Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1847

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01463 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Пэрлээд холбогдох

 

   Түрээсийн гэрээний үүрэгт 1 317 120 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ундармаа,

Хариуцагч: Ч.Пэрлээ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ТТ-16-001 тоот автомашины санхүүгийн түрээсийн гэрээг Ч.Пэрлээтэй байгуулсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч нь 13-54 УНМ улсын дугаартай автомашиныг 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ашиглаж, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх, түрээслүүлэгч нь тодорхой хугацаагаар түрээсийн зүйлийг түрээслүүлж улмаар түрээслэгчийн өмчлөлд нь шилжүүлэхээр харилцан тохиролцон, хүлээлгэн өгсөн. Түрээсийн нэг хоногийн орлого 30 000 төгрөг байхаар тусгаж өгсөн. Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй нийт 11 хоногийн түрээсийн өртэй болсны дагуу автомашины санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр автомашиныг хураан авч, доголдолтой байсан учир жолоочтой харилцан тохиролцож автомашиныг үзлэг оношилгоонд оруулахаар жолоочоор гарын үсэг зуруулсан байдаг. Үүний дагуу автомашиныг үзлэг оношилгоонд оруулж засварласан байдаг. Анх гэрээ байгуулахад барьцаалсан 652 500 төгрөгийг өрөндөө суутгаж авсан. Мөн хариуцагч нь уг автомашиныг эзэмшиж байх үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 123 200 төгрөгийн торгууль ногдуулсан байдаг. Иймд хариуцагчаас автомашины санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой засварын зардал 1 516 420 төгрөг, автомашиныг эзэмшиж ашиглах явцад гаргасан зөрчилд ногдуулсан төлбөр 123 200 төгрөг, түрээсийн өр 330 000 төгрөг, нийт 1 969 820 төгрөгийн төлбөртэй гарсан бөгөөд үүнээс барьцаа 652 500 төгрөгийг суутгаж, үлдэх 1 317 120 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 13-54 УНМ улсын дугаар автомашиныг тус компаниас хүлээж авсан. Анх хүлээж авахад “машины зүүн баруун талын 5 буланд орсон байна” гэж хэлэхэд “манайд сэлбэг байхгүй байна, та өөрөө янзалчих” гэж хэлсэн. Энэ зардлыг тус компани надад буцаан олгох үүрэгтэй учир би энэхүү засвар хийлгэсэн баримтаа хадгалж компаниас засварын зардлыг миний төлөх түрээсийн төлбөрөөс суутган тооцохыг хүссэн боловч компанийн зүгээс төлөхгүй сэлбэг болон түрээс төлбөр хоёр чинь тус тусдаа учир бид таны төлбөрөөс суутгахгүй гэж эсэргүүцсэн хариу өгсөн. Эрүүл мэндийн байдлаас болж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэж гуйхад хүсэлтийг хүлээн авалгүй, машиныг засварын үйлчилгээнд явуулья гэж гуйсан боловч машиныг хураагаад авсан. Тус компани нь гэрээнд заасан өдрийн 30 000 төгрөгийн түрээсийн төлбөр дээр гэрээнд заагаагүй нэмэлт төлбөр болох дуудлага бүрээс 500 төгрөг нэмж авч гэрээгээ зөрчиж байсан учир ихэнхи жолооч нар эсэргүүцэж байсны нэгэн адил би бас эсэргүүцэж байсан. Уг байгууллага нь ажилчдынхаа эрх ашгийг хүндэлж үздэггүй. Эвдэрхий машин өгчихөөд түрээсээ шаарддаг, өөрийнхөө зардлаар засаж сайжруулж зардал гаргасан. Машиныг хүлээлгэж өгөхөд тийм хэмжээний засвар үйлчилгээ хийхээр эвдэрсэн зүйл байгаагүй. Барьцааны мөнгийг буцааж өгөөгүй хэрнээ мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн дээрх барьцаа төлбөрөөс 11 өдрийн түрээсийн төлбөр болох нэхэмжлэлд дурдсан 330 000 төгрөгийг суутган авсан гэж би ойлгож байсан. Гэтэл компанийн зүгээс миний өвчтэй байсан шалтгааныг хүлээн авалгүй гэрээг шууд цуцалж, машиныг хураан авсан. Миний зүгээс энэхүү нэхэмжлэгч компанид хангалттай төлбөр мөнгөө төлсөн барьцаа мөнгөө хүртэл авахгүйгээр дээрх төлбөрт суутгуулсан учир ямар ч төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.       

 Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Пэрлээгээс 138 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1 179 120 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 36 024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Пэрлээгээс улсын тэмдэгтийн хураамжинд 4 790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, үндэслэлгүйгээр нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүчингүй болгож хууль хэрэглээний алдааг гаргасан. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй бөгөөд хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь шүүх талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг буруу дүгнэж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байна гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүй. Хариуцагч Ч.Пэрлээ нь 2016 оны 1 сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 сарын 24-ний өдөр хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашиныг Санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашигласан бөгөөд энэ талаар талууд маргадаггүй. Хариуцагч нь гэрээнд заасны дагуу автомашиныг ашигласан хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд 2016 оны 1 сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 сарын 12-ны өдөр хүртэл хугацааны төлбөрөө төлсөн боловч, үлдэх 11 хоног түрээсийн төлбөр болох 330 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно. Гэтэл шүүх ямар ч нотлох баримтгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хариуцагч нь автомашиныг ашиглаж байх хугацааны бүхий л эрсдэл болон холбогдох хариуцлагыг хүлээхийг талууд харилцан тохиролцсон. Гэтэл шүүх энэ зохицуулалтыг анхааралгүй мөн л торгуулийн мөнгийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг зөвтгөх шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК нь хариуцагч Ч.Пэрлээд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1 317 120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК нь “Хьюндай” маркийн 13-54 УНМ улсын дугаартай автомашиныг 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түрээслүүлэх, гэрээний хугацаа дуусахад түрээслэгчийн өмчлөлд уг автомашиныг шилжүүлэх,  түрээслэгч Ч.Пэрлээ нь хоногт 30 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 6-10 дугаар тал/

 

            Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ” гэж,  мөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10-т “Санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллага “санхүүгийн түрээсийн” үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна талуудын хоорондын гэрээгээр  нэг талаас Ч.Пэрлээ нь автомашины үнийг  тодорхой тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх, нөгөө  талаас “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК нь үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байх тул зохигчдын хооронд  санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.

 

            Иймд анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болно.

 

            Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч гэрээгээр хүлээсэн тодорхой хугацаанд төлбөр төлөх үүргээ зөрчсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасан.

 

Худалдагч буюу нэхэмжлэгч нь  худалдан авагч буюу хариуцагчид шилжүүлэн өгсөн автомашинаа буцаан авахдаа уг эд хөрөнгөд үүссэн гэмтлийг баримтжуулж, нийт 1 516 420 төгрөгөөр засварлуулсан гэж нэхэмжилснээс шүүх   хариуцагч Ч.Пэрлээгийн үйлдлээс шалтгаалан үүссэн хохирлын хэмжээг 790 500 төгрөг гэж тооцсон нь үндэслэл муутай байх боловч энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй, харин 11 хоногийн автомашин ашигласантай холбоотой  төлбөрийн талаар давж заалдах гомдол гаргасан. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс автомашинд учирсан уг мөнгөн төлбөрийн талаар шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Харин хариуцагч 11 хоног автомашин ашигласан болох түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбарт “...11 хоногийн түрээсийн төлбөр 330 000 төгрөгийг барьцаа хөрөнгөөс суутган авахад татгалзах зүйлгүй” гэсэн тайлбараар тогтоогдож  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь  хэргийн маргааны үйл баримтад хамаарах нотолгооны хэрэгсэлд тооцогдох ба нэхэмжлэгч талаас уг тайлбарыг үгүйсгэж маргаагүй тохиолдолд хариуцагчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлэх боломжтой. Нэхэмжлэгч байгууллага автомашиныг бусдад хоногийн 30 000 төгрөгөөр ашиглуулдаг болох нь  зохигдын тайлбар хэрэгт авагдсан  бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд  11 хоногийн автомашин ашигласан төлбөрт 330 000 төгрөгийг хариуцагч Ч.Пэрлээ нь нэхэмжлэгч байгууллагад төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч Ч.Пэрлээгээс 138 000 төгрөгийг, 11 хоногийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 330 000 төгрөг, нийт 468 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01463 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2” гэж,  “... 138 000 төгрөг ...” гэснийг “468 000 төгрөг” гэж, “... 1 179 120 төгрөг ...” гэснийг “849 120 төгрөг” гэж,

2 дахь заалтын “... 4 790 төгрөг гэснийг “14 690 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 850 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ        

                                   

                                            ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                    

                                                                                                  Г.ДАВААДОРЖ