Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 105/2022/0421/Э |
Дугаар | 2022/ШЦТ/433 |
Огноо | 2022-03-24 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/433
2022 03 24 2022/ШЦТ/433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч Я.Амарзаяа,
шүүгдэгч Б.А, О.М, тэдний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Бын А, Б овогт Оын М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 03979 1461 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М, Б.А нар нь бүлэглэн шууд санаатай, шунахайн сэдэлтээр хохирогч Х.Л, Ц.Наранбаатар нарыг Япон улсад ажиллах визэнд оруулж өгөхөөр иргэн О.Гомбосүрэн, Г.Бат-Амгалан нарт зуучлах явцдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зуучлалын 6.000.000 төгрөгийн урьдчилгааг 14.000.000 төгрөг гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвийн гадна 14.000.000 төгрөгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.М, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 03979 1461 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.М, Б.А нар нь бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Х.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн:
“Би өөрийн нөхөр Наранбаатартай хамт Япон улс руу гарах визэнд орох хүсэлтэй байсан бөгөөд манай нөхрийн эгчийнх нь нөхрийн ах гэх хүн нөхрийн эгч болон гэр бүлээр нь Япон улс руу гаргаж өгнө гээд мөнгөө 14,000,000 төгрөгөөр тохироод бичиг баримт бүрдүүлж өгсөн. Тэгээд 2019 оны 04 сарын 11-ний өдөр А нөхрийн эгчийнх нөхрийн ах гэх хүнтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Сандэй плаза дээр уулзаад манай нөхрийн төрийн банкны данснаас бэлнээр 14.000.000 төгрөг аваад бэлнээр өгсөн. Тэгээд 2019 оны 7 дугаар сар японы улс руу гарах виз гарна гэж М хэлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл виз гаргаж өгөөгүй ба сая 10 сард очиж уулзахад цагдаадаа ханд гэсэн тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Гэрч Ц.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:
А, М нар нь манай хүргэн Дашзэвэгийн ах, бэр эгч нар юм. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Япон улс руу ажилд зуучилж өгнө гэхээр нь итгээд бэлнээр Шөнийн захын үүдэнд Ад өгсөн. 2019 оны 07 дугаар сар гэхэд Япон улс руу явах виз бэлэн болно гэж М хэлсэн боловч одоог хүртэл мөнгө, виз аль аль нь байхгүй байгаа. 2019 оны 7 дугаар сарын 10-ний өдөр Гомбосүрэн манай эхнэрийн 91224810 гэсэн дугаар луу 99023347, 99830550 гэсэн дугааруудаас залгаад Япон улсаас нэр чинь ирчихсэн, цагаан хуудас хүлээж байна. Улаанбаатар хотод хүрээд ир гээд Өвөрхангай аймгаас удсан. Улаанбаатар хотод ирээд юу болж байгаа талаар М, А нараас асуухад 8 дугаар сард болчихно гэж хэлсэн. Тэгээд удаашраад эхлэхээр нь худлаа боллоо гэж бодоод мөнгөө буцааж авъя гэхэд жаахан хүлээж бай гээд байсаар байгаад өнөөдрийг хүрч байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Гэрч О.Гомбосүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2018 оны 1 дүгээр сараас Бат-амгалан захиралтай Амгалан Агада нэртэй Солонгос улс руу гарах иргэдийн зөвлөгөө, Япон руу ажиллах хүч зуучлах чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагад би зохион байгуулалтын менежерээр 2019 оны 7 дугаар сар хүртэл ажилласан. М нь манай ээж Дэлгэрмаагийн төрсөн дүү бөгөөд түүний нөхөр нь А юм. Манай захирал Бат-Амгалан япон улс руу Монгол иргэдийг хилээр гаргадаг, хүмүүсийн материалыг аваад урьдчилгаа 3,000,000 төгрөг аваарай гэж хэлсэн байсныг би хамаатнууддаа хэлсэн ба үүнээс М эгч хамаатнууддаа дамжуулсан байсан. Тэгээд түүний нөхөр Агийн хамаатан Л гэх японы анкет, гадаад паспорт, цээж зураг гэх мэт зүйлүүд өгөөд дээр нь урьдчилгаа өгсөн байсныг над руу А миний хаан банкны 5070204187 дугаарын данс руу 2019 оны 04 сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, гүйлгээний утга дээр А Батбаяр гэсэн нэртэй орж ирсэн. Би үүнийг захирал Бат-амгалангийн 5041187392 гэсэн данс руу шилжүүлсэн. Би тухайн үед өөр бусад хүмүүсээс урьдчилгаа мөнгө авдаг байсан ба үүнийгээ бөөгнүүлж байгаад нэг гүйлгээгээр Бат-амгалан руу шилжүүлдэг байсан. Би анх Л гэх хүнээс М ,А нар хэдэн төгрөг авсныг нь мэдээгүй ба 2 хүний урьдчилгаа 6,000,000 төгрөгийг би буцаагаад Л гэх хүнд шилжүүлж дуусгахад надтай утсаар ярихдаа “чамаас 14,000,000 төгрөг авна, үлдэгдэл мөнгө” гэж хэлэхэд нь мэдсэн. Тэгээд би яагаад надаас үлдэгдэл мөнгө гэж нэхээд байгааг нь би М, А нараас асуухад “өөрсдөө тохироод, төлөөд барагдуулна” гэхээр нь орхичихсон. А, М нар нь өөрсдөө хэд хэдэн худалдаа арилжаа, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулдаг байсан болохоор нь 8.000.000 төгрөг асуудалгүй байх гээд орхичихсон гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,
Гэрч Г.Бат-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2018 оноос эхлээд багшийн дээдийн тэнд Япон улс руу ажиллах хүчин зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн үед Гомбосүрэнтэй хамтран ажиллаж байсан. Гомбосүрэнгээр дамжуулан Мтай танилцаж 1 удаа уулзаж байсан. Мд Гомбосүрэн япон улс руу ажиллах хүчин гаргаж байгаа гэж хэлснээр М хүн бүртгүүлье гэж хэлсэн байсан. Мтай уулзахдаа бол энэ чиглэлээр хүн зуучлах, бүртгүүлэх, хилээр гаргах талаар бол ярьж байгаагүй. Мгаар дамжиж орж ирсэн бүртгэлийг бол Гомбосүрэн хийж байсан. Тухайн үед нэг хүний 3.000.000 төгрөг урьдчилгаа авч байсан ба Мтай холбоотой Гомбосүрэнгээс дамжуулан 5 иргэний 15.000.000 төгрөг авсан. Бүртгүүлсэн 5 хүний 3 иргэний япон улс руу гарах эрх урилга Монгол улсад ирсэн. 2 хүний урилга ирээгүй тул авсан мөнгөө буцаагаад Гомбосүрэнгээс дамжуулан 6.000.000 төгрөг өгсөн. Тухайн үед олон иргэдийн бүртгэл хийгдээд буцаалт мөн хийж байсан болохоор дансны хуулганаасаа сайн харахгүй бол одоо буцаан шилжүүлсэн он сараа мэдэхгүй байна. Дансны хуулгаа харвал хэлж чадна. Гомбосүрэн, М нартай би одоо ямар ч тооцоо байхгүй. Би Мд шууд мөнгө шилжүүлж буцааж байгаагүй, Гомбосүрэн рүү шилжүүлдэг байсан тул дансны хуулгаараа тооцоо нийлчихсэн байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
- хохирогчийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, шүүгдэгч О.Мгийн тайлбар /хх-ийн 14-16/,
- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “...О.Гомбосүрэнгээс хаан банкны 5070204187 дугаарын дансны 2 ширхэг хуулгыг 2021 оны 01 сарын 09-ний өдөр хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 43-46/,
- хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49-53/,
Шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Манай хамаатны дүү Гомбосүрэн Бат-Амгалан гэх хүнтэй хамтарч гадаад улс руу ажиллах хүч гаргаж байгаа гээд явуулах хүн байвал хэлээрэй гэхээр нь би ойрын хамаатнууддаа хэлсэн. Би өөрийн төрсөн дүү Дашзэвэг болон манай дүүгийн хадам Наранбаатар, Л нараас мөнгө авч Бат-амгалан, Гомбосүрэн хоёрт дамжуулан өгч зуучилсан. Бат-амгалан гадаад руу хүмүүс гаргаж чадахаа болилоо гээд мөнгөө буцааж өгөхөөр болсон. Уг нь явах гэж байгаа гээд гадаад хэлний сургалтад хүртэл хамруулаад л байсан боловч бүтэхгүй болчихсон. Гомбосүрэн авсан мөнгөнөөс 7,000,000 төгрөгийг буцааж өгсөн ба бид хоёр буцааж төлөх ёстой байсан үлдэгдэл 7,000,000 төгрөгийг коронагаас болоод буцааж Наранбаатар, Л нарт төлж барагдуулж чадахгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 83/,
Шүүгдэгч О.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Манай хамаатан Гомбосүрэн гадаад улс руу ажиллах хүч гаргаж байна, хүн гаргавал хэлээрэй гэхээр нь би өөрийн охин болон хүргэнээ явуулахаар сургалтад суулгаж байх үед Наранбаатар, Л нар хадам дүү Алтанцэцэгээр дамжуулан холбогдож мөн гадаад руу гарах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэгээд би Гомбосүрэн, Бат-Амгалан нартай холбогдож Наранбаатар, Л нараас 14,000,000 төгрөг авч тэр хоёрт зуучилж өгсөн. Тэгээд явах нь бүтэхгүй боллоо гээд Гомбосүрэнгээс цувуулж байгаад 7,000,000 төгрөгийг коронатай холбоотой ажилгүй байгаа тул төлж барагдуулах боломжгүй удаад байгаа. Би зээл авахаар уг нь хөөцөлдсөн боловч санхүүжилтгүй байгаа гээд 05 сараас хойш хариу өгөөгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 90/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Агийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 54 ар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 68/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 69-71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/,
шүүгдэгч О.Мгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 56/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 59/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 60/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 61-65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.А, О.М нар бүлэглэн шууд санаатай, шунахайн сэдэлтээр хохирогч Х.Л, Ц.Наранбаатар нарыг Япон улсад ажиллах визэнд оруулж өгөхөөр иргэн О.Гомбосүрэн, Г.Бат-Амгалан нарт зуучлах явцдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зуучлалын 6.000.000 төгрөгийн урьдчилгааг 14.000.000 төгрөг гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвийн гадна 14.000.000 төгрөгийг хууль бусаар өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгч Б.А, О.М нар нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай байна.
Хохирогч Х.Лд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байх ба хохирогчид шүүх хурлын тов мэдэгдэхээр залгахад “хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу зохих арга хэмжээг авч өгнө үү” гэснийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А, О.М нар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байна.
Шүүгдэгч Б.А, О.М нарыг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Б.А, О.М нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар тус бүрийг нь торгох ялыг хамгийн бага хэмжээгээр шийтгэж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч М овогт Бын А, Б овогт Оын М нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, О.М тус бүрийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, О.М нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч Б.А, О.М нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, О.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ