүйлийн 12.1.4 “Хүүхэд харагч нь хүүхэд харах үйлчилгээний ажилтныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулах үүрэгтэй” гэснийг зөрчсөн, мөн “хүүхдийн ирцийн бүртгэлийн дэвтэрт эцэг, эхээр гарын үсэг зуруулдаггүй”, “эцэг эх, асран хамгаалагчийн бүртгэл хангалтгүй”, “бичиг баримт эмх цэгцгүй”, “эцэг эхэд тайлан тавьдаггүй”, “хаягжилт байхгүй” зэргээр журмын заалтууд зөрчигдсөн[20] талаар дурдагджээ. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг нэхэмжлэгч С.Н шуудангаар 2017 оны ******* сарын 22-нд гардан авсан талаараа, дүгнэлтэд гараар тэмдэглэл үйлдсэн талаараа шүүх хуралдаан дээр тэрээр тайлбарласан болно.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/36 тушаалаар баталсан удирдамжаар хийсэн хүүхэд харах төвүүдийн нөхцөл байдлын үнэлгээгээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар тус газар 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр харьяа газар, хэлтсүүдэд үүрэг даалгавар хүргүүлж, “шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зөвлөмж өгч, хэрэгжилтийг хангаагүй хүүхэд харах төв, хүүхэд харагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, хүүхэд харагч нарт давтан сургалт явуулах, 2017 оны 9 дүгээр сараас үйл ажиллагаа эхлэх бэлтгэл хангуулах, бэлтгэл хангаагүй төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох, хүүхэд харах үйлчилгээнд олгох санхүүгийн дэмжлэгийн санхүүжилттэй холбоотой мэдээг гаргах, хүүхэд харах үйлчилгээний бүртгэл, тоон мэдээнд хяналт тавих, тухайн сарын хүүхэд харах төв, хүүхэд харагч, үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоон мэдээг дараа сарын 10-ны дотор хүргүүлж байх”-ыг үүрэг болгосон байна.

Өөрөөр хэлбэл хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль болон журмын хэрэгжилтийг хангуулж, энэ үйлчилгээний санхүүжилттэй холбоотой хүүхэд харах төв, хүүхэд харагч, үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн тоон мэдээллийг сар бүр хянаж байх үүрэгтэй, хүүхэд харах төв, хүүхэд харагч нь тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн мэдээллийг тэдгээрийн регистрийн дугаар, эцэг эхийн гарын үсэг бүхий ирцийн бүртгэлээр, мөн хоол, бусад үйлчилгээний зардлын санхүүгийн баримтыг дараа сарын 05-ны дотор ирүүлэх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэхэмжлэгч нарыг 2017 оны 9-12 дугаар сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн регистрийн дугаар бүхий ирцийн бүртгэл, зардлын баримтаа ирүүлээгүй талаар тайлбарлаж, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс 2018 оны 3-5 дугаар сар, 9-12 дугаар сар, 2019 оны 1 дүгээр сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн регистрийн дугаар бүхий ирцийн бүртгэл, хүүхэд харагчийн мэдээлэл ирүүлээгүй талаар тодорхойлсноос[21] үзэхэд нэхэмжлэгч нар тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн мэдээллийг тэдгээрийн регистрийн дугаар, эцэг эхийн гарын үсэг бүхий ирцийн бүртгэлээр, мөн хоол, бусад үйлчилгээний зардлын санхүүгийн баримтыг дараа сарын 05-ны дотор ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байж “хүүхэд харах төв, хүүхэд харагч, үйлчилгээнд хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийн мэдээллийг 2017-2018 оны хичээлийн жилд мэдээллийн сангаас хууль бусаар хассан” гэх гомдол үндэслэлгүй.

Нөгөө талаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 26/188 тоотоор хүргүүлсэн хорооны нийгмийн ажилтны дүгнэлтээр[22] дүүргийн Засаг дарга  2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр А/400 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг сунгаж, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс тэдгээртэй хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хамтран ажиллах гэрээ байгуулсан ч энэ нь санхүүгийн дэмжлэг олгох шууд үндэслэл болохгүй.

Дээр дүгнэснээр нэхэмжлэгч нар 2017 оны 9 дүгээр сарын 1-ээс 2019 оны 1 дүгээр сарын 31-нийг хүртэлх хугацаанд хүүхэд харах үйлчилгээг хууль, журмаар тавигдсан шаардлагыг хангуулан хэвийн явуулсан талаарх үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн регистрийн дугаар бүхий ирцийн бүртгэл, зардлын баримтаа хяналт тавих холбогдох эрх бүхий байгууллагад сар бүрийн 05-ны дотор хүргүүлж байснаа  нотлоогүй бөгөөд үйлчилгээг хэвийн үргэлжлүүлж, хүүхдийн ирцийн бүртгэл, санхүүгийн баримтаа тухай бүр хүргүүлж байсан бол мэдээллийн сангийн бүртгэлээс хасагдахгүй, улмаар тухайн сар бүрийн санхүүгийн дэмжлэгийг авах боломжтой байжээ.    

Хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс тус дүүргийн Боловсролын хэлтэст 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2/83 тоотоор хүргүүлсэн тайлбар, түүнд хавсаргасан баримт, гэрч Ц.А /үйл баримтад хамаарах хугацаанд Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хөгжлийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан/ -гийн мэдүүлгээс үзвэл дээрх хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн мөрөөр дахин 2017 оны 5 дугаар сарын 30-нд шалгалтаар очиход зөрчлүүд давтагдсан, тухайлбал С.Н багш ганцаараа 12 хүүхэдтэй байсан, С.Цбагш нь даралт харвасан өвчний улмаас ажиллах боломжгүй болсон, туслан дэмжигч зөвшөөрөл авалгүй ажиллуулсан, үйл ажиллагаа явуулж буй сууцандаа өөрөө амьдардаг, ирцийн бүртгэлд эцэг, эхийн гарын үсэг зуруулдаггүй, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг зөрчил дахин илэрсэнтэй холбогдуулан тус дүүргийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2017 оны ******* сарын 08-ны өдрийн 42 тоотоор тус хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн эрхлэх боломжгүйг мэдэгдсэн мэдэгдэл нэхэмжлэгч С.Н-д хүргүүлсэн[23], тэрээр мэдэгдлийг  хүлээн авснаар уг шалгалтын талаар 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газарт “5 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч В.Э******* нь мэргэжилтэн Ц.А-тай ямар ч удирдамжгүй ирж танай төвийг хаана гэсэн, үүнийг шалгаж өгнө үү” гэх гомдол гаргаж, 8 дугаар сарын 10-ны өдөр мэргэжилтэн амаар хариу өгсөн[24] байдаг.

Нэхэмжлэгч нар өмнө нь 2017 оны 1-5 дугаар сарын санхүүгийн дэмжлэгийг нэхэмжилж иргэний хэргийн шүүхэд тухайн үед хандаж, хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвтэй “2017 оны 3-5 дугаар сарын хүүхэд харагчийн ажлын цагийн бүртгэл, хүүхдүүдийн ирцийн бүртгэл, санхүүгийн баримтууд бүхий тайланг 2017 оны ******* сарын 23-наас 7 дугаар сарын 06-ныг хүртэл нөхөн бүрдүүлж өгөхөөр, хариуцагч тайланг хүлээн авсны дараа тухайн хугацааны санхүүгийн дэмжлэгийг олгох”-оор эвлэрснийг /энэ хугацаанд 2017 оны ******* сарын 05-ны өдөр нэхэмжлэгч С.Н шуудангаар баримтууд хүргүүлсэн[25]/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны ******* сарын 23-ны өдрийн 2205 дугаар захирамжаар баталж шийдвэрлэсэн[26], өөрөөр хэлбэл “нэхэмжлэгч нар нь 2017 оны 5 дугаар сар хүртэлх тайлангаа ирүүлээгүйгээс санхүүгийн дэмжлэг олгогдоогүй, түүнийгээ шүүхээр нэхэмжилснийг тайлангаа ирүүлсний дараа санхүүгийн дэмжлэгийг олгохоор эвлэрсэн, баримтуудыг нөхөн ирүүлж, тэр хугацааны санхүүгийн дэмжлэгийг олгосон, 2017 оны 9-12 дугаар сарын тайланг ирүүлээгүй” гэсэн хариуцагчийн тайлбар үүгээр нотлогдож байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзвэл тус хэлтсээс С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах төвийн үйл ажиллагаа явагдаж буй эсэхийг 2017 оны 9 дүгээр сарын 11, 12 дугаар сарын 01, 12 дугаар сарын 5, 12 дугаар сарын 28-ны өдөр шалгасан байх бөгөөд хүүхэд харах төвийн үйл ажиллагаа зөрчилгүй явагдаж байгаа гэх байдал тогтоогдоогүй байна[27].  

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн шуудангийн төлбөр төлсөн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч С.Н 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газарт, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт болон Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газарт, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, Улсын Их Хурлын нэр бүхий 2 гишүүн, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Боловсролын газарт, 2018 оны 12 дугаар сарын  14-ний өдөр Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст, мөн 2018 оны 12 дугаар сарын  31-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад, 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус тус өргөдөл гаргасан, 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст үйлчилгээний гэрээ сунгуулахаар хүсэлт гаргасан, шуудангийн төлбөр төлсөн эдгээр баримтын огноо, хүргүүлсэн байгууллага, баримтын жин, шуудангийн төлбөрийн хэмжээнээс үзэхэд сар бүрийн хүүхдийн ирцийн бүртгэл, санхүүгийн баримтууд бүхий тайлан хүргүүлсэн гэж үзэхээргүй байна.     

Нэхэмжлэгч С.Н нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацааны хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байсантай холбоотой хүүхдийн ирцийн бүртгэл, шинжилгээний бичгүүд, зардлын санхүүгийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн ч эдгээр баримтаар хариуцагч нарыг санхүүгийн дэмжлэгийг олгоогүй хууль бус эс үйлдэл гаргасан гэж дүгнэх боломжгүй. Эдгээр баримт нь хүүхэд харах үйлчилгээ эрхэлж, үйл ажиллагаа явуулсныг нь нотлох хэдий ч тухай бүртээ эдгээр баримтуудаа холбогдох захиргааны байгууллагад хүргүүлснээр санхүүгийн дэмжлэг авахаар хууль, журмаар зохицуулсан тул энэ шаардлагыг ийнхүү хангаагүй байхад тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харагчийн, энэ үйлчилгээнд хамрагддаг хүүхдийн тооноос хамаарч Засгийн газраас урьдчилан тогтоосон хязгаарын хүрээнд санхүүжүүлдэг төсвөөс одоо нөхөн гаргуулахаар шүүх шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн дэмжлэгийг олгоогүй Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн дэмжлэгийг олгоогүй Нийслэлийн Боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Цнарын Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан гаргасан “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоогүй Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах”, Нийслэлийн Боловсролын газарт холбогдуулан гаргасан “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохгүй байгаа Нийслэлийн Боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Нийслэлийн Боловсролын газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

                            ШҮҮГЧ                                                         У.БАДАМСҮРЭН

                            ШҮҮГЧ                                                         Ц.МӨНХЗУЛ

 


[1] 128/2018/0973/З индекстэй хэрэг /цаашид “хэргийн” гэх/-ийн 2 дугаар хавтсын 70 дугаар хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтсын 71 дүгээр хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтсын 228 дугаар хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 217 дугаар хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтсын 219-221 дүгээр хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 12-14 дүгээр хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 15-17, 175-176,  2 дугаар хавтсын 30-31 дүгээр хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 18-23 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 24-25 дугаар хуудас

[10] Хэргийн 3 дугаар хавтсын 4-10 дугаар хуудас

[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 38-39 дүгээр хуудас

[12] Хэргийн 1 дүгээр хавтсын 40-42 дугаар хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтсын 43, 45 дугаар хуудас

[14] Хэргийн 1 дүгээр хавтсын 46-48  дугаар хуудас

[15] Хэргийн 1 дүгээр хавтсын 49-50 дугаар хуудас

[16] Хэргийн 1 дүгээр хавтсын 111 дүгээр хуудас

[17] Хэргийн 2 дугаар хавтсын 76-78 дугаар хуудас

[18] Хэргийн 1 дүгээр хавтсын 133-134, 140-15******* хуудас

[19] Хэргийн 1 дүгээр хавтсын 140-143, 157-171, 203-222, 2 дугаар хавтсын 11-17 дугаар хуудас

[20] Хэргийн 2 дугаар хавтсын 6-7 дугаар хуудас

[21] Хэргийн 3 дугаар хавтсын 22 дугаар хуудас

[22] Хэргийн 1 дүгээр хавтсын 26-28 дугаар хуудас

[23] Хэргийн 2 дугаар хавтсын 19-21 дүгээр хуудас

[24] Хэргийн 3 дугаар хавтсын ... хуудас

[25] Хэргийн 2 дугаар хавтсын 238 дугаар хуудас

[26] Хэргийн 2 дугаар хавтсын 84-87 дугаар хуудас

[27] Хэргийн 2 дугаар хавтсын 18-22, 3 дугаар хавтсын 16-17 дугаар хуудас