Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00288

 

Д.Л-гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 104/ШШ2019/0444 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 269 дугаар магадлалтай,

Д.Л- /**33******/-ийн хүсэлттэй,

Нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц-, прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Хүсэлт гаргагч Д.Л-гийн шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний аавыг Харцагаан овогтой Даржаа гэдэг. Аав маань лам хүн байсан. Ээжийг Жандлай гэдэг. Намайг 2 настай байхад буюу 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдөр аав онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар цагаатгагдсан. Аавыг нас барсны дараа ээж маань н.Дүүдэйтэй гэр бүл болж би хойд эцгээрээ овоглосон. Тухайн үед эсэргүүний хүүхэд гээд их гадуурхагдаж байсан учраас эцгээрээ овоглож чадаагүй. Гэхдээ 1998 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Налайх дүүргийн шүүхийн 168 дугаар шийдвэрээр намайг Х.Д-гийн төрсөн хүүхэд болохыг тогтоож 1.000.000 төгрөгийн нөхөх олговор олгосон. Ээж маань эд хөрөнгө хураасан гэж ярьдаг байсан. Ээж 1970-аад онд нас барсан. Түүнд улсаас орон гэр өгч байгаагүй. Энэ мөнгийг надаас өөр авах үр хүүхэд байхгүй тул нөхөх олговор 80.000.000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Энэ хуулийн агуулга нь хэлмэгдэгчийн хөрөнгийг хураасны нөхөн төлөөс болгож өгч байгаа нэг удаагийн буцалтгүй тусламж юм. Хэрэгт авагдсан баримтуудаар хэлмэгдэгчийн хөрөнгийг хураасан тухай баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 104/ШШ2019/00444 дүгээр шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Лхагвын нөхөх олговор 80 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Д.Л- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 269 дугаар магадлалаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 104/ШШ2019/00444 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хүсэлт гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хэргийг шалган шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн алдаа дутагдлыг харалгүйгээр шийдвэр гаргасан. Учир нь улс төрийн хил хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч иргэн нэхэмжлэл гаргасан нь нөхөн олговор авах эрхтэйг илэрхийлж байгаа. Нөгөөтэйгүүр, тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө” гэж тусгаж. Зөвхөн эд хөрөнгөнөөс гадна амь насыг нь хохироосон бол чухамдаа нөхөн олговор олгохоор хуульчилсан хуулийн агуулгыг давж заалдах шатны шүүх харгалзалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23.1, 13.2-т зааснаар гэр, орон сууцыг хураалгуулж, орон сууц аваагүй гэснийг эд хөрөнгө хураалгасан бол эд хөрөнгөөр орлуулах зохицуулалт гэж өргөн утгаар тайлбарлах боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд нийцэхгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Чухамдаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйл буюу үндсэн ойлголт зорилгоос хол зөрүүтэй байдлаар тайлбарлаж хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Тус хуулийн 13 дугаар зүйл нь өөрөө 23 дугаар зүйлийн 23.1-д заасан үндэслэлийг харгалзахыг шаарддаг. Гэвч уг заалтаар зөвхөн эд хөрөнгө хураалгасан бол түүнийг нь эд хөрөнгөөр орлуулж өгөх ойлголт байсаар байтал уг заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Мөн шүүх энэ нөхцөлийг огтоос дүгнээгүй нь хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Эцэст нь хэлмэгдсэн үйл баримтаа тогтоолгоод түүнээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл баримтанд чухамдаа эд хөрөнгөөс үл шалтгаалан, амь насыг нь хохироосон үйлдэлд нөхөн олговор олгох хуулийн зохицуулалт байгаа гэж Цагаатгалын комисс хүртэл уг хуулийг тайлбарлахдаа миний дээрх тайлбартай агаар нэг байдлаар тайлбарладаг, хуулийн нэгдсэн нэг ойлголт байхгүйн улмаас иргэд бидэнд хохиролтой байгаа учраас гомдол гаргаж байна. Иймд гомдлыг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Л- нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ, “миний эцэг Харцагааны Даржаа хилс хэрэгт ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэнийг цагаатгасан, би хойд эцэг Дүүдэйгээр овоглосон, хуульд заасны дагуу нөхөх олговор 80 сая төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор гуравдагч этгээдээр оролцож “...хуулийн агуулга нь хэлмэгдэгчийн хөрөнгийг хураасан нөхөн төлөөс болгож өгч байгаа нэг удаагийн буцалтгүй тусламж ба хэлмэгдэгч Х.Д-гийн хөрөнгийг хураасан нь тогтоогдоогүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, “...хуулийг хэрэглэх гол нөхцөл болсон хэлмэгдэгч Х.Д-гийн эд хөрөнгийг хураасан үйл баримт тогтоогдоогүй учраас шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй...” гэснийг давж заалдах шатны шүүх энэхүү дүгнэлтийг зөв гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

1. Хууль хэрэглээний талаар.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар “..13.2..”  гэсэн хэсэг нэмсэн бөгөөд уг хэсэгт зааснаар “...хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид... нөхөх олговор...”  олгохоор заасан байна.   

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23.1-д “...орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол... дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно...” гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх, хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй” гэсэн нөхцөлийг “хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгаад одоо болтол аваагүй” гэж ойлгож хэрэглэжээ.

Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэх  асуудал чухал байх тул дараах дүгнэлтийг хийлээ.

а/. Дээр дурдсан 13 дугаар зүйл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн “...нөхөх олговор...” олгох тухай Гуравдугаар бүлэгт, харин 23 дугаар зүйл нь “...үр дагаврыг арилгах...” талаар зохицуулсан Дөрөвдүгээр бүлэгт багтсан байх бөгөөд нөхөх олговор олгох, хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах нь хоорондоо ялгаатай, өөр өөр ойлголт байна.

б/. Хууль тогтоомжийн тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийн зохицуулалтаас үзвэл, хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны үндсэн дээр үзэл баримтлалын төслийг боловсруулан, улмаар баталж, үзэл баримтлалд нь нийцүүлэн хууль тогтоомжийг боловсруулдаг тул хуулийн үзэл баримтлал нь тухай хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой юм. Энэ шалтгаанаар  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн үзэл баримтлалыг судлав. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн үзэл баримтлалд “...хууль батлагдсан 1998 онд хэлмэгдсэн иргэдийн ар гэрт нэг удаагийн нөхөх олговор 1.000.000, 500.000 төгрөгийг олгох, ...хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгуулсан тохиолдолд орон сууц, гэр олгохоор зааснаас өөрөөр... нөхөх олговорыг хуульчлаагүй, ...нөхөх олговорын хэмжээ өөрчлөгдөөгүй байна. ...хэлмэгдэгчдийн ар гэрийнхэн үр хүүхдүүдэд олгож буй нөхөх олговорыг тэдний амьдралын бодит нөхцөл байдал, төгрөгийн ханш, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх шаардлагатай байна, ...Иймд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн, хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүд өмнө нь орон сууц, гэр түүнтэй тэнцэх нөхөн олговор аваагүй бол хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нэмэлт нөхөх олговорыг нэг удаа олгохтой холбогдсон зохицуулалтыг нэмж тусгах...” гэжээ.

Өөрөөр хэлбэл, энэхүү хууль нь нөхөх олговрыг нэг удаа бус, харин хоёр удаа хуульд заасан үндэслэлээр олгож болох үзэл баримтлалтай байна.

в/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар  өөрчлөлт орсонтой холбогдуулан, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан бөгөөд үүний дагуу Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаан болж 27 дугаар магадлал гарсан байна.

Магадлалд хуулийн “13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2., 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн зохицуулалтыг нэн даруй боловсронгуй болох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд уг хуралдааны тэмдэглэлд “...Улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...13.2-т заасан нөхцлөөр хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/ эсхүл хүүхдэд нөхөх олговор дахин олгохоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, харин хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар өмнө нь ямар нэгэн байдлаар орон сууц эсхүл түүнийг орлох мөнгө авсан хүмүүст дахин нөхөх олговор олгохгүй байхаар хязгаарласан...” гэсэн тайлбарыг хэлжээ.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд гаргасан Улсын Их хурлын төлөөлөгчийн тайлбар нь дурдсан хуулийн үзэл баримтлалаас зөрөөгүй байна.

г/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл уг хууль   “...хэлмэгдэгчдийг цагаатгах... нэр төрийг нь сэргээх... нөхөх олговор олгох... хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаварыг арилгах...” асуудлыг зохицуулах зорилготой байна. 

Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар учирсан хохирлыг... хуульд заасан үндэслэл журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө.   

Хууль анх батлагдахад хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500.000 төгрөгийн нөхөх олговор олгохоор, ингэхдээ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т нөхөх олговорыг нэг удаа олгоно гэж заасан байжээ.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “нөхөх олговорыг нэг удаа олгох” гэснийг хассан байх тул нөхөх олговорыг дахин олгох буюу энэ нь 13 дугаар зүйлийн 13.2-т ...40 сая болон 80 сая төгрөгийн нөхөх олговор олгох нэмэлт өөрчлөлттэй уялдаатай гэж үзэхээр байна. Иймээс хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, 13.2.2 гэсэн заалтууд нь “нөхөх олговор”-ын талаархи зохицуулалт байхын зэрэгцээ “гэр, орон сууцаа хураалгаж, түүний оронд орон сууц, эсхүл орлох мөнгө аваагүй байх“ нөхцөл шаардаагүй байна.

д/. Дээр дурдснаас гадна хуулийн нэмэлт өөрчлөлт нь өөр 2 нөхцлийг заасан байна. Тухайлбал,

1-рт, Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т заасан нөхөх олговрыг хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд олгохоор хуульчилснаас үзэхэд 13.1-т заасан олговрыг авах эрхтэй этгээдээс ялгаатай, хязгаарлагдсан байна.

2-рт, Хуулийн 23.1-ийн дагуу орон сууц, эсхүл түүний оронд мөнгө  авсан бол дахин нөхөх олговор олгохгүй гэсэн хориглолттой  байна.

2. Хэргийн талаар.

Хэргийн баримтаас үзэхэд Харцагааны Даржаа улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, 1938 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэнийг, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 166 дугаар магадлалаар цагаатгасан бөгөөд  Дүүдэйгийн Лхагва нь хэлмэгдэгчийн төрсөн хүү болох нь тогтоогдсон байна. Эдгээр үйл баримтыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 1998.03.04-ны өдрийн 40/4034 тоот лавлагаанд хэлмэгдэгч Харцагаан овогтой Даржаагийн хөрөнгийн талаар,  бод 50, тэмээ 7, адуу 5, үхэр 4, хонь, ямаа 184, эсгий гэр 1 гэжээ.

Х.Д- 1936 оны Шүүх цааз бичгийн 43, 45, 47-р зүйлээр  ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн ба эдгээр зүйлд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оногдуулна гэж заасан байна.

Харин Х.Д-гийн хэрэгт хөрөнгө хураасан тухай бичиг баримт байгаагүй болох нь тогтоогджээ. Хэлмэгдэгч Х.Д-гийн эхнэр Т.Жанжаа эрт нас барсан, хүү Д.Л-  хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн хүрээнд орон сууц, гэр шаардах эрхтэй субъектэд хамаарахгүйгээс гадна өмнө нь орон сууц, гэр, эдгээрийг орлох мөнгөн олговор авч байгаагүйг Цагаатгалын ажлыг зохион байгуулах улсын комисс тодорхойлжээ.

Дурдсан үндэслэлээр хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1-д зааснаар Д.Л-д нөхөх олговорт 80 сая төгрөг гаргуулж, энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 269 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 104/ШШ2019/0444 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар улсын төсвөөс 80.000.000 төгрөг гаргуулж Д.Л-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар хүсэлт гаргагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ