Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2018/ДШМ/38

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                                 Прокурор Д.Ганцэцэг

                                                 Ялтан Ц.Б

Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны  өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Д.Ганцэцэгийн  бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр Ц.Б-д холбогдох 1726000290012 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1986 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар баг “Эмээлт” гэх газар оршин суух,  гавьяа шагналгүй,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацааны  хорих ялыг  тэнсэж, 2 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил нэг сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Жоов овогт Ц.Б

Ц.Б нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын  3 дугаар багийн нутагт байх 3-5 тоот хашаанд оршин суух иргэн М.Б-н эзэмшлийн байшинд нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, Acer маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгөн бүс 2 ширхэг, “Бамбар” зайрмаг 60 ширхэг, “Стандарт” зайрмаг 30 ширхэг, сурагчийн цүнх 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн өмд, цамц, малгай тус бүр 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхгийг тус тус нууцаар, хууль бусаар авч 2996300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокурор Д.Ганцэцэг бичсэн дүгнэлтдээ:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б-г машин механизм хэрэглэж, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б-г бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ял болох 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг 3 жил 5 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 2 сарын хугацаагаар тогтоож,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б-г бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 7 cap 16 хоногийн ялыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан нийт биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож тус тус шийдвэрлэсэн байна.

Ц.Б-н хүсэлтийг хянахад, Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1826001320081 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тухай тогтоол, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 97 дугаартай яллах дүгнэлт зэргээр Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн дээрх шийтгэх тогтоолууд гарах үед мэдэгдээгүй байсан буюу 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, 68-17 тоотод оршин суух иргэн Д.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар  хууль бусаар авч 1403800 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл шинээр илэрч, уг үйлдэлд прокуророос Ц.Б-г 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 97 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд хянагдаж байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112,  2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолууд болон Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын  2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1826001320081 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тогтоол, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 97 дугаартай яллах дүгнэлт зэргээр Ц.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Ц.Б-н үйлдлүүдэд дээрх гурван удаагийн шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэсэн нь Ц.Б-н эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байх ба Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолуудаар ял шийтгэл оногдуулсан хэргүүдийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, эрүүгийн 1826001320081 дугаартай хэрэгтэй нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь яллагдагч Ц.Б-н эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж байна.

Иймд Ц.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 1826001320081 дугаартай хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэхээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив...гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх, Ц.Б-г 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн  Арвайхээр сумын  3 дугаар  багийн нутагт байх 3-5 тоот хашаанд оршин суух иргэн М.Б-н эзэмшлийн байшинд нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, Acer маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгөн бүс 2 ширхэг, “Бамбар” зайрмаг 60 ширхэг, “Стандарт” зайрмаг 30 ширхэг, сурагчийн цүнх 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн өмд, цамц, малгай тус бүр 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэгийг тус тус нууцаар, хууль бусаар авч 2996300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тогтоол, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 97 дугаартай яллах дүгнэлт зэргээр Ц.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас өөр ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдалд хамаарч байна.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны  өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Ц.Б-д холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны  өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Жоов овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 1726000290012 тоот хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.