Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/468

 

 

 

 

  2022        03           30                                    2022/ШЦТ/468

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Ц.Батболд,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Гын Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00677 0807 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн  байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Натурын замын хойд талын автобусны буудлын орчимд хохирогч М.Агийн эзэмшлийн Ай фоне 12 про макс загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2.850.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.                           

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00677 0807 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.А нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч М.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цаг 22 минутын орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Натур худалдааны төвийн замын хойд талын автобусны буудлын орчмоос Шангрила руу явж байхдаа зайны утасгүй чихэвчээр дуу сонсож явсан чинь дуу нь тасалдаад эхэлсэн. Гар утсаа халаасандаа хийсэн байсан ба шалгахад байхгүй байсан. Тэгээд би буцаж автобусны буудал руу алхахад дуу нь эргээд хэвийн сонсогдож байсан. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явж байхаар нь би тэр хоёроос утас авсан уу гэж асуусан. Тэр хоёр хүн аваагүй гэж хэлэхээр нь утсыг гуйгаад өөрийн 95248830 дугаар руу залгахад эхлээд дуудаж байснаа хэрэглэгч завгүй байна гэсэн. Дахиад залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон.

...Алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авлаа. Миний хүлээж авсан  гар утас миний алдсан мөн байна. Миний гар утасны нүүрийн код хэвээрээ байна. Гар утасны зургууд бүгд бүрэн, устгаагүй байна. ...надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 06-08/,

 

- гэмт  хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 04/, 

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн БЗД2-22-249 дугаартай:

“Ай фоне 12 про маркийн гар утсыг 2.850.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хх 14-15/,

 

- эд зүйлийг хүлээлгэн өгсөн 2022.01.31-ний өдрийн “...356918501939212, 356918501838802 дугаарын имей кодтой, шаргал өнгийн Ай фоне 12 про макс загварын гар утсыг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 цаг 37 минутад хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл / хх 23/,

 

- эд зүйлийг хүлээн авсан 2022.01.28-ны өдрийн “...Ай фоне 12 про макс загварын ар тал нь силвер өнгийн гар утас имей 356918501939212 кодтой хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл / хх 24/,

 

Шүүгдэгч Г.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Натурын арын автобусны буудал орчимд гэр рүүгээ харих гээд ганцаараа алхаж байсан. Тухайн үед миний урд талд 20 орчим насны эмэгтэй хүн алхаж байсан бөгөөд куртикний халаасанд нь гар утас ил харагдаад байхаар нь би тэр эмэгтэйн гар утсыг халааснаас нь авсан. Ингээд тухайн гар утсыг аваад зарж борлуулаагүй хадгалаад байж байсан.

Хуулийн дагуу арга хэмжээ авхуулахад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх 10/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 19/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 20/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 21/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 22/, цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх 11-12/, хувийн байдлын талаарх баримтууд /хх 34-35/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 38-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Натурын замын хойд талын автобусны буудлын орчимд хохирогч М.Агийн эзэмшлийн Ай фоне 12 про макс загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2.850.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Г.А нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Г.Аг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Г.Ад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Хохирогч М.Агийн Ай фоне 12 про макс загварын гар утас болох эд хөрөнгийг мөрдөн байцаалтын шатанд буцаан өгсөн нь хавтаст хэргийн 24 дүгээр хуудаст авагдсан нотлох баримтаар тогтоогдов.

 

Хохирогчид хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

 

Шүүхээс ял шийтгэхдээ шүүгдэгч Г.Агийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Гын Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Аг зургаан сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгчид хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ