Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/577

 

 

 

   2022         04         18                                   2022/ШЦТ/577

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Ч.Батзориг,   

шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Гын Жийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00818 0832 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ж нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал таун байрны 801-607 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагч Т.М, Ш.Ж нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн биед нь халдаж, хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ.      

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00818 0832 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Г.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагч Т.М, Ш.Ж нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн биед нь халдаж, хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Т.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 01 сарын 22-ний өдөр Улиастай-114 чиглэлд Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Ш.Жийн хамтаар 102 тусгай дугаараас ирсэн дуудлага мэдээллийг шалгаж 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. 2022 оны 01 сарын 22-ний өдөр 01 цаг 10 минутын үед 99095059 дугаараас ирсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Крмстал таун 801-607 тоотод "Аав агсам тавиад дүү, ээж хоёрыг зодоод байна" гэх дуудлага мэдээллийг очиж шалгахад гэр дотроо хэрүүл маргаан үүссэн байдалтай байсан бөгөөд хүчирхийлэл үйлдсэн гэх иргэн Г.Ж согтууруулах ундаа хэрэглэсэн ба газар шалан дээрээ гадуур хувцсаа өмссөн байдалтай сууж байхаар нь дуудлага мэдээллийн дагуу ирсэн та босож ирээд намайг дагаад явна уу гэхэд чадахгүй би явахгүй гэж хэлсэн. Тэр үед цагдаа жолооч Ж согтуу хүнийг эрүүлжүүлэхээр хэлтэс рүү явсан байсан. Би шаардлага биелүүлэхгүй суугаад байхаар цагдаагаа буцаад ирэх хүртэл хүлээгээд үүдэнд нь зогсож байсан. Манай цагдаа орж ирээд та босоод ирээрэй босохгүй бол биеийн хүч хэрэглэнэ гэж хэлэхэд шаардлага биелүүлээд босоод куртикээ цахилгаандаж гэрийн хаалгаар гарах гэж алхаж явахдаа эхнэр Мөнгөнцэцэгтээ хандаж "Чамаас бүх юм болсон чи энийг харж бай" гэж хэлээд өөрийн баруун гараар миний зүүн шанаа, уруул хэсэг рүү хавсарч нэг удаа цохиход миний энгэрийн камер газар унаад би камерыг газраас авах үед намайг хараагүй байх үед Ж тухайн хүнийг гэрээс гаргах гэж байхад гарахгүй гээд тохойгоороо баруун гараараа тохойлдож цохисон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

 

Хохирогч Ш.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 01 сарын 22-ний өдөр Улиастай-114 чиглэлд Баянзүрх дүүргийн 25 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Т.Мын хамтаар 102 тусгай дугаараас ирсэн дуудлага мэдээллийг шалгаж 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. 2022 оны 01 сарын 22-ний өдөр 01 цагийн үед 99095059 дугаараас ирсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристал таун 801-607 тоотод "Аав агсам тавиад дүү, ээж хоёрыг зодоод байна" гэх дуудлага мэдээллийг очиж дуудлага руу М ганцаараа ороод би машиндаа 2 хүн хараад сууж байх үед М над руу ах ороод ирээч гэхээр нь би гэр рүү ороход тухайн хүн Мтай хэрүүл маргаан хийгээд зогсож байсан. Ж гэх хүн эхнэртээ энэ бүхэн чамаас эхэлсэн шүү, харж бай гээд цагдаагийн алба хаагч Т.Мын нүүр хэсэгт нэг удаа цохисон. Би боль гээд гарыг нь барьж аваад хойноос нь очиж тэвэрч авахад тохойгоороо миний нүүр хэсэгт нэг удаа цохиод бид хоёр хойшоо савж унасан ба тухайн хүнийг газарт хэвтүүлж байгаад гавлаж авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 16/,  

 

Гэрч Т.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2022 оны 01 сарын 22-ны шөнө 01 цагийн орчимд манай нөхөр Ж гэртээ согтуу орж ирээд ажлын талаар яриад унтахгүй байхаар нь маргааш өглөө ярь одоо унт гэж хэлээд бид хоёрын дунд хэрүүл эхэлсэн. Нөхөр ариун цэврийн өрөөнд суултуур дээр сууж байх үед нь би очоод дуугай бай гэж хэлээд очиж нэг удаа цохисон бөгөөд намайг зөрүүлээд нөхөр цээж рүү гараараа түлхэж би газар унасан. Хүүгээ цагдаа дууд гэж хэлээд цагдаа дуудуулсан. Удалгүй М гэх цагдаа ирээд болсон зүйлийн талаар асуугаад манай нөхрийг одоо хамт явъя гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр би цагдаатай явдаг хүн биш, чи намайг авч явж чадна гэж бодож байна уу гэж хэлсэн. М гэх цагдаа та намайг барахгүй, чадахгүй гэж бодож байна уу, харах уу, хармаар байна уу гэж манай нөхөрт хэлсэн. Манай нөхөр чи хэн юм гэж хэлээд Мын цээж рүү гараараа нэг удаа цохисон. М дуугай байхгүй цагдаагийн биед хүрэхээр яадгийг мэдэх үү гэж хэлээд маргааныг дэвэргээд байсан. Би дундуур нь орж салгаад нөхрийг анх сууж байсан суудал дээр суулгаад Мт чи дуудлагаар ирсэн хуулийн хүн согтуу хүнтэй харьцаж байж өрдөөд хэрүүл хийгээд байж болохгүй шүү дээ гэж хэлсэн. М та санаа зоволтгүй харилцаа эхэлсэн үеэс хойш бүх бичлэг хийгдэж байгаа гэж надад хэлсэн. Тэгээд М станцаараа гадаа байсан цагдаагаа дуудаад 4-5 минутын дараа өөр цагдаа орж ирээд юу болоод байгаа юм, одоо хамт явна гэж хэлээд манай нөхөр сандал дээрээс босоод хаалга руу гарах гэж байх үед М та хоёр хүн байхаар явж байгаа юм уу гэж хэлээд дахин маргаан болоод зууралдаад манай нөхрийг орцонд шалан дээр доошоо харуулж хэвтүүлээд гавлаж авч явсан. М манай гэрт ажлын дэвтрээ орхиж гараад буцаад 40 орчим минутын дараа ирээд дэвтрээ аваад дэвтэр дээрээ юм бичиж байхдаа танай нөхрийг өмнө эрүүлжүүлэгдэж байсан байна, сая цагдаагийн биед хүрсэн нь ноцтой зүйл болсон энэ нь эрүүгийн хариуцлага мөнгөн торгуультай байдаг юм гэж хэлсний дараа та нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх үү гэж асуухаар нь би үгүй гэж хэлсэн. Маргааш хаана очих бэ гэж асуухад маргааш над руу утасдана гэж хэлээд маргааш нь нөхөр өөрөө хүрээд ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Шүүгдэгч Г.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр найзтайгаа уулзаад хоолны газар ороод хоол идээд 2 шил 0.5 грамм архи уугаад найзыгаа гэрт нь хүргэж өгөөд өөр гэртээ 22 цаг болж байхад ирсэн. Гэртээ ирээд хоол, цай идэж уугаад амарч байгаад эхнэр Мөнгөнцэцэгтэй мөнгөний асуудлаас болоод маргаж муудалцсан. Тэгээд хоорондоо хэрүүл хийж байгаад хэрэлдэхээ болъё гээд ариун цэврийн өрөө ороод гарч ирэхэд цагдаа манай гэрт ирсэн байсан. Намайг хувцсаа өмс, энэ хүнийг дагаад яв гэж эхнэр хэлж байхыг санаж байна. Мөн гэрээс гавтай гарч байснаа санаж байна. Өөр зүйл согтуу байсан тул санахгүй байна. Би эрүүлжүүлэхэд хоноод маргааш өглөө нь гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

 

- зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/,

 

- хохирогч Ш.Жийн гаргасан “...Г.Жид гомдол санал байхгүй, тус эрүүгийн 2206 00818 0832 дугаартай хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 48/,

- хохирогч Т.Мын “Тайван овогт М би Г.Жид холбогдох эрүүгийн 2206 00818 0832 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 49/,

- шүүгдэгч Г.Жийн гаргасан “Гэндэндарам овогтой Г.Ж би 2206008180832 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан. Өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 50/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Жийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 39/, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-42/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ж нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэж үндсэн шинжийг зааж өгсөн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.

 

“Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсаныг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Т.М, Ш.Ж нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн цагдаагийн ажил эрхэлдэг байх тул тэдийг хууль сахиулагч гэж үзнэ.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

           

Шүүгдэгч Г.Ж нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал таун байрны 801-607 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагч Т.М, Ш.Ж нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн нь “Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Г.Ж нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн нь өөрийн идэвхтэй үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгчийн “болсон үйл явдлыг мэдэхгүй байна, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан” гэх тайлбар нь түүнийг аливаа үйлдлээс салгах боломжгүй бөгөөд ямарваа хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ 1-т өөртөө тохируулан хэрэглэх, 2-т хэрэглэсэн тохиолдолд номхон дөлгөөн байх чадварт суралцах, 3-т бусдын шаардлагыг шууд биелүүлж байх дадалд суралцах шаардлагатай байна.

 

Иймд шүүгдэгч Г.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ш.Ж, Т.М нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Г.Жийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгч Г.Жийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүх хуралдаанд гаргасан оролцогчдын санал хүсэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Гын Жийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Г.Жийг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жид оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Ж нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Г.Жид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ