Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/535

 

 

 

     2022         04           08                                    2022/ШЦТ/535

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч М.Ариунцэцэг, 

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0936 дугаартай хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим иргэн Ц.Чгийн эзэмшлийн Самсунг жи 737 эс загварын гар утас болон түүний өмдний карманд байсан бэлэн 50,000 төгрөг зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч Ц.Чд 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 0936 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.О нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ц.Чгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 “ ... 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн үед би өөрийн амьдардаг гэр болох Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны ганцын задгай тоотод ганцаараа хоёр лааз пиво уучхаад гэрээсээ гараад 21 дүгээр хорооны автобусны буудал дээр байрлах шинэ нээгдсэн билльярдны газар орж теннис тоглохоор орох үед тухайн билльярдны газарт хэсэг бүлэг хүүхдүүд байж байсан ... тэнд байсан нэг саарал куртиктэй нэг залуутай юм яриад замаар уруудаад алхаж байхад үл таних саарал куртиктэй залуу нь миний куртикний энгэрийн халаасанд байсан самсунг он-7 маркийн гар утас болон өмдний хоёр талын халаасанд байсан 20,000 төгрөг, 30,000 төгрөг буюу нийт 50,000 төгрөгийг минь халааснаас аваад яваад өгсөн. ... миний биед гэмтэл учраагүй. Тухайн үл таних залуу нь миний биед халдаж намайг цохиж зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг, / хх-ийн 5-8/,

 

Гэрч Б.Тэмүүжингийн мөрдөн байцаалтад өгсөн:

 “ ... 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн үед над руу залгаад ... Б.Оын гар утас нь дуугарсан тэгээд намайг цагдаагаас дуудаад байна та хүргээд өгөөч гэсэн тэгээд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн үүдэнд ирээд буухдаа таны машинд энэ гар утсыг үлдээчий гарч ирээд авна гэсэн. ... самсунг маркийн гар утас байсан. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 03 сарын 15-ны өдрийн БЗД2-22-505 дугаартай:

Самсунг жи737эс маркийн гар утас нь 200.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23/,

 

-Гэмт хэрэгийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

-хохирогч Ц.Чд Самсунг жи737эс маркийн гар утас хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 13/,

 

Шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн:  

2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах биллъярдны газар найз Өсөхөө, Цэвэгээ нарын хамт биллъярд тоглож байгаад тухайн газраас гарсан чинь үүдэнд нь үл таних 30 гаран настай эрэгтэй хүнтэй таарсан чинь тэр ах бид нарыг шууд пиво уухуу гэж хэлэхээр нь бид 3 зөвшөөрсөн. Тухайн хүн дэлгүүрээс 4 лааз пиво аваад бид нар хувааж уусан юм. Улмаар бид нар 21 дүгээр хорооны автобусны буудлын хажууд байдаг хөл бөмбөгийн талбай дээр хөлбөмбөг тоглоод, дахиад нөгөө биллъярдны газар орж бид 4 ширээний теннис тоглосон. Тэгээд гарч ирсэн чинь тухайн ах манай хоёр найз Өсөхөө, Цэвэгээ хоёр руу дайраад байхаар нь манай хоёр найз Өсөхөө, Цэвэгээ нар нь гэр рүүгээ явсан юм. Улмаар би тэр ахыг гэрт нь хүргэж өгнө гэж гэр рүү нь явж байх үедээ күртикний зүүн талын гадна халаасанд байсан гар утсыг нь би гараа хийж байгаад авчихсан. Тэр үед тэр ах мэдээгүй, харин гэр рүүгээ дөхөөд ирснээ гар утсыг нь намайг авсныг мэдээд миний хувцаснаас барьж аваад боохоор нь би хөлөөрөө хавсарч унагаагаад зугтаад гүйгээд яваад өгсөн юм. Тэгээд над руу орой 21 цагийн үед Цагдаагийн байгууллагаас байна гэж залгахаар нь би хүрч ирсэн.

Гар утсыг нь авчихаад зарж борлуулаагүй байсан болохоор өөрт нь эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /хх-н 31-32/ болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: шүүгдэгч Б.Оын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20-21/, Ерөнхий боловсролын 102 дугаар сургуулийн “Б.О нь тус сургуулийн 12-р ангид сурдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 17/ зэргийг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө, эд зүйлтэй болох санаа зорилгын улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогчийн эд зүйлийг нь авах боломжтой гэж тооцож уг зорилгоо бүрэн хэрэгжүүлж эд зүйлийг нь хувцасны халааснаас авснаар дээрэмдэх гэмт хэрэг бүрэн төгссөн байна.

 

Шүүгдэгч нь өөрийн хийж байгаа үйлдлийн хууль бус шинжийг ойлгож ухамсарлаж байсан хэдий ч хийхийг хүсэж үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй учир гэмт хэргийн шинжийг бүрэн хангана.

 

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээ хамаардаггүй, гэмт этгээдийн хохирогчийн эд зүйлийг авахаар довтолгоон эхэлж эд зүйлийг авснаар үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой.

 

Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Б.О нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгч Б.О нь хохирогчийн гар утсыг биет байдлаар нь буцааж өгч хохиролыг барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч” дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Оын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болсон байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлыг нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Бгийн Оыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар шүүгдэгч Б.Оыг тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч Б.От хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БААСАНБАТ