Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/511

 

 

 

  2022         04          05                                       2022/ШЦТ/511

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Э.Ариунболд, 

Хохирогч, шүүгдэгч Г.Ө,

Хохирогч, шүүгдэгч М.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй, хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ө, М.У нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1141 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ө, М.У нар нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Наран” гэх нэртэй караокены үүдэнд үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар харилцан зодолдох явцдаа:

Г.Ө нь М.Уийн “толгойн дагз хэсгээр нь хана мөргүүлж, үсдэж, хавирч дагз хэсгээр нь газар унагаан, биед нь тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

М.У нь Г.Өын “үснээс татан чирч, гуя хэсгээр нь машин мөргүүлэн, баруун гар, хамар, эрүү, нуруу, гэдэс хэсгийг нь маажин, биед нь зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, эрүү, хамар, баруун гарын сарвуу, чигчий хуруу, дунд хуруу, долоовор хуруу, нуруу, хэвлийд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                           

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Г.Ө, М.У нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч, шүүгдэгч М.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн:

“...Эрдэнэцэцэг ариун цэврийн өрөө орохоор явсан. Хойноос нь Ө явж орохоор нь би араас нь очоод Өын савхин куртикний баруун талын ханцуйнаас татаж найз Эрдэнэцэцэгээс холдуулаад эрүүл болохоор нь ярилц гэж хэлэхэд ямар нэгэн үгийн зөрөө байхгүй түлхэж, толгойн дагз хэсгээр хана руу хавсарчихаар нь Өыг үсдэж дарахад, зөрүүлж намайг үсэдсэн. Ө миний хажууд ирж зогсоод намайг түлхэж, машин нуруугаар мөргүүлээд байхаар нь үсдэхэд, мөн зөрүүлж үсдээд өшиглөх гэж оролдсон боловч өшиглөж чадахгүй байсан. Одоо болъё гэж салаад цааш явахад миний хойд талаас Ө ирээд хавирч унагахад нь би дагз хэсгээрээ газар унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

 

Хохирогч, шүүгдэгч Г.Өын мөрдөн байцаалтанд өгсөн:

“...У чамайг ална гэж машинаас бууж ирэхэд нь урдаас нь явж очиход миний үснээс татаж чирч байгаад зүүн гуя хэсгээр машин руу цохиулчихаар нь гарыг нь тавиулах гэж ноцолдох үед баруун гар, хамар, эрүү, нуруу, гэдэс хэсэг урчихаар нь зөрүүлж үснээс нь зулгааж, хавирч хоёр удаа унагасан. У миний үсийг зулгааж толгойн энд тэнд халцалж үсгүй болгосон байна.

Бид хоёрын хувьд хоорондоо учир зүйгээ олсон учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

Гэрч Х.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

“...Намайг ариун цэврийн өрөө ороход хойноос Ө орж ирсэн. Удалгүй У орж ирээд найз залуу Өын үснээс татаж, надаас холдуулахад Ө нь найз Уийг хана хэсэг рүү түлхэж холдуулсан. ... Тэгээд Уийн хамт машинаа дотроос нь түгжээд сууж байхад Ө гарч ирээд машиныхаа хаалгыг онгойлго гээд Утэй цонхны наана цаанаас маргалдахад найз У ална гэж хэлж машинаас бууж Өтай маргалдаж хоорондоо ноцолдсон. Би маргаанд нь оролцож хармааргүй байсан болохоор машины хүрдэнд толгойгоо наагаад сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3809 дугаартай:

“...М.Уранчимэгийн биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3847 дугаартай:

“...Г.Өын биед зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, эрүү, хамар, баруун гарын сарвуу, чигчий хуруу, дунд хуруу, долоовор хуруу, нуруу, хэвлийд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-3/,

-М.Уийн “Г.Өтай учир зүйгээ олж эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 130/,

-Г.Өын “М.Утэй учир зүйгээ олж эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 131/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Г.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, дансны хуулга зэрэг хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-н 38-50/, М.Уийн иргэний үнэмлэхний лавлагаа,  Горгаз ХХК-ийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт дансны хуулга зэрэг хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-н 52-109/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.  

 

Г.Ө, М.У нар нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” гэх нэртэй караокены үүдэнд үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар харилцан зодолдох явцдаа хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч М.У, Г.Ө нар нь өөрсдийн бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсантай маргахгүй, хүлээн зөвшөөрсөн, тэдний гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, өөрсдөө сайн дураараа гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилж хоорондоо эвлэрсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримтаар хэн хэнээсээ хохирол нэхэмжлээгүй, хоорондоо эвлэрсэн болохоо илэрхийлсэн учир Г.Ө, М.У нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Мөн хохирогч нар нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зарсан зардлыг нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, холбогдсон гэмт хэргийн талаар илэрхийлж байгаа байр суурь, хийсэн үйлдэлдээ өгч байгаа дүгнэлт болон шүүх хуралдаанд оролцогчдийн гаргасан санал хүсэлт, ажил эрхлэлт, орлогын байдал зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан бага хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нарын бие биенээ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашигийг тэргүүн ээлжинд тавьж хүлээцгүй хандсан үйлдэл, өрөөлийг давж даран авах, өрөөлд дийлдэхгүй гэсэн байр суурьнаас хандсан хандалга нөлөөлсөн байна. Цаашид оролцогч нар нь дээрх дутагдалыг анхаарч хэн хэнээсээ уучлал гуйн эвлэрэх нь боломжтой, тэдний хувьд нээлттэй асуудал хэвээр үлдэж байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Мийн У, Б овогт Гын Ө нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У, Г.Ө нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У, Г.Ө нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ