| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2022/0413/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/438 |
| Огноо | 2022-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/438
2022 03 24 2022/ШЦТ/438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар эрүүгийн 2106 04306 0157 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд шүүгдэгч Г.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 01 дүгээр хэсэг Баатархайрханы задгай тоотод иргэн С.Тг гэртээ оруулсангүй гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт цохиж, дух, хоёр хацар, баруун шуунд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байх үед манай урд айлын Г манайд ирээд гар утас цэнэглээд өгөөч гэж хэлэхээр нь би гар утсыг гэртээ оруулж цэнэглэхэд Г нь манайд архи байна, та ганц татах уу гэж хэлэхээр нь би Гийн гэрт ороод бид хоёр тус бүр 2 хундага архи уугаад би гэртээ орсон. Гэртээ ороод удаагүй байх үед хаалга цохихоор нь би Гийг гар утсаа авахаар ирсэн байна гэж бодоод түүний гар утсыг аваад гаргаж өгөхөд Г миний нүүрэнд гараараа нэг удаа цохиод “танай гэрт орсон хүнийг яадаг юм бэ” гэж хэлээд гэрт орж ирээд нүүрэнд гараараа 2 удаа цохиод миний өмссөн цамцаар хоолой боох гээд байхаар нь би гэрээсээ гарч зугтааж охиныхоо гэрт очсон. Гэтэл охин цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч Т.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 18 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 02 дугаар хэсэг задгайд гэртээ байх үед манайхаас холгүй байх төрсөн эцэг Тгийн дух нь хавдаж шалбарсан, завж болон амаас нь цус гарсан, өөрөө нэлээд айж амьсгаадсан байдалтай, дан пудволкатай манай гэрт ирсэн. Би хэсэг хугацаанд эцгийгээ тайвшруулж байгаад юу болсон талаар асуухад манай аавын хөрш Г гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний аавыг өөрийг нь гэрт оруулсангүй гэх шалтгаанаар гэр рүү нь дайрч орон түүнийг зодож, духаар нь шал мөргүүлж, хувцсаар нь боосон гэж хэлсэн. Миний эцэг хувцсаар нь бооход амьсгал давхцахын эрхээр хувцсаа тайлж боолтоос нь мултарч пудволкатайгаа зугтан манай гэрт ирсэн гэж хэлсэн. Би тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11787 дугаартай:
“С.Тгийн биед дух, хоёр хацар, баруун шуунд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/,
Шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
... манай хөршийн хөгшин болох Т хашааныхаа гадаа зогсож байсан ба та юу хийж зогсож байгаа юм бэ гэж асуухад ахынх нь дотор муу байна, дотроо засчих санаатай гэж хэлэхээр нь би та миний гар утсыг гэртээ цэнэглээд өгчих, цэнэглэх хооронд нь хоёулаа манай гэрт байгаа 1 шил архийг хувааж ууя гэж хэлэн Т ахыг гэр рүүгээ дагуулж явсан. Манай гэрт ороод Т ах бид хоёр архинаас аяганы талаар тус бүр 2 удаа хийж уугаад байж байх үед Т ах гэр рүүгээ явсан ба би удалгүй араас нь очиж гэр рүү нь орох гэхэд чи яах гээд байгаа юм бэ гээд намайг оруулахгүй байсан. Тэгэхээр нь би би утсаа аваад явах гэсэн юм, ах аа гэхэд чиний утас надад байхгүй гээд өгөхгүй байхаар нь би Т ахын цээж рүү 1 удаа түлхэхэд над руу Т ах дайрсан. Тэгэхээр нь би түүний нүүрэнд гараараа нэг удаа цохиход би чамайг хүүхдэдээ хэлнэ гээд миний хажуугаар гүйгээд гараад явсан. би гэртээ ороод хөнжлөө нөмрөөд хэвтэж байх үед Т ахын хүүхэд Чука миний зүүн шанаанд хоёр өшиглөөд гараад явсан. Удалгүй цагдаа нар зөрж орж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
- зөрчлийн талаарх амаар болон харилцааны холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Гийн цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-ийн 29-40/, иргэний үнэлэхийн лавлагаа /хх-ийн 41/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-ийн 42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53/, хувийн байдлын талаарх баримт /хх 54-58/ зэрэг баримтыг судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь С.Тгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Г.Гийн иргэн С.Тгийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч С.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх ба түүнд хурлын тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан хуульд заасан бага хэмжээгээр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сд овогт Гын Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая гурван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ