| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 204/2018/00040/э |
| Дугаар | 2018/ДШМ/40 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2018/ДШМ/40
Г.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Мөнгөншагай
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн
Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2018/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Г-д холбогдох эрүүгийн 1826001940130 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ял шийтгэл, гавьяа шагналгүй, Доржгив овогт Г.Г
Г.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18-19 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Урьхан” зоогийн газрын гаднах авто машины зогсоолоос УАЗ-2206 маркын автотээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээвэрлэн хөдөлж туслах замаар зорчиж гол замд нийлэх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж улсын чанартай А-0302 кодтой асфальтан замд иргэн Б.У-н жолоодож явсан Киа Гранбирд маркын том оврын автобусанд зам тавьж өгөлгүй уулзвар нэвтэрсний улмаас уг автобусанд мөргүүлэн зам тээврийн осол гаргаж иргэн П.Л, Б.Х нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, Доржгив овогт Г.Г-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч Б.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.С нарт 1050000 төгрөг, хохирогч П.Л-д 1200000 төгрөг төлсөн болохыг дурьдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-с 6151228 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.С нарт 772450 төгрөг, хохирогч П.Л-д 1493778 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.У-д 3885000 төгрөг тус тус олгохоор, хохирогч П.Л-н нэхэмжлэлээс 306222 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч П.Л нь хэлэлцэхгүй орхисон хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа, насанд хүрээгүй хохирогч Б.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.С нар нь насанд хүрээгүй хохирогч Х-гийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн насанд хүрээгүй хохирогч Б.Х-гийн гэмтлийг харуулсан рентгэн зураг 3 ширхэг, хохирогч П.Л-н гэмтлийг харуулсан рентгэн зураг 2 ширхэгийг насанд хүрээгүй хохирогч Б.Х, хохирогч П.Л нарт тус тус буцаан олгохоор, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Г.Г-н өмчлөлийн “УАЗ 2206” маркийн автотээврийн хэрэгслийг хураан авч гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус автомашиныг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Г-д авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч Г.Г нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж, гэм буруугаа ойлгож ухаарч байгаагаа илэрхийлж, хохирогч нарт эмчилгээний зардлыг бүрэн төлөхөө илэрхийлж, зарим хэсгийг төлсөн. Шүүгдэгч нь анх удаа хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар 3 хүртэл жил, түүнээс бага хугацаагаар ял шийтгэл оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн байхад, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, биечлэн эдлүүлэх болсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх хуулийн заалтыг хэрэглэхгүй байгаа нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэж байна. Шүүгдэгч Г.Г-г 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэхдээ хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна. Г.Г нь хохирогч нарын хохирлыг анхан шатны шүүх хурлын дараа төлсөн. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж үүрэг хүлээлгэж эрх хасах албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Прокурор Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулсныг тэнсэх, ялаас чөлөөлөх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал. Иймд давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа Г.Г хохирлоо төлж барагдуулсан тул Эрүүгийн хуульд заасан тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар хураагдсан Г.Г-н өмчлөлийн тээврийн хэрэгслийг хураан авсныг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Хохирогч П.Л шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шүүгдэгчээс хохиролд 1500000 төгрөг хүлээн авсан, одоо гомдол саналгүй, шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.
Хохирогч Б.Х-гийн хууль ёсны төлөөлөгч Ж.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шүүгдэгчээс хохиролд 800000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Г. Г нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18-19 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Урьхан” зоогийн газрын гаднах авто машины зогсоолоос УАЗ-2206 маркын автотээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээвэрлэн хөдөлж туслах замаар зорчиж гол замд нийлэх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-т заасан гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж улсын чанартай А-0302 кодтой асфальтан замд иргэн Б.У-н жолоодож явсан Киа Гранбирд маркын автобусанд зам тавьж өгөлгүй уулзвар нэвтэрсний улмаас уг автобусанд мөргүүлэн зам тээврийн осол гаргаж иргэн П.Л, Б.Х нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Х, хохирогч П.Л, иргэний нэхэмжлэгч Б.У, шүүгдэгч Г.Г нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Х, П.Л, иргэний нэхэмжлэгч Б.У, гэрч С.Н, Б.Т, Н.А, Р.Д, Э.М, насанд хүрээгүй гэрч Б.А, Г.Т, У.А, Т.А, Н.М, О.Д, М.Д, Г.Г, Б.Э нарын мэдүүлгүүд /1-р хх-ийн 21-25, 29, 32-64хуу/, Техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт /хх-ийн 94/, шинжээч Б.Бүрэнтөгсийн мэдүүлэг /хх-ийн 67хуу/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 280, 295 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 116, 119-120хуу/, “Лэндс” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 35,36 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 86хуу/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10хуу/, зам тээврийн осолд тогтоосон акт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 11-12хуу/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Г.Г-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй болсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн заалтыг хэрэглэлгүй хорих ялыг биечлэн эдлүүлэх болсон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх эрхийг эдлүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэсэн гомдол нь үндэслэлгүй буюу тухайн заалтыг хуульд заавал хэрэглэхээр тусгаж өгөөгүй болно.
Харин шүүгдэгч Г.Г нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг шүүгдэгчид хэрэглэж, УАЗ-2206 маркын автотээврийн хэрэгслийг хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Б.У-д 3300000 төгрөг, хохирогч П.Л-д 1500000 төгрөг, хохирогч Б.Х-д 800000 төгрөг тус тус төлсөн, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Г.Г нь 56 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
а/ 2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй” гэж,
б/ 3 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдсугай” гэж,
в/ 4 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай” гэж,
г/ 8 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Г-н өмчлөлийн УАЗ-2206 маркын автотээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Г-г шүүх хуралдааны танхимаас сулласугай.
3. Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 56 хоног цагдан хоригдсон, иргэний нэхэмжлэгч Б.Ут 3300000 төгрөг, хохирогч П.Л-д 1500000 төгрөг, хохирогч Б.Х-д 800000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.