Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Т.Цэнд-Аюуш,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр,

Шүүгдэгч О.Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт Орхоны Аюушид холбогдох эрүүгийн 201610010161 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Зоосын 2-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Харчу овогт Орхоны Аюуш /МК 82111817/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Аюуш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 04-нд Замын-Үүд сумын 3-р баг, Үүдын 3-30 тоотод А.Энхтөртэй хувийн таарамжгүй харьцаа буюу хамтран амьдарч байсан Ч.Дэлгэрмаатай хардсаны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлэгт  дараахь  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  - Шүүгдэгч О.Аюуш мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг Зоосын гудамж 2-1 тоот буюу гэртээ найз Ганхүү, Ерөөлт нартай нийлж 0,75 литрийн Ерөөл архи хувааж ууж дуусчихаад би 20 цагийн үед охин Болортуяатай уулзахаар Замын-Үүд сумын 2-р баг Үүдийн 3-30 тоот буюу  салсан эхнэр Дэлгэрмаагийн гэрт очиж охинтойгоо тоглож байгаад газар ор засаад унтаж байхад 00 цагийн үед хашаанд машинтай хүн ирэхээр нь хэн бэ гэсэн чинь Төрөө байна гэхээр яах гэж байгаа юм гэхэд Төрөө надад хандаж “Өө чи ирсэн юм уу” гэхээр нь миний уур хүрээд босч гэрээс гараад Төрөөгийн нүүрэн тус газар нь баруун гараараа 3 удаа цохиж унагаасан. Газар унахаар нь толгойн хэсэг буюу чих рүү нь 1 удаа, хавирга руу нь 2 удаа өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/,

   - Хохирогч А.Энхтөр мөрдөн байцаалтанд: “2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн үед гэр байранд хаягийг нь тодорхой сайн мэдэхгүй байна. Бат-Өлзийгийн гэрт Бат-Өлзий, Мөнхнаст бид гурав нийлж 0,75 литрийн Улаанбаатар архи 1 шил, кружка гэх нэртэй пивыг хувааж уучихаад 23 цагийн үед Замын-Үүд сумын 2-р баг, Үүдийн 3-30 тоот буюу О.Аюушийн гэрт очсон. О.Аюуш намайг эхнэртэйгээ хардаж цохиж унагаасан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир О.Аюуш миний хаана хэдэн удаа цохисон талаар бол сайн санахгүй байна. Толгойн тус газар цохиж унагаагаад цээж хэсэг рүү өшиглөсөн. Бид хоёрыг хэн салгаж цагдаад дуудлага өгсөн талаар сайн санахгүй байна. ...Намайг О.Аюуш нь эхнэртэйгээ хардаж толгойн тус газар цохиж унагаагаад цээжин хэсэг рүү өшиглөж гэмтэл учруулсан. О.Аюуш нь гартаа ямар нэг зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс ашиглаагүй. Надад гэмтлийн улмаас 240,000 төгрөгний хохирол учирсан, О.Аюуш нь надад эмчилгээний зардал гэж 240,000 төгрөг өгсөн. Цаашид нэхэмжилэх төлбөр мөнгөний баримт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,

- Гэрч Ч.Дэлгэрмаа мөрдөн байцаалтанд: “2016 оны 08 дугаар сарын 04-ний 20 цагийн үед О.Аюуш нь охинтойгоо уулзах гэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд би хоол цай хийж өгчихөөд ажил руугаа явсан. Намайг орой 22 цагийн үед ажлаасаа ирэхэд О.Аюуш нь газар ор засаад охинтойгоо унтаж байсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад гадаа машин ирж зогсоод нэг танихгүй залуу Дээгий байна уу гэхээр нь хэн бэ гэж асуухад “Төрөө байна, танай найзууд уулзчихаад чамайг аваад ир гээд байна” гэхээр нь О.Аюуш хэн бэ гээд босож ирээд гэрийн гадаа хашаан дотор А.Энхтөр, О.Аюуш хоёр хэрэлдэж маргалдаад байхаар нь би хувцасаа өмсөөд гарсан чинь О.Аюуш надад хандаж А.Энхтөр яахаараа энд ирдэг юм гэж асууж зодох гээд байхаар нь би бага охиноо аваад төрсөн эгч болох Н.Дэлгэрхишигийн гэрт орсон. А.Энхтөр, О.Аюуш нар гадаа зодолдож байсан ба манай том охин Нандинцэцэг, Н.Дэлгэрхишиг хоёр А.Энхтөр, О.Аюуш нарыг салгаж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,

- Гэрч Н.Дэлгэрхишиг мөрдөн байцаалтанд:  “2016 оны 08 дугаар сарын 04-ний 00 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Yүдийн 3-30 тоот буюу гэртээ очиход гэрийн гадаа хашаанд А.Энхтөр газар хэвтсэн, О.Аюуш нь А.Энхтөрийн толгой болон цээжин хэсэг рүү нь өшиглөж байсан ба Нандинцэцэг О.Аюушийн цамцнаас нь татаж салгаж байгаа байдалтай байсан. Тэгээд би очоод салгахад А.Энхтөр ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй ухаан алдсан байхаар нь түргэн тусламж болон цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

   - Шүүх эмнэлэгийн шинжээчийн 208 тоот дүгнэлтэнд: “А.Энхтөрийн биед зүүн 7, 8, 9-р хавирганы хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчилэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 17/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30-31/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.           

 Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд:  2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр О.Аюуш нь гэртээ архи ууж байгаад охин Болортуяатай уулзахаар Замын-Үүд сумын 2-р баг Үүдийн 3-30 тоот буюу салсан эхнэр Ч.Дэлгэрмаагийнд очоод охинтойгоо унтаж байхад хохирогч А.Энхтөр гэрийн гадаа ирээд эхнэрийг нь дуудахад хардаж улмаар түүнийг зодож биед нь гэмтэл учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч О.Аюушид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүнгэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч О.Аюушийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Иргэн А.Энхтөрийн биедээ авсан гэмтэл нь шүүгдэгч О.Аюуш нь салсан эхнэр Ч.Дэлгэрмааг түүнтэй хардсаны улмаас үүсгэсэн байх ба шүүгдэгч О.Аюушийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул О.Аюушийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Аюушид ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч О.Аюуш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299  дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчу овогт Орхоны Аюушийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Орхоны Аюушийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар  шүүгдэгч О.Аюушид оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч О.Аюуш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч О.Аюушид оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээрзүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Аюушид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ