Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/532

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 370 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.Ц-ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2014 оны 10 сарын 08-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай МН/84 дүгээр тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр халсан шийдвэрийг 10 дугаар сарын 09-ний өдөр уншиж танилцуулснаар эрхэлж байсан ажлаасаа гэнэт үндэслэлгүйгээр халагдлаа. ажлын байрнаас нууц материал авч гарсан гэх зөрчил тогтоогдсон гэж үндэслэлийг дараа нь надад тайлбарласан. Дээрх үндэслэлийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсан. Миний бие гүйцэтгэх албан тушаалтны хувьд дээд албан тушаалтнаас өгөгдсөн үүргийг биелүүлэх үүрэгтэй учир даалгаврыг биелүүлж байсан. Миний төрийн албанд алба хаах, хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн МН/84 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж, холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх гэжээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.Ц нь Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх техникийн газрын ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2014 оны 08 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим хэлтсийн нууц байрнаас зөвшөөрөлгүй, шууд захирах даргадаа мэдэгдэлгүй Маш нууц-ын зэрэглэлтэй бичиг баримтыг бүртгэлгүйгээр авч гарсан зөрчил гаргасан. Энэ үйлдэл нь Байгууллагын нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 213 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах журмын 3.1.4-д заасан хэм хэмжээг зөрчсөн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн МН/84 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан... Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 370 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан Б.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн МН/84 дүгээр тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ц-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэг сарын 968.021 төгрөгөөр тооцон 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг нөхөн олгохыг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ц-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тус тус хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо: Б.Ц-ийн Төрийн нууцад хамаарах бичиг баримтыг холбогдох журам, зааврын дагуу бүртгэлд бүртгээгүй, бичиг баримт өгсөн, авсан тэмдэглэлд гарын үсэг зураагүй үйлдэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 213 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах журмын 3.1.3-д Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, биет зүйлийг нууцын ажилтан энэхүү журмын 3.1, 3.2-т заагдсан албан тушаалтанд танилцуулна. Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичгийг холбогдох албан тушаалтанд нууцын ажилтан танилцуулахдаа бүртгэлээр хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна. Бүртгэлд танилцсан албан тушаалтны нэр, ашигласан хугацаа, мэдээ, баримтад бичгийн агуулга зэргийг тэмдэглэнэ гэж заасныг тус тус зөрчсөн нь албаны шалгалтаар тогтоогдсон байна. Гэтэл шүүх Б.Ц-ийг Маш нууц-ын зэрэглэлтэй гэх баримтуудыг бүртгэлгүйгээр авч гарсан гэдэг ч бодит байдалд ...2014 оны 08 дугаар сарын 20-ны үед газрын даргаас холбогдох баримтуудыг хүлээн авч, байгууллагын архивт хадгалуулсан, 29-ний өдөр мөн л газрын даргын даалгавраар баримтуудыг буцааж Ж.Б даргад хүлээлгэн өгсөн нэхэмжлэгчийн үйлдлийг шууд захирах даргадаа мэдэгдэлгүйгээр Маш нууц-ын зэрэглэлтэй баримтуудыг бүртгэлгүйгээр авч гадагш гарсан гэдэгт хамааруулах боломжгүй юм... гэж дүгнэжээ. Б.Ц нь Монгол Улсын Төрийн нууцыг хамгаалах журамд зааснаар төрийн нууцад хамаарах баримт бичгийг /Маш нууц дардастай/, нууцын ажилтанд хадгалуулахдаа бүртгэлд оруулалгүй хүлээлгэн өгч, мөн бүртгүүлэлгүйгээр буцаан авсан байна. Дээрх үйлдэл нь албаны шалгалтын хүрээнд алба хаагчдын өгсөн тайлбар, бусад баримтаар тогтоогдсон.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Эрүүгийн цагдаагийн газар, хэлтсийн аюулгүй байдлыг хангах журмын 6.3-д баримт бичгийн аюулгүй байдал, хамгаалалтын талаар шаардлагатай тохиолдолд тусгай цүнх, хавтсанд хийж гаргана, Нууц ажиглалтын албаны дотоод журмын 8.3-д ...нууц байрнаас хэлтсийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусад баримт бичгийг гадагш гаргахыг хориглоно гэж тус тус заасан байх бөгөөд газрын даргын даалгавраар холбогдох баримтуудыг хүлээн авч, байгууллагын архивт хадгалуулсан, мөн түүний даалгавраар буцааж өгсөн нэхэмжлэгчийн үйлдэл нь эдгээр журмыг зөрчөөгүй... байна гэж дүгнэжээ. Цагдаагийн ерөнхий газрын 2014 оны 34 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийн 2.1-д Цагдаагийн алба хаагч нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу шууд харьяалан удирдах албан тушаалтанд захирагдана гэж заасан. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар Б.Ц-ийг шууд харьяалан удирдах албан тушаалтан нь түүний хэлтсийн дарга юм. Гэтэл Б.Ц нь хэлтсийн даргадаа танилцуулалгүй Маш нууц дардастай баримт бичгийг хэлтсийн нууц байранд хадгалж, авч гарсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэж заасан. Анхан шатны шүүх нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар Б.Ц-ийн нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Б.Ц нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн МН/84 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргажээ.

Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх техникийн газрын 3 дугаар хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Б.Ц-ийг Байгууллагын нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах журмын 3.1.4-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2.1.3-д зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр ажил, албан тушаалаас нь халах сахилгын шийтгэл ногдуулан шийдвэрлэсэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн МН/84 дүгээр тушаалын Б.Ц-д холбогдох хэсэг нь хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Хариуцагч нь Б.Ц-ийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчим хэлтсийн нууц байрнаас маш нууц зэрэглэлтэй бичиг баримтыг бүртгэлгүй, зөвшөөрөлгүй, шууд захирагдах даргадаа мэдэгдэлгүйгээр авч гаргасан үйлдэл нь Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн аюулгүй байдлыг хангах журмын 6.3-д баримт бичгийн аюулгүй байдал хамгаалалтын талаарх шаардлагатай тохиолдолд тусгай цүнх, хавтсанд хийж гаргана, Нууцын ажиглалтын албаны дотоод журмын 8.3-д ...нууц байрнаас хэлтсийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр... бусад баримт бичгийг гадагш гарахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн гэж буруутгажээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б.Ц-ийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх техникийн газрын дарга өөрийн өрөөндөө дуудан ирүүлж өөрийн ургийн бичгийн талаарх судалгаа болон ажил албатай холбоотой зурган мэдээллүүд, англи хэл дээрх судалгаа материал-уудыг Б.Ц-д хүлээлгэн өгч, уг баримтуудыг өөр дээрээ хадгалж хамгаалж, бусдад мэдэгдэхгүй байх үүргийг даалгаврыг өгсөн байна. Харин Б.Ц нь дээрх баримтуудыг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх техникийн хэлстийн архивт хадгалуулж, 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх техникийн газрын даргад буцаан өгөхөөр уг баримтуудыг байгууллагын архиваас гаргасан нь тогтоогдсон байна.

Түүнчлэн гэрч Ж.Б, байгууллагын архивын ажилтны тайлбар зэрэг нотлох баримтаас үзэхэд Б.Ц-д хадгалуулсан гэх баримтууд нь анхнаасаа байгууллагын Маш нууц баримтын жагсаалтад бүртгэгдээгүй, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх техникийн газрын даргын өрөөнд хадгалагдаж байсан баримтуудыг Б.Ц-д хүлээлгэн өгчээ. Тиймээс хариуцагчийн Маш нууц зэрэглэлийн баримт гэж үзсэн дээрх баримтуудыг Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиудад хамаарах Маш нууц-ын зэрэглэлтэй баримт гэж үзэхэд эргэлзээтэйгээс гадна хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Маш нууц баримт болохыг нотлоогүй болно.

Нөгөөтэйгүүр, Цагдаагийн ерөнхий газрын харъяа Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх техникийн газрын 3 дугаар хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Б.Ц-ийн хэлтсийн нууц байранд хадгалж, авч гарсан баримтуудыг Маш нууц зэрэглэлийн баримт гэдгийг тогтоосноос үл хамаарч, энэ хэрэгт авагдсан нотлох баримтаар түүний гаргасан үйлдэл нь Байгууллагын нууцын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Байгууллагын нууцтай албан үүргийн дагуу танилцсан, эсхүл олж мэдсэн этгээд уул нууцыг зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцүүлэн ашиглах бөгөөд бусдад задруулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Цагдаагийн байгууллага нь нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байж, Цагдаагийн албан хаагч нь хууль дээдлэх, нууцыг чанд хадгалах зарчмыг албаны үйл ажиллагаандаа баримтлах бөгөөд Б.Ц нь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх техникийн газрын даргын өгсөн үүргийг биелүүлсэн болох нь дээрх дүгнэлтээр нотлогдож байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.2.1-д дээд шатны цагдаагийн байгууллага, алба хаагчийн үүрэг, даалгавар, шийдвэрийг доод шатны байгууллага, алба хаагч биелүүлэх, дээд шатны байгууллага, алба хаагчийн үүрэг, даалгавар, шийдвэр нь хуульд нийцсэн байх гэж тус тус заасныг Б.Ц зөрчөөгүй, мөн газрын даргын үүрэг даалгаврыг хууль бус гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Маш нууц баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж заасан үндэслэлээр Б.Ц-ийг Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх техникийн газрын 3 дугаар хэлтсийн ахлах төлөөлөгчийн ажил, албан тушаалаас нь халсан захиргааны актыг хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын 2014 оны 34 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийн 2.1-д Цагдаагийн алба хаагч нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу шууд харьяалан удирдах албан тушаалтанд захирагдана гэж заасныг зөрчиж, хэлтсийн даргадаа танилцуулалгүй Маш нууц дардастай баримт бичгийг хэлтсийн нууц байранд хадгалж, авч гарсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. 
            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсгийн 3 дахь заалтаар нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байхад шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар орхигдуулсан болохыг дурдах нь зүйтэй. Энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

                                     

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

              ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР