Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/443

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч А.Б, Ш.О,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийэ тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, Ш.О нарт холбогдох эрүүгийн 2111015670142 дугаар хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, А.Б,  1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Хоёр цамхаг ХХК-д арматурчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 40 дүгээр гудамжний 52 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй., хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаар

 

2. Монгол улсын иргэн, Ш.О, 1994 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 37 дугаар гудамжний 7 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  А.Б, Ш.О нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Ш.Ог хүчээр автомашинд суулган авч явж одоо чамайг энд ална чамд юу байна бүх юм аа гарга, одоо энд буу чамайг бүх хувцасыг нь тайлаад энд төөрүүлнэ” гэх зэргээр айлган сүрдүүлж толгойг нь доош дарах зэргээр хүч хэрэглэн  заналхийлж Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн задгай тоотын гадна буулгахдаа түүний банкны картны кодыг мэдэж, картнаас нь 325.000 төгрөг болон, Самсунг А6 загварын гар утас авсан болох нь:

 

шүүгдэгч А.Бэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг.

шүүгдэгч Ш.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч А.Бэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “..2022 оны 02 дугаар сарын 22-23 нд шилжих шөнө би найз Отгонбаатарын хамт Баянзүрхийн нутаг дэвсгэрт байрлах Генерал нэртэй бааранд ортол Отгонбаатар нь миний таньдаг дүү байна гээд нэг залуутай уулзаад юм ярьж байтал нөгөө залуу нь хоёр ах ийшээ суу дүү нь дайлья гээд бид хоёрт нэг нэг шил авч өгсөн юм тэгээд босоод бүжиглэж байтал баар хаах дөхөөд ирсэн чинь нөгөө Отгонбаатарын таньдаг залуу нэг хүүхэнтэй бүжиглэж байгаад алгадуулаад тэгээд бид хоёрыг хоёр ах нэг хүүхэн найраад өгөөч гэсээн тэгээд Отгонбаатар нь нэг шил пиво аваад ширээнд ирж суугаад нөгөө залууг мөнгийг нь төлчих гэсэн чинь нөгөө залуу төлөхгүй гээд босоод гараад яваад өгсөн юм тэгээд би нөгөө пивоны мөнгийг нь төлчихөөд Отгонбаатартай гараад ирсэн чинь нөгөө дотор хамт сууж байсан залуу хэдэн залуучуудтай хамт зогсож байсан юм тэгээд хамт зогсож байсан залуучууд нь бид хоёр руу дайраад хэд хэдэн удаа цохиж авахаар нь Отгонбаатар бид хоёр зугтаагаад машиндаа суутал нөгөө залуу хамт ирээд хойд сандал дээр Отгонбаатартай хамт суусан байсан тэгээд бид 3 тухайн газраас хөдлөөд ойрхон зогсоод машинд байсан нэг том савтай пиво хувааж уугаад сууж байсан юм тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна ямарч байсан тухайн залуу надад ах нараа надад мөнгө байна дүү нь та хоёрыг дайлья миний картыг аваад очоод үз мөнгө байгаа гэсэн тэгээд би картыг нь аваад бэлэн мөнгөний машин ороод мөнгө аваад машиндаа суусан тэгээд нэг сэрсэн чинь гэр хороололд машиндаа сэрсэн..” гэсэн мэдүүлэг /хх-50-52/,

 

Шүүгдэгч Ш.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 02 дугаар сарын 22-23 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Генерал нэртэй бааранд найз Бямба-Эрдэний хамт ортол зүс таних нэг залуу сууж байхаар нь очиж мэндэлээд гар бариад сууж байсан ширээнд нь хамт суусан чинь тухайн залуу Бямба-Эрдэнэ бид хоёрт нэг, нэг шил пиво авч өгөөд бүжиглээд байж байтал тухайн баар нь хаах болж байна гэхээр нь би босоод тейкнээс нь нэг шил пиво авчихаад эргэж ширээнд суугаад тухайн залуугаас ахын дүү чи энэ пивоны тооцоог хийгээд өгөөч гэж гуйсан чинь надад мөнгө байхгүй би хийхгүй гэхээр нь Бямба-Эрдэнэ тухайн пивоны тооцоог хийчихээд байж байтал баар тарах болоод Бямба-Эрдэнэ бид хоёр гарч явах гээд гартал тухайн хамт сууж байсан залуу нь үүдэнд 4,5 залуучуудтай зогсож байхаар нь яваад очтол хамт зогсож байсан нэг залуу нь надаас энэ залуу яасан юм бэ гэхээр нь яагаачгүй бид нар дотор хамт сууж байсан юм гээд тухайн үед тэр үүдэнд зогсож байсан залуустай үл ойлголцоод барьцалдаж аваад хоорондоо зодолдож байтал цаанаас нь дахиад 2-3 залуу гүйгээд гараад ирхээр бааранд хамт сууж байсан залууг дагуулаад Бямба-Эрдэнэ бид хоёр машиндаа очиж суугаад явж байгаад Отгондагва буюу бааранд хамт сууж байсан залуутайгаа маргалдаад дэлгүүр хайж явж байгаад нэг гудамжинд очиж зогсоод машин гарахгүй байхаар нь татах машин олох гээд яваад ирсэн чинь цагдаа нар ирчихсэн Бямба-Эрдэнэ бид хоёрыг аваад явсан....” гэсэн мэдүүлэг /хх-60-63/,

Хохирогч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 02 дугаар сарын 22-нд би ажилаа тараад Баянзүрх дүүрэгг байрлах Генерал бааранд сууж байтал гаднаас хоёр залуу орж ирээд миний хажуу талд суусан юм тэгээд бид 3 танилцаад юм яриад сууж байтал нөгөө хоёр залуу сайхан танилцсан юм чинь намайг ганц, ганц пиво аваад өгөөч гэхээр нь би за тэгье гээд би тухайн хоёр залууд нэг нэг шил нийт хоёр шил пиво авч өгсөн юм тэгээд нөгөө пиво ууж сууж бүжиглээд сууж байтал зөөгч нь ирээд нэмж авсан хоёр пивоныхаа тооцоог хийх үү гэхээр нь би хийхгүй наад хоёр хүн чинь өөсрдөө хийнэ би өөрийнхөө уух юмны тооцоог хийнэ гж хэлээд тооцоогоо хийчихээд гараад явж байтал тухайн байрны үүдэнд зогсож байсан танихгүй ах чамайг саяны хоёр залуу дарамталаад байгаа юм уу яагаад байгаа юм гэхээр нь би тухайн танихгүй ахад өөрсдийнхөө уусан пивоны тооцоог хийчих гэхээр нь би хийхгүй гээд гараад ирлээ гээд яриад зогсож байтал дотроос нөгөө хоёр залуу буюу Бямба-Эрдэнэ, Отгонбаатар хоёр гарч ирээд чи яасан түрүүлж гараад бид хоёрыг отож байгаа юм уу гэсэн чинь надтай хамт зогсож байсан ах найзтайгаа Бямба-Эрдэнэ, Отгонбаатар хоёртой муудалцаад хоорондоо зодолдож байгаад миний хоёр талаас сугадаж аваад машиндаа суулгаад аваад явсан.

Тэгээд машиндаа суулгаж авч явж байх замдаа чамаас болж саяны зодоон болсон шүү пизда минь чи битгий давраад байгаарай чамайг одоо ална цагаан давааны хогын цэг дээр аваачиж ална гээд байсан тэгээд би хальт харсан чинь цагаан давааны хогын цэг дээр ирчихсэн харагдаж байсан тэгээд намайг одоо чамайг энд ална чамд юу байна бүх юм аа гарга гэхээр нь картаа өгөөд энэ дотор мөнгө байгаа та хоёр ав гэсэн тэгээд намайг машины арын суудал дээр доош нь дарчихаад хаана явж байгааг харуулахгүй цамцны малгайгаар бүтээгээд машины суудпын бүсээр хүлж боочихоод яваад байсан тэгээд үүр цайж байхад Дэнжийн-1000 ойролцоо ирчихсэн мухар замаар орчихсон байна гээд хоорондоо яриад байсан. Тэгээд намайг одоо энд буу чамайг бүх хувцасыг нь тайлаад энд төөрүүлнэ гээд дагуулаад гудамжаар алхаад байхаар нь би зугтааж нэг айлд орж ах, эгч нартайгаа утсаар ярьж хэлсэн юм...Бямба-Эрдэнэ, Отгонбаатар гэх хоёр залуу нь намайг машинд хийж авч явж байх үедээ ямар ч байсан дээрээс ээлжлээд гараараа цохиж тухайн гэмтлийг учруулсан. Сүүлд нь машинаас буух гэж байхад Бямба-Эрдэнэ нь миний нүдрүү нэг удаа цохисон...Бямба-Эрдэнэ миний гар утсыг аваад утасныхаа кодыг хий гээд код хийлгүүлсэн тэгээд виза картыг аваад кодоо хэл код чинь буруу байна кодоо үнэн хэл гээд цохиод байсан..” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Ч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3411 дугаартай дүгнэлтэд: “..Ш.Огийн биед дух, зүүн хацарт цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацааанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэх дүгнэлт /хх-34-35/,

 

Ш.Огийн Хаан банкны .. тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-109/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-110-114/, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-123-126/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-14/, шүүгдэгч А.Бямба-Эрдэний иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/, шүүгдэгч Ш.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-86/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-83/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Б, Ш.О нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Ш.Ог хүчээр автомашинд суулган авч явж, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн задгай тоотын гадна буулгах замдаа хүч хэрэглэн, заналхийлж түүний Самсунг А6 загварын гар утас болон банкны картыг авч картнаас нь 325.000 төгрөгийг авсан  гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Шүүгдэгч А.Б, Ш.О нар дээрхи гэмт хэргийг үйлдэхдээ санаатай нэгдсэн нь бүлэглэн гүйцэтгэх шинжтэй байх бөгөөд дрокуророос тэдэнд ял сонсгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Б, Ш.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэж хүч хэрэглэн авч дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Б, Ш.О нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Ш.О нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Ш.О нь хохирлоо барагдуулж авсан цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Б, Ш.О нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Б Ш.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэж хүч хэрэглэн авч дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Ш.О нарыг тус тус 1 жилийн хугцаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Ш.О нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Б, Ш.О нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол, шүүгдэгч А.Б, Ш.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР