Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 105/2022/0414/Э |
Дугаар | 2022/ШЦТ/436 |
Огноо | 2022-03-24 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,
улсын яллагч К.Чимгээ,
шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Уын Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0617 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эхийн 7 дугаар гудамжны 1899 тоотод иргэн Д.Отэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгой хэсэгт үхрийн сээрний ясаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч У.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 0617 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч У.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Оийн мөрдөн байцаалтад өгсөн:
...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагийн үед багын найз Э юм канондоно гээд миний автомашины хэрэг гараад очсон. Эын гэрт очиход Мишээл гэх Эын найз нь найз залуу Цээгийтэй хамт гэрт нь байсан. Бид хэд нийлээд 2 литрийн савлагаатай Сэнгүр пиво уусан. Орой Мишээл, Цээгий хоёр яваад өгсөн. Э бид хоёр үлдсэн пивыг уусан. Бид хоёр маргалдсан байсан. Би согтуу байсан учир санахгүй байна. Нэг мэдсэн миний толгойноос цус гарсан байсан. Э миний толгой руу сээрийн ясаар цохисон байсан. ... надад санал, гомдол байхгүй, найзууд юм чинь муудалцах зүйл байлгүй яах вэ ... гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,
Гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Э бид хоёр гэртээ байсан. Тэр өдөр 12 цагийн үед манай найз Эоор шивээс хийлгэхээр манай гэрт ирээд 18 цагийн үед хийж дууссан. О нь өглөө манай гэрт хүн ирсэн байна гээд манай гэрт өдөр байсан. Э нь шивээсээ хийж дуусгаад Отэй хамт 2 литрийн Сэнгүр пиво 2 ширхгийг уусан. Би бол уугаагүй. Э, О нар манай ээжид сүү авч ирж өгсөнгүй гэх шалтгаанаас болж маргалдаж байх үед Оийн найз охин Дүүрэнжаргал Оийг авч явах гээд манай гэрт ирсэн. О явахгүй гээд хэрүүл болж байх үед хадам ээж урд гэрээс орж ирээд одоо боль, гэр орондоо харь гээд Оийг гаргах гэж байгаад өөрөө санамсаргүй унахад Э ээжийг унагаачихлаа гэж бодоод ширээн дээр байсан үхрийн сээр ясыг аваад толгой хэсэг рүү цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1830 дугаартай:
“Д.Оийн биед дагзны төвгөрт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүссэн байна. Бусадтай тэмцэлдсэн ул мөр тогтоогдоогүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь 1 хоногийн өмнө үүссэн байна” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,
-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, БЗДЦГ, ЦХ-2, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 02-03/,
- мөрдөгчийн 2022.03.03-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 51/,
Шүүгдэгч У.Эын мөрдөн байцаалтад өгсөн:
2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ хүнд шивээс хийж өгч байгаад өдрийн 13 цагийн үед найз Оийг гэртээ дуудаад бид 2 юм канондуулаад гэр рүүгээ Отэй цуг явсан. Тэгээд би шивээс хийж байх үед О шивээс хийлгэж байсан хүмүүстэй ганц пиво уугаад удалгүй надаар шивээс хийлгэж байсан хүмүүс яваад өгсөн. О бид хоёр үлдээд хоёр Сэнгүр пиво уугаад байж байх үед Оийн найз охин Дүүрэнжаргал хүрч ирээд Оийг авч явах гэхэд явахгүй байсан. Гэрт манай ээж Амаржаргал орж ирээд Оийг яв, гэртээ харьцгаа гэх үед ээж газар унасан. Яагаад унасныг мэдэхгүй байна. Би Оийг ээжийг унагаачихлаа гэж бодоод ширээн дээр үхрийн шийрийн ясаар толгой руу нь нэг удаа цохисон. Оийн толгойноос цус гоожоод байхаар нь би цусыг арчиж өгсөн. Удалгүй цагдаа ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 31/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч У.Эын цагдаагийн АСАП сангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас У.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.Э нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирлыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч У.Эын хохирогч Д.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар хохирол нэхэмжлээгүй байх ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч У.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч У.Эод ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Уын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Эод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ