Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/461

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2111000000905 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Б.Н 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Говь” ХХК-д менежер ажил эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер гарден 316-101 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн дугаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний 07 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Туул” ресторанд хохирогч Б.Ттай маргалдаж улмаар түүний толгой руу шилэн үнсний сав шидэж түүний баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий, гэмтэл үүсгэсэн болох нь:

шүүгдэгч Б.Наас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эрэгтэй найзуудаа баярлуулахаар найзуудтайгаа уулзаж Хан-Уул дүүрэг 15-р хороо, Tokyo Tower-д байрлах баранд 21 цагийн үед 6 шил виски 6 найзын хамт хувааж уусан. Дараагаар нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01 цагийн үед Хан-Уул дүүрэг 11-р хороонд байрлах Нион гэх бааранд орж 300гр виски уусан бөгөөд дараа нь Эрдэнэтуул гэх найзтайгаа 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03 цагийн үед Туул ресторанд орж 2 давхарт шатны зүүн гар талд байрлах ширээнд сууж 100гр виски уусан дараагаар нь юу ууснаа санахгүй байна. ..улмаар тухайн залуустай хэрэлдсэн яг юу гэж хэрэлдснийг санахгүй байна. Дараагаар нь нэг мэдэхэд намайг нэг хүн доош нь дараад гараараа миний толгой руу цохиж байсан хэн байсан болох мөн яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Удалгүй тэнд байсан хүмүүс ирж салгасан. ” гэсэн мэдүүлэг /хх-22-23/,

 

            Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааний үед мэдүүлсэн: “…миний бие 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Туул ресторанд өөрийн найзууд болох Дорж, Цогтгэрэл, Батцэрэн гэх гурван найзын хамт 04 цагийн үед ирсэн ба тухайн үед бидний хажууд 28-30 орчим насны 170см орчим 2 өндөр охин сууж байсан. ..тэгэхэд хар куртиктэй нэг охин нь манай найз Цогтгэрэлийг 0.33 литрийн пивоны шилийг шилний хүзүүнээс нь барьж байгаад толгой дээрээс нь нэг удаа цохисон... би босож ирээд чи өвчтэй юм уу болиоч гэж хэлсэн. Тэгэхэд тухайн хар куртиктэй охин над руу юм авч шидсэн юу шидсэнийг хараагүй. Тухайн охины шидсэн зүйл миний толгойн баруун хэсэгт онож цус гарч тогтохгүй байсан...гэх мэдүүлэг /хх-15/,

 

            Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..тэр үед гэнэт бүгд бужигнаад ширээн дээр байсан шил хагараад би гайхаад хартал нэг эрэгтэй хүний толгойноос цус гарч байсан тэгээд түргэн дуудсан...гэх мэдүүлэг /хх-21/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4614 дугаартай дүгнэлтэд: ..Б.Т-н биед баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...” гэсэн дүгнэлт /хх-23-24/,

шүүгдэгч Б.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Т учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.Т руу шилэн үнсний сав шидсэний улмаас хохирогчийн биед баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Наас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Нд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг  хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Н -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б. МӨНХБАЯР