Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1865

 

 

 

 

 

 

 

 

 

 “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01291 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Цогхүүд холбогдох

 

   Зээлийн гэрээг цуцалж, 212 802 999 төгрөг гаргуулах, Э.Цогхүүг үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Нямцэрэн, Д.Санчир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Зина,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: .Б.Бат-Онон нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, Д.Санчир нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ариг банк” ХХК нь Э.Цогхүүтэй 2012 оны 4 сарын 27-ны өдөр 12/17 тоот зээлийн гэрээ байгуулж, 168 000 000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. Гэвч Э.Цогхүү нь зээлийн төлбөрийг 2015 оны 5 дугаар сараас хойш огт төлөөгүй тул гэрээний 4.2.3 дахь заалтыг үндэслэн банк нь Иргэний хуулийн 225, 227 дугаар зүйл, 12/17 тоот зээлийн гэрээнд заасныг тус тус үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээр үндсэн үлдэгдэл 151 711 257 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 60 556 199 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 525 543 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг, нийт 212 802 999 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 18 гудамж, 61А тоотод байрлах 411 м.кв хувийн орон сууц, гарааш, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 142  м.кв өмчлөлийн газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 3 сард Баянгол дүүрэг, 10  дугаар хороо, Зүүн наран 18 гудамж, 61 а тоотод байрлах 411 м.кв хувийн орон сууц, гарааш /Ү-2205036217, 80 хувийн гүйцэтгэлтэй/, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 142 м.кв өмчлөлийн газрыг /Г-2205003585/ худалдах тухай зарын дагуу “Эрэл” банкны зээлийн эдийн засагч О.Анхбаяртай уулзахад 240 000 000 төгрөгөөр худалдах гэж байгааг мэдэгдсэн. Обьектыг зээлээр худалдах, худалдан авах талаар банкинд санал тавихад Банкны тухай хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн тухай хуулийн үйл ажиллагааны тухай хуулиар “банк нь үл хөдлөх хөрөнгө худалдан ашиг орлого олох эрхгүй”, “банк үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах нь хуульд харшлах тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн. Банкнаас зээл аван обьектыг авах гэсний дагуу зээлэхээс өөр аргагүй байдалд орж, 2012 оны 4 сарын 18-ны өдөр урьдчилгаа 30 хувь болох 72 000 000 төгрөгийг ээжийнхээ орон сууцыг зарж бүрдүүлэн банкинд төлж, үлдэх төлбөр 168 000 000 төгрөгийг 10 жилийн хугацаанд 1,9 хувийн хүүтэй зээлсэн. Хэрэв зээлээр худалдан авах гэрээ байгуулан авсан бол 240 000 000 төгрөг төлөх, банкны зээлийн гэрээний дагуу төлөх графикаар 96 000 000 төгрөг төлөх ёстой. Гэтэл зээлийн гэрээгээр одоо 206 000 000 төгрөг төлсөн. Банкны зээлээр орон сууц худалдан авахад банкнаас мөнгийг шилжүүлснээр худалдан авч буй орон сууцны өмчлөх эрх худалдан авагчид шилжин, орон сууцаа банкинд барьцаалдаг тогтсон жишиг байдаг ч банк өмчлөх эрхийн гэрчилгээг одоог хүртэл миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Банкны 2012 оны 4 сарын 27-ны өдрийн 1217 тоот “Зээлийн хорооны гишүүдийн шийдвэр”-ээр уг обьөктын 40 хувь буюу 96 000 000 төгрөгийг банкинд урьдчилан төлсөн тохиолдолд миний нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ үйлдэнэ, сарын 1.9 хувийн хүүтэй зээл олгох боломжгүй гэснээр 168 000 000 төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлэхээс өөр аргагүйд хүрч зээлийн гэрээ болон санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ байгуулсан ба зээлийн гэрээг зээлээр худалдан авах гэрээ гэж ойлгож болно. Учир нь банкнаас олгох зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг бүхэлд нь агуулсан хэмээн банкны зүгээс тайлбарласан. Миний хувьд амины орон сууцыг худалдан авах сонирхол маш их байсан тул урьдчилгаанд 72 000 000 төгрөг банкинд төлсний дараа анх худалдах үнийг 5 дахин нугалж төлөх талаар санаа зовинож гэрээнээс татгалзаж төлсөн төлбөрөө буцаан авахад ихээхэн хүндрэл учрах магадлалтай. Нөгөө талаас амины орон сууц нь “Ариг банк” ХХК-ийн өмч тул /хуурч төөрөгдүүлэхгүй байх/ зээлээр худалдан авч байна гэж ойлгон зээлийн гэрээ, санхүүгийн барьцааны гэрээг байгуулсан. 2012 оны 4 сарын 27-ноос 2015 оны 4 сарын 27-ныг хүртэл нийт 206 150 350 төгрөг төлж байгаад банкны эдийн засагч солигдсон, обьектын үлдэгдэл төлбөрийг тулган баталгаажуулалт хийх талаар хэлэхээр банкинд очиход зээлийн хувийн хэрэгт үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хууль ёсны өмчлөгч нь Д.Төмөрхүү болохыг мэдсэн. Зээлийн гэрээний 1.1-д “Зээлдэгч нь худалдан авсан нийтийн орон сууцны зориулалттай обьектын үнийн дүнгийн 40 хувийг банкинд бүрэн төлснөөр банк обьектыг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ үйлдэх болно” гэж заасан гэрээний үндсэн нөхцөл нь бодит байдал дээр огт хэрэгжих боломжгүй ба би обьектын үнийн дүнгийн 40 хувь болон үлдэгдэл төлбөрийг банкинд бүрэн төлсөн ч банк уг худалдан авагч миний нэр дээр шилжүүлэх хууль зүйн хувьд боломжгүй юм. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болох тул миний бие обьектын хууль ёсны өмчлөгч иргэнтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээ огт байгуулаагүй, урьдчилгаа төлбөр болох 72 000 000 төгрөг бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлээгүй. Банкнаас үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмнөөс худалдан борлуулах, захиран зарцуулах, барьцаалах итгэмжлэл, баталгаа зээлийн хувийн хэрэгт байхгүй болно. Банкинд үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаанд Д.Төмөрхүүд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөөс болж амь нас нь эрсдсэн тохиолдолд түүний үр хүүхэд, өв, эд хөрөнгө залгамжлагчаас миний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй талаар мэдэгдэж, обьектыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хангагдсан тохиолдолд би 2015 оны 4 сарын 27-ныг хүртэл банкинд төлсөн 206 150 350 төгрөгөөр зогсохгүй, үл хөдлөх хөрөнгөгүй болох бодит эрсдэл нүүрлэх магадлалтайг ойлгосон. Зээлийн гэрээ нь зээлээр худалдан авах гэрээ болох нэг нотолгоо нь Монгол Улсын зээлийн мэдээллийн тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгжээс ямар нэгэн арилжааны тодорхой хэмжээний зээл авсан тохиолдолд зээлийн нэгдсэн мэдээллийн бүртгэж оруулах үүрэгтэй ч банк бүртгүүлээгүй байдал юм. Хэрэв гэрээ нь зээлийн гэрээ байсан бол 2 тал хүлээн зөвшөөрч дээрх хууль болон зээлийн мэдээллийн сангийн журамд заасны дагуу зээлдэгчийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд 2012 оны 4 сард оруулах боломжтой байсан. Тус эрсдэлтэй хүчин зүйлээс шалтгаалж 2015 оны 4 сард банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, хуулийн зөвлөх Хүрэлбаатар нартай уулзаж, зээлээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Төмөрхүүгийнх болох, урьдчилгаа төлбөр болон 134 150 350 төгрөгийг банкинд төлж байсан, цаашид обьектын үлдэгдэл төлбөрийг банкинд төлөх үндэслэлгүй, учир нь хууль ёсны өмчлөгчтэй зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг Д.Төмөрхүүд төлөөгүй нь худалдан авагчийн хувьд маш их эрсдэлтэй байгаа тул өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлж өгөх эсвэл шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагыг тавьсан. Гэвч гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү нь дарамталсан байр сууринаас хандсанаар би гэрээнээс татгалзаж гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Д.Төмөрхүү нь банктай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа, банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн бус тул түүний нэр дээрх үл хөдлөх болон бусад хөрөнгө нь түүний хувийн өмч юм. Д.Төмөрхүүд обьект, газрыг өөрийн нэр дээр бүртгүүлэх тухай банкны ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн албан ёсны ямар нэгэн шийдвэр байхгүй. Бүртгэлийн хэлтсийн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн албан бичигт Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нараас 2011 оны 12 сарын 01-ний өдрийн амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газар худалдан авах гэрээгээр өмчлөх эрх тус бүрийг 1 500 000 төгрөгөөр шилжүүлж авсан байдаг. “Ариг банк” ХХК нь 2012 оны 4 сарын 27-ны өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн ба үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэхэмжлэгчийн бусад эд хөрөнгөөр төлүүлэх зорилгыг агуулж байсан нь нотлогдоно. Миний банкинд хувийн орон сууцны урьдчилгаа төлсөн 72 000 000 төгрөг, үлдэгдэл 168 000 000 төгрөг, нийт 240 000 000 төгрөгийг Ч.Энхбатын данс руу зээлийн эдийн засагч нь дур мэдэн, хууль бусаар шилжүүлсэн байсныг 458 дугаар шийдвэр болон гэрчийн мэдүүлгээр гүйлгээ хийснээ хүлээн зөвшөөрсөн. Банк төлсөн 206 150 350 төгрөгийг буцааж өгөх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн гэрээг цуцалж, 194 631 307,56 төгрөгийг хариуцагч Э.Цогхүүгээс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Тэрт овогтой Эрдэнэбилэгийн Цогхүүгээс /РД:ЧС85122091/ зээлийн гэрээний үүрэгт 18 171 691 /арван найман сая нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д /РД:2111683/ олгож,  

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар БГД-ийн 10 хороо, Зүүн нарангийн 18 гудамж, 61 а тоотод байрлах 411 м2 хувийн орон сууц, гараж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 142 м2 өмчлөлийн газрын өмчлөгчөөр Э.Цогхүүг тогтоолгохыг хүссэн “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, 

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 1 221 966 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 248 808 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... гэрээнээс татгалзах санал гаргах бол нөгөө талдаа мэдэгдэх, санал гаргаагүй тал татгалзах хугацааг тогтоохоор Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1,
204.2-т заасан журмыг нэхэмжлэгч нь зөрчсөн байх тул 204.2-т зааснаар алдсан гэж үзнэ" гэж дүгнэсэн байгаа нь хууль зүйн хувьд алдаатай болжээ. Өөрөөр хэлбэл талууд гэрээг дуусгавар болгох тухай асуудлаар маргаагүй бөгөөд хариуцагч тал гэрээг дуусгавар болгохыг зөвшөөрч байхад уг асуудлаар шүүх дүгнэлт хийсэн нь диспозитив зарчимд нийцэхгүй юм. Нөгөө талаар хариуцагч нь 2015 оны 05 дугаар сараас эхлэн талуудын
хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээнээс татгалзсан бөгөөд анхан шатны  гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлгээрээ ч мөн адил гэрээг үргэлжлүүлэх боломжгүй тухайгаа хэлдэг. Талууд хэн аль нь гэрээг үргэлжлүүлэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 226.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тус тус үүсээд байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах журам хэрэгжээгүй хэмээн үзэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд дээрх хууль зүйн болон бодит үндэслэлийг нягтлан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд "Мига эрин" ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хурал давхацсан тул шүүх хурлыг түр хугацаанд хойшлуулж, өмгөөлөгчийн хамт биечлэн оролцох тухай хүсэлтийг нотлох баримтын хамт өмгөөлөгчөөр дамжуулан хүргүүлсэн боловч хүсэлтийг хүлээн авалгүй хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Зээлийн гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасныг зөрчсөн. Мөн иргэн, аж ахуйн нэгжээс шүүхэд ямар нэгэн байдлаар нэхэмжлэл гаргасан тохиолдол бүрт шүүх гомдол гаргах эрхгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэдэг бол шүүх өнөөдөр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно. Нэхэмжлэлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзан шийдвэрлэж, шийдвэрлэсэн захирамжинд гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэж байсан тохиолдолд шүүхийн практикт огт байхгүй бөгөөд шударга ёс, тэгш эрхийн зарчмыг хангах нь шүүхийн үүрэг билээ. Иргэн Д.Төмөрхүүгийн үл хөдлөх эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж  зээлдэгчийн нэр дээр шилжүүлэх үүргийг гэрээгээр хүлээсэн байгаа нь банк уг үл хөдлөх, эд хөрөнгийг худалдахад оролцсон, өөрийн нэрийн өмнөөс үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан. Үл хөдлөх эд хөрөнгийг өмнөх өмчлөгчөөс зээл төлүүлэх зорилгоор өмчлөгчийн хувийн болон эдийн засгийн харилцаа холбоог харгалзан үзэж байж бусдын удирдлагад шилжүүлэх, үр шимийг нь ашиглах зэрэг хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн хэлбэрээр эзэмшсэн баримт байхгүй байсан. Ариг банк үүсгэн байгуулагдснаасаа хойш 20-иод жилийн туршлагатай байж, арилжааны бусад банкуудаас илт хууль бус үйл ажиллагаа явуулж, эрх зүйн мэдлэг дутмаг иргэдийг хохироож, би 210 518 961 төгрөг төлж, шууд зардал гаргасан. Иймд банк хууль бус үйл ажиллагаа явуулсан , санхүүгийн түрээсийн гэрээ болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус учир 168 000 000 төгрөгийн зээлийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй билээ. Санхүүгийн түрээсийн гэрээний заалтууд нь бүхлээрээ  хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус заалтууд. Санхүүгийн түрээсийн зээлийн гэрээ гэж ойлгогдохоор халхавчилж хийсэн 12/17 тоот зээлийн гэрээ нь хууль, дүрэм, журамд нийцээгүй байх тул, хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Баянгол дүүргийн 22 дугаар /хуучнаар 10 дугаар/ хороо Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61-а тоотод байрлах хувийн сууц, газрын үнийг бүрэн төлсөн бөгөөд худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх надад үүсч, улмаар хууль ёсоор өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгөө зээлийн барьцаанд хуульд заасан журмын дагуу бүртгүүлж, “Ариг банк”-наас олгосон 168 000 000 төгрөгт  барьцаа болгох байтал энэхүү үл хөдлөх эд хөрөнгө миний нэр дээр шилжиж ирээгүй учир  “барьцаалбар” гэж улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Гэтэл уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч иргэн Д.Төмөрхүүгээс захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл байхгүй, худалдах,худалдан авах гэрээ байхгүй байхад уг эд хөрөнгийг банк миний зээлийн барьцаа гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дах хэсэгт нийцэхгүй болно. Монгол банкны зээлийн мэдээллийн нэгдсэн санд  зээлийн гэрээг бүртгүүлээгүй. “Ариг банк” ХХК анх хийсэн хэлцлээс хазайж, уг үл хөдлөх эд хөрөнгийн 70 хувийг төлүүлж байж энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг  миний нэр дээр өмчлөлийг шилжүүлэх тухай мэдэгдэж, үндэслэлгүйгээр намайг хохироосон. Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулаагүй байж, санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ байгуулсан нь буруу гэж үздэг. Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээгээр санхүүгийн түрээсийн зээлийн гэрээг халхавчилж хийсэн зээлийн гэрээ нь агуулгын хувьд алдаатай, хуульд заасан үндэслэл журмаар хийгдээгүй. Анхнаасаа хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх тул андуурч ойлгосон зээлийн гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ юм. 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12/17 тоот зээлийн гэрээгээр олгогдсон 168 000 000 төгрөг барьцаалбар байхгүй хийгдсэн хэлцэл учир энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус байгаа нь тодорхой юм. Миний худалдан авсан эд хөрөнгийг Ч.Энхбат гэгчийн өмч гэж “Ариг банк” ХХК тодорхойлж 2012 оны 5 дугаар сарын 01-нд Ч.Энхбат гэгчийн дансанд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 239 496 000 давуу эрхээ ашиглаж, “Ариг банк”-ны санхүүгийн зөвлөх О.Анхбаяр шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож нотлогддог. 2012 оны 5 дугаар сарын 01-нд миний бие иргэн Ч.Энхбатын дансанд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 239 496 000 төгрөгийг шилжүүлээгүй. Гарын үсэг зур гэсэн олон баримтанд гарын үсэг зурсан эдгээр баримт дотор төлбөрийн хоосон баримт байсан, түүн дээр гарын үсгээ зураад үлдээсэн. Иргэн Д.Төмөрхүү /гүйцэтгэх захирал/-гийн буруутай хууль бус үйлдлээс болж энэхүү хэлцэлүүд нь хууль зөрчиж хийгдсэн учир зээлийн гэрээ, санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, шууд зардал болох 2 016 150 354 төгрөгийг гаргуулахыг хүсч  хохирсон иргэдийн хамт иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүх  миний нэхэмжлэлийг хангаж, 206 150 350 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд иргэн Д.Төмөрхүү /Гүйцэтгэх захирал/ нь хууль ёсны өмчлөгчийг төөрөгдүүлж банкинд итгэх итгэлийг эвдэж, залилан хийж байгааг иргэн Э.Цогхүү би өөрийн биеэр тодорхойлж байна. Энэхүү эд хөрөнгийг Ариг банк болон иргэн Д.Төмөрхүү /Гүйцэтгэх захирал/ нь цаашид ч уг үл хөдлөх эд хөрөнгөөр зээл олгох нэрийн дор иргэдийг хуурч мэхлэхэд ашиглаж болзошгүй байгааг анхааралдаа авах зүйтэй байна. Банк гэрээгээр хүлээсэн үүргээ өөрсдөө биелүүлээгүй, хууль бус зээлийн гэрээгээр маш хүнд хөдөлмөр хийлгэж, үнэтэй цаг хугацааг үрэн таран хийж, мөнгө хүүлж байгаа байсан юм. Бидний хохиролд гарсан шууд зардал 210 518 961 төгрөгийг  надад өгөхөд “Ариг банк” ХХК-д хохирол болох асуудал огт байхгүй. Энэхүү 240 000 000 /  төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө  нь тэртээ тэргүй “Ариг банк”-ны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн хувийн өмч юм. Шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан ба талуудын байгуулсан гэрээний 1.9 дэх заалтаар нэмэгдүүлсэн хүүг тохирсон байх тул зээлийн төлөгдөөгүй үндсэн хүү 1 318 203.34 төгрөгийг 20 хувиар тооцож 263 640.66 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд төлөх үүрэгтэй байна гэж дүгнээд нийт 18 171 691,44 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. Намайг 2015 оны 5 сараас хойш гэрээний үүргийн дагуу төлбөрийг төлөөгүй гэжээ. Төлбөр төлөх асуудал надаас үл хамаарах шалтгаанаар үүссэн бөгөөд энэ нь банкны хууль бус үйлдээс болсон юм. Шүүх  “Ариг банк”-тай холбоотой асуудлаар бодит байдалд тайлбар гаргаад байхад банкинд зээлийн төлбөр гаргуулан олгуулж байна. Мөн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс гэдэгт “тооны” текникийн алдаа бололтой, энэ нь ойлгогдохгүй байна. Зүй нь 2012 оны 5 дугаар сарын 27-ноос 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл олгосон зээлийн 168 000 000 төгрөгийн үндсэн зээлээс 16 288 397,90 төгрөгийн үндсэн зээл төлөгдөж 151 711 257,06 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг тодорхойлох нь зөв байж. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар үндсэн хүүний төлбөрт /151 711 257,06 - 150 393 053,72/ 1 318 203,34 төлөх үүрэг заасан байх бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 27-ны эргэн төлөх хуваарийн дагуу 150 393 053,72 төгрөгийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээлийн 707 889,40 төгрөг орсон байхад 1 318 203,34 төгрөг төлөх нь зөв гэж үзэхгүй байна. Мөн 2015 оны 5 дугаар сарын 27-ноос 2017 оны 1 дүгээр сарын 27-нд төлөх дүн 16 589 847,44 төгрөгт 707 889,40 төгрөг орсон байгаа тул 1 318 203,34 төгрөг төлөх нь зөв гэж үзэхгүй байна. Миний бие банкны хууль зөрчсөн, хууль бус үйлдлээс болж маш их хохирсон. Иймд “Ариг банк” ХХК-нд олгох 18 171 691 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэн Д.Төмөрхүү болон “Ариг банк” ХХК-ийн гэмт үйлдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар бус, Эрүүгийн хэргийн байцаах шийтгэх хуулиар шалгуулахаар шилжүүлж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК нь хариуцагч Э.Цогхүүд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 212 802 999 төгрөг гаргуулах, Э.Цогхүүг үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой байх учиртай. Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь “Ариг банк” ХХК-ийн захирал Д.Төмөрхүүгийн өмчлөлд байгаа талаар талууд маргаагүй, энэ талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагджээ.

 

   Гэтэл анхан шатны шүүх “Э.Цогхүүг үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгч болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, /хх-90/  иргэн Д.Төмөрхүүгээс Р.Нямцэрэнд олгосон итгэмжлэл байхад  уг этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох эсэхийг тодруулаагүй атлаа Д.Төмөрхүүг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-199/ нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

  Түүнчлэн хариуцагч Э.Цогхүүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  зээлийн гэрээг, зээлээр худалдах, худалдан авах гэрээ болохыг тогтоолгох тухай гэсэн сөрөг нэхэмжлэлийн агуулгыг тодруулаагүй атлаа үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй гэж дүгнэж анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзэхээр байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 131 107 төгрөг, хариуцагчаас төлсөн 248 808 төгрөгийг  тус тус буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ                                        

                                                          ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД                                                                                                           

                                                                                                          Г.ДАВААДОРЖ