Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                              М.Баярмэнд

Улсын яллагч                                              Б.*******

Шүүгдэгч                                                       Б.*******

Хохирогч                                                  Д.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Завхан  аймаг Улиастай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн   хамт  Завхан аймгийн  Улиастай сумын Товцог баг ******* оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 890 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан.

******* овогт *******ын *******, /*******/ 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын  23-ны шөнө 23 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын засаг даргын тамгын газрын хашаанд иргэн Д.*******тэй маргалдан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын  23-ны шөнө 23 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын засаг даргын тамгын газрын хашаанд иргэн Д.*******тэй маргалдан  нүүрэн тус газарт  цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:

Зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Д.*******гийн “...2022 оны 01 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн үед ...Улиастай сумын засаг даргын тамгын газрын байрыг орж шалгачихаад зогсож байтал гэрт гаднаас хоёр залуу ороод ирсэн. ...******* гэдэг залуу нэг залуугийн хамт ороод ирсэн байхаар нь “юун хүн бэ, яах гэж яваа билээ” гэж хэлчихээд юм дуугарахгүй болохоор нь буруу хараад хөнжлөө дэлгээд байж байтал хойноос нэг юмаар толгой руу цохисон тэгээд би хальт харахад үүдний дэргэд байдаг хөнгөн цагаан шанагаар цохих шиг болсон. ...толгой, нүүр рүү өшиглөөд дэвссэн. Би бодохдоо ******* намайг манай гэрт байдаг төмөр шанагаар толгой руу цохиод дэвссэн эмчилгээний зардал 1.000.000 төгрөг нөхөн төлсөн...” гэсэн мэдүүлгээр,

******* толгой руу нь гараараа цохисныг харсан талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...Д.*******гийн гэрт очсон. Тэнд очиход Д.*******, ******* хоёр цуг пиво уугаад сууж байсан. Би тэр хоёртой юм ярьж сууж байгаад гэрээс гарч бие засчихаад эргээд ороод ирсэн чинь *******, ******* хоёр хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр би тэр хоёрыг салгаад *******ыг аваад *******гийнхээс гараад явсан. ...Гаднаас орж ирсэн чинь ******* газар сөхрөөд суучихсан ******* толгой руу нь гараараа цохиод байж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгч Д.гийн “...Тухайн хохирогч Д.******* нь тухайн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр манай Эрүүл мэндийн даатгалын сангаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс засал 2.473.005, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ 1.348.665, Гэмтэл согог судлалын үндэсний төвд амбулаторийн үзлэгт 14.000, Гэмтэл согог судлалын үндэсний төвд өндөр өртөгтэй оношлогоо, шинжилгээ 84.000, буюу нийт 3.929.470 төгрөгний үйлчилгээний зардал авсан байна. Тухайн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан нийт 3.929.470 төгрөгний хохирлыг бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Д.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн “...би *******тэй өөрийнхөө найз охиноос болж маргалдсан. Би тухайн үед *******г нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Мөн хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд манай найз орж ирээд намайг аваад гарсан. Тухайн үед нүүр нь хавдчихсан харагдсан. Тухайн асуудал нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын хашаанд байх *******гийн гэрт болсон...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.*******ы үйлдлийн улмаас хохирогч Д.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.гийн  гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 000000081 дугаартай “...1.Иргэн Д.*******гийн биед гэмтэл учирсан байна. 2.Иргэн Д.*******гийн биед: Баруун талын ухархайн дотор хананы хугарал, толгойн оройн хэсэгт хуйханд шарх, тархи доргилт, духны дунд хэсэгт, зүүн хөмсгөнд, духны зүүн дээд хэсэгт, баруун чамархайн хэсэгт, зүүн чихний ар уг хэсэгт, дагзны доод хэсэгт, зүүн эрхий хуруу арын үений ар хэсэгт, баруун доод зовхины доод хэсэгт, хамрын үзүүр хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хавдар, баруун зүүн нүдний алимны салстад цус хуралт, хүзүүний баруун талд, баруун чихний баруун чихний доод хэсэгт, зүүн чихний дэлбээний доод хэсэг, хүзүүний зүүн талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх үүссэн гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 23-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. 3.Шарх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 4.Иргэн Д.*******гийн  биед үүссэн Баруун талын ухархайн дотор хананы хугарал, толгойн оройн хэсэгт хуйханд шарх, тархи доргилт гэмтлүүд нь тус тусдаа, бусад зулгаралт болон цус хуралт гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зулгаралт болон цус хуралт гэмтлүүд нь тус тус гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр  болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, хохирогчийн өвчтөний түүх зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг  нотолсон байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.*******гийн нүүрэн тус газар гараараа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна.

Шүүгдэгч Б.******* хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн  улмаас учирсан хохирлыг төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Эрүүл мэндийн даатгалын сангаас  тусламж, үйлчилгээнд 3929470 төгрөгийн зардлыг авчээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн гаргуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Б.*******аас 3929470 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч  байгууллагад олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******аас хохирогч Д.******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд иргэний нэхэмжлэгчид 3929470 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогчид хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж, Эрүүгийн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ “ гэж заасны дагуу Б.*******д  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирлоо төлснийг харгалзан үзэж 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар тогтоож, шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

Б.*******д оногдуулсан хугацаанд дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******д 2022 оны 03 дугаар сарын 16-ны  өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан шанаганы иш, шанаганы толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  түүнд анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 3929470 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

7. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан шанаганы иш, шанаганы толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н. ДЭЛГЭРМАА