Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/467

 

 

                                                                                                                      

 

  2022        03           30                                    2022/ШЦТ/467  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Бийн Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0768 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр С захын орчимд такси үйлчилгээгээр үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Стай таксины мөнгө төлөхгүй гэх асуудлаар маргалдаж улмаар хохирогчийн эзэмшлийн 68-64 УНВ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн арын гуперийг хөлөөрөө өшиглөж гэмтээсний улмаас хохирогч Б.Ст 420.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж бусдын эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 0768 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Б.Сын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2022 оны 02 дугаар сарын 22-ны шөнө өөрийн Тоёота Приүс 20 маркийн 68-64  УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хувиараа таксинд явж байхад 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Гадаа Хэргийн яамны хажуу талын гэрлэн дохион дээр нэг үл таних архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүн такси барихаар гар өргөөд зогсож байхаар нь би авсан. Тухайн 30 орчим насны эрэгтэй хүн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сын аюулгүйн тойрог орно гэсэн тул би 1 км замыг 1500 төгрөгөөр бодож явсан ба тухайн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сын аюулгүйн тойрог буюу С захын ар талын автобусны буудал дээр очиход тухайн залуу нь надад хандан буцаад Дарь эхийн уулзвараар эргээд яв гэсэн тул би буцаад Дарь эхийн уулзвар руу буюу Сын шатахуун түгээх станцын арын автобусны буудал дээр очсон. Дахин буцаад Сын тунел ороод буцаад КТМС-ийн ойролцоо байдаг Молор нэртэй зочид буудлын хажууд очсон. Мөн адил буцаж яв гэсэн тул Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо С захын хажуу талд буюу ертөнцийн зүгээр зүүн талын туслах замаар эргээд 2 орон сууцны хажуу талд очоод зогссон. Би өөрийн нийт явсан км-ийг харахад яг 10 км газар явсан байсан тул төлбөрийн мөнгө гэж 15,000 төгрөг нэхэхэд тухайн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үл таних залуу нь надад бэлэн мөнгө байхгүй, би Хаан банкны бэлэн мөнгөний машин орно гэсэн тул би Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Хаан банкны бэлэн мөнгөний машин орно гэсэн тул бэлэн мөнгөний машин дээр хүргэж өгөхөд дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж хэлээд мөнгө авч чадаагүй ба энэ үед надаас надтай цуг явсан дүү хаана байна, миний хамрыг цохичихсон, миний хамрын далийсан байна уу хардаа гээд надад өөрийн хамраа машинд явж байхад голын толинд харуулсан. Миний харснаар хамар нь зүүн тал руугаа далийсан байсан тул энэ талаар нь хэлсэн чинь учир зүггүй хараагаад байсан. Надад нөгөө үл таних залуу нь гэрээсээ мөнгө авч өгнө гэсэн тул би буцаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо С захын хажуу талд буюу ертөнцийн зүгээр зүүн талын туслах замаар эргээд 2 орон сууцны хажуу талд зогсоод цуг гэр рүү нь дагаад орохоор машинаас гараад нэг байрны гадаа очоод орох гэхэд хаалганы кодыг нь мэдэхгүй байсан тул би нөгөө үл таних залуугаас мөнгө авъя гэж хэлсэн чинь надад хандан өгнө гөлөг минь гэж хэлээд миний нүүр рүү өөрт байсан 3.500 төгрөгийг шидэхээр нь би зайл зайл гэж хэлээд тухайн үл таних залуугаас таксины мөнгөө авахаа болиод өөрийн машиндаа суугаад хөдөлж байхад араас нөгөө үл таних архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу миний машины гүпер хэсэг рүү 1 удаа өшиглөсөн тул би машинаасаа буугаад өөрийн машины арын гүперийг харахад урьд өмнө нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан арын гүперийг нөгөө таксинд сууж ирсэн үл таних залуу хага өшиглөсөн байсан. Түүнд хандан хохирлоо барагдуулна, цагдаа гэсэн чинь нөгөө залуу надад хандан шүүхдээд ав, манай аав өмгөөлөгч гэж хэлсэн тул би түүнийг зугтааж магадгүй гэж бодоод өөрийн машиндаа суулгаж ойрхон байдаг цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 05/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн БЗД2-22-347 дугаартай:

“...хойд буфер 300.000 төгрөг, эд анги солих зардал 10.000 төгрөг, эд анги будах зардал 90.000 төгрөг, 100 грамм будаг, туслах материал лак 20.200 төгрөг, нийт 420.200 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан, фото зураг /хх 13-15/,

 

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

“шөнийн 03 цаг өнгөрч байх үед манай найз Мөнхбат нь өөрийн гэр рүүгээ ороод би Ай лофт нэртэй бааранд ганцаараа ороод 1 шил болон 100 грамм архи уугаад дараа нь угаалгын өрөөнд орсон байх үед миний нүүрэн тус газар ямар нэгэн шалтгаангүйгээр үл таних хүн цохисон. ...такси барихад цагаан өнгийн Приус 20 маркийн автомашин зогссон ба би шууд өөрийн гэрээ зааж өгсөн ба миний санаж байгаагаар чигээрээ буюу хүнсний 64 дүгээр дэлгүүрийн урд талын замаар яваад Сын тунелээр гараад би гэрээ зааж өгөөд шууд манай гэрийн гадаа ирсэн. Би таксины төлбөр хэд болсон талаар асуухад надад 10 километр явсан байна, 1 километрийг 1.500 төгрөгөөр бодно гэж хэлээд мөнгө нэхээд байсан ба тухайн үед миний тооцоолсоноор манай гэрээс миний анх суусан газар ойролцоогоор 4-5 километр зайтай тул төлбөр мөнгө их байна гэж маргаж байсан. Би нэг мэдэхэд өөрийн гэрийн орцны гадна зогссон гэрийн түлхүүр, хаалганы чип байхгүй, хаясан гэр рүүгээ орж чадахгүй байхад таксины жолооч надаас мөнгөө өг гэж хэлээд миний хажууд зогсож байсан. Тэгээд би үүнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Нэг мэдсэн цагдаагийн байгууллагад ирсэн. Дараа нь эрүүлжүүлэх байранд очсон” гэх мэдүүлэг /хх 25-26/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 01/,

- эд зүйлийг хүлээн авсан” “... хохирлын мөнгө болох нийт 333.000 төгрөгийг өөрийн сайн дураар Б.Санчир гэх хүний Худалдаа хөгжлийн банкны 470017632 дугаартай дансанд хийсэн гэх дансны хуулга 1 хуудас баримтыг хүлээлгэн өгснийг хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл, баримт /хх 30-31/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33/, хувийн байдлын талаарх баримт /хх 35-37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 40/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 41/, авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл /хх 42-43/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 44/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 46/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.       

 

Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Бийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хохирогчид 333.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогчид хурлын тов мэдэгдэхэд хохиролд 335.000 төгрөгийг хүлээн авсан, үлдэгдэл хохирлыг нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Б.Бөд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон        

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Бийн Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бөд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БААСАНБАТ