Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/585

 

 

2022         04           18                                     2022/ШЦТ/585                                         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

хохирогч Ө.Г,

хохирогч А.Эгийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргал, тэдний өмгөөлөгч Ч.Энхтүвшин,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Мгийн Мг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00000 0126 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Их Орд төвийн баруун урд замд Тоёота Сай маркийн 70-63 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4-т заасан дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр, мөн дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 67 настай, эмэгтэй Ө.Г, 18 настай эмэгтэй А.Э нарыг мөргөж, эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

Шүүгдэгч М.М нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч А.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...  2022 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр Америкийн нэгдсэн улс руу сургуульд явахаар онгоцны билетээ бичүүлээд байсан. Ингээд 2022 оны 01 дүгээр 22-ны өдөр PCR буюу ковидын төлбөртэй шинжилгээ өгөхөөр эмээгийн хамт Халдвартын эмнэлэг очоод шинжилгээгээ өгөөд буцаж гэртээ харихаар явж байсан юм. Тэндээсээ гараад Их орд төвийн гэрэл дохиотой уулзвар дээр ирээд уулзварын хойд хэсгээр нь зүүнээс баруун зүгт гарахаар зөвшөөрөгдсөн гэрэл дохио хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь гарцаар гарах үед миний зүүн гар талаас цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Уг нь бид нар гурвуулаа буюу аавын ээж Лхамдулам эмээгийн хамт явсан. Осол гарах үед Лхамдулам эмээ маань урд гарсан Г эмээ бид 2 хойно нь явж байсан юм. Тэгээд уулзварын явган зорчигчийн гарцаар гарах үед урд явж байсан Лхамдуламыг мөргөөгүй харин хойно нь явж байсан Г эмээ бид хоёрыг тээврийн хэрэгсэл мөргөсөн. Би маргааш өглөө нь Америкийн нэгдсэн улс руу сургуульд явах байсан.

Миний бие А.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эмээ Гийн хамт явган зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлсэн. Би уг нь 2022 оны 01 дүгээр 23-ны өдөр Америкийн нэгдсэн улс руу сургуульдаа явах байсан боловч уг ослын асуудлаас болоод хойшлуулсан байсан юм. Ингээд 2022 оны 02 дугаар 06-ны өдөр Америкийн нэгдсэн улс руу сургуульдаа явах гэж байгаа. Ослын улмаас ахар сүүл гэмтсэн. Гомдол саналтай байгаа. Цаашид эмчилгээнд гарах зардлыг нэхэмжилнэ. Би эндээс Америкийн нэгдсэн улс Бүгд найрамдах солонгос улсаар дамжих байсан нислэгийн тийзээ хойшлуулсан. Харин Америкийн нэгдсэн улсад очоод дотоодын 2 нислэгээ хойшлуулж болохгүй устсан байгаа. Мөн Америкийн нэгдсэн улсад очоод сургуульд явах хугацаа өнгөрсөн байгаа тул хил дээрээс буцаах магадлал өндөртэй. Гомдолтой байна. Өмнөх гэрчийн мэдүүлэгтээ болсон бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хичээлдээ очиж чадаагүй тул сургуулиа хойшлуулж магадгүй байдалтай байна. Ингээд сургууль хойшлогдвол тус сургуулиас авсан тэтгэлэг нь цуцлагдах тул ийм явдал болбол зардал өндөр болно. Бас надтай цуг аавын төрсөн ах Азжаргал хамт явах байсан боловч бас хойшлуулсан байдалтай байна. Ингээд би 2022 оны 02 дугаар 06-ны өдрийн нислэгээр Бүгд найрамдах Солонгос улс руу нисэхээр болсон тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай ээжийн төрсөн эгч болох Ш.Амаржаргал оролцож миний өмнөөс шийдвэр гаргах болно гэх мэдүүлэг /хх 16, 45/,

 

Хохирогч Ө.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө зээ охин Эгийн хамт Халдвартын эмнэлэг ороод буцаад гэртээ харихаар явж байсан юм. Тэндээсээ гараад Их орд төвийн гэрэл дохиотой уулзвар дээр ирээд уулзварын хойд хэсгээр нь зүүнээс баруун зүгт гарахаар зөвшөөрөгдсөн гэрэл дохио хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь гарцаар гарах үед миний зүүн гар талаас нэг цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Уг нь бид нар гурвуулаа хамт явсан юм. Зээ охин Э аавынх нь ээж Лхамдулам нарын хамт явсан. Осол гарах үед Лхамдулам урд гарсан зээ охин Э бид 2 ард нь явж байсан юм. Тэгээд уулзварын явган зорчигчийн гарцаар гарах үед урд явж байсан Лхамдуламыг мөргөөгүй, харин хойно нь явж байсан Э бид хоёрыг тухайн тээврийн хэрэгсэл мөргөсөн. Осол гарах үед зээ охин Э бид хоёр зэрэгцээд хамтдаа явж байсан. Миний зээ охин маргааш өглөө Америкийн нэгдсэн улс руу сургуульд явах байсан...

Миний бие Г нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээ охин Эгийн хамт явж байгаад автомашинд мөргүүлсэн. Би тэр ослын улмаас хөлдөө гэмтэл аваад гэртээ хэвтрийн дэглэмтэй байгаа. Гомдол саналтай байна. Эмчилгээнд гарсан зардлыг нөхөн төлүүлэх саналтай байна. Мөн осол гарснаас хойш 10 орчим хоног ажилдаа явж чадаагүй учир цалин мөнгөө бас тооцуулж авах хүсэлтэй байна. Ослын талаар өмнөх гэрчийн мэдүүлэгтээ бүх зүйлсийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 39, 57/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний бие Амаржаргал нь Эгийн төрсөн эх Энхчимэгийн төрсөн эгч нь байгаа юм. Миний дүү Энхчимэг нь 2017 онд гэр бүлийн хамт Америкийн нэгдсэн улсын Монтана мужид суралцахаар явсан. Тэндээ одоо сурч амьдардаг. Миний дүүгийн том охин болох Э нь 2021 оны 12 дугаар сард Монголд визээ сунгуулахаар ирээд байсан юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Америкийн нэгдсэн улс руу буцаад явахаар бүх зүйлсээ бэлдээд байж байгаад 01 дүгээр сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн. Тэгээд тэндээ хичээл нь эхлээд сургуулиас нь дуудаад байсан болохоор 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Америкийн нэгдсэн улс руу явсан. Ингээд явахдаа намайг энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр томилж үлдээсэн. Учир нь Америкийн нэгдсэн улсад гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа болохоор энэ хэрэгт намайг томилж үлдээсэн. Уг нь манай дүү 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Америкийн нэгдсэн улс руу явах байсан боловч ослын улмаас хойшилсон. Мөн эмчилгээний зардал, онгоцны билетийн зөрүү зэрэгт 3,141,825 төгрөгийг нэхэмжилж байна” гэх тэмдэглэл /хх-ийн 35/,

 

Гэрч Г.Лхамдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр худ Г ач охин Э нарын хамт Халдварт өвчин судлалын үндэсний төв орж Ковид 19 шинжилгээ өгөхөөр хамтдаа явсан. Манай ач охин Э Америкийн нэгдсэн улс руу сургуульдаа явах болсон учир гадаадад явах төлбөртэй шинжилгээ өгөөд хамтдаа тэндээсээ гараад гэртээ харихаар явсан. Тэгээд Их орд төвийн баруун урд гэрэл дохиотой уулзварын хойд хэсгээр зүүнээс баруун зүгт зам хөндлөн гарахаар зөвшөөрөгдсөн гэрэл дохио хүлээж зогссон. Энэ үед цагийн баримжаа 10 цаг 45 минутын орчим болж байсан байх. Тэгээд гэрэл дохио хүлээгээд Э Г бид нар хамт зогсож байгаад зөвшөөрөгдсөн ногоон гэрэл асаж явган хүний зорчихоор нь зүүнээс баруун зүг зам хөндлөн гарсан. Би таяг тулсан болохоор гэрэл дохио унтарчих вий гээд бага зэрэг урд нь алхсан. Тэгээд зам хөндлөн гарч явахад миний зүүн нүдний үзүүрт цагаан өнгийн автомашин харагдах шиг болохоор нь юу болов гээд эргээд харахад нөгөө хоёрыг маань цагаан өнгийн автомашин мөргөөд унагаасан байсан. Энэ үед Г бид хоёр хүүхдэдээ санаа зовоод орилоод харахад Э юм дуугарахгүй таг байсан. Тэгээд түргэн тусламж болон Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 60/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн

“...Уулзварын хойд явган хүний гарцаар 2 явган зорчигч түүнээс баруун зүгт зорчих хэсгийг гарч байсан гэх ба мөргөсөн тээврийн хэрэгсэл нь уулзварын зүүн талаас ирээд хойд зүгт буюу баруун гар тийш эргэж байсан гэв. Замын байдал асфальтан шулуун тэгш халтиргаатай явган хүний гарцад суурингийн дотор үзэгдэх орчин чөлөөтэй зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй цаг агаар тогтуун эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээтэй явган хүний замтай хашлагатай хойд тал зам байв. Явган зорчигч нарыг түргэн тусламж авч явсан учир жолоочоор цэгүүдийг заалгав. А үсгээр явган зорчигч Эг мөргөсөн цэг, Б үсгээр явган зорчигч Эг газарт унасан цэг, 1-н тоогоор явган зорчигч Гийг мөргөсөн цэг, 2-н тоогоор газар унасан цэгийг тэмдэглэв. Үл хөдлөх цэгээр уулзварын зүүн хойд хэсэгт байрлах дугааргүй гэрэлтүүлгийн шонг авч В үсгээр тэмдэглэв. Үзлэгээр зорчих хэсгийн өргөн 10.0 метр, А цэгээс зүүн зүгт В цэгийн харалдаа 4.70 метр, хойд зүгт В цэг хүртэл 3.80 метр 1-н тооноос зүүн зүгт хашлага хүртэл 4.20 метр А цэгээс Б цэг хүртэл 1.60 метр 1-н тооноос 2-н тоо хүртэл 1.60 метр А цэгээс 1-н тоо хүртэл 0.50 метр 2-н тооноос баруун зүгт хашлаганы харалдаа 5.10 метр А цэгээс урд зүгт явган хүний гарц тэмдэглэлийн урд үзүүр 2.80 метр тус тус байв. Ослын газраас эд мөрийн баримтаар хурааж авсан зүйн зүйл байхгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 04-05/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2110 дугаартай:

“А.Эгийн биед ахар сүүлний 3-р нугалмын их биеийн хугарал, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 73-74/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2133 дугаартай:

Ө.Гийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их бие болон арын эвэрт, гадна жийргэвч мөгөөрсний ар хэсэгт урагдал, урд, арын чагтан холбоос болон гадна холбоосын суналт, шаант ясны гадна булуунд шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 81-82/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн: “... Toyota маркийн Sai загварын 70-63 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -22мм, зүүн талын холын гэрлийн тусгалын хүч 3100cd, ойрын гэрлийн тусгалын хүч 3100cd зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -22мм, зүүн талын холын гэрлийн тусгалын хүч 3100cd, ойрын гэрлийн тусгалын хүч 3100cd зэрэг эвдрэл гэмтэл нь уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй болно. Уг зам тээврийн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл байхгүй. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, цахилгаан ABS системтэй. Тоормосны систем нь стандартын шаардлага хангаж байна. Toyota маркийн Sai загварын 70-63 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021 онд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт орсон байна, 2020 оны тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт ороогүй байна. 2021 оны тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байна. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн хугацаа дуусаагүй байна. 2022 оны 03 дугаар сарын 06 ны өдөр дуусахаар байна. Уг тээврийн хэрэгсэл нь өвлийн дугуйтай байна. Асуултад дурдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 89-93/,

 

- ТЦА мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-03/,

- тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-09/,

- явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-11, 12/

- осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 19-20/,

- эд зүйлийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирлын тооцоо, хохирлын баримтууд /хх-ийн 21-31, 45-52/,

- хохирогч Ө.Гийн нийгмийн даатгалын 1 хуудас лавлагаа /хх-ийн 42/, 

- зам тээврийн ослын тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 44/,

- ХӨСҮТ-ийн баруун уулзварын гэрлэн дохионы 2022.01.22-ны өдрийн ажилласан түүх /хх-ийн 127-129/,

 

Шүүгдэгч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би өөрөө 100 айл барилгын зах дээр обойны туслах ажилтан хийдэг юм. Манай ажил 10 цагаас цуглардаг ба 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө бага зэрэг цаг тулгаж гэрээсээ гараад яарч явсан. Тэгээд 100-н айл орохоор гэрээсээ гараад Халдвартын уулзварт зүүнээс нь ирээд хойшоо буюу баруун гар тийш эргэх байсан юм. Уулзвар нэвтрэх үед миний урд бүхээгтэй ачааны тээврийн хэрэгсэл удаан яваад байхаар нь тойрч гарах үед тэр тээврийн хэрэгслийн урдаас нь 2 явган зорчигч гараад ирсэн. Тэр хүмүүсийг хараад зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэсэн боловч гулгаж очоод тэр 2 явган зорчигчийг мөргөсөн. Тэгээд би өөрөө Цагдаагийн байгууллага болон түргэн тусламж дуудаад охиныг өөрийн тээврийн хэрэгсэлдээ оруулж суулгасан. Явган хүний гар дээр явган хүмүүсийг мөргөсөн болохоор осол миний буруу байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 69/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч М.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 111/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 112/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 113/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 114/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 115/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 116/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 117/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 118/, зээлийн гэрээ 4 хуудас баримт /хх-119-123/ зэргийг шинжлэн судлав.

 

 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч О М.М нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Их Орд төвийн баруун урд замд Тоёота Сай маркийн 70-63 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4-т заасан дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр, мөн дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 67 настай, эмэгтэй Ө.Г, 18 настай эмэгтэй А.Э нарыг мөргөж, эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учирсан болох нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогч нарт учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч А.Э нь Америкийн нэгдсэн улсад суралцдаг ба тухайн хэрэг учралын маргааш өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сургуульдаа суралцах нислэгийн тийз захиалж, ахын хамт Америкийн нэгдсэн улс руу нисэхээр төлөвлөсөн байсан ба товлосон хугацаандаа яваагүй болох нь түүний хэрэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна.

 

Хохирогч А.Эгийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргал мөрдөн байцаалтын шатанд баримтаар 3.463.291 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч М.М төлж барагдуулаагүй болно.

 

Хохирогч Ө.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 2.369.316 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч  нь шүүхийн шатанд 1.700.000 төгрөгийг банкны дансаар шилжүүлснийг хасаж тооцлоо.

 

Иймд шүүгдэгч М.Мгөөс хохирогч А.Эгийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргалд 3.463.291 төгрөгийг, хохирогч Ө.Гт 669.316 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй болно.

 

Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

М.Мгийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байх боловч энэ нь 1-т зөвхөн зээлийн гэрээний үүргийг биелүүлэх барьцаа болгосон, 2-т бусдад шилжүүлэхээс сэргийлэх зорилготой байна.

 

М.М болон “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК-ийн хооронд санхүүгийн зээлийн гэрээ хийгдсэн байх бөгөөд уг гэрээнд зааснаар уг тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, ашиглалтаас үүссэн ямар нэгэн хариуцлагыг зээлдүүлэгч тал болох “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК хүлээхгүй байхаар тусгагдсан байх учир иргэний хариуцагчаар татах шаардлага, үр нөлөө байхгүй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан. Хуулийн дээрх заалт нь Банк бус санхүүгийн байгууллага зээл олгоод зээлийн гэрээний үүрэг биелэгдэх хүртэл түр хугацаанд өөрийн нэр дээр шилжүүлж бүртгүүлсэн тээврийн хэрэгсэл бүрд иргэний хариуцагчаар оролцохыг шаардсан хуулийн зохицуулалт биш юм.

 

Тус хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоос сайн дураараа нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдсон гэмт хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан   зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын хяналтад зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Мгийн 1296184 дугаар жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгох нь зүйтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Мгийн Мг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч М.Мг шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Нийслэлийн төвийн зургаан дүүргээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг 8 сарын хугацаагаар шүүгдэгч М.Мд хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Мягмарсүрэнгийн Мгийн 1296184 дугаар жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мгөөс 669.316 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Г /чл55090102/–т, 3.463.291 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргал /уу75122608/-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ