Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 186/2022/0417/Э |
Дугаар | 2022/ШЦТ/446 |
Огноо | 2022-05-18 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Н.Ням-Очир |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
Улсын яллагч Н.Ням-Очир,
Шүүгдэгч Ч.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнх овгийн Чимэддоогийн Баясгаланд холбогдох эрүүгийн 2211000000932 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсад иргэн, Ч.Б, 1957 оны 01 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 65 настай халх, эрэгтэй, дээд боловсролтой, физик математикийн багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2-187 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-187 тоот гэртээ эхнэр Ш.Дг “утасны нэгж өгсөнгүй” гэх шалтгаанаар гар утсаараа нүүрэн тус газар нь цохиж, хөлөөрөө жийн унагаж хамрын нурууны хугарал, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:
шүүгдэгч Ч.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “ 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр утасны эхнэрээс утасны нэгж нэхсэн юм. Утасны нэгж өгөхгүй гэхээр нь утсаа шидсэн. Утас хамрыг нь оносон байсан. Над руу дайрахаар нь би өөдөөс нь хөлөөрөө жийсэн. Дү унахдаа нүүрсний төмөр дээр унаад хөлөө гэмтээсэн. Бүгд миний буруу. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ш.Дгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр миний бие өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2-187 тоотод байж байтал манай хамтран амьдрагч Баясгалан гэгч нь надаас утасны нэгж нэхээд над руу уурлаад байсан ба өөрийнхөө барьдаг гар утсаа над руу шидсэн бөгөөд тухайн гар утас нь миний хамар хэсгийг оноод, хамрыг гэмтээсэн, тэгэхээр нь чи намайг яагаад ингэж байгаан чи миний хамрыг хугалаад хаячихлаа шдээ гэж хэлтэл тэр шууд намайг хөлөөрөө жийсэн бөгөөд би хойшоо унах үедээ нүүрсний төмрөн саван дээр унаад баруун талын хөлөө гэмтээсэн, би тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байгаа..." гэх мэдүүлэг /хх-8/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4900 дугаартай дүгнэлтэд: /хх-18/ “..Ш.Дд хамрын нурууны хугарал, баруун гуянд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болно..” гэх дүгнэлт, шүүгдэгч Ч.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Ш.Дд учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогчийн нүүрэн тус газар гар утсаараа цохиж, мөн хөлөөрөө жийж унагасны улмаас биед нь хамрын нурууны хугарал, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Ш.Дтай 20 гаран жил хамтран амьдарсан бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй, болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Б нь дээрх байдлаар өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий түүний хамтран амьдрагчийн эрүүл мэнд, сэтгэл санааны эсрэг үйлдэгдсэн байх тул шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Бд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Ш.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР