| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2022/0171/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/413 |
| Огноо | 2022-03-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
улсын яллагч Н.Өнөрбаяр,
хохирогч О.Г,
шүүгдэгч Г.Га нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 04129 0076 дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Га нь 2021 оны 10 дугаар сарын 21 -ний өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1520 тоотод хохирогч О.Гтай гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт 3 дараа цохиж, толгойгоороо нүүр хэсэгт мөргөж зүүн хацар ясны зөрөөтэй хугарал, зүүн ухархайн доод, гадна ханын цөмөрсөн хугарал, дух, баруун дээд доод зовхи, зүүн доод зовхи, баруун хацар, уруул, уруулын салстад цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 04129 0076 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Г.Га нь хохирогч өөрийн төрсөн эцэг О.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай санаатай учруулсан болох нь:
Хохирогч О.Гын мөрдөн байцаалтад өгсөн:
1. Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19:00 цагийн үед өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1520 тоотод очиход манай эхнэр Гэрэлтуяа намайг охинд автобусны мөнгө өгөөгүй гэх шалтгаанаар гэрээс хөөж гаргасан. Тэгээд би хашаанд сууж байхад Га надруу ирэхээр нь би хүү Гад аавдаа гэрээс гутлын тос аваад ирээч гэж хэлтэл Га уурлаж миний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, нүүр хэсэгт 2-3 удаа толгойгоороо мөргөхөд би газарт унасан. Тэгтэл миний цээж, хэвлий хэсэгт 2-3 удаа хөлөөрөө жийсэн. Тухайн үед миний толгой эргэж дотор муухайраад байсан болохоор хүү Гаас одоо больё гэж гуйгаад болиулсан. Тэгээд хажуу талынхаа айлд орж унтсан. Га нь миний том хүү байгаа юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.
Хэргийг аль болох хөнгөнөөр шийдэж өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-н 9, 47/,
Түүний шүүх хуралдаанд өгсөн:
2021 оны 10 сарын 21-ний өдөр би гэрлүү очсон юм. Тэгэхэд хүү гаднаас орж ирж байсан. Тэгээд би гэр рүү орсон чинь авгай намайг юу хийж яваа юм гар гэсэн. Тэгэхээр нь би гараад миний хүү ороод гутлын тос, сойтог гаргаад ир аав нь гутлаа өнгөлөөд дүүгийнх рүү явдаг юм уу гэсэн. Тэгэхэд бид хоёрын хооронд үл ойлголцох асуудал болж уурлах шиг болохоор чи уурлаад байхдаа яадаг юм гээд 2 ч цохиод авсан юм. Тэгсэн чинь миний урдаас намайг яагаад ийм юм болчихлоо.
Би урьд нь дүүгийндээ амьдардаг байсан юм. Тэгээд байж байсан чинь манай дүү та яачив гээд утасдахаар нь би манай Га намайг ийм юм болгочихлоо гэсэн чинь нөгөөх чинь ирж хараад уурлаад шүүх эмнэлэг, цагдаа энэ тэр болоод явчихсан юм. Би яах юм бэ хэрэггүй гэсэн. Тэгээд бүр ийм айхтар юм болчихлоо. Амьдрах гэж ядаж байхад нь би туслаж чадахгүй байж гай боллоо.
Би бага байхад нь хол хөндий тусдаа 20 гаран жил явсан. Тэрэнд гомдож явдаг байсан юм болов уу. Тэгээд ээж, дүүгийнхээ үгэнд ороод надад тийм ааш гаргасан байх. Тэр бүх зүйлд зүрх нь шархалж явдаг байх. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хүүхэд маань ажил хөдөлмөрөө хийгээд явж байвал л надад сайхан байна гэх мэдүүлэг,
Гэрч О.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Г зодуулахаасаа нилээн олон хоногийн өмнө манай гэрт ирэхдээ сахал самбай нь ургачихсан хувцас хунар нь бохир заваан болсон байдалтай ирэхээр нь юу болоод ийм заваан хувцастай явж байгаа юм бэ гэхэд гэрээсээ хөөгдөөд найз нөхдийндөө хонож байлаа гээд ирсэн. Тэгэхээр нь одоо та манайд амьдар гэж хэлээд нилээн хэд хоног манайд байж байгаа өглөө нь ажилдаа яваад орой нь ирээд байгаад байдаг байсан. Тэгсэн зодуулсан гэх өдрөөсөө хойш хэд хоног ирэхгүй болохоор утсаар яриад та хаана байна гэхэд би түрээсийн байранд байна гэхээр нь яагаад түрээсийн байранд байж байгаа юм бэ? гэхэд ажилтай ойрхон гээд байр түрээсэлчихлээ. Би хувцасаа авах гээд Гэрэлтуяа дээр очсон намайг Га зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очиход одоо нүүр ам гайгүй болж байна гэж өөрөө хэлж байгаа боловч гаднаас нь харахад зүүн талын шанаа хэсэг, нүүр ам нь битүү хавдартай байхаар нь одоо таныг эмнэлэгт үзүүлэе гэхэд хүйтэн жин тавиад өвчин намдаах эм уугаад одоо гайгүй болж байна. Толгой дүүрээд өвдөөд байхаар нь өвчин намдаах эм уусан ам ангайх гэхэд зовиуртай байна. Шүлсээ хаяхаар цустай цэр гараад байна гэхээр нь хавирга чинь хугарчихсан юм биш үү одоо яаралтай эмнэлэгт үзүүлэе гэж хэлэхэд эмнэлэг рүү явахгүй байсан. Тэгээд таныг яаж зодсон юм гэж асуухад би хувцасаа аваад зарим өмсөж хэрэглэхгүй хувцасаа машин дотроо оруулаад байж байх үед нь Га ирж таараад ирэнгүүтээ та яагаад дүүг дээрлэхээд байгаа юм гэхэд нь би дээрэлхэх юу байхав дээ гэж хэлээд тайлбарлах гэхэд шууд хэд хэд цохиод авсан. Тэгэхээр нь би буцаагаад цохьчихоё гэж бодсоноо миний хүү юм даа гэж бодоод цохиогүй. Тэгсэн толгойгоороо нүүрлүү мөргөөд үсрээд цээж рүү тийрсэн. Би унасан. Тэгээд унасан хойно энэ тэндээс өшиглөөд байсан. Би тэр үед ухаан алдаад нэг сэрэхэд газар хэвтсэн цус нөжиндөө холилдсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд буцаад явах гэсэн чинь явж чадахгүй байхаар нь машин дотроо ороод хэвтэж байхад хажуу айлын залуу та манайд хоночих гэж хэлээд хонуулсан гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Га чинь цагдаагаас сурсан зүйлээ таньд туршсан байна тэр одоо эцгийгээ зодох учиргүй гэж хэлээд ахыг явна гэж хэлсээр дагуулж гараад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс дээр очиж уулзахад өргөдөлөө бичиж өг гэхээр нь бичгээр өргөдөл бичиж өгөөд мөрдөгч томилсон чинь шинжээч томилох тогтоол хийж өгөхөөр нь ахыг дагуулж яваад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Толгой, цээжний зураг авахуулаад ир гэхээр нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн замын эсрэг талд байрлах Марал нэртэй газрын доор байрлах ЕХЕРЕСТ нэртэй хувийн эмнэлэгт орж цээж, нүүр, толгойны зураг авахуулахад зураг авсан эмч зургаар Гын нүүрний ухархайн хэсгээр хэд хэдэн хугаралтай байна. Тэгэхээр та нар одоо нарийн шинжилгээ хийлгүүлж томографид харуул гэж хэлээхээр нь гэмтлийн эмнэлгийн баруун талд байрлах Мед травма эмнэлэгт очиж томографийн зураг авахуулаад шүүх эмнэлгийн эмчид зургийг оношийг үзүүлсэн. Цустай цэр гарсан нь Г сүръяагийн жаахан үрэвсэлтэй байсан юм байна тэгээд цээжний доргилтоос нь болоод уушгинд нь доргилт орж цустай шүлс гарсан байна гэж хэлж байсан. Зураг авахуулах, эрүүл мэндийн даатгал төлөхөд би хувиасаа 461.680 төгрөгийн зардал гаргасан. гэх мэдүүлэг /хх-н 50-51/,
Гэрч Г.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
Г ах өмнө нь ээжтэй сууж байгаа салаад явсан байсан. тэгээд ээж дараа нь Жамсранжав гэх хүнтэй гэр бүл болоодманай аав Жамсранжав 2013 онд нас барсан. Тэгээд нас барсанаас хойш хоёр жил болж байхад Г ах ирж манай гэрт амьдарч байсан. Амьдарч байхад олсон мөнгөө шууд ээжид өгчихдөг байсан. Тэгээд 2-3 жилийн өмнөөс мөнгөө өөрөө барьдаг сүүлдээ мөнгө төгрөгөө гэр бүлдээ зарцуулалт нв багасаж өдөр бүр зөвхөн нэг өдрийн хоолны хэрэглээний зүйл авчирхаас цаашгүй болсон. Ингээд ээж Г ах хоёр санхүүгийн асуудлаас болж маргалддаг болсон. Ингээд сүүлдээ бид тэвчихээ болоод Г ахыг гэрээс хэд хэдэн удаа хөөж явуулдаг болсон. Би өглөө гараад орой ирдэг болохоор Г ах түлээ нүүрс авна, ус авна өөр бол хоол унд хийлгэхгүй гэрт хэвтээд л байдаг байсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Г ах их дотгошоо сэтгэлтэй намайг юм асууж ярих гэхээр юм ярихгүй чимээгүй байгаад байдаг. Орой ирээд хичээлээ хийх гээд гэрэл асуулттай байхад унтраа гэхээр хийчээлээ бүрэн хийж чаддаггүй жаахан стресстэй байдаг байсан гэх мэдүүлэг /хх-н 53/,
- цагдаагийн байгууллагад О.Ганчимэг, О.Г нарын бичгээр гаргаж өгсөн өргөдөл /хх-н 4/,
-Мед траума эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, зураг, Экспект эмнэлгийн шинжилгээний баримт, зураг, хохиролын баримтууд /хх-н 37-44/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 10403 дугаартай:
О.Гын биед зүүн хацар ясны зөрөөтэй хугарал, зүүн ухархайн доод, гадна ханын цөмөрсөн хугарал, дух, баруун дээд доод зовхи, зүүн доод зовхи, баруун хацар, уруул, уруулын салстад цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. О.Гын биед үүссэн зүүн хацар ясны зөрөөтэй хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн ухархайн доод, гадна ханын цөмөрсөн хугарал, уруулын салстад язарсан шарх нь тус тусдаа, цус хуралт болон зулгаралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 14-15/,
Шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтад өгсөн:
...Аав Г нь урд нь ээж Гэрэлтуяаг залуу насанд нь шүдийг нь өшиглөөд шүд байхгүй. Тархи толгой руу нь удаа дараа өшиглөж зодсоны улмаас толгойны нэг тал нь ажиллагаагүй болсон. Тэгээд аавд ээж зодуулсаны улмаас амь насаа алдах эрсдэлтэй байсан учир залуу насандаа салсан.
Тэгээд аав Г сүүлд ээжтэй дахин нийлээд 5 жил орчим хугацаа болж байна энэ хугацаанд ээж Гэрэлтуяаг удаа дараа зодсон дүү Мөнхтуяаг гадуурахдаг. Тэгээд 2 удаа баривчилгаанд явсан. Тэгээд аав олон жил тэнмэл амьдралаар амьдарч байгаа, олон жил архи ууж явсанаас бие муутай. Урд нь найзтайгаа архи дарс ууж байгаад хоёр давхараас унаад хөлийнхөө өсгийг бяцлаад хөлөө хугалж байсан. Бэртэл гэмтлийн хувьд өөрөө маш олон бэртэл гэмтэлтэй. Ээж дүү бид нартай хамт амьдрах хугацаанд эхнэр хүүхдээсээ эд зүйл мөнгө төгрөгөө нууна. Оюутан дүү Мөнхтуяаг бас гадуурхаж мөнгө төгрөгөөр боосноос хичээл сургуулийн асуудал нь муудаж зарим үед найз нөхдөөрөө хонодог болсон. Олон жил архи уусан буруутай асуудлыг нь хэлэхээр тоомсорлохгүй ойлгох сэтгэл зүй байхгүй. Өмнө нь Төв аймгийн мөрдөнд хоригдож байсан.
2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аав ээж, дүү хоёрыг айлгаад байна гэсэн учраас би ажлаа тарангуут Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастай 1520 тоотод ирээд байж байгаад бие засахаар гэрээсээ гартал аав Г хашаан дотор ирчихсэн зогсож байсан. Тэгээд та яаж яваа юм бэ ээж таныг оруулахгүй гэсэн гараад яв гэж хэлэхэд шууд гэр лүү орно гээд дайрахаар нь би тухайн үед оруулахгүй гээд хоёр гарнаас нь бариад авахад миний баруун шанаа руу нэг удаа цохихоор нь би бас баруун гараараа нүүрний хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Тэгсэн гэр дотроос ээж шанага барчихсан гарч ирсэн. Тэгээд бид хоёрын голоор ороод салгах явцдаа ээж Гэрэлтуяа аавыг шанагаар 2-3 удаа нүүрэн тус газар нь цохьсон. Тэгээд бид хоёр хоорондоо салаад ээж Гэрэлтуяа гэрлүүгээ ороод би дүү Мөнхтуяаг тосох гээд гараад явсан. Аав хашаанд үлдсэн. Тэгээд би дүүг аваад ирэхэд аав Г хашаанд байдаг эвдэрхий машинд сууж байсан. Тэгээд би санаа зовоод аав дээр очоод таны бие чинь зүгээр үү гэж асуухад толгой жаахан эргээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хойд талын айлаас өвчин намдаах эм авч өгчихөөд гэр лүүгээ явсан. Би аав Гын нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/,
Түүний шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж гаргасан:
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед ээж, аав хооронд таарамжгүй харилцаатай, байнгын хэрүүл маргаантай ийм асуудал удаа дараа явагдаж байсан юм. Тухайн үед ажлаа тараад очиход бас тийм нөхцөл байдалтай байсан. Аавыг ийм асуудалтай байхад нь ирээд хэрэггүй. Ийм асуудалд ээж цагдаа дуудана. Таныг урьд нь бас цагдаад дуудлага өгч хэд хэдэн удаа баривчилгаанд явуулж байсан учраас та одоо ингээд явчихаа гэхэд аав маань яваагүй. Тэгээд аав маань гэр рүү орно гээд намайг хэд хэдэн удаа цохихоор нь зөрүүлээд хэд хэд цохьсон. Энэ асуудлыг ухаанаар шийдээгүй, өөрөөр шийдэх гэсэн үйлдэлдээ харамсаж байна гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн хүмүүсийн иргэний үнэмлэхийн болон хүүхдүүдийнх нь төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 65-75/, ажил байдлын тодорхойлолт, шагнал урамшууллын хуулбар /хх-н 90-92/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 93-94/,
хохирогч О.Гын шүүхэд гаргаж өгсөн “... би өөрийн буруугаас болж хүү Гын амьдралд хар толбо үлдээмээргүй байна. ... хүү маань ямар ч үед ээж дүү нараа эрсдэлээс хамгаалах үүрэгтэй. Хүү маань тухайн үед байгаагүй бол би эхнэр, дагавар охин 2 дээр орж асуудал үүсгэхээр байсан. Бидний гэр бүлийн асуудлыг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт,
-О.Ганчимэгт 460.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хууль зүйн дүгнэлт.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Г.Гад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд шүүгдэгч Г.Гыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэргийн хүндрүүлсэн шинжтэй үйлдэл тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч Г.Гын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ...” гэж,
мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол ...” гэж тус тус гэмт хэргийн үндсэн шинж, хүндрүүлэх шинжийг тодорхойлж хуульчилсан байна.
Амьдралын эх үүсвэр болгож гэмт хэрэг байнга үйлдэх ойлголт нь тухайн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд тогтвортойгоор давтан үйлдэж дадал зуршил болсон, гэмт этгээд өөр орлого ололгүйгээр дан ганц уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах гол эх үүсвэр болгож тогтвортой ашигласан гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй үйлдэл байх ёстой.
Гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхэд тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үздэг.
Дээр дурдсан гэмт хэргийн хүндрүүлэх утга бүхий шинжүүд бүгд цогцлон нэгдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж төгс хангагддаг болно.
Дээрх байдлаас үзэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн байдал нь цаг хугацааны хувьд тогтвортойгоор удаан хугацаанд үргэлжлээгүй, нэг үйлдлээс дараагийн үйлдэл хүртэл хоорондоо хугацааны хувьд тасалдсан, зарим тохиолдолд 1 сард 1 удаагийн гэмт үйлдэл үйлдэгдсэн байх бөгөөд 2020 оны 04 дүгээр сараас 07 дугаар саруудад тасралтгүй олон удаагийн давтамжтайгаар үйлдэгджээ. Харин гэмт хэрэг үйлдэж олсон орлого, мөнгө нь тухайн хүний болон түүний гэр бүлийн амьдралын хэрэгцээг хангахад хүрэлцэхээргүй байсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Нандин-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн байдал нь түүний амьдралынх нь хэвшил болоогүй, бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлээгүй, гэмт хэргийн улмаас олсон орлогыг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгоогүй зэрэг байдлаар гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх харьцангуй тогтвортой үйлдлийн шинжийг хангахгүй байна.
Мөн шүүгдэгчийн нөхөр болох Б.Мягмардорж нь өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог нь хавтаст хэрэгт авагдсан түүний банкны дансны хуулгаар нотлогддог ба шүүгдэгчийн залилах гэмт хэрэг үйлдэж олсон орлого нь түүний гэр бүлийн сар бүрийн хэрэгцээг хангаж байсан эсэх талаар, дээрх хугацаанд шүүгдэгч гэр бүл болон бусад хэн нэгнийг тэжээн тэтгэж байсан нь өөр хөндлөнгийн нотлох баримтгүй бөгөөд шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Нандин-Эрдэнийн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон нэр бүхий 110 иргэнд нийт 5.087.098 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн байдлаар шийдвэрлэх нь хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Ц.Нандин-Эрдэнэд холбогдох залилах гэмт хэрэг нь шүүгдэгч хохирогч нарыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг нь шилжүүлэн авах байдлаар үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогч нарын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдсан байна.
Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжид хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.
Шүүгдэгч Ц.Нандин-Эрдэнийн 110 хохирогчийн эд хөрөнгийг залилж авч байгаа үйлдэл нь бусдын өмчлөх эрхэд санаатай хэлбэрээр халдаж байгаа гэм буруутай үйлдэл болно. Дээрх үйлдлүүд нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэйгээр үйлдэгддэг гэмт хэрэг мөн.
Шүүгдэгчийн хохирогч нарын эд хөрөнгийг залилан авч бусдын өмчлөх эрхэд хохирол учруулж тухайн эд хөрөнгийг зарцуулах боломжийг өөртөө үүсгэж хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.
Хохирогч нарыг хуурч төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ гэмт хэрэг төгс үйлдэгддэг.
Шүүгдэгч Ц.Нандин-Эрдэнэ нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэг дэх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ц.Нандин-Эрдэнийн үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нэр бүхий 110 хохирогчид хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байх бөгөөд хохирогч нарт учруулсан хохирлыг богино хугацаанд төлж барагдуулах хүсэлттэй болохоо илэрхийлсэн.
Иймд шүүгдэгч Ц.Нандин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэхэмжлэх зүйлгүй болохоо хохирогч шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд шүүгдэгч Г.Га нь иргэний нэхэмжлэгч О.Ганчимэгт учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан буюу 2022 оны 2 сарын 01-ний өдөр 460.000 төгрөг шилжүүлсэн нь түүний дансны хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгож, 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,
Хохирогч О.Г нь “би өөрөө буруу амьдарснаас болж хүүхдийнхээ амьдралд гай болчихлоо. Ажил төрөлөө хийгээд явж байхад төлж болох байх” гэсэн тайлбарыг,
Шүүгдэгч Г.Га нь “энэ асуудал шийдэгдэснээр ажилгүй болох байх. Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Бага хүүхэд минь ой гарантай. Эхнэр хүүхдээ хараад ажил хийдэггүй. Миний хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзаж торгох ялыг багаар оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Гад ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэх тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Гын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгч Г.Гын үйлдсэн гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтлийн хэр хэмжээ, уг гэмтэл нь бүрэн эдгэрсэн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ өгч байгаа үнэлэлт дүгнэлт, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэм бурууд тохирно гэж үзэв.
Бусад асуудлаар.
Прокурорын 2022 оны 02 сарын 24-ний өдрийн 147а дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “... Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэснийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон дүгнэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Гийн Гантулыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ