Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/514

 

                                                                                                                 

 

 2022         04           05                                      2022/ШЦТ/514

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Отгонжаргал,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

хохирогч Ц.Б,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00360 0784 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг “Газарчин” дээд сургуулийн хажуугийн 4 дүгээр байрны гадна хэрүүл маргааны улмаас иргэн Ц.Бын нүүр рүү гараараа цохиж, цүнх шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                 

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00360 0784 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Г.А нь иргэн Ц.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 16 дугаар хорооллын буудалд манай найз Норжмаа мөн найз залуу гэх А бид гурав байж байгаад 04 цагийн үед гараад намайг хүргэж өгөх гээд БЗД-ийн 19 дүгээр хороо хөлдүү цэнхэр гэх байранд очсон. ...байрны гадаа очоод намайг буулгаад манай найз намайг орц руу оруулж өгөх гээд цуг явсан юм. Тэр үед найз залуу гэх А нь Норжмаа руу хараалын үг хэлээд мессеж бичээд байсан. Тэгээд бид хоёр юу болов гээд гараад очсон чинь А намайг нүүр лүү 2-3 удаа цохиод, миний цүнхийг булааж аваад цүнхээр нүүр рүү 1 удаа цохисон. Минии нүүр хэсэг маш өвчтэй байна. Хамар, дух, уруул хавдаж маш их цус гарсан. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20-21-р тал/.

  

Гэрч Э.Норжмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөлдүү цэнхэр гэх байрны гадаа ирсэн. Ц.Б бид 2 орц руу нь орж Г.А машинд үлдсэн. Г.А миний утас руу эвгүй мессеж бичсэн байсан. Тэр мессежийг Б харчхаад уурласан. Тэгээд Ц.Б буцаж гарч ирээд Аыг дуудсан. А машинаас бууж ирээд тэр хоёр машины ардуур ороод хоорондоо маргалдаад унасан. Араас нь би очсон. Цохисон эсэхийг хараагүй Ц.Бын цүнх нь газар уначихсан. Тэгсэн А газраас цүнхийг нь аваад шидсэн чинь нүүрийг нь оночихсон. Тэгсэн Бын хамраас цус гараад унасан нүүр хэсэг нь нэлэнхийдээ цус болчихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р тал/;

  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 09-ний едрийн 1571 дугаартай:

Ц.Бын биед хамар ясны далд хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамар, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 11-12-р тал/;

 

Шүүгдэгч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 1 сарын 08-09 нд шилжих шөнө 00:30 цагийн орчим гэртээ байж байхад манай найз Норжмаа надруу утсаар залгаад гэрийн чинь хажууханд байна гараад ирэх үү? гэж хэлсэн. Тэгээд би хувцасаа өмсөөд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрд нэртэй зочид буудлын 02 давхарт 03 тоотод очиход Норжмаа, Б хоёр сууж байсан. Доор паб хаачихаад буудалд ороод ууж байна гэж хэлсэн. Б жаахан халчихсан, харин Норжмаа гаагүй байсан. Би буудлаас 10 лаазтай пиво авсан. Тэгээд бид гурав пиво оо хувааж уусан. Бид гурав пиво оо ууж дуусчихаад Быг гэрт нь хүргэж өгөх гээд буудлаас гарцагаасан. Бид гурав замаас такси бариад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Бын гэрийн үүдэнд ирсэн. Хэддүгээр байр гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Б, Норжмаа хоёр гэрлүү нь орно гээд орцруу нь орсон. Орцонд орчихоод Норжмаагийн утаснаас чи яв яв би эндээ хонолоо гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь сууж ирсэн машинтайгаа хөдлөөд гэрлүүгээ явж байсан. Явах замдаа Норжмаа руу хэрүүлийн чанартай мессеж бичсэн. Норжмаа надруу утсаар залгаад хүрээд ир цуг явъя гэхээр нь буцаад очсон. Машинаас буугаад Бтой маргалдсан. Бид хоёрын маргалдсан шалтгаан Норжмаа руу бичсэн мессежнээс болж бид хоёр маргалдсан. Би Бын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Цүнх нь газар унасан. Норжмаа бид хоёрын урдуур ороод намайг бариад авсан. Бын цүнх нь хөл дор байхаар нь цүнхийг нь шидсэн чинь нүүрийг нь оночихсон. Хамраас нь цус гараад унасан гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р тал/.

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4, 6/,

- хохиролд 810.000 төгрөг төлсөнийг нотолсон шүүгдэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 68-84/,

- хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургууд /хх-ийн 85-89/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/ зэрэг баримт,

- хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн хохирлын талаарх 12 хуудас баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.А нь Ц.Бын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Аын иргэн Ц.Бын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 810.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс авсан байх бөгөөд үүгээрээ эмчилгээ хийлгэсэн байна.  

 

Перфект эмнэлэгт 2022 оны 01 сарын 13-ны өдөр хэсгийн мэдээ алдуулалтайгаар мэс ажилбар хийгдсэн тухай: “Хамрын хөндийд чихээс хийж, хянга дээр чиг тавьж орхив. Мэс заслын үед гарсан хүндрэлгүй. Эдгэрэлт хэвийн явагдсан. Хамрын ясанд зөөлөн бороо үүсэж эхэлсэн байсан тул хамрын хэлбэр бүрэн засрахгүй байх магадлалтай. Хэрэв цаашид хянга овгор муруй санагдвал имплант ашиглан өндөрлөж хамрыг тэгж харагдуулах боломжтой гэдгийг тайлбарласан. Үзлэг оношилгоо 40.000 төгрөг, мэс ажилбар 410.000 төгрөг төлсөн болно. Хамар өндөрлөх мэс засал 4.900.000 төгрөг болно” гэжээ.

Хохирогч нь “хамрын хянга яс овойж эдгэрсэн учир хамар өндөрлөх мэс засалд орно. Үүний зардал болох 4.900.000 төгрөгийг, мөн уг гэмтлийг авч хохирсоны улмаас 2022 оны 01 сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 сарын 04-ний өдрийг хүртэл 27 хоногийн хугацаанд Түшиг престиж ХХК-д худалдааны зөвлөхийн ажилаа хийж чадаагүй учир энэ хугацааны цалин 1.485.000 төгрөг, нийт 6.385.000 төгрөг нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхилоо.

 

Хамрын хагалгаа хийлгэхэд төлөх төлбөр гэж нэхэмжилж байгаа нь хохирогчид учирсан гэмтлийг эмчилчихсэн байгаа эмчилгээний зардал бус ирээдүйд хийгдэх эмчилгээний зардал байна. Шүүх ирээдүйд хийгдэх төлбөр тооцоог урьдчилан тооцоолж гэмт хэргийн улмаас учирчихсан байгаа зардалд тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, зохицуулалтгүй болно. Хохирогч нь уг хагалгааг хийлгэж, эмчилгээ үйлчилгээ аван төлбөрийг төлснөөр уг төлбөр төлсөн баримтыг шүүх үнэлэх боломж бүрддэг эрх зүйн орчин одоогоор манай улсад үйлчилж байна. Учир нь уг нэхэмжлэхийн хэмжээ ирээдүйд хийгдэх учир нэмэгдэж болон хасагдаж болдог.

Ажилгүй байсан хугацааны цалин, орлогыг нэхэмжилсэнийг тооцох нотлох баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч нь шүүхэд гаргаж өгөөгүй болно. Хохирогч нь Түшиг престиж ХХК-д худалдааны зөвлөхөөр ажилладаг, тэрээр 2022 оны 01 сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд цалингүй чөлөө авсан нь баримтаар тогтоогдож байх боловч ямар учир шалтгааны улмаас ажиллагаагүй талаарх нотлох баримт, цалин орлогыг тооцож болох баримт хэрэгт байхгүй учир уг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлтэй холбогдох хууль ёсны баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судалхад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой байдаг.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан дээд хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Гийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаа тогтоож эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Боос нэхэмжилсэн 6.385.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлийг нотлох баримтуудыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Ааас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ