Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/424

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч О.Нандинцэцэг,

Шүүгдэгч Ц.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэвээнжаргалын Машбатад холбогдох эрүүгийн 2211 00314 0843 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Ц.М 2001 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 6-164 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Түгээмэл нэртэй худалдааны төвд байрлах хохирогч Ц.Энх-Амгалангийн лангуун дээрээс гар утас үзэж байгаад 2.200.000 төгрөгийн үнэ бүхий Ай фоне-12 про маркын гар утсыг авч зугтаасан болох нь:

 

Шүүгдэгч Ц.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-65/ “..Ийм асуудал гаргасандаа үнэхээр харамсаж байна. Дахиж ийм асуудал хэзээ ч...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Би өөрийн ажил болох Монтел худалдааны тавийн зүүн талд байх Түгээмэл нэртэй төвийн нэг давхарт шатны хажууд гар утас зардаг бөгөөд тухайн өдөр 13 цаг 30 минутын орчимд байхаа нэгэн үл таних эрэгтэй 20 орчим насны хүн ирж гар утас үзье гээд эхлээд Айфоне 12 про 256gb багтаамжтай гар утас үзэж байгаад дахиад өөр 128gb багтаамжтай Айфоне 12 про маркын гар утас үзье гэхээр нь авч өгөөд өмнө үзүүлж байсан гар утсаа аваад лангуун дээрээ буцааж хийж байх үед тэр хүүхэд шууд гараад зугтаасан, би араас нь гарсан боловч хууль зүй яамны урдуур гүйгээд баруун талаар нь Монгол банкны чигт гүйгээд би алдсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан..Тухайн хүнийг дахин харах юм бол танина, яаж таних вэ гэхээр надтай ярилцаж байсан болохоор дууны өнгө болон нүд, мөн тухайн үед өмсөж байсан хувцас зэрэг зүйлээр танина. Тухайн гар утсыг манай нагац эгч Солонгос улсаас захиалж авчруулдаг, тус утас нь 2.000.000 орчим төгрөгөөр орж ирдэг бөгөөд манай лангуун дээрээс 2.300.000 төгрөгөөр зарагдаж байсан, одоо гар утсаа 2.300.000 төгрөгөөр үнэлж байна. Миний алдсан гэх гар утас нь 128gb багтаамжтай, хөх өнгийн, Айфоне 12 про маркын гар утас байсан..гэсэн мэдүүлэг /хх-8-9/,

 

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би 2022 оны 02 дугаар сарын Об-ны өдөр 10 цагийн орчимд фейсбүүк хаягаар хямд гар утас зарна гэсэн байхаар нь 80162712 дугаарын утсаар холбогдож Сансрын Түнэлийн замын эсрэг талын Хаан банкны АТМ-н гадаа уулзаад зарах гэж байгаа гар утсыг нь үзэхээр болж 805 дугаар цэргийн ангийн ар талд гэр хороололд нэг хүнд байгаа гээд намайг дагуулаад явсан, тэгээд очоод үзсэн чинь нэг залуу гарч ирсэн тэр хүнийг манай Ломбардын хүн гэж хэлсэн тэгээд би гар утсыг нь шалгаад авахаар болж 1.700.000 төгрөг шилжүүлсэн тухайн үед ямар дансаар шилжүүлсэн талаараа мэдэхгүй байна. Голомт банкнаас гаргаад өгч болох байх тэгээд тэр гар утсыг аваад би найз болох Далайцэрэнд үзүүлээд уг гар утсыг манай найз Далайцэрэн бид хоёр мөнгөө нийлүүлж худалдан авсан болохоор найздаа үзүүлсэн.. гэсэн мэдүүлэг /хх-29/,

 

Гэрч Э.Да мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..манай найз Азхүү нь фейсбүүк хаягаар гар утас үзэж байгаад нэг хүнээс гар утас авсан гэж хэлсэн тэр гар утсыг манай найз Азхүү бид хоёр мөнгөө хувааж гаргаж байгаад 1.700.000 төгрөгөөр авсан, тухайн гар утас нь айфоне 12 про маркын гар утас байсан. Тэр гар утсыг нь би 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк зараар зар тавиад нэгэн хүн ирж үзээд авахаар болж надад болон манай найз Азхүү бид хоёрт айфоне 11 про макс маркын гар утсаа 1,700,000 төгрөгөөр бодож зөрүү 300,000 төгрөг дансаар шилжүүлж өгөөд бид хоёроос Айфоне 12 про маркын гар утсыг худалдан авсан, би найз Азхүүгийн хамт яваагүй болохоор ямар хүнээс гар утас авсан талаар мэдэхгүй байна. Харин гар утсаа зарах үед хамт байсан.. гэсэн мэдүүлэг. /хх-32/

 

Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би 2022 оны 02 дугаар сарын яг хэдний өдрийг сайн мэдэхгүй байна, фөйсбүүк хаягаар гар утас зарна гэсэн байхаар нь би 94828601 гэсэн дугаараар өсөхөө гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож Айфоне12 про маркын гар утас авахаар болж уулзаж зөрүү өөрийн эхнэрийн барьж байсан Айфоне экс эс макс маркын гар утас 1,000,000 төгрөгөөр бодож өгөөд дээр нь нэмж 1.100.000 төгрөг өгөөд зарна гэсэн Айфоне 12 про маркийн гар утас худалдан авсан тухайн гар утас нь одоо манай эхнэр болох Отгончимэг ашиглаж байгаа, тухайн гар утсыг би бол ямар нэгэн хулгайн гар утас гэж мэдээгүй надад зарсан гэх хүн нь ямар нэгэн асуудалгүй гар утас гэж хэлсэн тийм учраас авсан, нийт 2.100.000 төгрөгөөр тухайн гар утсыг худалдан авсан, худалдан авсан гэх 2.100.000 төгрөгөө бүрэн хүлээж аваад авсан, гар утсаа хүнд нь хүлээлгэж өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-34-35/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хх-12/, Дамно ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /2.200.000 төгрөг/ /хх-20-21/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-39, 42/, шүүгдэгч Ц.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.М нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар ямар нэг маргаан гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Мын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Маас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагар тэнсэж  шийдвэрлэлээ.

 

Мөн түүнчлэн шүүгдэгч Ц.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.

 

Шүүгдэгч Ц.Мыг хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Ц.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасанБусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР