Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/460

 

                                                                                                                      

 

 

     2022         03          29                                     2022/ШЦТ/460

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Хорлоо,   

Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,

Хохирогч Б.З,

Шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Цд холбогдох эрүүгийн 2206 00100 0372 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

О.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Интернешнл” зочид буудлын 1 давхарт хохирогч Б.Зтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, хамарт цус хуралт, баруун зүүн ухархайн дотор хана, хамрын зүүн хажуу ханын хугарал, хамрын таславч мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                        

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00100 0372 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч О.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө хоёр найзаа Оюунгэрэл, Цэнд-Аюуш нарыг машинд суулгачхаад тухайн буудлын 813 тоотод байх Мөнхзаяатай уулзчихаад ирье гэж хэлчхээд ганцаараа Интернешнл зочид буудал орсон. Буудалд ороод дээшээ лифтээр гарах гэсэн чинь миний санаж байгаагаар тек дээр байсан энгийн хувцастай, надаас бага зэрэг намхан 25-28 орчим насны туранхайвтар залууд надад хандаж дээшээ ороод найзтайгаа уулзчихаад ирье гэтэл оруулахгүй, тийм хүн байхгүй гэх утгатай зүйл яриад лифтний ойролцоо маргалдаад бие биеэ түлхсэн. Тэр залуу уурлаад шууд баруун гараараа миний нүүр хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Би цохиулаад шууд хойшоо ухарсан. Удалгүй хамраас цус гарч эхэлсэн. Би тэр намайг цохиулсан залуугаас хамрын тавлагчийн мурийлтыг засуулах мэс засалд орох зардлыг авмаар байна. Би гэмтлийн эмч хүн учир ямар хагалгаанд орохоо мэдэж байгаа. ЭМЖЖ эмнэлэгт хийлгэнэ. Хагалгааны төлбөр 2021 оны тарифаар үндсэн үнэ 3,600,000 төгрөг байгааг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлүүлбэл 1,790,600 төгрөг болдог. Тодорхой хугацаанд ажилдаа яваагүй байх хугацааны цалин /14 хоногоор/ тооцоно. Би АШУҮИС-д гэмтэл согог судлалын багшаар ажиллаж, мөн Монгол Японы эмнэлэгт гэмтэл согогийн эмчээр ажилладаг. Иймд би нийт 3,000,000 төгрөг нэхэмжилнэ...”  гэх мэдүүлэг /хх.15-16, 18/, 

Түүний шүүх хуралдаанд өгсөн:

“2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэг найз маань “Интернешнл” зочид буудлын 813 тоотод нэг найз маань байна тийшээ хүрээд ирээ гэсэн. Цэндсүрэн, Оюунгэрэл бид 3 Интернешнл зочид буудалд очоод ресепшн дээр нь очоод “813 тоот руу орох гэсэн юм аа хүнтэй уулзах гэсэн юм аа” гэсэн “тийм нэртэй хүн байхгүй байна” гэж шалгасны дараа хэлсэн. Найзтайгаа ярихаар энд байна гэж хэлсэн. Тэгээд ресепшнтэй яриад байж байтал 2 гадуур хувцасгүй залуу орж ирээд “ямар янхнууд нь ороод ирсэн юм бэ” гэсэн. Тэгээд би “юу гэнэ ээ” гээд уурлаад маргалдсан. Тэгээд 2 найзыгаа машиндаа ороод хүлээж бай гэсэн. Лифтэнд ороод буцаад гарах гэхэд тэнд ямар нэгэн хил хамгаалахын хурал цуглаан болоогүй байсан. Тэгээд “согтуу хүнийг дээш нь гаргахгүй” гэсэн юм хэлээгүй. Би “ороод гялс уулзаад гараад ирье” гэж хэлсэн. Орох гэтэл нэг залуутай маргалдсан. Би цохисон зүйл байхгүй байгаа. Сүүлд байцаагч хөл дээр нь гишгэсэн байна гэж хэлсэн. Тэр үед нь шууд маргалдаад энэ залуу нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгэхэд хамраас нь шууд цус гарч эхэлсэн. Ингээд тэр үед намайг ингэлээ камерын бичлэг гаргаад өг гэсэн. Манай камерын бичлэг 1 сараар хадгалагддаг гэсэн. Тухайн үед тэр залуу үйлчлэгчээрээ шалны алчуураар гоожсон цусыг арчуулах гэхэд би арчуулаагүй. Цагдаа иртэл ингээд байж байг гэж хэлсэн. Манай найз яасан юм хүн амьтан зодсон юм уу гээд том дуугаар хэлж өмөөрсөн. Тухайн үед 2 цагдаа орж ирээд цагдаагийн хэлтэс рүү явсан байгаа.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Цэндээгийн найз Мөнхзаяа гэх эрэгтэй залгаад Цэндээ, З бид гурвыг Интернэшнл нэртэй зочид буудалд байна хүрээд ир гэсэн. ... 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Интернэшнл зочид буудалд очсон. Тэгээд тухайн зочид буудлын 1 давхраас лифтээр дээшээ гарах гэж байтал, лифтний баруун талд зогсож байсан бор цамцтай 160-165 орчим өндөртэй, 40 орчим насны бор цамцтай залуу бид гуравт хоёр янхан гэж хэлсэн. З, бид гурав тэр залууд уурласан. ... Золоо, Цэндээ бид хоёрыг гадаа машинд оруулчхаад буцаад буудал руу орсон. Ороод 20 орчим минут болсон. Араас нь ортол З лифтний наана хамраас нь цус гарсан, харахад шалан дээр нэлээн их хэмжээний цус гоожсон байдалтай байсан. Нэг чөргөр залууд би “яахаараа зүгээр байсан хүний хамраас цус гаргачихдаг юм” гэж уурласан.” гэх мэдүүлэг /хх.23-24/,

 

Гэрч А.Мөнх-Үйлсийн мөрдөн байцаалтад өгсөн:

“... Ц менежер тэр ахыг лифтнээс татаж гаргасан. ...тэр ах Цээ менежертэй зууралдаад байсан. Тэгж байгаад Цээ менежер “яах гээд байгаа сда бэ” гээд баруун гарынхаа алгыг дэлгэж байгаад биерхүү ахын нүүр хэсэг рүү түлхсэн. /мангасдасан/ Нөгөө хүний хамраас жаахан цус гарсан.” гэх мэдүүлэг /хх.27-28/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 187 дугаартай:

“Б.Зын хамарт цус хуралт, баруун зүүн ухархайн дотор хана, хамрын зүүн хажуу ханын хугарал, хамрын таславч мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх.34-35/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.07/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3-10/,

 

Шүүгдэгч О.Ций мөрдөн байцаалтад өгсөн:

“...Би танай буудалд өрөө авъя гэсэн, тэгэхээр нь манай буудлын дүрэмд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэж хэлсэн, тухайн үед хил хамгаалах ерөнхий газраас сургалтад суусан ангийн захирагч нар нэг давхарт ирээд байрлаж байсан давхрууд болох манай буудлын 6, 7 давхар руу лифтээр зорчиж байсан учраас оруулахгүй, боломжгүй байна гэж хэлээд орхичихсон байхад тэр залуу лифт рүү гүйгээд дээшээ гарах гээд байсан юм. Тэр үед Хил хамгаалахын дарга нарын жолооч нар нөгөө залууд “чи дараагийнхаар нь явчих, эхлээд дарга нар дээшээ зорчиг” гэж хэлсэн. Тэр залуу “би 8 давхарт орж найзтайгаа уулзана гээд зүтгээд.удаа дараа хүчээр лифт рүү орж байсан. Би ресепшн болох Мөнх-Үйлстэй хамт лифтнээс татаж гаргаад лифтний урд хэсэгт “Та найзтайгаа уулзахаар бол нэг давхарт дуудаад кофе шопд уулзчих, манайх бүртгэлгүй хүнийг дээш нь гаргадаггүй юмаа’’ гэж хэлсэн.

Ингэж хэлэнгүүт тэр залуу намайг “Чи муу яасан овоо бацаан бэ” гээд эхэлж миний цээжин тус газар гараа зангидаж байгаад, цээж рүү 1 удаа цохисон. Тэгээд би арагшаа ухраад зогсож байхад Мөнх-Үйлс ирээд тэр хүнд “Та болиоч дээ ахаа” гээд миний биеэс холдуулсан. Энэ үед Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангийн захирагч хурандаа Баттулгын жолооч гэсэн 30 гаруй насны залуу, Мөнх-Үйлс, манай захирал Бат-Орших болон бусад жолооч нар энэ үйл явдлыг ажиглаж байсан. Тэр залуу агсарч гүйж ирээд. “Чам шиг муу бацааныг мэдэхгүй юм байна шүү, муу аалзаа үйлчлүүлэгч хаан гэж мэдэх үү чи” гэх мэтээр хэл амаар доромжлоод миний нүүрэн тус газар зүүн гараа зангидаж байгаад зүүн шанаа руу 1 удаа цохисон, энэ цохилт нь оноогүй. Ингээд тэр хүн 2 дахь удаагаа баруун гараараа миний баруун хацар руу цохисон энэ үед би өөрийгөө хамгаалаад рефлексээрээ баруун гараараа 1 удаа нүүр лүү нь түлхсэн /мангасдсан/ тэгээд би түүнд та одоо давраад байгаарай, үйлчилж байгаа хүн боол болоод цохиж зодуулж болдог юм байна тэ? гэж хэлсэн. Ингэж хэлээд тэр хүрч ирээд “Чи муу яасан овоо гар вэ" гээд миний зүүн хөлийн хуруунууд дээр хүчтэй гишгэсэн. Тэр залуугийн хамраас бага зэрэг цус гарч эхлэхэд шууд “Би танайхыг хаалгана, та нар дарга нарт үйлчилдэг юм байна, телевиз дуудаж согтуу хүнд үйлчилдэггүй гоё газар гэж сурталчилна'' гэх мэтчилэн манай байгууллагын нэр хүндэд халдсан.” гэх мэдүүлэг /хх.20/,

Түүний шүүх хуралдаанд өгсөн:

“2022 оны 12 дугаар сарын 07-ны 11-12 цагийн үед манай ресепшин над руу залгаад доор хүмүүс агсам согтуу тавиад байна та ирэх үү гээд би дээр хүлээн авалттай хүмүүстэй уулзаж байгаад буугаад очсон. Доошоо бууж ирэхэд өөр нэг залуутай муудаж байсан. Тэгэхэд нь салгасан гээд манай ресепшин хэлсэн. Дээшээ найз руугаа орно гэхээр нь манай репепшн “дээшээ орж болохгүй манайх архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг дээш нь оруулах боломжгүй та уулзмаар байгаа бол найзаа дуудаад уулзчих” гэж зөндөө удаа өөрт нь танилцуулсан. Дээрээс нь манай компанийн дүрэм журамд ингэж заасан байдаг. Бид нар дээшээ оруулах юм бол өөрсдөө асуудалд орно гэж хэлсэн. Тэр үед хил хамгаалахын сургалт зохион байгуулж байсан болохоор ангийн захирагч нар дээшээ гарах гэж байсан. Тэгээд хохирогчийг лифтээр гарах гэхээр нь эхлээд бид нар  явъя дараа нь чи зорччих гэж тэр хүмүүс хэлсэн. Тэр үед Мөнх-Үйлс бид хоёр түр ийшээ гарж бай ахаа энэ хүмүүсийг эхэлж гаргасны дараа болоо та найзыгаа дуудаад уулзчих  гэж хэлсэн. Лифтнээс татаж гаргах гэхэд лифтний урд 2, 3 удаа намайг цохисон. Тэгээд буцаагаад түлхсэн өөрөө надаас ямар ч салах боломжгүй зуурсан байсан. Тэгээд хамраас нь цус гарсан ийм зүйл болсон.” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч О.Ций хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.45-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч О.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.З болон гэрч Б.Оюунгэрэл, А.Мөнх-Үйлс нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч О.Ций хохирогч Б.Зын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байхдаа бусдыг үл хүндэтгэн харьцсан харьцаа, тухайн байгууллагын ажилтаны тавьсан шаардлагыг тоогоогүй тэвчээргүй зан болох зүй бус үйлдэл шууд нөлөөлжээ.

 

Хохирогч Б.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийн талаарх нотлох баримт гэж ямар ч нотлох баримт гаргаж хэрэгт хавсаргаагүй байна.

 

Хамрын хагалгаа хийлгэхэд төлөх төлбөр гэж нэхэмжилж байгаа нь хохирогчид учирсан гэмтлийг эмчилчихсэн байгаа эмчилгээний зардал бус ирээдүйд хийгдэх эмчилгээний зардал байна. Шүүх ирээдүйд хийгдэх төлбөр тооцоог урьдчилан тооцоолж гэмт хэргийн улмаас учирчихсан байгаа зардалд тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, зохицуулалтгүй болно. Хохирогч нь уг хагалгааг хийлгэж, эмчилгээ үйлчилгээ аван төлбөрийг төлснөөр уг төлбөр төлсөн баримтыг шүүх үнэлэх боломж бүрддэг эрх зүйн орчин одоогоор манай улсад үйлчилж байна. Учир нь уг нэхэмжлэхийн хэмжээ ирээдүйд хийгдэх учир нэмэгдэж болон хасагдаж болдог.

 

Иймд нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлтэй холбогдох хууль ёсны баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

 

Харин хэрэгт авагдсан ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлт, КТГ-ийн шинжилгээ зэрэг баримтууд нь хохирогчийг тодорхой хэмжээний төлбөр төлж эрүүл мэндийн үйлчилгээ авсныг нотлож байх бөгөөд хохирогч санхүүгийн баримтаар хохирол нэхэмжэлээгүй учир түүний уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч О.Ц нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бн овогт Оийн Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цийг таван зуун дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун дөчин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах зардлын талаарх нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлж шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ