Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/477

 

 

  2022         03          31                                    2022/ШЦТ/477

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан, 

хохирогч Н.Э,

шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, А.Сандагдулам,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Б,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.У нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 03758 2438 дугаартай хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо 18/2-01 тоотод оршин суух иргэн Н.Эын эзэмшлийн орон сууцны цонхыг онгойлгон хууль бусаар нэвтэрч, зочны өрөөнөөс хөөрөг 1 ширхэг, унтлагын өрөөнөөс 41 төрлийн эд зүйлс агуулж байсан төмөр сейф зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, хохирогч Н.Эод хохирол учруулсан,

шүүгдэгч О.У нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул зах дээр Б.Бын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон үнэт эдлэл, хөөрөг зэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж худалдан авч ашиглан зарсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

 

Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг,

шүүгдэгч О.У нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж худалдан авч ашиглан зарсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Н.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

“2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр намайг найзынхаа лагер дээр байх үед дээд айлын хүүхэд залгаад манай гэрт хулгай орсон байна гэж манай хүүхэд Дөлгөөнөөр дамжуулан хэлүүлсэн байсан. Би тухайн мэдээллийг аваад гэртээ ирэхэд манай гэрт цагдаагийн албан хаагч нар ирсэн үзлэгийн ажиллагаа явуулж байсан. Манай гэрийн унтлагын өрөөний толины дор байсан сейф хулгайд алдагдсан байсан. Мөн зочны өрөөний бурхны шүүгээн дотор байсан Чүнчүгноров нэршилтэй их гарын хөөрөг 1 ширхэг алдагдсан. Тухайн хөөргийн үнийн дүнг мэдэхгүй. Манай өвөөгөөс өв уламжлан ирсэн юм. Хулгайд алдагдсан гэх сейф дотор бэлэн 3.000 юань, 130 доллар, 3 байрны ордер, 1 грашийн ордер, 3 газрын гэрчилгээ, өв уламжлан ирсэн гэрэл зургийн аппарат, Сони маркийн гэрэл зургийн дижитал аппарат, манай эхнэрийн болон миний алт, мөнгө, монет, хар сувд, цагаан сувд, свровсики зэрэг 40 гаруй төрлийн ээмэг бөгж зүүлтүүд байсан. Тухайн эд зүйлийн тоо ширхгийг яг одоо санахгүй байна. Би алдагдсан эд зүйлсийн үнэлгээг нягталж байж хийлгэх болно.  ” гэх мэдүүлэг/ 1хх-ийн 8-9, 3хх-ийн 89-90/,

 

Гэрч А.Мөнх-Учралын мөрдөн байцаалтад өгсөн:

“2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 09 цаг 40 минутад гэрээсээ гараад Чингэлтэй дүүрэгт байрладаг Нисдэг машин дээр очиж тень нааж эхэлсэн. Тэгээд нисдэг машинаас гарч яваагүй машины тень нааж байгаад орой 19 цагийн үед гэр рүүгээ яваад ирэхэд манай гэрийн цонх онгорхой манай дүү Дөлгөөн надад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би дүүдээ битгий ороорой гэж хэлээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 17-18/,

 

Гэрч М.Булганбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

“... төв зам руу гарч байх үед Отог бууз цайны газрын урд талаас нэг эрэгтэй зам дагуу зогсож байхаар нь унаа авах уу гэж асуухад авъя гэж хэлээд орны бүтээлэг шиг зүйлд ороосон дөрвөлжин зүйлийг миний машины арын багаж руу хийгээд тэндээсээ Саппоро оръё гэж хэлээд чигээрээ явж байгаад Сансарын колонкоор буцаж эргээд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Сансарын тунелын түргэн үйлчилгээний цэгээс юм авах ёстой гээд тийшээ явсан. Тэндээ тунелын туслах замын дагуу зогсож байгаад тухайн залуу буцаад түргэн үйлчилгээний цэгээс нэг жижиг ууттай юм авч гарч ирээд тэндээсээ 13 дугаар хорооллоор эргээд төв зам дагуу явсаар Саппорогийн тэнд очоод Өгөөмөр алтай гээд зочид буудлын гадна буугаад үлдсэн. Тухайн залуу таксины мөнгө гээд 20.000 төгрөг өгөхөөр нь хариулт байхгүй гээд задгай мөнгө асуухад халааснаасаа 15.500 төгрөг гаргаж надад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

Гэрч Ө.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн:

“... Саппорогийн арын Мөнгөнгүүр эмнэлгийн урд талаар явж байх үед зам дагуу нэг залуу гараа өргөхөөр нь тухайн залууг авахад хажуу байрны гаднаас нэг зүйл аваад явъя гэхээр нь би тухайн залуугаар зам заалгаад Мөнгөнгүүрийн баруун талаар эргээд нэг байрны гадна зогссон. Тэр байрны орцны үүдэнд нэг залуу хажуудаа дөрвөлжин хайрцагтай, нэг тортой зүйл тавьчихсан хүлээж байсан. Бид хоёр очоод зогсоход тэр залуу хайрцагтай зүйлээ өргөж ирээд миний машины багажийг онгойлгоод хайрцагтай зүйлээ хийсэн. Арын зам руу ороод баруун чиглэлтэй явж байх үед 34 дүгээр байрны арын гүүрээр баруун эргээд Эрчим төв рүү эргээд 50 метр орчим яваад баруун зүүн салсан 2 замын баруун гар талын шороон замаар салаад 10-20 метр яваад тухайн хоёр залуу буусан. Би хайрцагтай эд зүйлийг гаргаж өгье гэж бодож байхад тухайн хоёр залуу өөрөө буугаад багааж онгойлгоод хайрцагтай зүйлээ аваад ертөнцийн зүгээр баруун тийшээ алхсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25/,

 

Гэрч Э.Дөлгөөний мөрдөн байцаалтад өгсөн:

“...Долгион над руу 99812000 дугаараас залгаад ах аа, гэртээ орох гэхэд хаалга онгойхгүй байна гэхээр нь би машинаа байрлуулж байна, хүлээж бай гэж хэлээд машинаа байрлуулаад очоод хурууны хээгээ уншуулахад цоож нь онгорхой байгаа боловч хаалга онгойхгүй байсан. Тэгээд болохгүй болохоор нь машинаасаа түлхүүр авч ирээд онгойлгох гэсэн боловч дотор талын нэмэлт цоожоор түгжсэн байсан учир онгойхгүй байсан. Болохгүй болохоор нь манай гэрт амьдардаг Мөнх-Учрал ах руу залгаад дотор байгаа эсэхийг асуухад би ажлаас гэр рүү очиж байна, одоохон гэж хэлсэн. Би орцноос гараад арын цонх дээрээ очиход цонх онгорхой байхаар нь Золбоог цонхоор өргөж оруулаад араас нь өөрөө ороод хаалгаа дотроос нь онгойлгосон. Намайг цонхоор ороход манай унтлагын өрөөний эд зүйл эмх замбараагүй болсон бусад өрөөнүүд мөн эмх замбараагүй болсон цонхны хөшиг хаалттай байсан. Унтлагын өрөөний хажууд байсан сейф ага болсон байхаар нь хулгай орсон гэж бодоод ээжийн 88116070 дугаар руу залгахад утсаа авахгүй, аавын 88066070 дугаар холбогдохгүй болохоор нь дээд айлын хамаатны зуслангийн байшин руу явсан болохоор хамаатны хүн рүү нь яриад аав, ээж хоёрт хэлээд өг гээд дээд айлын залууд хэлээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд хүлээж байх үед 10 гаруй минутын дараа Мөнх-Учрал ах ирээд хүлээж байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-28/,

 

Гэрч Н.Батхуягийн мөрдөн байцаалтад өгсөн:

“... 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр оройны 18 цагийн орчимд би гэртээ хэвтэж байх үед Б өөрийн 88125342 дугаараас миний 86781333 дугаарт залгаад Сансарт хүрээд ир гэхээр нь би яах гэж байгаа нь гэж асуухад Б тэгж байгаад болъё, ярья гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэгээд би 30 орчим минутын дараа Б руу яасан юм бэ юу болсон юм бэ гэж залгахад Б чи Саппорогийн Өгөөмөр алтай буудлын ертөнцийн зүгээр баруун талд очоод байж бай гэхээр нь би гэрээсээ гараад автобусанд суугаад Гандангийн тэнд түгжрэлтэй байсан болохоор автобуснаасаа буугаад такси бариад 19 цаг 30 минутын орчимд Бын зааж өгсөн газарт очсон. Намайг очиход Б аль хэдийн ирчихсэн байсан бөгөөд Приус 40 загварын машин хөдлөөд явж байсан. Бын хажууд газарт жижигхэн дөрвөлжин зүйл хар цэнхэр өнгийн зузаан бүтээлгээр боогоод тавьчихсан байсан. Тэгээд 2-3 орчим минут Бтай юм ярьж зогссон бөгөөд би Баас энэ газарт байгаа дөрвөлжин юм юу юм бэ гэж асуухад энэ хөргөгч байгаа юм гэж надад хэлсэн, бөгөөд цаанаас нь өргөчих гэж хэлсэн, тэгээд бид хоёр тэр зүйлийг өргөөд аркаар гараад 9 давхар байрнуудын орцны урд талын сандал дээр аваачиж тавьсан. Би Бт энэ чинь хөргөгч биш байна шүү дээ ямар хүнд юм бэ гэхэд Б дараа хэлье гэж хэлсэн. Тэгэхээр нь би дотроо Быг энэ дахиад хулгай хийж дээ гэж бодсон. Тэгээд Б надад хандаж чи яваад такси олоод ир гэхээр нь би Мөнгөнгүүр эмнэлгийн урд талаас Цайвар өнгийн Приус 20 загварын такси барьж авчраад Бын боодолтой дөрвөлжин зүйлийг тухайн машинд хийгээд бид хоёр Бын Хархорин захын хойд талын 32 дугаар байрны ард байдаг нийтийн байр руу очсон. Нийтийн байранд очих үед барагцаагаар оройны 20 цаг болж байсан. Тэгээд Бын гэрийн гадаа очоод нөгөө боодолтой зүйлийг гэрт нь оруулсан бөгөөд Б дэлгүүр орж мөнгө задлуулаад таксины жолоочид өгсөн. Тэгээд Б гэртээ орж хувцсаа солиод бид хоёр Бат-Өлзий гэж хуучин асрах газарт хамт байсан найзтайгаа уулзах гэж Нийтийн байрнаас гараад такси бариад Хорооллын Е-март руу очсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37, 59/,

 

Гэрч С.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Шөнийн захын ойролцоо очиход үүргэвч үүрчихсэн, нэг туранхай залуу хүрч ирээд цүнхнээсээ ууттай ээмэг, бөгж, мөнгөн товч Ут өгөөд мөнгийг нь 2 цагийн дараа ирээд авчихъя эгчээ гэж ярьж байсан. Би тухайн үед наадах чинь хулгайн эд зүйл биш биз дээ гэхэд үгүй ээ, би тоглоомын газар ажиллуулдаг юм, хүмүүс хожигдохоороо эд зүйлээ барьцаанд тавиад явдаг юм гэхээр нь би өөр юм бодоогүй. Тэгээд бид хоёр буцаад алхаж байх үед У утсаар яриад Баялаг ундраагийн нэг давхарт эхэнд уулзаж байсан залуутайгаа дахиж уулзаад сүүлд уулзсан залуугаас авсан ээмэг, бөгжнүүдээ өгснөө намайг энэ нөгөө залуугийн эгч нь гэхээр надад эвгүй санагдаад би өмдөө солиулах хэрэгтэй байна би явлаа гэхэд чи байж бай л даа хамт явъя дансаа өгчих гэхэд надад бүүр эвгүй санагдаад үгүй ээ, надад тийм данс байхгүй, чи наад мөнгөө бэлнээр нь аваа гэж хэлээд би явлаа гээд хоёр давхар руу гарахад У нөгөө залуутай юм яриад үлдсэн гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46/,

 

Гэрч Х.Одгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр У надад зах дээр байж байхдаа нэг таньдаг хүн алт, монет зарах гээд байна, чи аваач гэхээр нь би ямар учиртай эд зүйл болохыг асуухад мөрийтэй тоглоомоос хураагдсан эд зүйл, хүн өөрсдөө зарж байгаа гэж хэлсэн. Би тухайн эд зүйлсийг асуудалгүй бол авъя гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш нэг эмэгтэй дагуулсан тухайн эмэгтэйн эд зүйлс гээд алт, монет эд зүйлсийг аваад ирсэн. Үзэж тохироод 4.950.000 төгрөгөөр авсан гэх мэдүүлэг /1хх-ийн 49-50/,

 

Гэрч И.Одгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Одгэрэл нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр надаас 5 сая төгрөг зээлсэн. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5 сая төгрөгийн оронд надад 30 орчим грамм монет, 2 алтан бөгж өгсөн. Тухайн алтан бөгж нь 4 орчим грамм байсан. Үлдэгдэл 50.000 төгрөгийг өгсөн гэх мэдүүлэг /1хх-ийн 52/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн: “... зочны өрөө байх ба хэрэгт ач холбогдол бүхий ул мөр эрхэд зочны зориулалттай өрөөний хойд талд байх зурагтын хажуудах шилэн сирвантын хаалган дээрээс 1 ширхэг гарын илэрснийг наалдамхай тууз ашиглан бэхжүүлэн авав. ... зочны өрөөний хойд талын унтлагын өрөөнөөс үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий ул мөр эрхэд сейф хулгайд алдагдсан гэх газрыг 44 дугаараар дугаарлан сейф байсан гэх газрын ойр орчмын тавилгаас гарын мөр болон хэрэгт ач холбогдол бүхий ул мөр эрхэд гарын мөр илрээгүй тул үзлэгийг цааш үргэлжлүүлэн цонхны тавцангаас 1 ширхэг гарын мөр илэрснийг бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн унтлагын өрөөний хойд талын цагаан өнгийн шкафаас 1 ширхэг гарын мөр илэрснийг криминалистикийн шинжээч цагдаагийн ахмад Дэмчиг наалдамхай тууз ашиглан бэхжүүлэн авав. ...унтлагын өрөөний цонхны гадна хэсгээс хэрэгт ач холбогдол бүхий ул мөр эрхэд цонхны гадна талын хүрээнээс 0.4х0.5, 0.2х1см, 0.2х1см хэмжээтэй эвдлэгч багаж хэрэгслийн мөрийг гэрэл зургийн аргаа бэхжүүлэн авав. Мөн тус цонхны хүрээнээс 1 ширхэг бээлийний мэт мөрийг криминалистикийн шинжээч цагдаагийн ахмад Дэмчиг наалдамхай тууз ашиглан бэхжүүлэн авав... ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-10/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн: ... Гэмт хэрэг гарсан гэх Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 18-2 дугаар байрны хашаа руу сэжигтэй этгээд нэвтэрч буй тус байрны СӨХ-н камернаас хуулбарлан авсан гэх 25 секундийн дүрс бичлэг байх бай тухайн дүрс бичлэгт саравчтай малгайтай 30 орчим насны эрэгтэй хүний дүрс бүдэг бичигдсэн байна. Тухайн дүрс бичлэгт бичигдсэн сэжигтэй этгээдийн дүрсийг гэрэл зургийг тэмдэглэл тусган харуулав.

Гэмт хэрэг гарсан гэх Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 18-2 дугаар байрны хашаанаас сэжигтэй этгээд хулгайд алдагдсан гэх төмөр сейфийг мөрөн дээрээ тавиад гарч байгаа 18-2 дугаар байрны СӨХ-н хяналтын камернаас хуулбарлан авсан гэх 16 секундийн дүрс бичлэг байв. Уг дүрс бичлэгт бичигдсэн сэжигтэй этгээдийн дүрсийн гэрэл зургийг тэмдэглэл тусган харуулав.

Сэжигтэй этгээдийн хулгайн эд зүйл болох төмөр сейфийг мөрөн дээрээ тавиад хэргийн газраас ертөнцийн зүгээр баруун чиглэлд явж байгаа Петро-Чайна ХХК-ийн оффисын байрны гадна талын хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авсан гэх 7 секундийн бичлэг, тухайн хяналтын камернаас хуулбарлан авсан гэх 12 секундийн хулгайн эд зүйлийг аваад ертөнцийн зүгээр баруун чиглэлд явж байгаа дүрс бичлэг байв. Тухайн дүрс бичлэгт бичигдсэн сэжигтэй этгээдийн дүрсийн гэрэл зургийг тэмдэглэлд тусган харуулав.

Сэжигтэй этгээдийн хулгайн эд зүйл болох төмөр сейфийг урдаа тэврээд явж байгаа “Отог бууз" гэх цайны газрын хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авсан гэх 15 секундийн бичлэг байв. Тухайн бичлэгт бичигдсэн сэжигтэй этгээдийн дүрсийг гэрэл зургаар тэмдэглэл харуулав.

Сэжигтэй этгээд хулгайн эд зүйл болох төмөр сейфийг аваад хар өнгийн улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгсэлд сууж байгаа Тэргэл төвийн хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авсан гэх 30 секундийн бичлэг байв. Тухайн бичлэгийн гэрэл зургийг тэмдэглэлд тусган харуулав.

2 дугаар байрны Өнөр СӨХ-н хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авсан гэх сэжигтэй 2 этгээдийн 1830УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хулгайн эд зүйл аваад сууж байгаа 2 эрэгтэй хүний дүрс бичигдсэн 1 минут 5 секундийн дүрс бичлэг түүний гэрэл зураг , тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харуулсан Өнөр сөхийн хяналтын камернаас хуулбарлан авсан 1830УБР улсын дугаартай автомашины гэрэл зураг зэргийн фото зургийг тэмдэглэлд харуулав.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Сондор нэртэй хүнсний дэлгүүрийн хянаптын камернаас хуулбарлан авсан сэжигтэй 2 этгээд тээврийн хэрэгслээс бууж хулгайд алдагдсан төмөр сейфийг буулгаж байгаа дүрс бичлэг бичигдсэн байх тул гэрэл зургийг тэмдэглэлд хавсаргав.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Сондор нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камернаас хуулбарлан авсан 31 секундийн бичлэгт сэжигтэй этгээд нь шар цоохор өнгийн урдаа USA гэсэн бичигтэй саравчтай малгай , зүүн гартаа тортой эд зүйл барьсан, бараан өнгийн куртик, пүүзэн гуталтай байв. Сэжигтэй этгээдийн зургийг тэмдэглэлд хавсаргав.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар Хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авсан 10 секундийн сэжигтэй этгээд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 20 тоот нийтийн байрнаас гараад алхаж буй 10 секундийн хяналтын камерын бичлэгт бичигдсэн дүрс бичлэгийг харуулсан гэрэл зураг, Сэжигтэй этгээдийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо 20 тоот нийтийн байр руу орж байгаа Хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авсан 11 секундийн бичлэг зэргийг харуулсан гэрэл зургийг тэмдэглэлд харуулав.

Сэжигтэй этгээд нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Эрчим хүнсний дэлгүүрээс гарч буй тухайн дэлгүүрийн хяналтын камерын дэлгүүрээс хуулбарлан авсан гэх 19 секундийн бичлэг байх бөгөөд сэжигтэй этгээд шар өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн маск, улаан өнгийн пүүзэн гуталтай явж байх тул гэрэл зургийн тэмдэглэлд харуулав... гэх мэдүүлэг /1хх-ийн 77-78/,

 

Эд зүйлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн: ...Бор өнгийн Чүнчүгноров хөөрөг 1 ширхэг, Сваровский шигтгээтэй цаг 1 ширхэг /Оосор нь салсан/, Сваровский шигтгээтэй шар өнгийн ээмэг 1 хос, Сваровский шигтгээтэй шар өнгийн бөгж 1 ширхэг, Сваровский дөрвөлжин хэлбэртэй цэнхэр бөгж 1 ширхэг, Сваровский улаан шигтгээтэй унждаг ээмэг 1 хос, Сваровский ягаан шигтгээтэй унждаг ээмэг 1 хос, Сварваровский дусал шиг хэлбэртэй гинж 1 ширхэг, Сваровский урт богино нэг тал нь 3-4 унжлагатай, нөгөө тал нь 6-7 орчим унжлагатай ээмэг 1 хос, Ю.Сваровский жижиг ягаан ээмэг 1 ширхэг, Сваровский зүүлт голдоо ягаан шигтгээтэй 1 ширхэг, хагас саран хэлбэртэй ягаан ээмэг 1 ширхэг, хар алаг сагсгар ээмэг 1 ширхэг, Цагаан шигтгээтэй Сваровский дугуй шар ээмэг 1 хос, Сваровский цагаан шигтгээтэй ээмэг 1 ширхэг, Хар мөнгөн ээмэг 1 ширхэг, Хар мөнгөн кулон 1 ширхэг, Цагаан шигтгээтэй гоёлын бөгж 1 ширхэг, хагас саран хар гоёлын ээмэг 1 ширхэг, Цагаан шигтгээтэй ээмэг 1 ширхэг, Цагаан бөөрөнхий шигтгээтэй ээмэг 1 ширхэг, Гоёлын алаг эрээн өнгийн ээмэг 1 хос, Гоёлын алаг эрээн өнгийн кулон 1 ширхэг, Цэнхэр өнгийн шилэн кулон 1 ширхэг, цэнхэр өнгийн шигтгээтэй ээмэг 1 ширхэг, Зүрхэн хэлбэртэй гоёлын кулон, гинж 1 ширхэг, Шар өнгийн төмөр гинж 1 ширхэг, Саарал өнгийн төмөр гоёлын гинж 1 ширхэг, Шигтгээгүй төмөр ээмэг 1 ширхэг, Ногоон өнгийн чулуу нь шигтгээ 1 ширхэг, Төмөр гоёлын гинж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг 2021 оны 11 сарын 14-ний өдрийн 18 цаг 00 минутад иргэн Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, 18/2-р байрны 01 тоотод оршин суух, Нямаа овогтой Э хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв. Хүлээлгэнэ өгсөн эд зүйлсийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн тэмдэглэлд хавсаргахаар тогтов гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 118-127/,

 

Эд зүйлийг хүлээн авсан хүлээлгэн өгсөн:

... 62345801148314832013-дугаартай Хаан банкны ногоон өнгийн карт 1 ширхэг, Цэнхэр өнгийн Самсунг загварын гар утас 1 ширхэг, Хар өнгийн хуванцар Самсунг гэсэн бичиглэл бүхий гар утасны кейс 1 ширхэг,  Цагаан өнгийн адаптер 1 ширхэг, Саарал өнгийн үдээс -2 ширхэг, Хар өнгийн гар утасны чихэвч -1 ширхэг, Саарал өнгийн жижиг цүнх-1 ширхэг, Ногоон өнгийн саравчтай малгай -1 ширхэг, Э.Ягаан өнгийн гутлын үдээс 2 ширхэг, Саарал өнгийн саравчтай малгай - 1 ширхэг, Автобусны карт  1 ширхэг эд зүйлсийг 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 14 цаг 00 минутад иргэн Сонгинохайрхан дүүргийн 7-дугаар хороо, Баянхошууны 9-р гудамж 29-тоотод оршин суух, Дэлгэрмагнай овогтой Оюунцэцэгт хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв. Хүлээлгэнэ өгсөн эд зүйлсийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн тэмдэглэлд хавсаргахаар тогтов гэх мэдүүлэг /1хх-ийн 128/,

 

“Лэндс” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн:

“шүрэн шигтгээтэй алтан хослол 12.396.667 төгрөг, ээмэг, кулон, бөгжний хослол цагаан өнгийн шигтгээтэй 4 хос 4.200.000 төгрөг, ээмэг Ромбо хэлбэртэй 2.415.000 төгрөг, урт нарийн олон хэсгээс бүрдсэн жижиг олон цагаан шигтгээтэй ээмэг 770.000 төгрөг, талсттай бөгж 1.134.000 төгрөг, өвлөн авсан бөгж 1.575.000 төгрөг, эрэгтэй хүний бөгж 1.554.000 төгрөг, жижиг шигтгээтэй бөгж 1.512.000 төгрөг, соёмботой эрэгтэй бөгж 796.500 төгрөг, хар сувдан ээмэг, зүүлтийн хамт 1.608.064 төгрөг, хуримын бөгж эмэгтэй 632.000 төгрөг, хуримын бөгж эрэгтэй 848.000 төгрөг, хүзүүний гинж 1.040.000 төгрөг, ээмэг 719.990 төгрөг, дөрвөлжин хос сваровский 778.000 төгрөг, улаан шигтгээтэй урт ээмэг сваровский 250.000 төгрөг, ягаан шигтгээтэй урт ээмэг сваровский 250.000 төгрөг, хар олон сагсгар ээмэг сваровский 519.000 төгрөг, шигтгээтэй шар бугуйн цаг сваровский 1.289.000 төгрөг, ягаан шигтгээтэй ээмэг сваровский 389.000 төгрөг, цэнхэр шигтгээтэй ээмэг сваровский 389.000 төгрөг, усан ягаан ээмэг, кулонтой хүзүүний зүүлт сваровский 628.667 төгрөг, дөрвөлжин цэнхэр бөгж сваровский 1.177.000 төгрөг, тод ягаан шигтгээтэй хагас саран хэлбэртэй сваровский 289.000 төгрөг, цагаан гурвалжин ээмэг сваровский 279.000 төгрөг, урт, богино загвартай ээмэг сваровский 525.000 төгрөг, үзмэн ягаан дусал хэлбэртэй ээмэг, кулон, хүзүүний гинжийн хамт сваровский 628.667 төгрөг, ээмэг хатгадаг гурвалжин цагаан алттай 364.000 төгрөг, эмэгтэй бөгж 60.000 төгрөг, очиртой сэтэрхий эрэгтэй бөгж 64.500 төгрөг, бугуйн цаг нарийн оосортой 500.000 төгрөг, бугуйн эмэгтэй цаг хар гялгар нарийн оосортой 375.000 төгрөг, бугуйн эмэгтэй цаг шар өнгийн нарийн 375.000 төгрөг, бугуйн эрэгтэй хар цаг, чулуун оосортой 375.000 төгрөг, бугуйн эмэгтэй хар цаг, чулуун оосортой 375.000 төгрөг, үнэр ус channel change 510.000 төгрөг, үнэртэй ус ягаан эрээн хайрцагтай Yersage 378.000 төгрөг, их гарын Чүнчүгноров хөөрөг 1.200.000 төгрөг, Сони дижитал аппарат 1.999.960 төгрөг, зургийн аппарат Смена 300.000 төгрөг, 1, 2 дугаар алдарт эхийн одон 1990 оны өмнөх 400.000 төгрөг, орны бүтээлэг 253.333 төгрөг, гэрчилгээ 40.100 төгрөг, гэрчилгээ 40.100 төгрөг, гэрчилгээ 40.100 төгрөг, гэрчилгээ 40.100 төгрөг, гэрчилгээ 40.100 төгрөг, одон медаль 200.000 төгрөг, флаш 59.800 төгрөг, мемори карт 119.700 төгрөг, мөнгөн дэвсгэрт 1.376.973 төгрөг, мөнгөн дэвсгэрт 376.622 төгрөг, сейф 1.226.200 төгрөг, нийт 51.290.206 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /2хх-ийн /, 

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-2 шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 03-04/,

- 2021.10.30-ны өдрийн хулгайд алдагдсан эд зүйлийн жагсаалт /1хх-ийн 107-108/,

 - 2021.10.31-ний өдрийн илтгэх ... 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Доржийн гудамж 18- 2-1 тоотод хулгай орж эд зүйл алдагдсан гэх дуудлага мэдээлэл дээр эрүүгийн цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч М.БАт-Эрдэнэд мэдэгдэж эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар ирж мэдээ мэдээлэл цуглуулан ажиллалаа. Үүнд: Хэрэг гарсан гэх газарт хяналтын камертай.Хяналтын камер дээр 2021 оны 10 сарын 30-ны өдрийн 18 цаг 10 минутын үед 18 дугаар байрны 1 дугаар орц руу нэг эрэгтэй сайн харагдахгүй байсан нэг хүн орж 19 цаг 00 минутад 25-30 насны эрэгтэй хүн овог ачаа бүхий эд зүйл тэвэрч гүйсэн болохыг хяналтын камер дээрх дүрс бичлийг олсон. Мөн урд өмнө нь дээрэмдэх, хүчиндэх, хулгайлах гэмт хэргээр 9 жил хорих ялаар шийтгэгдэж байсан Алтанцэцэг овогтой Мөнх-Учрал гэгчийг дээрх хэрэг дээр холбон шалгаж гэрчийн мэдүүлэг авч ажилласан болохыг илтгэн танилцуулъя.

... 2021 оны 10 дугаар сарын 29- ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 18/2-1 тоотод хулгай орж эд зүйл алдсан” гэх өргөдөл гомдолд биечилсэн сурвалжилга хийж ажиллалаа.  Хэрэг учрал болсон 18/2 байрны хажуу талд Петро чайна ХХК-ны оффис байх бөгөөд тухайн оффисын хяналтын камер шүүхээр 80860999 тоот дугаар луу холбогдоход одоо шүүх боломжгүй 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө эрт шүүж болно гэж ярьсан. Мөн тухайн газрын ойр орчмоор хяналтын камер шүүх гэсэн боловч цаг орой болсон тул камер шүүх боломжгүй байсныг илтгэн танилцуулъя гэх хуудас /1хх-ийн 132, 134/,

 

Шүүгдэгч О.Уийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Бын утасны дугаар байсан болохоор түүн рүү залгаж надад хар цагаан мөнгөний хэрэг гараад байна гэж хэлэхэд би найзаасаа асуугаад олбол аваад очъё гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө ирээгүй. Би маргааш нь дахин залгаж хар цагаан өнгийн мөнгө эсэхийг асуусан. Хүнээс асууж өгье гэж хэлээд жаахан байж байгаад зах дээр ирээд надтай уулзаад би зарах эд зүйл аваад ирье, та жаахан хүлээж байгаад залгаарай гэж хэлсэн. Би хэсэг байж байгаад залгахад хар, цагаан өнгийн мөнгө, алт, монет эдлэл, Чүнчүгноров хөөрөг зэрэг эд зүйл аваад ирсэн. Би тухайн залуугаас 190 грамм хар мөнгө 225.000 төгрөгөөр авсан. Алт, мөнгөн эдлэл би авахгүй гэж хэлээд зах дээр хувиараа үнэт эдлэл зардаг Одгэрэл гээд залууд зарж өгсөн. Тэр залуугийн алт, монет эдлэл нь 4.950.000 төгрөг болсон. Одгэрэл тухайн алт, монетыг зарж өөр газар зараад 160.000 төгрөгийн ашиг олсон гэж хэлээд маргааш нь надад 80.000 төгрөгийг өгсөн.

... Надад Б.Бын утасны дугаар байсан болохоор би зарж борлуулах хар цагаан мөнгөний хэрэг гарсан тул дугаар руу нь залгаж ярьсан. Б.Б би найзтайгаа ярьж байгаад эргээд хэлье гэсэн. Тэгээд тэр дахин холбогдоогүй. Маргааш нь би Б руу залгахад би яръя гээд дахин залгаагүй. Тэгж байтал Б зах дээр хүрээд ирсэн. Тэгэхээр зарах мөнгө байгаа юу гэхэд надад мөнгө байгаа мөн надад алт, монет байна та зараад өгөөч гэсэн надад одоогоор бэлэн мөнгө их байхгүй би хүнээс асуугаад авах хүн байвал залгая гэж хэлсэн. Тэр үед Б за гээд явсан. Тэгэхээр би таньдаг ченж болох Одгэрэл залууд нэг залуу алт, монет зарах гээд байна би урьд нь 2-3 удаа мөнгө авч байсан алт монет уг нь авах гэхээр би мөнгөгүй болчихлоо чи тухайн алт, монетыг авчих гэхээр хулгайн эд зүйл биш биз дээ, хэрвээ тийм байвал чи өөрөө шийдээрэй гээд яриад зогсож байтал манай найз Алтанцэцэг гээд эмэгтэй ирсэн. Тэгээд би Алтанцэцэгт хүнээс очиж алт монет авах гэсэн чи надтай хань болоод яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд Бын авч явж байсан алт монетыг авахаар Бтай утсаар холбогдоод Натурт уулзахаар болоод натурт уулзаад тухайн эд зүйлийг гаргаж үзэхэд алт, мөнгө, монет эдлэлүүд их хэмжээгээр байсан. Тэгээд би авахаа ялгаж авъя гээд алтыг нь ялгахад 13.8 грамм алтан эдлэлүүд /ээмэг бөгж. зүүлт/, 36.8 грамм монет /ээмэг, бөгж, зүүлт/, 150 грамм мөнгө /ээмэг, бөгж, зүүлт/ тэгээд алтыг нь 1 граммыг 100.000 төгрөгөөр, монетыг нэг граммыг 80.000 төгрөгөөр. мөнгийг 1 граммыг 1500 төгрөгөөр тооцож аваад Бт нийт 4.550.000 төгрөг өгөхөөр болоод би цагийн дараа манай лангуун дээрээс ирээд мөнгөө авчих гээд тухайн эд зүйлийг бид хоёр авч яваад Одгэрэл гэдэг залууд очиж граммлаад мөнгөөр тооцож өгсөн Одгэрэлээс бид хоёр 4.950.000 төгрөг аваад лангуун дээрээ ирээд ашиг болох 400.000 төгрөгийг 200.000-аар хоёр хувааж авсан. Тэгээд Б ирээд надаас 4.550.000 төгрөг аваад явсан гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40, 67/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

... 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр оройн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20- дугаар хороо 20-2 тоот өөрийн амьдардаг нийтийн байрнаас гараад найз Билгүүнтэй уулзах гээд Сансар руу очсон юм. Тэр өдөр Билгүүн хөгшин чинь ажилтай болчихлоо, оройтохоор болчихлоо очиж уулзаж амжихгүй нь гэж надад утсаар хэлсэн. Тэгэхээр нь Билгүүнтэй уулзахаа болиод 13-р хорооллын автобусны урд талын буудал дээр буугаад хойшоо Сансар руу алхсан. Тухайн хэрэг гардаг газрыг замын эсрэг талд байрлах Буудай зочид буудлын нэг давхарт байрлах Паб-д орж 0.5 литрийн савлагаатай шилтэй Тайгер пиво нэг ширхгийг авч уусан. Тэгээд пабаас гарч яваад 18 цаг өнгөрч байх үед зам гарах үед хашааны хаалгыг онгорхой хотхон байх шиг байсан бөгөөд үүдэндээ манаачийн пүүтэгтэй боловч хүнгүй цоожтой байсан. Тэгэхээр хашааны хаалгаар нь дотогшоо ороод тухайн байрыг тойрч үзэхэд нэг давхрын булангийн айл гэрэлгүй байсан болохоор би энэ айл дотроо хүнгүй байгаа юм байна гэж бодоод, цонх хэсэгт нь дөхөж очиход нэг давхрын цонхыг индүүгээр дараад хаачихсан байсан. Би цонхыг нь гараараа түлхсэн чинь онгойсон. Тэгээд би тэр айлыг цонхоо түгжээгүй индүүгээр даруулаад хаачихсан байна гэж бодсон. Тэгээд цонхоор дотогш ороход 2-3 өрөө байр байсан шиг санагдаж байна. Тухайн айлын зурагтын хажууд байрлах босоо Сирвантны тавцан дээр бор өнгийн хөөрөг байсныг аваад өөр эд зүйл хайхад олдохгүй болохоор нь гарах гээд явж байтал миний орж ирсэн цонхны хажууд эмэгтэй хүний гоо сайхны ширээний доод талд Саарал хаалгатай бараан өнгийн төмөр Сейф байсан. Тэгээд тэр сейфийн түлхүүрийг хайгаад эмэгтэй хүний гоо сайхны ширээний шургуулгаас хайхад түлхүүр нь байхгүй олдохгүй байсан. Тэгээд сейфийг нь татаад өргөөд үзэхэд 30 орчим кг жинтэй сейф байхаар нь. тухайн өрөөний орны хөх цэнхэр өнгийн бүтээлгийг аваад, тухайн төмөр сейфийг ороогоод орж ирсэн цонхоороо буцаж гараад, анх орж ирсэн хаалгаар буюу манаачийн пүтэгний хажуугаар гарж яваад ертөнцийн зүгээр баруун тийшээ, замынхаа хойд талаар Сансар руу чиглээд сейфээ өргөөд явган явсан бөгөөд явж байх үедээ гараа өргөөд такси барихад хөх өнгийн Приус 41 загварын тээврийн хэрэгсэл ирж зогссон бөгөөд хаашаа явах вэ гэж асуухад нь би Саппоро явна гэж хэлээд тухайн таксинд суусан. Саппоро орох замдаа Сансарын Туннелээс доошоо туслах замаар явах үед байдаг түргэн үйлчилгээний цэгээс цэнхэр тортой өөрийн бэлтгэлийн хувцсыг авсан. Тэр юун хувцас вэ гэхээр хэд хоногийн өмнө заал аваад айлд хонохоор болоод, хэрвээ айлд юм бариад орвол айлын хүүхэд нь горьдох байх гэж бодоод, таньдаг түргэн үйлчилгээний цэгт аваачиж тавьсан байсан юм. Тэгээд тухайн Сейфийг дийлэхгүй юм шиг санагдахаар нь найз Батхуяг /Цэнгэл гэж дууддаг/-ийг утсаар дуудаад Саппоро дээр хүрээд ирээч ээ найз нь нэг хөргөгч авсан юм даахгүй байж магадгүй гэж дуудсан. Тэгээд Батхуягтай 19-20 цагийн орчимд Саппорогийн Миний дэлгүүрийн хойд талд байрлалтай Өгөөмөр Алтай зочид буудлын хажуухан талд уулзсан. Тэгээд таксины төлбөрөө төлөөд сейфээ буудлын хажууд буулгахад Батхуяг энэ юун сейф бэ гэж асуухад нь би дараа хэлье гээд Бид хоёр ертөнцийн зүгээр баруун тийш алхаад арктай 9-давхар байрнуудын урд талд байдаг орцны үүдэнд модон сандал дээр Сейфээ тавиад Би Батхуягийг Таксинд явуулсан. Тэгээд Батхуяг цаашаа яваад Мөнгөнгүүр эмнэлгийн тэндээс цагаан өнгийн Приус 20 загварын такси авчирсан. Тэгээд Батхуягийн авчирсан таксины хойд талд сейфээ ачаад Хархорин захын хойд талд өөрийн түр амьдарч байсан нийтийн байр /20- 2 тоот/ д аваачаад өрөөндөө оруулж тавьсан. Тэгээд Батхуяг бид хоёр нийтийн байрнаас гараад Хороололд 22 цагийн орчимд найз Бат-Өлзийтэй уулзаад паб орж 2 цаг орчим юм ярьж суусан бөгөөд оройны 00 цагийн орчимд пабнаас гараад Бат-Өлзий Батхуяг хоёр гэр нь ойролцоо байдаг болохоор цуг харих гээд Дэнжийн мянга руу явсан. Харин би буцаад нийтийн байр руугаа ганцаараа явсан. Намайг нийтийн байранд ирэх үед шөнийн 1 цаг болж байсан. Тэгээд би замаасаа нэг саарал өнгийн Приус 20 загварын такси барьсан бөгөөд, тухайн таксины жолооч ах нэлээн яриа хөөрөөтэй хүн байхаар нь би тэр ахад хандаж ахаа би гэрээсээ нэг юм нүүлгэх гэсэн юм, таны машины хойд талд ачаад аваад явж болох уу гэхэд, тэр ах зөвшөөрөөд Би нийтийн байранд очоод хулгайлсан сейфээ гаргаж тэр ахын машины багаажинд хийгээд Их нарангийн хогийн цэг рүү очиж Сейфээ эвдье гэж бодоод Их нарангийн хогийн цэг рүү явсан. Тэгээд явж байтал явж байтал замд нэг компани замын шороо түрээд, машинаар явах боломжгүй болгочихсон болохоор би таксины жолооч ахад хандаж ахаа дүү нь энэ компанид ажилладаг юм цаашаа угаасаа машин чинь явж болохгүй зам нь их муухай эвдэрхий гэж хэлээд, Их нарангийн хогийн цэгээс 5-км орчим зайд сейфээ аваад таксинаас буусан. Тэр хавийн овоолсон шорооны ирмэгээр үзүүрийг нь тасдагчаар ташуу ташуу тайраад газарт зоочихсон гадаснууд байснаас нэг гадас сугалж аваад, тухайн сейфийн цоож хэсгээр хийж хөшиж онгойлгосон. Сейфийг онгойлгоход дотор нь юу байгаа нь надад сайн харагдаагүй. Тэгээд асаагуурын гэрэл тусгаж байгаад сейф нь дотор байсан зүйлсийг одеял нь дээр тарааж асгаад ялгасан. Тэгээд сейф нь дотор байсан эд зүйлсээс алт монет, мөнгөн эдлэл, сваровский зүүлт гэх зүйлсийг ялгаад цэнхэр өнгийн жижиг гялгар уутанд хийсэн, бөгөөд 16-доллар, 200 орчим Юань, 50000 орчим төгрөг, байсныг авсан үлдсэн эд зүйлс нь бичиг баримт байрны ордер байсныг тусдаа уутанд хийгээд авч явсан бөгөөд сейфийг тухайн газарт ухсан шорооны наахан талд ил үлдээсэн. Тэгээд засмал зам хүртэл 20-30 минут алхаж яваад зам дээр гараа өргөтөл, нэг саарал өнгийн Приус 20 загварын машин зогссон бөгөөд, Хаашаа хүрэх вэ гэхэд би Хархорин орно гэхэд, Тэр машины ах ах нь тийм хол явж чадахгүй ээ ах нь таксинд яваагүй гэр рүүгээ явж байна. Чамайг их нарангийн нэгдүгээр буудал дээр буулгая гэж хэлхээр нь би за гээд машинд нь суусан. Тэгээд Их нарангийн эхний буудал дээр буугаад ууттай бичиг баримт зургийн аппаратыг нэгдүгээр буудлын гудамж руу ороод нэг айлын хог нь дээр ууттай нь тавьсан. Тэгээд замаас ахиж такси бариад Хархорин руу гэр рүүгээ явсан. Тэгээд авсан эд зүйлсээ гэртээ ирээд ахиж ялгаад, Алт монетон эдлэл мөнгөн эд зүйлсийг ялгаж аваад, бусад хэрэггүй төмөр эдлэл болон дуураймал эд зүйлс зүүлт зэргийг нийтийн байрны ойролцоох гудамжинд, зэрлэг өвсний доогуур тараагаад хаясан. Маргааш өглөө нь Нарантуул зах ороод Алт монетан эдлэл авдаг Утэй очиж уулзаад ийм алт монетон эд зүйлс байна та авах уу гэхэд У эгч “эгч нь авна аа, Нарантуулын энэ хавиар авч болохгүй аюултай байх, Натур худалдааны төвийн ойролцоо авна гээд 20-30 минутын дараа 12 цагийн орчимд Натурын замаар яваад ертөнцийн зүгээр хойд талд байрлах Солонгос хоолны газрын коридорт /Хоолны газрын нэрийг санахгүй байна/ надаас тухайн эд зүйлсийг бүгдийг нь худалдаж авсан. У над дээр ирэхдээ миний танихгүй эмэгтэй хүнтэй, мөн алт монет граммаар авдаг электрон жинтэй ирээд тухайн эд зүйлийг граммлаад нийт 4.550.000 төгрөгөөр надаас худалдаж авсан бөгөөд, чи мөнгөө эгчээсээ 20-30 минутын дараа Нарантуул зах дээр ирээд аваарай гэхээр нь Би 20-30 минутын дараа Нарантуул зах дээр очиж мөнгөө бэлнээр авсан. (Тухайн үед У чиний зарж байгаа зүйлс чинь буруу гарын хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуулгахад нь би Ут манай найз Мөрийтэй тоглоомын газар ажиллуулдаг юм, эдгээр эд зүйлс нь тэнд хураагдсан эд зүйлс байгаа юм гэж худлаа хэлсэн. Тэгээд зарсан мөнгөө авч яваад Гантөмөр /утсыг нь мэдэхгүй/ гэр нь нэгдүгээр хороололд байдаг хуурай ахдаа 3.000.000 төгрөгийг нь өгсөн, ягаад гэвэл Гантөмөрийн машиныг мөргөлдүүлээд өртэй байсан, үлдсэн 500.000 төгрөгийг эрүүгийн төлөөлөгчид хураалгаад, үлдсэн мөнгийг нь ойр зуурын хэрэглээндээ зарцуулаад дууссан гэх мэдүүлэг /1хх-ийн 239-240/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс:

Шүүгдэгч Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-144/, хувийн байдлын талаарх баримт /1хх-ийн 145-194/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 197/,

шүүгдэгч О.Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 200/ зэргийг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.

 

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний тайланг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.У нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Бын бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр эд зүйлсийг авч хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.

 

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан үйлдэл нь санхүүгийн тэнцвэргүй байдлыг алсдаа үүсгэдэг, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлсэн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон нийгэмд аюултай үйлдэл юм.

 

Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа гэмт этгээдийн өөртөө амар хялбар аргаар ашиг орлого олохыг хүссэн сэдэлтийг дэмжиж тухайн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг өөртөө ашиг гаргах зорилготойгоор зах зээлийн бодит ханшаас бага үнээр худалдаж авч байгаа нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай  хэлбэртэй байна.

 

Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Б.Бын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүгдэгч О.Уийн дээрх үйлдлийг мэдсээр байж гэмт хэрэг үйлдэж олсон үнэт эдлэл, хөөрөг зэргийг авсан үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг, шүүгдэгч нарын өөрсдийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

 

Хохирогч Н.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эд зүйлээ буцааж аваагүй, нэхэмжилж байгаа болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

 

Тогтоогдсон үнэлгээг хохирогч хүлээн зөвшөөрөхгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлжээ.

 

Тус хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнэлгээ нь зах зээлийн ханшаас доогуур байх магадлал өндөртэй, эргэлзээ төрүүлж байсан учир шүүхийн шатанд дахин шинжээч томилж үнэлгээ хийлгэхэд Лэндс ХХК нь хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийг зах зээлийн ханш үнэлгээг 51.290.206 төгрөгөөр тооцох нь бодитой байх үндэслэлтэй гэх тайлан гаргаж ирүүлсэн.

 

Уг Лэндс ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг одоогийн зах зээлийн бодит өртөгтэй нийцсэн гэж тооцох үндэслэлтэй байгаа учир шүүх хэргийг шийдвэрлэхдээ баримталлаа.

Лэндс ХХК-ийн тайлангаар тогтоогдсон үнэлгээнээс мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Баас 8312.334 төгрөгийн эд зүйлийг гаргуулан авч хохирогчид олгосныг хасаж тооцон, 42.977.872 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй ба хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирол болох 42.977.872 төгрөгийг шүүгдэгчээс нараас хувь тэнцүү хуваан гаргуулах нь зүйтэй байх тул шүүгдэгч О.Уээс 21.488.936 /хорин нэгэн сая дөрвөн зуун наян найман мянга есөн зуун гучин зургаан/ төгрөгийг, шүүгдэгч Б.Баас 20.963.936 /хорин сая есөн зуун жаран гурван мянга есөн зуун гучин зургаан/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Н.Эод олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Уийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 80.000 /наян мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эод, шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид хураалгасан 525.000 /таван зуун хорин таван мянган/ төгрөгийг мөрдөгчөөс гаргуулж хохирогч Н.Эод тус тус олгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн шатанд хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээг дахин хийлгэсэн бөгөөд үнэлгээний хөлс болох 2.000.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шүүгдэгч О.У, Б.Б нараас тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг Лэндс ХХК /2110881/-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах,

шүүгдэгч О.Уийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Бын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч О.Уийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын хяналтад зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.У хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг флашийг хэрэгт хавсаргаж ирүүлсэн. Шүүхэд ирүүлсэн эд мөрийн баримтаар тооцсон 1 ширхэг флашийг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бын хэргийн учир цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бны Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б овогт Оийн Уийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаах үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Быг зургаан жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уийг нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Нийслэлийн төвийн зургаан дүүргээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг нэг жилийн хугацаагаар шүүгдэгч О.Ут хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 144 / нэг зуун дөчин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уээс 80.000 /наян мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э /чз74073014/-д,

шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид хураалгасан 525.000 /таван зуун хорин таван мянган/ төгрөгийг мөрдөгчөөс гаргуулж хохирогч Н.Э /чз74073014/-д тус тус олгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уээс 21.408.936 /хорин нэгэн сая дөрвөн зуун найман мянга есөн зуун гучин зургаан/ төгрөгийг,

шүүгдэгч Б.Баас 20.963.936 /хорин сая есөн зуун жаран гурван мянга есөн зуун гучин зургаан/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Н.Э /чз74073014/-д олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У, Б.Б нараас тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон Лэндс ХХК /2110881/-нд олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флашийг хэрэгт хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэргийн учир шүүгдэгч О.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ут хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Б.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ