Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/516

 

 

  2022        04           05                                        2022/ШЦТ/516

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч К.Чимгээ,    

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ө.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр, хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Хэд холбогдох эрүүгийн 2206 01066 0883 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Х нь согтуурсан үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны эцсийн буудал дээр байрлах, “ДС” нэртэй караокены вип өрөөний 32 инчийн зурагт болон 4 ширхэг шилэн аягыг цохиж хагалан Д.Бт бага хэмжээнээс дээш буюу нийт 520.000 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 01066 0883 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад Ө.Х нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны эцсийн буудал дээр байдаг ДС караокег түрээслүүлж ажиллуулдаг. Тэгээд манай караокед 23 цагийн үед эхнэр нөхөр хоёр орж ирээд 0.5 литрийн хар Экс нэртэй архи 1 ширхэг, 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 1 ширхэг, 0.5 литрийн ундаа 1 ширхэгийг захиалж авсан. Хэсэг дуулаад байж байгаад нөхөр нь эхнэрээ татаад газар унагаагаад нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь хажуу талын ширээнд сууж байсан 2 эрэгтэй босож ирээд нөхрийг нь болиоч, эмэгтэй хүн цохиод байх юм гэж хэлсэн чинь тэр хоёр залуу руу нөхөр нь дайраад байсан. Тэгээд тэр хоёр залуу буцаад ширээндээ суусан. Тэр хооронд эхнэр нь манай вип өрөө рүү орсон байсан. Нөхөр гэх залуу нь эхнэрийнхээ араас вип өрөө рүү ороод уурандаа вип өрөөний зурагтыг гараа атгаж байгаад 3 удаа цохиод уурлаад байсан. Тэгээд нөхөр нь вип өрөөнөөс гараад кассан дээр ирээд намайг хэл амаар доромжпоод, надруу шүлсээ хаяад, нулимаад байсан. ...манай байгууллагын вип өрөөний шарп маркийн 32 инчийн зурагтын дэлгэцийг хагалсан, бас 4 ширхэг шилэн аяга хагалсан...гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Гэрч С.Нүргүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...уугаад сууж байгаад нөхөр Х гэнэт утсаа шидээд босоод явахаар нь би яасан бэ гээд барьсан чинь намайг түлхээд нөгөө өрөөнд байсан зурагтыг очоод гараараа нэг удаа цохихоор нь би очиж болиулаад тайвшруулаад сууж байсан чинь цагдаа нар ирсэн. Яагаад ийм үйлдэл хийснийг нь асуухад өөрөө ч мэдэхгүй байна лээ. Хагалсан аяганы мөнгө 20.000 төгрөг болон 32 инчийн зурагтыг маргааш нь аваачиж өгсөн гэх мэдүүлэг/хх-н 17-18/,

 

"Сүлд үнэлгээ" хөрөнгө үнэлгээний компанийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн ТХҮ-22/008 дугаартай:

 “32 инчийн шарп маркийн зурагт 500.000 төгрөг, стакан 4 ширхэг нь 20.000 төгрөг нийт 520.000 төгрөгийн үнэлгээтэй” гэх тайлан /хх-ийн 25-27/

 

Хяналтын камерын бичлэгт 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн:

Хяналтын камерыг нээж үзэхэд нийт хэдэн 01 минут 43 секунтын хяналтын камерын бичлэг байх ба камерын баруун буланд 03 караокены текны хэсэг харагдаж байв. Камерын хойд тал болон зүүн талд караокены буйдан ширээнүүд байв. Эхний буйдан дээр доогуураа хар өмдтэй, шар гуталтай, дээгүүрээ цагаан эрээн цамцтай эрэгтэй сууж байв. Түүний урд хар өмд, хар гуталтай эмэгтэй байв. Сууж байсан эрэгтэй, зогсож буй эмэгтэй хоёр хоорондоо маргалдсан байдалтай, сууж буй эрэгтэй эрэгтэй босож зогсоход түүний урд зогсож буй эмэгтэй буцаж суулгаж буй, сууж буй эрэгтэй нь ханцуйгаа хойшоо шуусан гуйвсан дайрсан байдалтай, түүний урд зогсож буй эмэгтэй түүнийг хориглосон байдалтай бичигдсэн байв. Үүний дараа буйдангийн урд зогсож байсан эмэгтэй караокены текен дээр очиж зөөгч эмэгтэйтэй ярилцан зогсож байгаа нь бичигдсэн байв. /03 караокены вип өрөө камергүй байв./ гэх тэмдэглэл /хх-ийн 52/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 50-51/,

 

Шүүгдэгч Ө.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...би согтуудаа стаканыг нь хагалаад зурагтыг гараараа цохисон байсан. Тэрийг нь би маргааш нь камерын бичлэг үзэж мэдсэн...тухайн караокены зурагт болон стаканыг нь нөхөн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-н 46-47/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Шүүгдэгч Б.Хийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суух хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-39/, шүүгдэгчийн дансны хуулга /хх-ийн 53-91/,

Хохирогч Д.Бийн “Зурагт, стакан хоёроо төлүүлсэн. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 94/,

Шүүгдэгч Ө.Хийн “өөрийн гэм бурууг ойлгож хагалсан зурагт стаканыг төлж хохиролгүй болгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 95 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ө.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Х нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн бага хэмжээ буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний 520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ө.Хийн ДС караокений эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ө.Х нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас нийт 520.000 төгрөгийн хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Ө.Х нь 4 ширхэг стаканы төлбөрт 20.000 төгрөг төлж, 32 инчийн зурагтыг биет байдлаар хохирогчид өгснөөр хохирол бүрэн барагдсан байна.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой байдаг.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан торгох ялыг тухайн зүйлд заасан бага хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Өы Хийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж  “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хамт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч , тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ