Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн,

Улсын яллагч С.Болорчулуун,

Шинжээч П.Гаваасүрэн,

Хохирогч Г.Батхуяг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Батбаяр,

Шүүгдэгч Ү.Мөнхбаяр, М.Нямбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд овогт Үрэлбаатарын Мөнхбаяр, Еншөөв овогт Мижиддоржийн Нямбаатар нарт холбогдох эрүүгийн 201610010127 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төмөр замын гал унтраах ангид суурин харуулын ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Эрүүл мэндийн 1-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Харнууд овогт Үрэлбаатарын Мөнхбаяр /EC93082712/,

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зүтгүүрийн туслах машинист мэргэжилтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд депод галч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 8 дугаар хэсгийн 1-43 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Еншөөв овогт Мижиддоржийн Нямбаатар /EO93112113/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ү.Мөнхбаяр, М.Нямбаатар нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 07-ны шөнө Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хараа” зочид буудлын үүдэнд Г.Батхуягтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойг тус газар цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлэгт  дараахь  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ү.Мөнхбаяр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Батхуяг гэх залуу Нямбаатарт хандаж чи архины мөнгө нэхээд байгаа юм уу гэж хэлээд түүнтэй маргалдсан, тэр үед нь Нямбаатар би чамаас архины мөнгө нэхэх хүн биш гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдахаар нь би Батхуягыг аваад Хараа буудал руу оруулсан гэтэл удалгүй Батхуяг гарч ирсэн бөгөөд Хараа буудлын үүдний шатан дээр зогсчихоод та нар хүн зодож чадах уу, нэг нэгээрээ зодолчихоё гээд өдөж хоргоогоод байхаар нь түүн рүү очоод чи яах гээд байгаа юм бэ гэж хэлтэл миний баруун гарыг дээш өргөчихөөд Нямбаатар луу хандаж түүнийг янз бүрээр дуудаж өдөөд байсан. Тэр үед би түүнийг боль гэж хэлээд хорьж байтал миний хамар хэсэг рүү 2 удаа цохьчихсон. Тэгээд миний хамарнаас цус гоожсон миний дургүй хүрээд цохьсон, уначихсан байх үед нь түүний цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед Нямбаатар гүйж ирээд түүний толгой дээрээс нь 2 удаа дэвсчихсэн юм. Зодоон болоод дууссаны дараа буудлын үйлчлэгч гарч ирээд болиоч та нар цагдаа дуудлаа шүү гэхээр нь Нямбаатар, Мөнхбаяр бид 3 зугтаачихсан юм. Хэрэг болох үед Нямбаатар, Мөнхбаяр бид гурав 2.5 литрийн пиво 2-ыг хувааж уусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/,

 -  Шүүгдэгч М.Нямбаатар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хараа буудлын эсрэг талд бид нарыг явж байсан замд миний танил Дүүрэнбаяр гэх залуу Батхуяг гэх залуугийн хамт зогсож байсан. Тэгээд би мэнд мэдээд хоорондоо ойр зуурын юм яриад зогсож байтал хажуунаас Батхуяг гэх залуу нь архины мөнгө нэхээд байгаа юм уу гэж надад хэлсэн юм. Тэр үед нь би Батхуягт хандаж би чиний мөнгөөр архи авч уухгүй гэж хэлсэн. Тэгээд л Батхуяг бид 2 хоорондоо үл ойлголцож, маргалдаж эхэлсэн бөгөөд Ү.Мөнхбаяр Батхуягийг надаас салгаж Хараа буудал руу хамтдаа алхсан. Хэсэг хугацааны дараа Батхуяг Хараа буудал руу орчихоод нэг их удалгүй буцаж гарч ирсэн бөгөөд гарч ирэхдээ дээгүүрээ өмссөн хувцасаа тайлчихсан байсан. Тэгээд намайг Хараа буудлын эсрэг талд зогсож байтал Батхуяг гэх залуу Y.Мөнхбаярын нүүр лүү нь цохиж байгаа харагдахаар нь би гүйж очоод түүнийг уначихсан байх үед нь түүний толгой хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд, нэг удаа дэвсчихсэн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хx-н 41-42, 49/,

- Хохирогч Г.Батхуяг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хараа буудалд байж байгаад 01 цагийн үед буудлаас өөрийн найз Дүүрэнбаяртай гарч гэр лүүгээ харихаар болсон бөгөөд дөнгөж буудлаас гартал замын эсрэг талд үл таних 3-н залуу зогсож байгаад Дүүрэнбаярыг дуудаж буудлын үүдэнд Дүүрэнбаяртай ирж уулзсан юм. Тэгээд эдгээр залуус Дүүрэнбаярыг явж архи ууя гээд байхаар нь би Дүүрэнбаяр маргааш ажилтай наадах чинь архи уухгүй гэж хэлэхэд Нямбаатар гэх залуу над руу хандаж чамд ямар хамаатай юм бэ гөлөг минь гэж хэлсэн. Тэгээд л эдгээр залуустай маргалдаж та нар учраа мэдэхгүй байна шүү маргааш нь зөндөө зүйл болно шүү гэж хэлсэн. Тэр үед Мөнхбаяр гэх залуу над руу ирээд намайг мангасдаж, заамдахаар нь би түүнийг түлхэж холдуулаад буудлын дотогш ороод дээгүүрээ өмссөн цамцаа тайлчихаад буцаж гарч ирсэн ба намайг буудлын гадна талд шатны хажууд зогсож байхад Мөнхбаяр гэх залуу нь над руу ирж миний нүүр хэсэг рүү 1 удаа цохисон ба тэр үед миний араас хэн нэг нь цохих шиг болсон. Тэгээд л би ухаан алдаж унасан юм. Би Мөнхбаярт нүүрэндээ 1 удаа цохиулаад, мөн шилэн хүзүүний хэсэгт Нямбаатараар нэг удаа цохиулаад ухаан алдсан юм. Миний нүүрний баруун талын шанаа, хацарны яс бяцарч цөмөрсөн, эмчилгээг Улаанбаатар хотод хийлгэсэн, мөн гэмтэл согог судлалын төвд очиж тархины зураг авахуулж 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орсон. Миний биед учирсан гэмтлүүдээс хамар муруйсан нь цохих үед үүссэн, харин хацар шанаа цөмөрсөн нь толгой дээрээ дэвсүүлэх үед үүссэн, мөн миний үүдэн хиймэл шүд доод талын хэсгээрээ эмтэрсэн байсан. Надад эмчилгээний зардалд зориулан Нямбаатар 1.5 сая төгрөгийг миний хаан банкны дансаар шилжүүлэн өгсөн. Би одоо удахгүй дахин хагалгаанд орно. Группэд байдаг болохоор хөнгөлттэй үзүүлж эмчлүүлсэн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл ч байхгүй. Одоо хагалгаанд орохдоо өөрөө зардлаа гаргаж орох байх.” гэсэн мэдүүлэг /хx-ийн 11-12/,

- Гэрч М.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дүүрэнбаяртай юм яриад зогсож байхад түүнтэй хамт байсан Батхуяг гэх залуу Нямбаатар луу хандаж чи архины мөнгө нэхээд байгаа юм уу гэж хэлэхэд Нямбаатар түүнд хандаж би чамаас архины мөнгө нэхэх дээрээ тулаагүй байна гэж хэлээд хоорондоо бага зэрэг маргалдсан тэр үед Ү.Мөнхбаяр Батхуяг руу очоод түүнийг хорьж байгаад Хараа буудал руу оруулсан юм. Түүнээс хойш нэг их удалгүй Батхуяг буудлаас дээгүүрээ нүцгэн гарч ирээд буудлын довжоон дээр зогсчихоод та нар надтай нэг нэгээрээ зодолдох уу гэж хэлээд үг өдөж эхэлсэн бөгөөд тэр үед Y.Мөнхбаяр Батхуяг руу очиж түүнийг хорьсон боловч Батхуяг гэх залуу Y.Мөнхбаярын нүүр лүү цохих шиг болсон. Тэгээд л Y.Мөнхбаяр түүнийг зөрүүлэн цохиж байх шиг харагдсан. Энэ үед Дүүрэнбаяр Мөнхбаяр луу дайрч муудах гээд байхаар нь би түүнийг хорьсон юм. Тэгээд л нэг харахад Батхуяг газар уначихсан харин Нямбаатар түүн рүү гүйж очоод толгой руу нь өшиглөж байгаа харагдсан. Мөнхбаярыг өмөөрөөд л Батхуягийг Мөнхбаяртай зодолдоод газарт уначихсан байх үед нь түүний толгой руу өшиглөсөн гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 13-14/,

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 285 дугаартай шинжээч П.Гаваасүрэнгийн “...Г.Батхуягийн биед баруун гайморын хөндийн ар хана зөрөө багатай хугарал, баруун хацрын нум хоёрлосон зөрөө багатай хугарал, баруун хөмсөгний дээд талд язарсан шарх, 2 нүдний зовхи болон хамрын нуруу хэсгээр, баруун хацар орчмын цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна, Г.Батболдын биед үүссэн баруун гайморын хөндийн ар хана зөрөө багатай хугарал, баруун хацрын нум хоёрлосон зөрөө багатай хугарал гэмтлүүд нь дангаараа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, баруун хөмсөгний дээд талд язарсан шарх болон нүүрний зөөлөн эд дэх цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Хүндэвтэр зэргийг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана, хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хx-ийн 28/,  

- М.Нямбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/,

- Замын-Үүд сумын Сүлд багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, /хх-ийн 51-52/,

-  Ү.Мөнхбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/,

- Ү.Мөнхбаярын иргэний үнэмлэхний хуулбар, Замын-Үүд сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54-56/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар дүгнэхэд:  2016 оны 06 дугаар сарын 07-ны шөнө Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хараа зочид буудлын гадаа бусдад зодуулж биедээ хүндэвтэр гэмтэл авсан үйл баримт болсон байна.

 Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Ү.Мөнхбаяр, М.Нямбаатар нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 07-ны шөнө Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хараа зочид буудлын үүдэнд Г.Батхуягтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Ү.Мөнхбаяр, М.Нямбаатар, Г.Батхуяг нар нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны шөнө Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хараа буудлын үүдэнд хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн улмаар Ү.Мөнхбаяр, М.Нямбаатар нар нь бүлэглэн Г.Батхуягыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Батхуягын “...Мөнхбаяр гэх залуу нь над руу ирж миний нүүр хэсэг рүү 1 удаа цохисон ба тэр үед миний араас хэн нэг нь цохих шиг болсон. Тэгээд л би ухаан алдаж унасан юм. Би Мөнхбаярт нүүрэндээ 1 удаа цохиулаад, мөн шилэн хүзүүний хэсэгт Нямбаатараар нэг удаа цохиулаад ухаан алдсан юм...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Мөнхбаярын “...Y.Мөнхбаяр Батхуяг руу очиж түүнийг хорьсон боловч Батхуяг гэх залуу Y.Мөнхбаярын нүүр лүү цохих шиг болсон. Тэгээд л Y.Мөнхбаяр түүнийг зөрүүлэн цохиж байх шиг харагдсан… нэг харахад Батхуяг газар уначихсан харин Нямбаатар түүн рүү гүйж очоод толгой руу нь өшиглөж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 285 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ү.Мөнхбаяр, М.Нямбаатар нарыг бүлэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ү.Мөнхбаяр, М.Нямбаатар нарт ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ү.Мөнхбаяр, М.Нямбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Мөн хохирогч Г.Батхуяг нь “дахин хагалгаанд орно” гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч Ү.Мөнхбаярын BSB  маркийн 42 инчийн хар өнгийн зурагт 1 ширхэг, шүүгдэгч М.Нямбаатарын бирюса маркийн цагаан өнгийн нэг хаалгатай хөргөгч 1 ширхэг зэргийг битүүмжилсэн байх ба уг арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй болсон гэж үзэж тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299  дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харнууд овогт Үрэлбаатарын Мөнхбаяр, Еншөөв овогт Мижиддоржийн Нямбаатар нарыг бүлэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар шүүгдэгч Үрэлбаатарын Мөнхбаяр, Мижиддоржийн Нямбаатар нарыг тус бүр 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ү.Мөнхбаяр, М.Нямбаатар нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ү.Мөнхбаяр, М.Нямбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Г.Батхуяг нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч Ү.Мөнхбаярын BSB  маркийн 42 инчийн хар өнгийн зурагт 1 ширхэг, шүүгдэгч М.Нямбаатарын бирюса маркийн цагаан өнгийн нэг хаалгатай хөргөгч 1 ширхэг зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ү.Мөнхбаяр, М.Нямбаатар нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээрзүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ү.Мөнхбаяр, М.Нямбаатар нарт урд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ