Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/478

 

                                                                                                                      

 

 

  2022        03           31                                    2022/ШЦТ/478

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа нарыг оролцуулан нээлттэйгээр тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б овогт Грын Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0756 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38 дугаар байрны 03 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Б.Гыг түлхэн унагах, хоолойг нь боох зэргээр хууль бусаар халдаж, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

          ТОДОРХОЙЛОХ нь :

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 0756 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Г.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Гы мөрдөн байцаалтад өгсөн:

“Би нөхөртэйгөө маргалдах болсон шалтгаан нь манай нөхөр бид хоёр хамт битүүний орой архи ууж байгаад гэртээ хүссэн зүйлээ аваад их баяр хөөртэй байсан мөн би нөхөртэй баярлаад нөхрийгөө тэвэрч үнсээд байж байсан. Тэгээд байж байх үедээ би нөхөртэй хандаж өмнө болсон буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай найзуудтай хамт ууж идэж байгаад бар луу орсон. тэгтэл манай нөхөр Г нь бааранд үл таних өөрөөсөө насаар бага    дүү охидыг өдөж хоргоогоод тэнд байсан залуустай маргаан үүсгээд намайг манай найзуудын дунд эвгүй байдалд оруулаад намайг очоод чи болиоч гэхэд намайг элдэв үг хэллэгээр хэлээд доромжлоод байсан.

Тэгэхээр нь би тэр үйл явдлыг тухайн орой буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний орой нөхөртэйгөө хамт архи ууж байхдаа чи тэр үед тэгсэн шүү гээд болсон зүйлийг хэлэхэд уурлаж дургүйцэн улмаар бид хоёрын дунд маргаан үүсэж эхэлсэн. Тэгээд бид хоёр нэлээн удаан хэрэлдсэн. Түүний дараа манай нөхөр Г нь миний хоолойг хоёр гараараа боож байгаад намайг арагш түлхсэн. Тэгтэл би хойшоогоо саваад шалан дээр дагзаараа саваад унасан. Тэгээд би босож ирээд нөхөр Гын толгой руу гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл Г дахин миний хоолойг хоёр гараараа боож байгаад дахин шалан дээр дагзаар минь унагаасан ба энэ үйл буюу намайг босож ирэх болгон боож шалан дээр дагзаар минь 4-5 удаа унагасан. Тэгээд хамгийн сүүлд унагахдаа миний хөлөөс шалан дээр унасан байх үед чирээд унтлагын өрөө рүү оруулаад миний хоёр гар, хоёр хөлөөс өргөж байгаад ор руу шидээд хэрэлдээд байж байгаад би босоод гал тогооны өрөө рүү орж ус уугаад байж байх үед миний араас ирээд шилэн хүзүүнээс минь гараараа барьж байгаад доош дарсан. Тэр үед би өвдгөөрөө шалан дээр унасан. Тэгэхдээ би баруун талын мөрөөрөө гал тогооны модон тавцанг мөргөсөн. Түүний улмаас миний мөр гэмтсэн. Мөн түүний дараа дахин нэг гараас минь чирээд ванны өрөө рүү чирээд оруулах гээд байсан. Тэгэхээр нь би орохгүй гээд эсэргүүцэл үзүүлээд хэрэлдэж байгаад бид хоёрын дундах хэрүүл намжсан. Түүнээс хойш ямар нэгэн маргаан үүсээгүй би тус орой ванны өрөөндөө ванн дотроо ороод унтаад өгсөн. Намайг унтах үед миний баруун гар нэлээн хөндүүр оргиод байсан. Тэгээд маргааш нь сэрэхэд миний баруун гар огт хөдөлж чадахааргүй өвчин орсон байсан. Тэгээд шинийн нэгийн өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Мөнгөнгүүр эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Тэр эмч нь миний гарыг үзээд мөр, эгэмийн холбоосон дээр ялзралт үүссэн байна гэж байсан. Тэгээд түүнээс хойш гарын өвчин намдахгүй байхаар нь өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт дээр очиж үзүүлэхэд гэмтлийн эмнэлгээс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2791 дугаартай:

“Б.Гы биед баруун эгэм далны шонтонгийн үеийн /Acromioclavicular болон Coraco-clavicularis/ холбоосны урагдал, эгэм, мөр, цээж, зүүн бугалга, баруун гуя, өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 12-13/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ, ЦХ-2 шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 02-03/,

- аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 21-22/,

- эд зүйлийг хүлээн авсан тухай ... хохирогч Б.Гаас гаргаж өгсөн 4.393.000 төгрөгийн нэхэмжлэлийн хуудас 1 ширхгийг хүлээн авав...  гэх тэмдэглэл /хх-ийн 35-36/,

- хохирлын төлбөр төлсөн тухай Ганжуурын Гын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 51/,

 

Шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтад өгсөн:

“2022 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Цагаан сарын битүүний өдөр байсан, тэр өдөр би гэртээ эхнэр хүүхэдтэйгээ өглөө босоод гэр орноо цэвэрлээд хоол ундаа хийгээд, битүүлээд оройны 21 цаг өнгөрөөгөөд Хадам ээж Сэмжидийн Буянт ухаа-2 т байрлах гэрт цагаан сарын ууцыг нь хөндөж янзалж тавих гээд Ганцаараа машинаа бариад очсон бөгөөд, Эхнэр маань гурван хүүхэдтэйгээ гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд би хадам ээжийн гэрт идээ шүүсийг нь бэлдэж өгөөд оройны 23 цаг өнгөрөөгөөд гэрт ирсэн. Намайг гэрт ирэхэд хүүхдүүд унтаагүй байсан бөгөөд, Эхнэр бид хоёр битүүлгийн үлдсэн жаахан ажлаа дуусгаж байж унтах гээд хүүхдүүдээ унтуулаад, Цагаан сарын баяр гээд угааж цэвэрлэх, закусканы хиам хэрчээд байж байх үедээ би гэрт битүүлгийн ганц юм задалъя гээд гэрт байсан 0.75 литрийн савлагаатай Зэс Экс нэртэй архи задлаад эхнэртэйгээ хамт тухайн архинаас 0.5 орчим литрийг уусан. Тэгээд сууж байтал Эхнэр маань намайг чи Бааранд найзуудтайгаа хамт ууж идэхдээ намба суусангүй, бааранд өөр эмэгтэй хүн амьтантай бүжиглэлээ, манай найзуудын хажууд намба алдлаа гэсэн. Би тэгэхээр нь тэгвэл танай найз нөхөдтэй ахиж хамт өөр газар орж сууж байхаа больё гэж хэлсэн. Тэр явдал бол 2022 оны 01 сарын 24-нд болсон явдал байгаа юм. Тэгээд Эхнэр маань надад хандаж чи яагаад өөрийнхөө бурууг хүлээдэггүй юм бэ, нэг удаа ч гэсэн өөрийнхөө бурууг хүлээдэггүй юм уучлаарай гээд хэлчихэж болдоггүй юм уу гээд над руу босож ирээд намайг цохиж нүдээд эхэлсэн. Миний толгой хүзүү рүү хоёр гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд би нэлээн цохиулж байгаад, тэвчихгүй босоод одоо больчихоо гэж хэлээд Эхнэрийнхээ цээж рүү хоёр гараараа түлхсэн. Тэгсэн чинь манай эхнэр гал тогооны өрөөний шал нь дээр газарт баруун мөрөөрөө унасан. Тэгээд эхнэрээ за алив одоо больё гээд босгох гэсэн чинь эхнэр согтуу чамайг цохихоор яадаг юм бэ гээд нүүр рүү цохихоор нь би Эхнэрээ ахиад цээж рүү түлхэхэд эхнэр газарт ахиад баруун мөрөөрөө унасан. Тэгээд би эхнэрийн хажуугаар нь тойрч гараад нойлд ороод тамхи татаад суусан. Намайг нойлд сууж байхад эхнэр алив наад хаалгаа онгойлго гээд нойлын өрөөний хаалга нүдсэн. Тэгэхээр нь би хүүхдүүд сэрчих байх гэж бодоод ванны өрөөнд эхнэрээ дагуулж өрөөд бид хоёр хэсэг ярьж суусан. Тэгээд элдэв төрлөөр хэлээд болохгүй болохоор нь би буцаад гал тогооны өрөө ороод эхнэр нойлд орж байж байгаад би жижиг өрөөнд ороод унтсан. Өглөө босоод харсан чинь эхнэр ванны өрөөнд ванн дотор унтсан байсан. Тэгээд эхнэрийг сэрээгээд жижиг өрөөнд орж унт гээд босгосон чинь эхнэр мөр өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл Гэмтлийн эмнэлэг орж үзүүлье гэсэн чинь эхнэр Цагаан cap болж байна. Эхлээд хоёр ээж дээр очиж золгоод дараа нь болъё гэсэн. Хоёр ээж дээр очиж золгоод мөр өвдөөд байна гэхээр нь Мөнгөнгүүр эмнэлэг орж мөрний зураг авуулсан бөгөөд энэ зураг нь дээр сайн харагдахгүй байна. Мөрний зөөлөн эдийн гэмтэл байж магадгүй хэд хоног эм уугаад, тос түрх, MRI-д 5-6 хоногийн дараа харуулаарай гэж хэлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд бид хоёр хамтдаа явсан, хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. Би маргааш нь буюу 2022 оны 02-р сарын 03-ны өдөр ажилдаа яваад оройны 23 цаг дөхүүлээд гэртээ жаахан халамцуу орж ирсэн бөгөөд хувцас хунараа тайлаад унтсан эхнэртэй ямар нэг зүйл яриагүй. Тэгээд 2022.02.06-ны өдөр хүртэл эхнэр өрөөндөө дуугаа хураачихаад надтай нээх юм ярихгүй байж байсан. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэнэт би чамд гомдоод байна, чи дандаа өөрөө буруугаа хүлээдэггүй, хүний хэлсэн юм ойлгодоггүй, наад ухаан санаа чинь яасан юм бэ би чинь эмэгтэй хүн гээд яриад эхэлсэн. Тэгээд хоорондоо ярилцаад би буруу юм хийж ээ дахиж ийм алдаа гаргахгүй ээ гэж хэлсэн. Тэгээд л уйлаад нойл руу ороод нойлд утсаараа оролдоод суучихсан. Тэгээд өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өглөө гэрээсээ гараад Гэмтлийн эмнэлэгт очиж мөрөө үзүүлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 19-20/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 32/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Баянзүрх дүүргийн прокуророос Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38 дугаар байрны 03 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Б.Гыг түлхэн унагах, хоолойг нь боох зэргээр хууль бусаар халдаж, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч болон шүүгдэгчийн удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүд, аюулын зэргийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар хохирол нэхэмжлээгүй хэдий ч шүүгдэгч 4.400.000 төгрөгийн хохирлыг өөрийн сайн дурын үндсэн дээр төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгч Г.Гын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад түүний хувийн байдал, гэр бүлийнхээ харилцаанд хандаж байгаа түүний хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүх хуралдаанд гаргасан оролцогчдын санал хүсэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Гын Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Гыг хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гад оногдуулсан 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.БААСАНБАТ