Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/578

 

 

 

   2022         04         18                                     2022/ШЦТ/578

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Бгийн Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1081 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өглөөний 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн 12-32б тоотод үл ойлголцлын улмаас иргэн Б.Бийн нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 1081 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

 ...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Санжаа гэх залуутай гэртээ хоёр шил архи уугаад унтсан. Шөнө цаг харах гэж гар утсаа авах гэхэд гар утас байгаагүй. Хажууд унтаж байсан Санжаагаас гар утас харсан эсэхийг асуухад мэдэхгүй гэсэн. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Б манай гэрт архи уухдаа гар утсыг авсан гэж бодсон. ...Бийн гэрт 2022 оны 02 дугаар сарын 26-ны үүрээр хашааг нь давж ороод Бөөс хоёр ширхэг гар утас болон мөнгөө нэхэхэд би чиний юмыг аваагүй гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиж миний нэг шүдийг унагаасан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би эргээд гэртээ очоод гар утас, мөнгөө хайхад ширээний модон шургуулгаас гарч ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 07/,

 

Гэрч Ж.Байгальмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2022 оны 2 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө буюу 2022 оны 02 дугаар сарын 26-ны үүрээр гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт амарч байх үед үүрийн 4 цагт манай гэртэй ойролцоо амьдардаг Б архи хэрэглэсэн согтуу ирээд манай нөхөр Бөөс гар утас, мөнгө нэхээд байсан. Манай нөхөр Бид хандаж юу яриад байгаа юм, чиний юмыг би яаж мэдэх юм бэ гэж хэлэхэд гудас сөхөж хараад байхаар нь манай нөхөр зүүн гараараа нүдэнд нь нэг удаа цохисон. Б манай гэрээс гарахдаа цагдаад мэдэгдэнэ, миний биед халдлаа гэж хэлээд гаргаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 01/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3678 дугаартай:

“Б.Бийн биед нэг шүдний хугарал, нэг шүдний булгарал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тогтонги алдагдуулна гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,

 

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2022 оны 02 дугаар сарын 26-ны үүрээр гэртээ эхнэр хүүхдийн хамт унтаж байх үед зүс таних Б 04 цагийн үед манай гэрт орж ирээд миний гар утас болон мөнгө алга болчихлоо гэж хэлээд амгалан тайван байдал алдагдуулаад байсан тул би зүүн гараараа Бийн нүүр тус газар нэг удаа цохисон юм. Би Бийн гар утас болон мөнгийг мэдэхгүй. Ямар учраас надаас алга болсон мөнгө болон гар утсаа асуусан гэдгийг мэдэхгүй байна. Манай гэрт орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, өөрийнхөө эд зүйлийг хаана хаяж гээгдүүлснээ мэдэхгүй над руу дайраад байхаар нь би Бийн биед халдах болсон гэх мэдүүлэг /хх-ийн 37/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суух газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэхэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.     

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирлыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Бийн хохирогч Б.Бийн нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Б нь “...Бийнд өөрийн эд зүйлийг асуух гэж очсон гэхэд Б нэг цохисон, энэ асуудлаар гомдол санал байхгүй, хэргийг хурдан хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү, энэ хэрэгт холбоотой шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлтийг гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж үзэж түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч хохирол нэхэмжлээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл болох согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шөнийн цаг буюу 04 цагт Б.Бийн зөвшөөрөлгүйгээр хашааг даван орж орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан нь шууд нөлөөлсөн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тухайн хүн бүхнийг мэддэг, чаддаг, дийлдэг болдоггүй, хэн нэгнээс илүү зүйлтэй болдоггүй бөгөөд харин эсрэгээрээ тэнэглэх, мунхаглах, зөрүүдлэх, агсрах байдал гаргах нь дийлэнхдээ илэрч байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл болох хүний амарч унтах цагаар буюу шөнийн 4 цагт гэрт нь орж өөрийн эд зүйлийг авсан гэж гүжирдэж нэхэн ор дэрийг нь сандаачсан байдал, хохирогчид хөнгөн хохирол учирсан шинж чанар, шүүгдэгчийн ар гэр болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Бгийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ