Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00289

 

З.Б-гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/02493 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 213 дугаар магадлалтай,

З.Б- /**31******/-ийн хүсэлттэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн хүүхдэд олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Хүсэлт гаргагч З.Б-гийн шүүхэд гаргасан хүсэлтэд: ...Намайг жоохон байхад цэрэг хувцастай хүн манай нутгийн бүх хүмүүсийг жагсааж байгаад Хүдрийн голын гарц руу аваад явсан. Дундад цагаан хэрэг дээр байж бай гэхэд нь тэр газарт очсон. Аавтайгаа уулзаж чадаагүй. Аавын ахтай уулзсан. Тэр газарт тогооч хийж байсан. Өдөртөө шоронгоос гаргаж хоол идүүлчхээд Жаргалант гэх газар руу аваад явсан гэж хэлж байсан. Жаргалантад очиж ажил хийдэг гэж хэлж байсан. Нэг дулаахан өдөр хүмүүс орж ирээд бүх малыг маань ачиж, мөн авдарт байсан юмнуудыг гаргаж байсан. Тэр үед би эмээтэйгээ байсан. Эд хөрөнгө хурааж байсан хүмүүсийг гэрт орж ирэхэд эмээ маань намайг гэрээс гаргасан. Гэрийнхээ ойролцоо байж байхад гэрт байсан хамаг зүйлийг гаргаж шидээд авч явсан. Үлдсэн зүйл нь гэрт үлдсэн. 1 тугалтай үнээ, 1 гүү, 5 хонь үлдээгээд бусдыг нь авч явсан. Би эсэргүүний хүүхэд гээд сургуулиас хөөгдөж байсан. Манай хамаатны хүмүүсийг бас эсэргүүний хүүхэд гээд сургуулиас хөөсөн байсан. Миний эцэг болох Т.Төмөр нь 1938 онд улс төрийн хэргээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1990 онд Дээд шүүхийн цэргийн коллегоор цагаатгагдсан. Иймд төрсөн хүүхэд Бямбаа миний биед олгогдох нөхөн олговрыг олгож өгнө үү гэжээ.

Төрийг төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Сундуйгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Т.Төмөрийг 1938 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивыг албан бичгээр тогтоогдож байна. Мөн дээд шүүхийн магадлалаар цагаатгагдсан байна. Мөн нэхэмжлэгч З.Б-гийн төрсөн эцэг нь Төмөр болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/02493 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-д заасан үндэслэлгүй тул 40 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай З.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар З.Б- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 213 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/02493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хүсэлт гаргагч З.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Миний төрсөн аав Т.Төмөр 1938 онд улс төрийн хилс хэрэгт 10 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг хорих газар биечлэн эдэлж, эрх чөлөөтэй амьдрах эрхээ буруугүй мөртлөө буруутан мэт удаан хугацаагаар хасуулж, хүйтэн, бохир, хүнд нөхцөлтэй шоронд хоригдож хилс хэргийг тулган хүлээлгэх гэсэн мөрдөн байцаалтын элдэв дарамт шахалт, зодуур нүдүүр, айлган сүрдүүлэлт, нойргүй хоолгүй удаан суулгах, хирээс хэтэрсэн хүнд хүчир ажлуудыг хийлгэх зэргээр туйлдаж ядартал нь зовоосон хүнд хэцүү нөхцөлд хоригдож ялаа эдэлсэн. Түүгээр ч үл барам шоронгийн хүнд хэцүү нөхцөлд эрүүл мэндээрээ маш их хохирсон. Шоронгоос олсон өвчин эмгэгийн уршгаар амьдралынхаа үлдсэн хэдэн жилүүдэд өвдөж зовж шаналсаар насан өөд болсон. Хэлмэгдүүлэлтийн хор уршгаар аав минь төдийгүй ээж, ахан дүүс бүгд л тодорхой хэмжээний хохирол амсацгаан би “эсэргүүний хүүхэд” гэж сургуулиас хөөгдөн, ааваараа овоглохыг хүртэл хориглож өөр /ахаараа/ овогтой болсон. Миний бие 2019.12.03-нд анхан шатны иргэний шүүх хуралд Хэлмэгдүүлэлтийн тэрхүү аймшигт хар өдрийн дүр төрхийг бага насны хүүхдийн тухайн үед үзэж харснаар, сонссоноор яг үнэнээр нь товч боловч тодорхой ойлголт олгохоор мэдүүлэг өгсөн. Мөн анхан шатны шүүх хурлаас 1998 оны Цагаатгалын хуульд 2018.01.12-нд орсон нэмэлт өөрчлөлтийн заалтаар хэлмэгдэгчийн төрсөн охин болох надад 40.000.000 төгрөгийн нөхөн олговор олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Түүнээс биш хураасан хөрөнгө, байр орон сууц, мал хунар олгож өгнө үү гэсэн хүсэлт огтхон ч гаргаагүй билээ. Гэтэл анхан шатны шүүхээс асуудлыг шийдвэрлэхдээ “хуулийн 13-р зүйлийн 13.1-д заасан нөхөн олговрыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч бүрт тогтоосон хэмжээгээр олгохоор зохицуулсан нь эд хөрөнгийн бус амины эрх (бодоход амь насны гэсэн утгатай юм болов уу) зөрчигдсөний хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой асуудлыг, харин 13.2-т заасан нөхөн олговор нь хэлмэгдүүлэлтийн улмаас орон сууц эрх нь өдийг хүртэл зөрчигдсөн хэвээр, уг эрхийг орон сууц олох замаар сэргээгээгүй тохиолдолд хохирлын мөнгөн хэлбэрээр нөхөн төлж зөрчигдсөн эрхийг сэргээх агуулгыг тус тус илэрхийлсэн гэж үзэхээр байна гэж иргэний шийдвэрт бичээд дараа нь тогтоох нь хэсэгтээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.2-т заасан үндэслэлгүй тул 40.000.000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах тухай З.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... хэмээн шийдвэрлэжээ. Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1046 дугаар шийдвэрээр З.Б- нь хэлмэгдэгч Т.Төмөрийн төрсөн охин болох нь тогтоогдсон байхад нөхөн олговор олгохгүй гэж шат шатны шүүхээр шийдвэрлэгдэж аавыг минь хэлмэгдүүлснээс хойш 80 жилийн дараа дахин охиныг нь хэлмэгдүүлж байгаад гомдолтой байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт ...13.2.2 Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгоно гэсэн заалттай байгаа нь миний анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн заалт хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа гэж ойлгож байна. Монгол улсын хууль тогтоох, хуулийн заалтууд улсын хэмжээнд нэг мөр адил тэгш хэмжээнд хэрэгжих зарчимтай гэж итгэдэг билээ. Ингээд шударга, мэргэн шүүгч та бүхнээсээ миний гомдлын дагуу тухайн анхан шатны шүүх хурлын гаргасан шийдвэрийг хянан үзээд миний гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

З.Б- улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ, миний эцэг Тогмидын Төмөр улс төрийн хилс хэрэгт 10 жилийн хорих ялаар шийтгүүлснийг, цагаатгасан, төрсөн охин нь тул нөхөх олговорт 40 сая төгрөг гаргуулна уу” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор гуравдагч этгээдээр оролцож “...хүсэлтийг хангах нь зүйтэй” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, “...хуулийн 13.2-т заасан нөхөх олговор нь хэлмэгдүүлэлтийн улмаас орон сууц эзэмших эрх нь өдийг хүртэл зөрчигдсөн хэвээр, уг эрхийг орон сууц олгох замаар сэргээгээгүй тохиолдолд хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлж, зөрчигдсөн эрхийг сэргээх агуулгыг илэрхийлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хуулийн 13.2-т заасан нөхөх олговрыг хэлмэгдэгч бүрд олгохоор хуульчлаагүй, харин хэлмэгдүүлэлтийн улмаас эд хөрөнгө эзэмших эрх нь зөрчигдөж, өдийг хүртэл сэргээгдээгүй хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, эсхүл хүүхдэд нь олгохоор зохицуулжээ.” гэж тайлбарласан байна. Давж заалдах шатны шүүх энэхүү дүгнэлтийг зөв гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

1. Хууль хэрэглээний  талаар.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар “..13.2..”  гэсэн хэсэг нэмсэн бөгөөд уг хэсэгт зааснаар “...хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид... нөхөх олговор...”  олгохоор заасан байна.   

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23.1-д “...орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол... дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно...” гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх, хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй” гэсэн нөхцөлийг “хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгаад одоо болтол аваагүй” гэж ойлгож хэрэглэжээ.

Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэх  асуудал чухал байх тул дараах дүгнэлтийг хийлээ.

а/. Дээр дурдсан 13 дугаар зүйл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн “...нөхөх олговор...” олгох тухай Гуравдугаар бүлэгт, харин 23 дугаар зүйл нь “...үр дагаврыг арилгах...” талаар зохицуулсан Дөрөвдүгээр бүлэгт багтсан байх бөгөөд нөхөх олговор олгох, хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах нь хоорондоо ялгаатай, өөр өөр ойлголт байна.

б/. Хууль тогтоомжийн тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийн зохицуулалтаас үзвэл, хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны үндсэн дээр үзэл баримтлалын төслийг боловсруулан, улмаар баталж, үзэл баримтлалд нь нийцүүлэн хууль тогтоомжийг боловсруулдаг тул хуулийн үзэл баримтлал нь тухай хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой юм. Энэ шалтгаанаар  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн үзэл баримтлалыг судлав. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн үзэл баримтлалд “...хууль батлагдсан 1998 онд хэлмэгдсэн иргэдийн ар гэрт нэг удаагийн нөхөх олговор 1.000.000, 500.000 төгрөгийг олгох, ...хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгуулсан тохиолдолд орон сууц, гэр олгохоор зааснаас өөрөөр... нөхөх олговорыг хуульчлаагүй, ...нөхөх олговорын хэмжээ өөрчлөгдөөгүй байна. ...хэлмэгдэгчдийн ар гэрийнхэн үр хүүхдүүдэд олгож буй нөхөх олговорыг тэдний амьдралын бодит нөхцөл байдал, төгрөгийн ханш, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх шаардлагатай байна, ...Иймд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн, хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүд өмнө нь орон сууц, гэр түүнтэй тэнцэх нөхөн олговор аваагүй бол хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нэмэлт нөхөх олговорыг нэг удаа олгохтой холбогдсон зохицуулалтыг нэмж тусгах...” гэжээ.

Өөрөөр хэлбэл, энэхүү хууль нь нөхөх олговрыг нэг удаа бус, харин хоёр удаа хуульд заасан үндэслэлээр олгож болох үзэл баримтлалтай байна.

в/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар  өөрчлөлт орсонтой холбогдуулан, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан бөгөөд үүний дагуу Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаан болж 27 дугаар магадлал гарсан байна.

Магадлалд  хуулийн “13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2.,  23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн зохицуулалтыг нэн даруй боловсронгуй болох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд уг хуралдааны тэмдэглэлд “...Улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...13.2-т заасан нөхцлөөр хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/ эсхүл хүүхдэд нөхөх олговор дахин олгохоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, харин хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар өмнө нь ямар нэгэн байдлаар орон сууц эсхүл түүнийг орлох мөнгө авсан хүмүүст дахин нөхөх олговор олгохгүй байхаар хязгаарласан...” гэсэн тайлбарыг хэлжээ.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд гаргасан Улсын Их хурлын төлөөлөгчийн тайлбар нь дурдсан хуулийн үзэл баримтлалаас зөрөөгүй байна.

г/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл уг хууль   “...хэлмэгдэгчдийг цагаатгах... нэр төрийг нь сэргээх... нөхөх олговор олгох.. хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаварыг арилгах...” асуудлыг зохицуулах зорилготой байна. 

Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар учирсан хохирлыг... хуульд заасан үндэслэл журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө.   

Хууль анх батлагдахад хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500.000 төгрөгийн нөхөх олговор олгохоор, ингэхдээ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т нөхөх олговорыг нэг удаа олгоно гэж заасан байжээ.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “нөхөх олговорыг нэг удаа олгох” гэснийг хассан байх тул нөхөх олговорыг дахин олгох буюу энэ нь 13 дугаар зүйлийн 13.2-т ...40 сая болон 80 сая төгрөгийн нөхөх олговор олгох нэмэлт өөрчлөлттэй уялдаатай гэж үзэхээр байна. Иймээс хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, 13.2.2 гэсэн заалтууд нь “нөхөх олговор”-ын талаархи зохицуулалт байхын зэрэгцээ “гэр, орон сууцаа хураалгаж, түүний оронд орон сууц, эсхүл орлох мөнгө аваагүй байх“ нөхцөл шаардаагүй байна.

д/. Дээр дурдснаас гадна хуулийн нэмэлт өөрчлөлт нь өөр 2 нөхцлийг заасан байна. Тухайлбал,

1-рт, Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т заасан нөхөх олговрыг хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд олгохоор хуульчилснаас үзэхэд 13.1-т заасан олговрыг авах эрхтэй этгээдээс ялгаатай, хязгаарлагдсан байна.

2-рт, Хуулийн 23.1-ийн дагуу орон сууц, эсхүл түүний оронд мөнгө авсан бол дахин нөхөх олговор олгохгүй гэсэн хориглолттой байна.

2. Хэргийн талаар.

Хэргийн баримтаас үзэхэд Тогмидын Төмөрийг 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлан, 1938 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 24 дүгээр тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэснийг, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1990 оны 02 дугаар 07-ны өдрийн 12 дугаар магадлалаар цагаатгасан бөгөөд Зундуйн Бямбаа төрсөн охин болох нь тогтоогдсон байна. Эдгээр үйл баримтыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019.04.08-ны өдрийн 05/1588 тоот лавлагаанд хэлмэгдэгч Тогмидын Төмөрийн хөрөнгийн талаар, адуу 3, үхэр 7, хонь, ямаа 7, эсгий гэр 1, өвсний машин 1, тармуур 1 гэжээ.

Т.Төмөр 1936 оны Шүүх цааз бичгийн 43, 47-р зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн ба эдгээр зүйлд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оногдуулна гэж заасан байна.

Харин Т.Төмөрийн хэрэгт хөрөнгө хураасан тухай бичиг баримт байгаагүй болох нь тогтоогджээ. З.Б- хэлмэгдэгч Т.Төмөрийн ганц охин бөгөөд хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн хүрээнд орон сууц, гэр шаардах эрхтэй субъектэд хамаарахгүйгээс гадна өмнө нь орон сууц, гэр, эдгээрийг орлох мөнгөн олговор авч байсан нь тогтоогдоогүй байна.

Дурдсан үндэслэлээр хүсэлт гаргагчийн гомдлыг хангаж, хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2-т зааснаар З.Б-д нөхөх олговорт 40 сая төгрөг гаргуулж, энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 213 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 181/ШШ2019/02493 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар улсын төсвөөс 40.000.000 /дөчин сая/ төгрөг гаргуулж З.Б-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар хүсэлт гаргагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ