Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/331

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч Ё.Ц /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Ц холбогдох эрүүгийн 1902 00800 0244 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, Ё.Ц, 1964 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Баянзурх дүүргийн 26 дугаар хороо, Элизабет хотхон, 220 дугаар байрны 75 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар: ..

 

Шүүгдэгч Ё.Ц нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт заасан "мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай", 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасан "энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхээ урвуулан ашиглах", 27.1.18 дахь хэсэгт заасан "шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа "шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох",

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах", 7.1.6 дахь хэсэгт заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх", 7.1.7 дахь хэсэгт заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх",

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухайхуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан "Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно",

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 37.1.2 дахь хэсэгт заасан "Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, эрүүгийн 1802000680038 дугаартай Н.Мд холбогдох хэргийг хянаж байхдаа О.Дгийн өөрийн хүү Н.Мд оногдуулах ял, шийтгэлийгхөнгөрүүлэх ашиг сонирхлын үүднээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөгч О.Дгээс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр.хороо, Макс таур барилгын 4 дүгээр давхрын 401 тоот өрөөнд өөрийн танил Л.Бгаар дамжуулан бэлнээр 5.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ё.Ц нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байх үед эрүүгийн 1802000680038 дугаартай хэргийн шүүгдэгч Н.Мд сонсгосон зүйлчлэлийг өөрчлөн, ялын хөнгөрүүлж шийдвэрлэхээр түүний эх, хахууль өгөгч О.Дгээс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Макс таур барилгын 4 дүгээр давхрын 401 тоот өрөөнд өөрийн танил Л.Бгаар дамжуулан бэлнээр 5.000.000 төгрөгийн хахууль авсан болох нь:

шүүгдэгч Ё.Цаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Ё.Цаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр буюу энэ мөнгө авсан өдөр намайг ажил дээрээ хүрээд ирээч гэж дуудсан. Би түүний ажил байдаг Макс таурын 401 тоот өрөөнд нь очсон. Өрөөнд нь очоод Б уулзахад М гэж хүн хэрэгт холбогдоод чам дээр байгаа юм, би ээжийг нь таньдаг юм, би Ц гэдэг туслах өмгөөлөгчөө оруулна гэсэн. Б надад энэ хүнд тэнсэн өгөх боломж байна уу гэсэн, би өөрийн хянаж байгаа хэргүүдээ уншсан байсан учраас би энэ хүний хар тамхины хэрэг дээр тэнсэн өгөх боломжгүй, харин зүйлчлэлийг нь хөнгөрүүлж болох юм шиг харагдсан гэж хэлсэн. Би түүнд байнга гэдгийг нь үргэлжилсэн үйлдлээр болгоод ялыг багасгах боломж байгаа талаар хэлсэн. Б шүүгч шоронд явуулчихмааргүй юм байна, айлын ганц хүүхэд байгаа юм гээд байсан. Тэгээд өрөөнд нь уулзаад сууж байхад Б шүүгч дүүдээ баярлаж явдаг шүү, эгч нь том ажил авчихсан хийж байгаа, дүүдээ хоолны мөнгө өгчихье гээд надад ууттай юм өгсөн. Түүнийг нь үзэхэд зангиа, дэнс /фемида/, дэнсний хайрцаг дотор мөнгө хийсэн байсан. Тухайн үедээ харчхаад өрөөнөөс нь гарч яваад ажлын өрөөндөө очоод мөнгийг нь үзэхэд 5 сая төгрөг байсан. Тэгээд түүнээс хойш М холбогдох хэргийг шүүх хурлаар хэлэлцээд хар тамхийг байнга худалдсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байсныг нь үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж дүгнээд ялыг нь 2 жил болгож шийдвэрлэсэн..Миний хувьд энэ хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэхээр мөнгө авсан нь үнэн. Энэ үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг /5хх-139-140/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолд тодорхойлох хэсэгт “....Шүүгдэгч Н.М нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг байнга тогтвортой худалдсан гэдэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна, ...Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.М нь Д.Ш-ийн гуйлтаар ..3 удаа худалдсан нь гүйцэтгэх ажлын шугамаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдсон, ..Шүүгдэгч Н.М нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг зөвхөн нэг субъектэд 3 удаа өгсөн, ..Н.Мд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.. Тогтоох нь: ...1.Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж өөрчилсүгэй. 2.Н.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг ..үйлдсэн гэм буруутайд тооцсугай. З.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 2 жил хорих ялаар шийтгэсүгэй..”гэсэн хэсэг /хх-220-224/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 19-ний өдрийн 62/1 дугаартай захирамжид: “..“Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай шүүгчийн захирамжид “...яллагдагчийн өмгөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.М үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдээлдэг, мөрдөн байцаалтын явцад ээдрээ төвөгтэй байдал илрээгүй, иймд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлгүй байна..” гэсэн хэсэг /1хх-246/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 597 дугаартай шүүгчийн захирамжид: “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай" шүүгчийн захирамжийн "...захирамжлах нь хэсэгт ...3. Хэргийг шүүгч дангаараа хянан шийдвэрлэхийг дурдсугай, ...шүүгч Ё.Ц..” гэсэн хэсэг, /1хх-248/

Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтэст өмгөөлөгч М.Ц бичгээр гаргасан тайлбар: “..М.Ц би Өмгөөллийн консэнт ХХН-д хуульчаар 2016 оны 05 дугаар сараас 2019 онд ажиллаж байсан болно. Энэ хугацаанд тус хуулийн фирмд иргэн Н.У, Н.М нарт хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр ажиллаж байсан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгт хамаарал бүхий асуудлаар тайлбар, гэрчийн мэдүүлэг өгөх боломжгүй байна. Жич: Өмгөөллийн консэнт ХХН-д хуульчаар ажиллаж, цалин хөлс авдаг байсан болно..” гэсэн тайлбар /2хх-13/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /2хх-20-21/, Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх-197-198/, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 01/409 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг /5хх-95/, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 54, 55 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол /5хх-113-116/, Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажпын хэлтсээс А-93 дугаартай прокурорын зөвшөөрлөөр явуулсан нууц мөрдөн шалгах ажиллагааны магадалгаа, шүүгдэгч Ё.Цы иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-144/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5хх-94/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ё.Ц нь хахууль өгөгч О.Дгээс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр.хороо, Макс таур барилгын 4 дүгээр давхрын 401 тоот өрөөнд хахуул өгөгчөөс “шийдвэрлэж буй хэргийн шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэн, өөрчилөх” зорилгоор өөрийн танил Л.Бгаар дамжуулан бэлнээр 5.000.000 төгрөгийн хахууль авсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч Ё.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ё.Цаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ё.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдлыг харгалзаж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 сая төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ё.Цд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ё.Цгаас Авлигатай тэмцэх газрын хохирлын нөхөн төлбөр төлөх 100900000717 дугаартай төрийн сангийн дансанд 5.000.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ё.Ц нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди, нууц ажиллагааны магадлагаа зэргийг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ё.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ё.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Цд оногдуулсан 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 сая төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ё.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ё.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди, нууц ажиллагааны магадлагаа зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ё.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХБАЯР