Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/425

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ц.Хулан,

Өсвөр насны шүүгдэгч Б.Д,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.У,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцэн Саруул овогт Батжаргалын Даваажаргалд холбогдох эрүүгийн 2211000000468 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Б.Д, 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мөнгөн хошуут хүлэг ХХК-д малчин ажилтай, ам бүл 4, эгч, дүү, найз охины хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49-1147Ж тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Амарбаттай найзын маань дүүг зодлоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг газарт унагаж зүүн гар руу нь өшиглөж зүүн гарын шуу, богтос ясныг хугалсан,

мөн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр архи ууж согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 72 дугаар сургуулийн хойд талын тоглоомын талбай дээр Б.Учралтай маргалдан түүний нүүр лүү нь өшиглөж баруун дээд, доод зовхи, нүдний алимны салстын цус хуралт үүсгэсэн болох нь:

 

өсвөр насны шүүгдэгч Б.Даас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Амарбатад 200.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Би маш их харамсаж байна..” гэх мэдүүлэг.

Өсвөр насны шүүгдэгч Б.Даас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 77А-42 тоот гэрээсээ өдөр 14 цагийн үед найз Санчир, Билгүүн хоёртой уулзах гэж гарсан юм. Тэгээд Санчир, Билгүүн хоёртой 49-р сургуулийн тэнд байдаг, Санчирын гэрт уулзчихаад, тэгээд би найз охинтойгоо уулзахаар, Хайлаастын Завсрын буудал руу явсан юм. Тэгээд найз охин Марлаа бид хоёр буцаж Санчирын гэрт очиж бид нар гар утсаараа тоглож байж байгаад, 17 цагийн үед гараад Санчирын гэрийн хойд талын уулан дээр сагсны шийдэн дээр тоглож байгаад 19 цагийн үед би найз охиныгоо гэрт нь хүргэхгээд, Санчир, Билгүүн нарын хамт 72 дугаар сургуулийн хашаанаас гараад явжбайхад Отгонбаатар гэдэг хүүхэд нь нэг найзтайгаа байж байсан ба бид нар луу хараад байхаар нь, би Отгонбаатар гэдэг хүүхдэд хандаж хараад байна уу гэхэд, нэг найз нь над руу ирээд юу гэнээ, гээд байж байхад Отгонбаатар гэдэг хүүхэд нь цаад талаас нь намайг заандаад, чи намайг мэдэх үү гэж хэлсэн, тэгэхээр нь Отгонбаатар надад хандаж нэгээрээ үзье гэж хэлээд, би тэгье гэж хэлээд гараа тавиад холдохдоо Отгонбаатарын нүүрэн хэсэг рүү нь нэг удаа гараараа цохихолд, хамарнаас нь цус гараад, тэгээд бид нар салцгаагаад явчихсан, тэгээд 72 дугаар сургуулийн замын эсрэг талд байдаг худаг дээр найз Тэмүүжинтэй тааралдаад усыг нь аваад байж байхад, Отгонбаатарын ах нь гээд нэг ах ирээд намайг хавирч унгаагаад, зүүн гаран дээр хоёр удаа хөлөөрөө дэвсээд, нүүр лүү нэг удаа өшиглөсөн, нүүр лүү өшиглөхөд ямар нэгэн гэмтэл учираагүй, зүгээр шороо болчихсон байсан тэгээд байж байхад Отгонбаатарын аав нь гэж нэг хүн ирээд, миний гар өвдөөд байна гэжхэлэхэд, Отгонбаатарын аав нь намайг явуулахгүй гэсэндээ гарнаас барьчихаад тавихгүй байгаад байсан ба, намайг унагаагаад гарлуу дэвсэж зодсон гэх Соохоо ах ирээд намайг сургуулийн хашаа руу оруулж байгаад дахиад зодчихьё л доо гээд байсан, тэгээд удалгүй цагдаа нар ирээд аваад явсан юм..” гэх мэдүүлэг /хх-37/,/хх-66-67/

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн : Бид хоёр өнгөрсөн жилээс хойш хамт амьдарч байгаа. Б.Д бол миний төрсөн дүү. Миний дүүг анхаарч халамжлах хүн байхгүй болохоор гадуур яваад байх шиг байна. Надтай хамт байхдаа гадуур гарч байгаагүй. Манай дүү мал малладаг малчны ажил хийж байгаа..” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллаганы үед мэдүүлсэн:..2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 77А-42 тоот гэрээсээ өдөр 14 цагийн үед найз Санчир, Билгүүн хоёртой уулзах гэж гарсан юм. Тэгээд Санчир, Билгүүн хоёртой 49-р сургуулийн тэнд байдаг Санчирын гэрт уулзчихаад, тэгээд би найз охинтойгоо уулзахаар Хайлаастын Завсрын буудал руу явсан юм. ..19 цагийн үед би найз охиноо гэрт нь хүргэх гээд Санчир, Билгүүн нарын хамт 72 дугаар сургуулийн хашаанаас гараад явж байхад Отгонбаатар гэдэг хүүхэд нь нэг найзтайгаа байж байсан ба бид нар руу хараад байхаар нь би Отгонбаатар гэдэг хүүхдэд хандаж "хараад байна уу" гэхэд нэг найз нь над руу ирээд юу гэнээ гээд байж байхад Отгонбаатар гэдэг хүүхэд нь цаад талаас нь намайг заамдаад "чи намайг мэдэх үү" гэж хэлсэн. Тэгэхээр нь нэгээрээ үзье гэж хэлээд би тавих үедээ Отгонбаатарын хамар руу нь цохиход хамраас нь цус гараад, тэгээд бид нар салцгаагаад явчихсан. Тэгээд 72 дугаар сургуулийн замын эсрэг талд байдаг худагт найз Тэмүүжинтэй тааралдаад усыг нь аваад байж байхад, Отгонбаатарын ах нь гээд нэг ах ирээд намайг хавирч унагаагаад, зүүн гаран дээр хоёр удаа хөлөөрөө дэвсээд, нүүр лүү нэг удаа өшиглөсөн... Би 72 дугаар сургуулийн талбайд байхдаа Отгонбаатар гэдэг хүүхдийн хамар луу нь цохиж, цус гарсан, тэрний дараагаар намайг Отгонбаатарыг зодсон гэх шалтгааны улмаас Соохоо нь намайг зодох болсон..” гэсэн мэдүүлэг /хх-7-8/,

 

Насанд хүрээгүй хохирогчоор тогтоогдсон Т.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Хүслэн худгийн тэнд очоод Амарбатыг байгаа талаар нь хэлэхэд Соохоо ах тийшээ явчихсан. Би араас нь очтол Соохоо ах Амарбатыг алгадаад, хамт явж байсан эрэгтэй хүүхдийг өшиглөөд, Амарбатыг хавирч газарт унагаасан. ..Соохоо ах намайг өмөөрч хамгаалсандаа Амарбатыг нэг удаа алгадаж, газарт унагаж байхыг би харсан. Тухайн үйл явдал нь 72 дугаар сургуулийн хажуу талын худгийн хажууд болсон асуудал..” гэсэн мэдүүлэг /хх-13-14/,

 

Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:..2021 оны 07 дугаар сарын 24 ний орой 22 цагийн үед би 72 дугаар сургуулийн хойд талын тоглоомын талбай дээр очиж хоёр дүүгээ дуудах гээд очтол Даваажаргал, Сувдаа хоёр сууж байсан тэгээд тухайн үед Даваажаргал, Сувдаа хоёртой үл ойлголцон маргалдаад Сувдаатай үсдэлцээд байж байтал Даваажаргал нь намайг барьж аваад шууд өвдөглөөд миний хойноос нэг удаа өшиглөсөн..” гэсэн мэдүүлэг /хх-106-107/,

 

Насанд хүрээгүй гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..2021 оны 07 дугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар сургуулийн хойд талын тоглоомын талбайд Б.Учралтай уулзаад байж байтал Б.Учрал, Даваажаргал, Сувдаа нар нь хоорондоо маргалдаад Сувдаа, Учрал хоёр хоорондоо үсдэлцээд байсан учраас би Даваажаргалын хамт хажуугаас нь салгах гэтэл Даваажаргал нь хөлөөрөө Учралын нүүр рүү нэг удаа өшиглөсөн..” гэсэн мэдүүлэг /хх-117-118/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2445 дугаартай дүгнэлтэд: /хх-34-35/ “..Н.Амарбатын биед зүүн гарын шуу, богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6801 дугаартай дүгнэлтэд:/хх-125-126/ “..Б.Учралын биед баруун нүдний дээд, доод зовхи, нүдний алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт, өсвөр насны шүүгдэгч Б.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-131/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-142/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Н.А учирсан гэмтлийг гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хохирогч Б.У бие дэх гэмтлийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн тул өсвөр насны шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Амарбатад учруулсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Б.Учралын бие учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин Шүүгдэгч Б.Д нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэх үед 17 настай буюу өсвөр насны хүн болох нь төрсөний гэрчилгээний хуулбар, нас тоолсон баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай журмыг баримталж шүүх хуралдааныг явуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг 160 цагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Насанд хүрээгүй хохирогч Н.А болон хохирогч Б. нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Даас Эрүүл мэндийн даатгалын сангийн 312.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нь Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Өсвөр насны шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус нэмж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг 160 цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР