Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2018/ДШМ/39

 

П.С, А.Н, О.Б

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                       Прокурор Ц.Батзориг

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар

                                       Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дүгээртэй шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан давж заалдах гомдлоор, П.С, А.Н, О.Б нарт холбогдох эрүүгийн 1826002350151 дүгээртэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Үхэр овогт П.С

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хөндий овогт А.Н

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Чих овогт О. Б 

П.С, А.Н, О.Б нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг “Агуйт гэх газар хохирогч Н.Ч-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хохирогч Н.Ч-д хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, Үхэр овогт П.С, Хөндий овогт А.Н, Чих овогт О.Б нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.С, А.Н, О.Б нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар П.С, А.Н, О.Б нарт оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар П.С, А.Н нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, О.Б-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалган, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.С, А.Н, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар давж заалдах гомдолдоо: 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.С, А.Н, О.Б нарыг 600/ зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3/ гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүх шийтгэх тогтоолдоо хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж бичсэн боловч шүүх хуралдааны явцад хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж заасан байдлыг харгалзан үзэлгүй, Прокурорын ялын саналд гэмт хэргийн шинж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг нь харгалзан 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн 480 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх саналуудыг тус тус оногдуулах санал гаргасан. Харин өмгөөлөгч миний хувьд эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4-т зааснаар нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т, 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх санал гаргасан, шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг дурдсаар байтал шүүх яллаx талыг хэт барьж шүүгдэгч нарыг Прокурорын гаргасан ялын саналаас дээгүүр яллаж эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн. Учир нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 6.8-д зааснaap хохирол төлбөрийг бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй, гэмт хэрэг хийснээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж хөнгөрүүлэх байтал, хэт яллах талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

П.С, А.Н, О.Б нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг “Агуйт гэх газар Н.Ч-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Н.Ч-д хүч хэрэглэсэн, П.Н-н эзэмшлийн маяти-2 маркын автомашины урд салхины шилийн хагалж, хаалга, дохионы ручка зэргийг гэмтээсэн болох нь шүүгдэгч П.С, А.Н, О.Б нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Ч /хх-ийн 7-8хуу/, гэрч Д.Н /хх-ийн 13-14хуу/, Ц.Ц /хх-ийн 20хуу/, Н.Лхам /хх-ийн 25-26хуу/, П.Н /хх-ийн 74-75хуу/ нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 345 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33хуу/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2хуу/, хохирогч Н.Чинбатын 223 дугаартай өвчний түүх, ЛЭНДС ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45-47хуу/ болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

П.С, А.Н, О.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, прокурорын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээс хүнд ял оногдуулж хууль зөрчсөн гэсэн гомдол нь үндэслэлгүй байна. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

а/ 1 дэх заалтаас “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэснийг хасч,

б/ 2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Үхэр овогт П. С, Хөндий овогт А. Н, Чих овогт О. Б нарыг 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд шүүгдэгч нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай” гэж өөрчилж,

в/ шийтгэх тогтоолын 5, 6, 7-р заалтыг хасч, 8, 9, 10, 11, 12, 13 дахь заалтыг 5, 6, 7, 8, 9, 10 гэж дугаарлан бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.