Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1866

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Батбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/01558 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Батбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Намданд холбогдох

 

   Зээлийн гэрээний үүрэгт 33 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Н.Намдан,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Оюунбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Намдан нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 39 000 000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэй зээлсэн. Бид 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд хариуцагч нь 33 000 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож “Тооцоо нийлсэн акт”-ыг үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа болно. Хариуцагч үндсэн зээл 39 000 000 төгрөгөөс 16 100 000 төгрөг, нэг сарын хүү 3 900 000 төгрөг нийт 20 000 000  төгрөгийг төлсөн. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс дахин  зээлийн гэрээг 3 сарын хугацаатай сунгасан ба хүү 6 873 000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх байсан боловч хугацаандаа төлөөгүй. Хариуцагч 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр өөр газраас дахин зээл авах гэж байгаа тул барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэрэгтэй байна гээд зээлийн гэрээг аваад явсан. Хариуцагч 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүү нийт 10 000 000 төгрөгийг талууд харилцан тохиролцон төлсөн. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр талууд тооцоо нийлж үндсэн зээл 22 900 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 13 000 000 төгрөг тус тус төлнө гэсэн тул алданги 11 400 000 төгрөгийг нэмж тооцоод 33 000 000 төгрөгийн тооцоотой болохоо талууд харилцан тохиролцон тооцоо нийлсэн акт үйлдсэн. Талууд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу 33 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Иймд хариуцагчаас 33 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

     Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Батбилэг нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 38 500 000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай 1 хувийн хүүтэй зээлж, миний өөрийн нэр дээр банк бус санхүүгийн байгууллагад төлөх байсан зээлийг чөлөөлсөн юм. Миний хувьд 3 хоногийн 1 хувийнх нь хүү 1 150 000 төгрөгийг Ж.Батбилэгт тэр өдөрт нь төлсөн юм. Миний төлөх хүүнээс 500 000 төгрөг дутаад, 500 000 төгрөг нэмж аваад, 39 000 000 төгрөг болсон. Дээрх зээлээс 2015 оны 11 дүгээр сарын 20-нд 20 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 9 850 000 төгрөг, 4 дүгээр сарын 29-ний өдөр 150  000 төгрөг тус бүр бэлнээр төлсөн. Ж.Батбилэг өөрөө гарын үсгээ зурж бэлнээр авсан. Мөн 2016 оны 8, 9 дүгээр сард 3 удаа Ж.Батбилэгийн ХААН банкны 5007993798 данс руу нь 1 350 000 төгрөгийг 3 удаа шилжүүлгээр, 2017 оны 3 дугаар сарын 16-нд 300 000 төгрөг, 3 дугаар сарын 20-нд 300 000 төгрөг тус тус шилжүүлж төлсөн. Одоо гэрээгээр тохирсон үндсэн төлбөр 39 000 000 төгрөгөөс үндсэн зээлийн 7 050 000 төгрөг төлөх юм. 3 хоногийн хүү     1 150 000 төгрөгийг мөнгө авсан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн. Ж.Батбилэг нь намайг мөнгө өгөх бүрт шинээр нэмж мөнгө хүү төлүүлэх талаар шинээр бичүүлж авдаг байсан. Би одоо Ж.Батбилэгт 33 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хоорондын тооцоо нийлсэн акт гэдэг нь намайг “та гарын үсэг зур” гэсээр байж зуруулсан. Иймд бидний анхны хийсэн хэлцлийг үндэслэн маргааныг шийдвэрлэж, зөвхөн 7 000 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УС55041921 регистртэй Лувсанжав ургийн овогт Навган овогтой Намдангаас 7 050 000 /долоон сая тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ШБ79040571 регистртэй Боржигон ургийн овогт Жарантай овогтой Батбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 950 000 /хорин есөн сая есөн зуун тавин мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 127 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ж.Батбилэгээс хариуцагч Н.Намдан нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 39 000 000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэйгээр 3 хоногийн хугацаатайгаар зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх зорилгоор зээлж авсан байдаг. 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Н.Намдан нь 3 хоногийн хүүг буюу 1 170 000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Батбилэгт төлж 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг 1 сарын хугацаагаар сарын 10 хувийн хүүтэй буюу сард 3 900 000 төгрөгийн хүүтэйгээр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор сунгасан. Хариуцагч Н.Намдан нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид үндсэн зээл 39 000 000 төгрөгөөс 16 100 000 төгрөгийг төлж 1 сарын хүү болох 3 900 000 төгрөг нийт 20 000 000 төгрөг төлсөн байдаг тул үндсэн зээлийн үлдэгдэл 22 900 000 төгрөг үлдсэн. Зээлийн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл дахин 3 сарын хугацаагаар нэмж бичгээр сунгасан боловч хариуцагч нь зээлийн хүүг тохирсон хугацаандаа төлөөгүй бөгөөд харин уг 4 сарын хүүг 10 000 000 төгрөгт тооцон төлөх хүсэлтийг нэхэмжлэгчид 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тавьсаныг Ж.Батбилэг хүлээн авсан байдаг. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохигчид зээлийн гэрээгээ дүгнэн хэлэлцэж буюу тооцоо нийлж үндсэн зээлийн үлдэгдэл 22 900 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах, тохирсон хугацаанд үндсэн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээнд заасанчлан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 11 450 000 төгрөгийн алданги тооцохоор урьдчилан зааж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Өөрөөр хэлбэл талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасанчлан  хүсэл зоригоо бодит үйлдлээр буюу тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулсан байхад шүүх энэхүү нотлох баримтыг огт үнэлж тооцоогүйд гомдолтой байгаа болно. Хариуцагч Н.Намдан нь 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эх гэрчилгээг нэхэмжлэгчээс авахдаа өөрт байсан зээлийн гэрээний эх хувь алга болсон, банк бус санхүүгийн байгууллагад үзүүлэх шаардлагатай талаар хэлж нэхэмжлэгчээс зээлийн эх хувийг авч явсан. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасны дагуу хариуцагч Н.Намдангаас 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч захирамжид тусгаагүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

            Нэхэмжлэгч Ж.Батбилэг нь хариуцагч Н.Намданд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  33 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

            Хариуцагч Н.Намдан нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 39 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Батбилэгээс зээлсэн, уг мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан талаар тайлбарласан байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... анх 39 000 000 төгрөгийг зээлдүүлэхдээ бичгийн гэрээ байгуулаагүй,  дараа нь бид тооцоо нийлж 33 000 000 төгрөг зээлийн төлбөрт үлдсэн болохыг тодорхойлсон” гэж тайлбарласан.

 

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Талууд хуулийн дээрх зохицуулалтын дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул анхан шатны шүүх зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг 39 000 000 төгрөгөөр тодорхойлж, үүнээс зээлийн хүүд төлсөн гэх 1 150 000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцсон нь үндэслэлтэй.

 

            Талуудын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн тооцоо нийлсэн актад  зээлдэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг төлсөн талаар тусгагдсан байна. Иймд гүйцэтгэвэл зохих үндсэн үүрэг болох 39 000 000 төгрөгөөс гүйцэтгэсэн 30 000 000 төгрөгийг мөн хасч тооцон, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 7 050 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн болно.

 

            Хэдийгээр нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн актад зээлийн үлдэх үүргийг 33 000 000 төгрөг болохыг талууд тохиролцож тодорхойлсон гэж нэхэмжилж байгаа боловч талууд анх амаар гэрээ байгуулж 39 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, уг мөнгөн хөрөнгөөс зээлдэгч 30 000 000 төгрөгийг төлсөн байхад гүйцэтгээгүй үүргийг 33 000 000 төгрөгөөр тодорхойлж тооцоо нийлсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/01558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ