Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 0289

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 05 өдөр             Дугаар 128/ШШ2020/0289           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: С-ийн Ө /РД:.ХИ771201**/,

Хариуцагч: Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ц.Э,

Гомдлын шаардлага: “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0123738 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, торгуульд төлсөн болон улсын орлогод хураасан мөнгийг буцаан гаргуулах” тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн өмгөөлөгч А.У, хариуцагч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн С.Ө миний бие 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хамт Хонгконг улсаар дамжин Макао улс уруу зорчсон. Макао улсад манай нөхөр биенесийн түнштэйгээ уулзахаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буудлаас гарсан ба “казиногоос мөнгө хожсон” гээд 2 чемодан өгсөн. Тухайн үед би хэдий хэмжээний мөнгө хожсон талаар тодруулж асуугаагүй ба нөхөр маань хэлэхдээ 80,000 сингапур доллар, 1,300,000 хонгконг доллар хожсон гэж хэлэх шиг болсон. Энэ мөнгийг огт хэрэглээгүй ба би ч тоолж үзээгүй юм. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би буцахаар онгоцны буудал уруу явж манай нөхөр надад 2 чемоданаа өгөөд тэндээ үлдсэн.

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Буянт-Ухаад бууж бизнес лаунжид сууж тээшээ хүлээж сууж байхад гаалийн улсын байцаагч ирж “танд мэдүүлэх зүйл байгаа юу” гэж асуухад нь “мөнгө байгаа” талаараа хэлж “гаалийн мэдүүлгийг бичсэн” гэдгээ хэлсэн. Би нөхрийнхөө өгсөн мөнгийг тоолж үзээгүй, тухайн үед ачаа ирээгүй байсан тул мөнгийг нөхрийнхөө хэлснээр бичсэн. Тээшээ аваад гаалийн улсын байцаагчид шалгуулахад 100,000 хонгконг доллар, 12,000 сингапур доллар, мөн миний түрийвчинд ойр зуураа хэрэглэж байсан задгай 140 макао доллар, шинэ жилийн бэлгэнд дүү нар, найзууддаа авсан зүүлт зэргийг мэдүүлээгүй байна гэж зөрчлийн хэрэг үүсгэж шалгана гэсэн.

Ингээд уг асуудлыг шалгаад 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаалийн улсын ахлах байцаагч Ц.Э 0123738 дугаартай шийтгэлийн хуудсыг танилцуулж Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-д зааснаар 10,370,763.3 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 103,110 хонгконг доллар, 140 макао доллар, 12,000 сингапур долларыг тус тус хураасан. Энэхүү шийдвэрт миний бие гомдолтой, гаалийн улсын байцаагч гаалийн хяналт шалгалт, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа Гаалийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчиж миний хууль ёсны эрхийг зөрчсөн тул гомдол гаргаж байна.

Шийтгэлийг эс зөвшөөрч байгаа хуулийн үндэслэл:

1. Гаалийн тухай хуулийн 55-р зүйлийн 55.2.4, 228-р зүйл, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд тус тус зааснаар улаан, ногоон гарцыг сонгоогүй, гаалийн улсын байцаагчид гаальд мэдүүлэх шаардлагатай эд зүйл байгаа гэдгийг өөрөө хэлсэн нь Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.3 дахь хэсэгт заасан журмын дагуу мэдүүлсэн гэж үзэж байна. Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т мэдүүлэгч нь “барааг бодитой мэдүүлэх зорилгоор мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих эрхтэй” гэж заасан ба тээшээ хүлээн аваагүй, мөнгийг тоолж гаальд үнэн зөвөөр мэдүүлэх бололцоог олгоогүй болно.

2. Миний бие тээшээ хүлээн аваад тээшинд байсан казиногоос мөнгө хүлээн авсан баримтуудыг гарган өгч хяналт, шалгалтыг хийлгэсэн. Энэ баримт дээр казиногоос авсан мөнгө бүрэн бичигдсэн байсан ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан шийтгэл ногдуулах нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ц.Э-ын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0123738 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, торгуульд төлсөн болон хураасан мөнгийг буцаан гаргуулахаар гомдол гаргав.” гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн С.Ө нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийнхээ хамтаар Хонконг улсаар дамжин Макао улсруу зорчоод 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Буянт-Ухаа хилийн боомтоор иргэн С.Ө нь ганцаараа нэвтэрч орж ирсэн. Энэ үедээ 2 чемоданд Хонконг доллар, Сингапур доллар, Макао долларуудыг хувааж хийсэн байсан. Энэ мөнгө нь түүний нөхөр н.Д-ийн Хонконг, Макаогийн казиногоос хожсон мөнгө. Нөхөр нь казинод тоглож байгаад өглөө эрт ирээд 120,000 Хонконг доллар, 80,000 Сингапур доллар хожсон талаараа хэлсэн байдаг. С.Ө нь тухайн үед онгоцны нислэгрүүгээ яарч байсан учир мөнгийг тоололгүй 2 чемоданд хувааж хийгээд Монгол улсын хил дээр гаалийн байгууллагад мэдүүлэхдээ нөхрийнхөө хэлсэн тоогоор үнийн дүнгүүдийг бичсэн. Гэтэл н.Д******* нь өөрт байсан 12,000 Сингапур доллар, 103,110 Хонконг доллар, 140 Макао доллароо хэлээгүйгээс болж С.Ө нь дутуу мэдүүлсэн байдаг.

Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.4, 228 дугаар зүйл, Гаалийн ерөнхий газрын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д тус тус зааснаар улаан, ногоон гарцыг сонгоогүй, гаалийн байцаагчид гаалийн мэдүүлэх шаардлагатай эд зүйл байгаа талаар өөрөө хэлсэн нь Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.3 дахь хэсэгт заасан журмын дагуу мэдүүлсэн гэж үзэж байгаа. Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь хэсэгт зааснаар тээшээ хүлээн аваагүй, мөнгөө тоолж гаальд үнэн зөв мэдүүлэх боломж олгоогүй гэж үзэж байна.

С.Ө нь тээшээ хүлээж аваад тээшинд байсан казиногоос хожсон мөнгө хүлээн авсан баримтуудыг тухайн үед хяналт шалгалт хийсэн гаалийн байцаагч нарт үзүүлсэн. Энэ баримтад казиногоос хожсон мөнгө нь үнэн зөв бичигдсэн байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан шийтгэл ногдуулах нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ц.Э-ын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0123738 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, торгуульд төлсөн болон хураасан мөнгийг буцаан олгуулахаар тус шүүхэд гомдол гаргасан. ” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.Б, Б.О нар нь Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн ирэгчийн хэсэгт байрлах “Бизнес лоунж” гаалийн хяналтын хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ОМ-298 аялалын дугаартай ХонгКонг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн С овогтой Ө/Е2******* паспорттай, ХИ771201** регистрийн дугаартай/-ийн гаалийн байгууллагад мэдүүлсэн зорчигчийн гаалийн мэдүүлэг буюу /деклараци/-аар хонгконг доллар 1,200,000, сингапур доллар 80,000, америк доллар 900 гэж тус тус мэдүүлснийг нягтлан шалгаж биет үзлэг хийхэд хонгконг доллар 103,110, сингапур доллар 12,000, макао доллар 140 тус тус дутуу мэдүүлсэн зөрчил гаргасан байна гэх зөрчлийн талаарх мэдээллийг бүртгэж Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т зааснаар зөрчлийн 2003000008 дугаартай хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд:

1. С овогтой Ө-ийгхолбогдогчоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2, 3.3 заасан оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч оролцуулсан,

2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Л.Д оролцсон болохыг тэмдэглэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал:

Монгол Улсын иргэн С.Ө нь улсын хилээр нэвтрэхдээ /орохдоо/ гаалийн хяналтын бүсийн “бизнес лаунж” хэсгээр их хэмжээний валютыг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлж улсын хилээр нэвтрэхэд нь Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон нягтлан шалгах зорилгоор ачаа тээшинд болон мэдүүлсэн их хэмжээний валютад нь биет үзлэг шалгалт хийхэд мэдүүлсэн их хэмжээний валютаас 103,110 хонгконг доллар, 12,000 сингапур доллар, 140 макао доллар зэрэг валютыг дутуу мэдүүлсэн, мөн хар өнгийн чемоднаас гаалийн байгууллагад мэдүүлээгүй 17 ширхэг улаан өнгийн уутанд хийсэн 953 ам.долларын хүзүүний чулуун зүүлт зэрэг байсныг тогтоогдож гадаад валютыг гаалийн байгууллагад худал мэдүүлсэн зөрчил гаргасан байна гэх асуудлыг шалгахад:

Нийт мэдүүлсэн валютыг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол банкны ханшаар төгрөгт шилжүүлэн тооцож үзэхэд 1,303,110 хонгконг доллар-458,238,631.5 төгрөг, 92,000 сингапур доллар-186,493,200 төгрөг, 900 америк доллар-2,462,292 төгрөг, бүгд 647.194.123.5 төгрөг, үүнээс дутуу мэдүүлсэн валютын үнийн дүн нь төгрөгөөр 60.583.831.5 болсон байна.

Холбогдогч Монгол Улсын иргэн С.Ө нь улсын хилээр орохдоо ачаа тээшиндээ авч ирсэн их хэмжээний гадаад валютыг гаалийн байгууллагад худал мэдүүлэн

1. Гаалийн тухай хуулийн “Бараа мэдүүлэх” 55 дугаар зүйлийн 55.2.1-т заасан бичгээр мэдүүлнэ гэснийг,

2. Гаалийн тухай хуулийн 57.2.1-т заасан”Мэдүүлэгч гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцах...” гэснийг,

3. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 тоот тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр * нэвтрүүлэх журмын 2.5-д “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болно гэснийг, мөн журмын 5.5-т “дараах бараатай зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад бичгээр мэдүүлнэ” гэсний 5.5.2-т “15 саяас дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл цахим мөнгө” гэснийг,

4. Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйл 1-т “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно” гэснийг,

5. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйл “улсын хилээр бэлэн мөнгө оруулах, гаргах” гэсний 15.1-д “Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэснийг зөрчсөн.

Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т валютыг гаалийн байгууллагад худал мэдүүлсэн зөрчил гаргасан болох нь Зөрчлийн 2003000008 дугаартай хэрэгт авагдсан Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай мэдээлэл, Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас 0001953, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зөрчилд холбогдсон валют болон дутуу мэдүүлсэн валют, гэрч Б.Б-ынзөрчлийн хэрэгт бичгээр гаргаж өгсөн тайлбар, мэдүүлэг, гэрч Б.О-ийн бичгээр гаргаж өгсөн тайлбар, мэдүүлэг, гэрч Л.Д-ийн зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлэг, холбогдогч С.Өийн улсын хилээр орохдоо мэдүүлсэн зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг, холбогдогч С.Өийн бичгээр гаргаж өгсөн тайлбар, гаалийн хяналтын бүсийн хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т зааснаар “зөрчилд холбогдсон худал мэдүүлсэн валютыг хурааж, хураагдсан валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн.”  гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын хяналт шалгалтын албаны байцаагч нараас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хяналт шалгалтын явцад С.Ө нь улсын хилээр нэвтрэхдээ өөрт байгаа гадаад валютыг мэдүүлэхдээ дутуу мэдүүлсэн зөрчил гаргасан гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авч зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар зөрчилд холбогдсон эд зүйл хийсэн үзлэгийн тэмдэглэл, дутуу мэдүүлсэн валют, гэрч н.Б*******, н.О, н.Д нарын бичгээр гаргаж өгсөн тайлбар, гэрчийн мэдүүлэг, С.Өийн улсын хилээр орохдоо мэдүүлсэн гаалийн барааны деклараци, холбогдогчийн бичгээр гаргаж өгсөн тайлбар, зөрчилд холбогдогчийн мэдүүлэг зэргээр улсын хилээр их хэмжээний валютыг дутуу мэдүүлсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар зөрчилд холбогдсон худал мэдүүлсэн бараа, валютыг хурааж, үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний шийтгэл ногдуулсан.

С.Ө нь казиногоос мөнгө хожсон баримтаа тухайн үед нь гаргаж өгөөгүй. Сүүлд нь өөрөөс нь “энэ талаараа холбогдох баримт байвал өгөөч ” гэж байж и-мэйлээр ирсэн баримтыг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргуулж авсан. С.Ө нь анх хилээр нэвтрэхдээ Буянт- Ухаа дахь гаалийн хяналтын бүсэд бизнес лоунж гэсэн тусгай төлбөртэй, улаан, ногоон гарц хэрэгждэггүй, тусгай танхимаар орж ирэхдээ мөнгөтэй яваагаа гаалийн байцаагчид бичиж танилцуулаагүй.  Гаалийн байцаагч “танд гаальд мэдүүлэх зүйл байгаа юу” гэхэд “би мөнгөтэй байгаа деклараци бичье” гээд бичсэн байдаг.

Нийт хураасан мөнгө нь 103,110 хонконг доллар, 12,000 сингапур доллар, 140 макао доллар, эдгээр валютыг монгол мөнгөн дүнгээр тооцохоор 60 сая төгрөг болж байгаа. Энэ мөнгөний 10 хувь буюу 15 сая төгрөгөөр торгосон. 953 ам.долларын үнэ бүхий хүзүүний зүүлтнүүдийг найз нөхөд, өөрийн хэрэгцээнд авсан гээд худалдаж авсан баримтаа үзүүлсэн. Энэ нь 1 төрлийн бараанаас олон төрөл биш, татвар ногдуулах бараанд орохооргүй төрөл төрлөөсөө өөр байсан учраас эзэнд нь буцаан олгосон. Дутуу мэдүүлсэн гэх зөрчилд энэ 953 ам.долларын зүүлт хамаарахгүй. Гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн 1,200,000 мянган хонконг доллар, 80,000 сингапур доллар, 900 ам.долларыг өөрт нь олгосон. 10 сая төгрөгийн торгуулийн үнийн дүн, дутуу мэдүүлсэн гэх 60 сая төгрөгийн үнийн дүнд мэдүүлсэн валют ороогүй.

Хилээр нэвтрүүлж байгаа валютын үнийн дүнг худлаа мэдүүлсэн. Их хэмжээний валют мэдүүлсэн тохиолдолд гааль өөрийнхөө системд бүртгэдэг. Ингэсэн тохиолдолд бид тэр валютыг тулгаж шалгадаг. Их хэмжээний валютыг шалгахад тэр хүн дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн. Гаалийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь зүйлд заасан дутуу мэдүүлснийг худал мэдүүлсэн гэж ойлгодог.

Зөрчлөө хүлээн зөвшөөрөөд торгуулийн 10,370,763 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн. Өөрт нь яваа тудуу мэдүүлсэн бүх валют зөрчлийн зүйлд хамаарна. 15 сая төгрөгөөс дээш их хэмжээний валют байсан бол тухайн хүний бүх тээш, гар цүнхэнд байх валютыг мэдүүлэх ёстой байсан гэж үзнэ.

Нийт биедээ авч явсан валютын мөнгөн дүн нь 647,194,123.5 төгрөг, үүнээс 60,583,831.5 төгрөгийн валют нь мэдүүлээгүй буюу дутуу мэдүүлсэн валютын дүн. Зөрчилд холбогдсон валютыг улсын орлого болгосон. 

Монгол банкны валютын ханшын мэдээлэлд макао долларын төгрөгтэй харьцах ханш байдаггүй юм байна лээ. Тиймээс С.Ө 140 макао доллар нь хонконг доллартай адил ханштай байдаг юм байна лээ, ийм үнэлгээгээр хүлээн зөвшөөрнө гэснээр ханшыг нь гаргаж өгсөн.

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр  С.Ө бичгээр тайлбар бичсэн. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр холбогдогчоор мэдүүлэг авсан. Холбогдогчоор мэдүүлэг өгөөд дараа нь мөнгөний эх үүсвэрийг тайлбарласан баримтуудаа өөрөө гаргаж өгсөн. Эх үүсвэр нь ямар байх нь хамааралгүй, гаалийн байгууллагад валютаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, тухайн мэдүүлсэн баримтыг бүртгэж оруулдаг. Тиймээс эх үүсвэрийг харуулах казиногийн баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд үнэлээгүй учир орчуулуулаагүй. Гаалийн байгууллага мөнгөний эх үүсвэрийн баримттай маргаагүй.

Улсын хилээр орж ирэхэд “Та валютаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэсэн 4 улсын хилээр бичсэн асдаг анхааруулга байдаг. Онгоцноос буугаад хоолойгоор гарч ирээд хилийн цэргийн штамп дарсны дараа, мөн бизнес лоунжид анхааруулга байдаг. Ачаа тээш хүлээж авах танхимд, хилийн цэргийн штамп дардаг хэсгийн дээр гэрэлтүүлэгтэйгээр англи хэл, монгол хэлээр байнгын асдаг самбарт анхааруулга байдаг. Мөн зорчигчдод декралацийн хамт хэвлэчихсэн анхааруулга бүхий брошур тараадаг. Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Буянт-Ухаа хилийн боомт дээр 20 гаран тооны санамжийг байршуулсан. 15 сая төгрөгөөс дээш их хэмжээний мөнгөтэй бол улаан гарц уруу орно, бага бол ногоон гарц уруу орно гэж заасан байдаг.

С.Өийн ачаа нэгдсэн ачааны зорчигчдоос тусдаа байдаг рентгенд орж ирсэн. Том ачаагаа авчихаад гар цүнхээ цуг рентгенд хийдэг. Онгоцонд гартаа байсан ачааг рентгент тавиад, онгоцонд өгсөн ачаа цааш зааланд дахиад рентгенээр танигддаг.

Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь хэсэгт заасан “мэдүүлэгч нь барааг бодитой мэдүүлэх зорилгоор бараагаа мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих” эрхийг эдлэхийн тулд С.Ө өөрөө албан ёсоор хүсэлтээ гаргах ёстой. Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь хэсэгт заасан заалтын хувьд тухайн гадаад худалдаагаар ирсэн 2 улсын интернэтийн гэрээтэй бараа, таваар гэрээний дагуу ирсэн эсэхийг шалгах үед гардаг.

Мэдүүлэхээсээ өмнө С.Ө мөнгөө тоолмоор байна гэсэн хүсэлтээ гаргах ёстой. Америк доллараа хэд байгааг мэдэхгүй гээд тоолоод 900 ам.долларыг нэмж бичсэн. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж заасан байдгийг сануулмаар байна.

 900 ам.долларыг мэдүүлсэн учраас зөрчилд тооцоогүй. Гар цүнхэнд нь 92,000 сингапур доллар байсан ч 80,000 сингапур доллароо мэдүүлсэн учраас 12,000 сингапур долларыг зөрчил гэж үзсэн. 103,110 хонконг долларын 100,000 нь чемоданаас гарсан, 140 макао доллар түрийвчнээс, 3110 хонконг доллар түрийвчнээс гарсан. Гаалийн улсын байцаагчаас зорчигчийг мөнгөө тоолоход нь хязгаарлалт үзүүлсэн, шууд хяналт шалгалтыг эхлүүлсэн зүйл байхгүй

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар санаатай, санамсаргүй гэсэн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй. Энэ хүнд үнэн зөв мэдүүлэх боломж байсан. Тиймээс ч америк доллараа тоолж нэмж мэдүүлсэн. С.Өийн казиногийн баримт нь и-мэйлээс татаад авчихсан, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байсан. Энэ баримтаа холбогдогчоор мэдүүлэг өгөхдөө 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж өгсөн.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдол гаргагч С.Ө нь “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0123738 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, торгуульд төлсөн болон улсын орлогод хураасан мөнгийг буцаан гаргуулах” гомдлын шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

С.Ө нь 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ОМ-298 аялалын дугаартай Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирж Монгол Улсын хилээр орж ирэх чиглэлд нэвтрэхдээ гаалийн байгууллагад зорчигчийн гаалийн мэдүүлгээр 1,200,000 хонгконг доллар, 80,000 сингапур доллар, 900 америк доллар нэвтрүүлж байгаа хэмээн мэдүүлж, 103,110 хонгконг доллар, 12,000 сингапур доллар, 140 макао доллар дутуу буюу валютын тоо хэмжээг худал мэдүүлсэн зөрчилд Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0123738 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т зааснаар худал мэдүүлсэн 60,583,831.5 төгрөгтэй тэнцэх валютыг хурааж, хураагдсан валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 10,370,763.3 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

С.Ө нь зорчигчийн гаалийн мэдүүлгээр 1,200,000 хонгконг доллар, 80,000 сингапур доллар, 900 америк доллар нэвтрүүлэхээр мэдүүлсэн нь, гаалийн хяналт шалгалтаар түүний ачаа, гар тээшнээс 1000-тын дэвсгэрт бүхий 13 боодол буюу 1,300,000 болон 3110 хонконг доллар, 92,000 сингапур доллар, 140 макао доллар илэрсэн нь хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчийн зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэл, С.Өийн мэдүүлсэн зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг, бараа тээврийн хэрэгслийг саатуулах мөн өдрийн 0001953 дугаартай хуудас, эд зүйлд үзлэг хийсэн мөн өдрийн тэмдэглэл, зөрчлийн талаар мэдээллийг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай 1 дүгээр сарын 05-ны өдрийн 004 дугаартай тэмдэглэл, хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нарын бичгээр гаргасан тайлбарууд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрч, холбогдогчоор асуусан мэдүүлгүүд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд С.Өийн бичгээр гаргаж өгсөн тайлбар, гаалийн хяналтын бүсийн хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.  

С.Ө авч яваа гадаад валютын тоо хэмжээг сайн мэдэхгүйгээс дутуу мэдүүлсэн гэх бөгөөд тэрээр Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т “барааг бодитой мэдүүлэх зорилгоор мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих эрхтэй” гэж зааснаар “мөнгийг тоолж гаальд үнэн зөв мэдүүлэх бололцоог олгоогүй” гэж маргаж байгаа ч түүний бичгээр гаргасан тайлбар, холбогдогчоор өгсөн мэдүүлэг, хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нарын мэдүүлгээр зорчигч нь мөнгөө тоолоогүй болохоор хэд байгааг нь мэдэхгүй байна гээд гар цүнхнээсээ түрийвчээ гарган америк доллараа тоолон 900 америк долларыг зорчигчийн гаалийн мэдүүлэгт нэмж бичсэн үйл баримт тогтоогдож байна. Эндээс дүгнэхэд тэрээр бусад валютыг мөн тоолж мэдүүлэх боломжтой байсан, гаалийн байгууллагаас энэ эрхийг хязгаарласан ямарваа үйлдэл хийгээгүй байна.     

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн Монгол Улсын хилээр бэлэн мөнгө оруулах, гаргах тухай 15 дугаар зүйлийн 15.1-д “Зорчигч 15 саяас дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ.”, Валютын зохицуулалтын тухай хуулийн Валютыг Монгол Улсын хилээр оруулах, гаргах тухай 13 дугаар зүйлийн 13.1-д “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно.” гэж тус тус заасан, өөрөөр хэлбэл валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр улсын хилээр нэвтрүүлж болно, ингэхдээ 15 саяас дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг бэлнээр нэвтрүүлэхээр бол гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэхийг хуульчилсан байна.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар валют нь гаалийн хилээр нэвтрүүлэх бараа гэдэг ойлголтод хамаарах бөгөөд, 3.1.8-д зааснаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа этгээдийг мэдүүлэгч гэж ойлгоно. 

Гаалийн тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал хилээр оруулах, гаргахыг хориглох барааны, Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батлах”-аар, өөрөөр хэлбэл хуульд зааснаас бусад хориглосон болон хязгаарласан барааны жагсаалтыг батлахаар заажээ.

Иймд Улсын Их Хурал болон Засгийн газраас баталсан хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараанаас гадна хуулиар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны тусгайлсан журмыг тогтоож болохоор байна. Тухайлбал дээр дурдсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтоох зохицуулалт бүхий Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон валютын гүйлгээнд хяналт тавих, Монгол Улсын үндэсний валютыг үнэгүйдлээс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах Валютын зохицуулалтын тухай хуулиар валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр улсын хилээр нэвтрүүлж болно, ингэхдээ 15 саяас дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг бэлнээр нэвтрүүлэхээр бол гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэхийг хуульчилсан байна.

Мөн Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар мэдүүлэгч гаалийн хилээр барааг хуульд заасны дагуу мэдүүлэх ба Гаалийн ерөнхий  газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.5-д “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болох” бөгөөд энэ заалтаар түүний мэдүүлсэн 1,200,000 хонгконг доллар, 80,000 сингапур доллар, 900 америк долларыг улсын хилээр нэвтрүүлсэн, өөрөөр хэлбэл зөрчил гэж үзээгүй байна.

Ийнхүү Монгол Улсын иргэн С.Өнь улсын хилээр нэвтрэхдээ 103,110 хонгконг доллар, 12,000 сингапур доллар, 140 макао доллар буюу Монгол банкны тухайн өдрийн ханшаар тооцсоноор 60,583,831.5 төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг гаалийн байгууллагад дутуу буюу худал мэдүүлсэн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар дутуу мэдүүлсэн   103,110 хонгконг доллар, 12,000 сингапур доллар, 140 макао долларыг хурааж, зөрчилтэй валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний 10,370,763.3 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан гаалийн улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0123738 дугаартай шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 55 дугаар зүйлийн 55.1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0123738 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, торгуульд төлсөн болон улсын орлогод хураасан мөнгийг буцаан гаргуулах” тухай иргэн Ц.Өлзийхишигийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу  гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА