Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн,

Улсын яллагч С.Болорчулуун,

Орчуулагч Ц.Даваасүрэн,

Гэрч Б.Отгонбаяр, Б.Дуламсүрэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Батбаяр,

Шүүгдэгч О.Болорцэцэг, Бо Гуанг Чао /Bao guang chao/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөрөнгө овогт Оюунчимэгийн Болорцэцэг, Бо Гуанг Чао /Bao guang chao/ нарт холбогдох эрүүгийн 201610010140 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, охины хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо 5 дугаар байр 4 дүгээр орц 0 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Хөрөнгө овогт Оюунчимэгийн Болорцэцэг /УШ97051142/,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жансу гэх газарт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охинтойгоо хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дунхай хот туа фен тосгоны 8-26 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Бо Гуанг Чао /Bao guang chao/ PDl:EO4891044/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч О.Болорцэцэг, Бо Гуанг Чао /Bao guang chao/  нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг болох Хилийн 812 дугаар тэмдэгтээс 400 метр зайд хилийн боомт бус газраар хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлэгт  дараахь  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Болорцэцэг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай нөхөр Бо Гуанг Чао /Bao guang chao/ БНХАУ-д амьдардаг юм. Би 2013 oны 09 дүгээр caрд БНХАУ руу Замын-Үүд боомтоор гарсан. Тэгээд 2 жил БНХАУ-д амьдарч байгаад 2015 оны 08 дугаар сард Монголд буцаж ирсэн. Буцаж ирэхдээ түр үнэмлэхээр ирсэн. Гадаад паспортын Визний хугацаа дууссан болохоор хар даруулсан юм. Утсаар ярих болгондоо би чамайг санаж байна очиж авна гэдэг байсан. Нөхөр маань тэгээд яаж хил гарах юм бэ би хар даруулсан гэж асуухад хилийн боомтоор гарахгүй, харин боомт бус газраар хууль бусаар хил давж гарна гэсэн. Дулаахан болохоор Монголд ирнэ гэж хэлдэг байсан. Тэгээд нөхөр маань 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Замын-Үүдэд орж ирээд над руу ирчихлээ гэж ярьсан юм. Тэгээд би 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 7 цаг 40 минутанд Замын-Үүдэд буухад нөхөр маань тосож аваад буудалд орж амарцгаасан. Өдөр нь хилийн торны ойролцоо очиж хаагуур хэрхэн боомт бус газраар гарахаа ярилцаад буцаад буудалдаа ирсэн. Тэгээд маргааш орой нь буюу 2016 оны 06 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед бид 3 буудлаасаа гарч Замын-Үүдээс холдож хил давахаар явцгаасан. Тэгээд торны хажууд сууж байтал нэг залуу хүүхэн хоёр тор даваад явж байхыг би харсан тэгээд хүн гарч байна гээд нөхөр маань очиж харсан. Тэгээд ирээд явъя гээд нөхөр маань эхэлж гараад торыг өргөөд би араас нь хүүхэдтэйгээ гарсан. Дахиад цаашаа яваад дахин нэг торыг даваад би нөхөртөө би айгаад байна аа яах вэ гэхэд нөхөр маань одоо нэгэнт өнгөрсөн яаж буцах юм бэ гээд цааш явсан. Тэгээд цааш яваад дахин нэг тор гарч ирээд тэрийг даваад явж байтал машинтай хүмүүс ирээд бид гуравыг барьсан. Нөхөр маань утсаар ярих болгондоо хилийн торыг давж хил гарцгаая гэж ярьдаг байсан. Би ч тэр санааг нь дэмжсэн. Бид 2 санал нэгтэй яриад хил давах гэж байсан юм. БНХАУ-д очиж нөхөртэйгээ хамт амьдрахыг хүссэн болохоор хилийн боомт бус газраар хил давах гэж байсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хx-ийн 90, 96-97/,

Шүүгдэгч Бо Гуанг Чао /Bao guang chao/ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсад Замын-Үүд боомтоор орж ирсэн. Тэгээд эхнэр Болорцэцэгт Замын-Үүдэд ирчихсэн байна хүрээд ир гэж хэлсэн маргааш нь 1 хоногийн дараа Замын-Үүдэд ирээд би тосч авсан. 2016 оны 06 дугаар сарын 26-ны орой бид 2 буудлаасаа гарцгааж явцгаасан. Тэгээд Замын-Үүдээс холдсон явж байхад хилийн явж болохгүй газраар 2 хүн явж байсан. Тэгээд жоохон амраад байж байтал эхнэр маань нөгөө 2 хүн чинь болдоггүй газраар гараад явчихлаа гэсэн. Тэгээд би очиж харахад нэг эмэгтэй залуу хоёр байсан гараад явсан тэгээд би төмөр торыг том онгойлгож байгаад эхнэр хүүхдээ гаргаад явсан. Тэгээд машин мотоцикльтой хүмүүс ирээд баригдсан...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 110, 112/,   

Гэрч Б.Отгонбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хилийн 0108 дугаар ангид хуваарийн дагуу заставын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр телекамерийн оператор ахлах ахлагч Д.Мөнх-Эрдэнэ нутгийн гүнээс хил тал руу 2 хүн явган явж байна гэсэн цагийн байдлыг өгсөн. Түүний дагуу ангийн шуурхай ажиллагааны бүлэг хил гарсны дараа мотоцикль, уналгатайгаа хилийн 812 дугаар тэмдэгтийн чиглэлд очсон. Тэгээд хил зөрчигч нарын байгаа газар очиход 2 иргэн улсын хилийн хамгаалалтын 1 дүгээр зааг үндсэн торыг даваад саатуулагдсан байсан. Хилийн багана тор, эвдэж гэмтээсэн зүйл байгаагүй. 2 том хүн 3 настай хүүхэд байсан. Дотоодоос гадаад руу чиглэлтэй буюу Монгол Улсаас БНХАУ руу, хилийн боомт бус газраар хууль бусаар улсын хил зөрчихөөр тус 3 иргэн нь улсын хил хамгаалалтын 1 дүгээр зааг үндсэн торыг давсан ба улсын хилийн шугамаас 100-150 метр зайд баригдсан. 812 дугаар тэмдэгтийн чиглэлд хил зөрчиж явсан. 812 дугаар тэмдэгт нь Монгол Улсын хил мөн. Хилийн 812 дугаар тэмдэгтийг давсан тохиолдолд БНХАУ-ын хилд орсон гэсэн үг юм. Хилийн зурвас нь улсын хил мөн. Тус иргэдийн саатуулагдсан газарт заавал Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авч явах ёстой байдаг. Хилийн зурвас нь улсын хилийн тэмдэгтээс нутгийн гүн тийш 15 км газрыг хамааруулдаг. Тухайн үед энэ хоёр хүн өөр хүмүүс гарч байсан гэсэн мэдээлэл өгсөн. Бид шалгасан боловч зөрчил илрээгүй.” гэсэн мэдүүлэг /хx-ийн 59-60/,

Гэрч М.Энхманлайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн хил зөрчигч нарыг саатуулахад улсын хилээс 100 метрийн зайтай газар саатуулсан. 3-лаа буюу 2 насанд хүрсэн хүн, 3 настай хүүхэд хамт явж байсан. Хилийн зурвас нь улсын хил мөн. Ямар ч байсан улсын хилийн зурвас газарт бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй явж байсан...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 62-62/,

Гэрч А.Төгөлдөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Замыг гэрэлтүүлэхэд хил зөрчигч нар нь улсын хилийн хил хамгаалалтын 1 дүгээр зааг үндсэн торыг давж нуугдан хэвтэж байсныг илрүүлэн саатуулж ангийн байранд хуяглан авчирсан. Нэг 36 настай хятад эрэгтэй, 1997 оны 05 дугаар сарын 11-нд төрсөн Болорцэцэг гэх эмэгтэй, охин Болорцэцэгийн Алтанцэцэг 3-н настай нар байсан...” гэсэн мэдүүлэг /хx-н 66-67/,

Гэрч Ц.Анхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг иргэн нь улсын хилийн хил хамгаалалтын 1 дүгээр зааг үндсэн торыг давсан бөгөөд Улсын хилээс 100-150 метр зайд баригдсан. 812 дугаар тэмдгийн чиглэлд хил зөрчиж явсан. Хилийн зурвас нь улсын хил мөн. Хилийн зурвас нь улсын хилийн тэмдэгтээс нутгийн гүн тийш 15 км газрыг хамардаг...” гэсэн мэдүүлэг /хx-н 69-70/,

Гэрч Б.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2016 оны 06 дугаар сарын 26-наас 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хилийн 0108 дугаар ангид хуваарийн дагуу ангийн телекамерт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн орой 23 цаг 20 минутын үед баруун гарын хэсэгт буюу Дөрвөлжийн камерт чөлөөт бүсийн хашаан дотор 2 үл таних явган хүн дотоодоос гадаад руу чиглэлтэй явж байсан. Тэгээд шуурхай жижүүр Ц.Анхбаатарт мэдэгдэж телекамерийн хяналтанд авсан. Тэгээд камераар хянах явцад тус 2 иргэн нь чөлөөт бүсийн хашааг даваад, хил хамгаалалтын 1 дүгээр заагийн торон саадыг даваад шууд доошоо хэвтэцгээсэн. Тэр үед нь шуурхай ажиллагааны бүлэг хил зөрчигч нарын байгаа газарт нь очиход хил зөрчигч нар нуугдсан байсан. Тэгээд ажиллагааны бүлгүүдэд чиглэл өгч хил зөрчигч нарын байгаа газрыг тогтоож, саатуулсан. Хилийн зурвас нь улсын хил мөн. 2 иргэний саатуулагдсан газарт ХХЕГ-аас зөвшөөрөл авч нэвтрэх ёстой байдаг. Хилийн зурвас нь улсын хилийн тэмдэгтээс 15 км газрыг хамардаг. Өдөр 2,5 км, орой 1,5 км зай камерт харагддаг.” гэсэн мэдүүлэг /хx-ийн 72/,

Гэрч Д.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд камераар хянах явцад 2 иргэн нь чөлөөт бүсийн хашааг даваад хил хамгаалалтын 1 дүгээр заагийн торон саадыг даваад хэвтэцгээсэн. Камераар хянаж хил зөрчигч нарын байгаа газрыг зааж чиглэл өгч тус 2 хүнийг саатуулсан. Хилийн зурвас нь улсын хилд тооцогдоно. Хилийн зурвас нь улсын хилийн тэмдэгтээс нутгийн гүн рүү 15 км газар байдаг...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 73-74/,

2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 771 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын “...О.Болорцэцэг нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, О.Болорцэцэг нь өөрийнхөө үйлдлийг удирдах чадвартай байна, О.Болорцэцэг нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна, О.Болорцэцэг нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хx-ийн 81-82/,

- Хил зөрчигчийн тухай бүртгэл /хх-ийн 7-8/,

- Компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-36/,

- О.Болорцэцэгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн 15-р хорооны тодорхойлолт, О.Болорцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.Алтанцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар/хх-ийн 99-102/,

- О.Болорцэцэгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103/,

- Бо Гуанг Чаогийн /Bao guang chao/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компакт дискийг үзүүлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас О.Болорцэцэг, Бо Гуанг Чао /Bao guang chao/  нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг болох Хилийн 812 дугаар тэмдэгтээс 400 метр зайд хилийн боомт бус газраар хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Шүүгдэгч О.Болорцэцэг, Бо Гуанг Чао /Bao guang chao/  нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Отгонбаярын “...Дотоодоос гадаад руу чиглэлтэй буюу Монгол Улсаас БНХАУ руу, хилийн боомт бус газраар хууль бусаар улсын хил зөрчихөөр тус 3 иргэн нь улсын хил хамгаалалтын 1 дүгээр зааг үндсэн торыг давсан ба улсын хилийн шугамаас 100-150 метр зайд баригдсан. 812 дугаар тэмдэгтийн чиглэлд хил зөрчиж явсан. 812 дугаар тэмдэгт нь Монгол Улсын хил мөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Дуламсүрэнгийн “...Дөрвөлжийн камерт чөлөөт бүсийн хашаан дотор 2 үл таних явган хүн дотоодоос гадаад руу чиглэлтэй явж байсан... Тэгээд камераар хянах явцад тус 2 иргэн нь чөлөөт бүсийн хашааг даваад, хил хамгаалалтын 1 дүгээр заагийн торон саадыг даваад шууд доошоо хэвтэцгээсэн. Тэр үед нь шуурхай ажиллагааны бүлэг хил зөрчигч нарын байгаа газарт нь очиход хил зөрчигч нар нуугдсан байсан. Тэгээд ажиллагааны бүлгүүдэд чиглэл өгч хил зөрчигч нарын байгаа газрыг тогтоож, саатуулсан. Хилийн зурвас нь улсын хил мөн....” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Болорцэцэг, Бо Гуанг Чао /Bao guang chao/ нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Болорцэцэг, Бо Гуанг Чао /Bao guang chao/ нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч О.Болорцэцэг нь бага насны буюу 2 ой 7 сартай хүүхэдтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч О.Болорцэцэг, Бо Гуанг Чао /Bao guang chao/ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Бо Гуанг Чао /Bao guang chao/  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, монгол хэл мэдэхгүй учраас шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч оролцуулахаар томилсон ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.2-т зааснаар орчуулагчийн ажлын хөлсийг цагийн 50,000 төгрөгөөр тохиролцсон. Иймд шүүгдэгч  Бо Гуанг Чао /Bao guang chao/-ны гэм буруутай болох нь нотлогдож байх тул 2 цагийн хөлс болох 100,000 төгрөгийг гаргуулж орчуулагч Ц.Даваасүрэнд олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299  дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөрөнгө овогт Оюунчимэгийн Болорцэцэг, Бо Гуанг Чао /Bao guang chao/  нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар шүүгдэгч Оюунчимэгийн Болорцэцэг, Бо Гуанг Чао /Bao guang chao/  нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.Болорцэцэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Бо Гуанг Чаод /Bao guang chao/ оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Оюунчимэгийн Болорцэцэг, Бо Гуанг Чао /Bao guang chao/  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компакт дискийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч О.Болорцэцэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Бо Гуанг Чаод /Bao guang chao/ оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

8. Шүүгдэгч Бо Гуанг Чаог /Bao guang chao/ 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр А/350 дугаартай тушаалаар Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар шүүгдэгч Бо Гуанг Чаонаас /Bao guang chao/ байцаан шийтгэх ажиллагааны зардал болох 100,000 төгрөгийг гаргуулан орчуулагч Ц.Даваасүрэнд олгосугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээрзүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Болорцэцэг, Бо Гуанг Чао нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ