Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 186/2022/0413/Э |
Дугаар | 2022/ШЦТ/463 |
Огноо | 2022-05-23 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Ням-Очир |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч: Н.Ням-Очир,
Шүүгдэгч: О.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,
Шүүгдэгч: Б.Ө, түүний өмгөөлөгч Т.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б, б.Ө нарт холбогдох эрүүгийн 2208006940529 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол улсын иргэн, Б.Ө, 1992 оны 10 сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 30 настай халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эцэг, эх, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 41-05 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн
2. Монгол улсын иргэн, О.Б 1992 оны 9 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 30 настай халх, эмэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охин, дүүгийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хувьсгалчдын Д-028 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ШУ92090306.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 02 дугаар хороо, 8 шарга худалдааны төвийн орчим байрлах дэн буудлаас хамтран амьдрагч О.Бийг олж, “эрэгтэй хүнтэй буудалд хонолоо, янхандаж явлаа” гэх зэргээр хооронд маргалдан үснээс нь зулгааж, хувцаснаас нь чирэн машинд оруулан цохих, мөргөх зэргээр зодсон, шүүгдэгч О.Б нь мөн маажих, хазах, гарын ар хэсгээр цохих зэргээр харилцан зодолож Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо хар шороотын амны задгай дэх өөрсдийн хөлслөн амьдардаг байрандаа ирсэн байна. Очсоноос хойш хэрүүл маргаан үргэлжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Ө нь хохирогч О.Бийг 2 удаа өшиглөж, хохирогчийн найзууд ирсэнээр тэдний хэрүүл, зодоон дууссан байна.
Үүний улмаас Б.Өы баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүү, сарвуунд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, О.Бийн доод уруулд салстын өнгөц шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун чихэнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, чих, доод уруул, эрүү, хүзүү, цээж, мөр, бугалга, шуу, сарвуу, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн болох нь:
шүүгдэгч О.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Б.Ө нь машинд явахдаа байнга намайг зодсон. Би санаандгүй цаашаа бай гээд түлхсэн. Намайг цонх мөргүүлээд байхад нь би гараас нь хазсан. Өөр зодож цохисон зүйлгүй. Үснээс нь зулгаагаагүй. Баруун салаанд очоод намайг гэрийн цонхыг цонхоор чирч оруулаад зодуулсан. Баруун салаанд байх хашаа байшингийн түлхүүр надад байсан. Би түлхүүрээ машинд үлдээсэн байсан. Б.Ө байшингийн цонхны дээд хэсгийг гараараа цохиж онгойлгоод цонхоор намайг оруулсан. Гэрчийн мэдүүлэг өгсөн хүн Б.Өы хамт ажилладаг ах нь. Манай найзууд миний машиныг өгөх гээд гэрийн гадаад ирэхэд намайг гаргахгүй гэрлээ унтраачхаад, орон дээр дараад босгохгүй байсан. Намайг бос, суу, хувцсаа тайл шалгуул гээд зодоод байсан. Манай найзууд цагдаа дуудна гэж хэлж байж намайг гаргаж авсан. Мөрдөн шалгах ажиллагаанд манай 2 эмэгтэй найз болон зочид буудалд надтай хамт байсан эрэгтэйгээс мэдүүлэг аваагүй гэв...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Өы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч О.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. миний биед учирсан гэмтлүүдийг Чингэлтэй дүүргийн нутагт байрлах 8 шаргын ойролцоо машин дотор миний толгой руу үсдэж алгадаж авч, миний толгойг машины цонх мөргүүлээд байсан. Баруун талын гар болон гуя руу цохиж яваад байсан. Намайг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо шороотын задгай тоотод гэрт очиход миний нүд хавдсан гар гуя хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-8/,
Хохирогч Б.Өаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэгсэн найман шаргын тэнд буудалд байна гэж хэлсэн тэгэхээр нь нь би найман шаргын тэнд байдаг буудалд очиж үзэхэд буудалд нэг эрэгтэй залуутай хамт хоносон байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд нөгөө хоёртой хэрүүл хийгээд Буянхишигийг буудлаас дагуулаад гараад явсан. Буянхишигийг машин дотор суулгаад Буянхишигийн нүүрэн тус газар нь би алгадаж авсан юм тэгсэн намайг зөрүүлээд толгой нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиод аваад байхаар нь би Буянхишигийн хувцаснаас нь заамдаж байгаад боль гээд цааш нь машины цонх хуу түлхсэн юм. Тэгсэн миний зүүн талын гараас хазаад авахаар нь би болиоч гээд хүчтэй угзарч өөр рүүгээ татсан чинь Буянхишиг баруун талын нүдээрээ миний духыг мөргөсөн юм. Буянхишиг миний үснээс зулгааж толгой руу цохиж авсан тэгэхээр нь би зөрүүлээд үснээс нь бас зулгаасан. Баруун салаанд гэртээ аваачиж байгаад цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-15/,
Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цагийн үед очиж Өлгийсайханы хамт буудал руу ороод Өлгийсайхан ресейпшнээс Б зургийг харуулж энэ эмэгтэй байгаа юу гэж асуухад ресейпшн байгаа гээд өрөөг нь зааж өгсөн. Тус өрөөний хаалгыг тогшиход 26 орчим насны эрэгтэй хүн хаалга онгойлгосон тэгэхэд Өлгийсайхан буудлын өрөө руу дайраад яваад орчихсон ба тус өрөөнд найз охин Буянхишиг нь байсан. Дараагаар нь хэрүүл болж Өлгийсайхан тус өрөөнд байсан залуу руу гар далайгаад дайрахад нь би гарыг нь барьж холдуулсан. Тэгэхэд тус буудлын ажилчид гэх 2 залуу ирж та нар одоо наад эмэгтэйгээ аваад яв гэсэн тэгэхэд Өлгийсайхан Буянхишигийг тэврээд аваад гарсан Буянхишигийн цүнх куртикийг нь аваад араас нь гарсан буудалд байсан залуу тэндээ үлдсэн. Тус буудлаас гараад Буянхишиг тавь би явахгүй гэж орилсон тэгэхэд Өлгийсайхан Буянхишигийг миний машины ард суулгаад намайг гэрт хүргээд өг гэсэн. Буянхишиг машинд суусныхаа дараа надад хандаж би бууя явахгүй гэх мэт зүйлс хэлээгүй. Тэгэхэд нь би тэр 2-ыг Баруун Салаанд байх гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Явах замдаа тэр 2 хоорондоо хэрэлдээд ноцолдоод байсан бөгөөд миний харснаар Өлгийсайхан Буянхишигийн мөр рүү цохисон харин Буянхишиг Өлгийсайханы нүүр амыг маажсан тэгэхэд Өлгийсайханы баруун шанаа хэсгээс цус гарч байсан. Би Чингэлтэй дүүрэг Телевизийн шинэ эцсийн буудал дээр явж байхдаа машинаа зогсоогоод зодолдож ноцолдоод явах юм бол буу гэсэн тэгэхэд Өлгийсайхан яаж ингээд буугаад явах юм бэ гэсэн тэгэхээр Баянхошуу хүртэл ингэж явах юм бол бүтэхгүй та 2 буугаад энд Буянхишигийг ээжийнд ор гэсэн тэгэхэд Өлгийсайхан за одоо зүгээр явна...” гэсэн мэдүүлэг /хх-65/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №2147 дугаартай дүгнэлтэд: “..О.Бийн биед доод уруулд салстын өнгөц шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун чихэнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, чих, доод уруул, эрүү, хүзүү, цээж, мөр, бугалга, шуу, сарвуу, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-21/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №2277 дугаартай дүгнэлтэд: Б.Өы биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүү, сарвуунд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна эх дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болно..” гэх дүгнэлт /хх-23/,
шүүгдэгч О.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн шүүгдэгч Б.Өы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Б.Ө, О.Б нарт учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд Б.Ө, О.Б нар нь маргалдаж улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ө нь хохирогчтой маргалдаж улмаар харилцан зодолдож, биед доод уруулд салстын өнгөц шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун чихэнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, чих, доод уруул, эрүү, хүзүү, цээж, мөр, бугалга, шуу, сарвуу, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч О.Б нь хохирогч Б.Өтай маргалдаж улмаар харилцан зодолдож, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүү, сарвуунд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл харилцан бие биедээ учруулсан нь үнэн боловч бие хамгаалсаны улмаас хохирогчид дээрхи гэмтлийг учруулсан гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн. Шүүгдэгч О.Бийн үйлдэл нь аргагүй хамгаалалтийн шинжтэй үйлдэл биш харилцан зодолдсон улмаас хохирогчид учруулсан болох нь хохирочийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлт” олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн” гэх зэрэг баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Ө, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Ө, О.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, уг ялыг шүүгдэгч нарын хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тус тус 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ө, О.Б нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Ө, О.Б нарт нь бие биедээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ө, Боржигон овгийн О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч О.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, О.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тус тус 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ө, О.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Ө, О.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ө, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР