Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 221/ЁС2015/0030 |
Дугаар | 221/МА2015/0579 |
Огноо | 2015-12-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2015/0579
2015 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 221/МА2015/1579 | Улаанбаатар хот |
М-н
магадлалын тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, М-н Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Ү.Т-д сахилгын шийтгэл ногдуулах тухай 62 дугаар магадлалыг шүүгч Ү.Т-н гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ялтан Д.Г М-д гаргасан гомдолдоо: ...Миний өмгөөлөгч Г.Т нь 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч Ү.Т нь 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2/1233 дугаар албан бичгээр уг гомдлыг буцааж намайг хохироосон. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 320, 321 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангаж хяналтын журмаар гомдол гаргасан эсэхийг хянаж хуулийн шаардлага хангаагүй бол хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгч гомдлыг буцаадаг хуулийн зохицуулалт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй байна. Иймд, Ү.Т нь шүүгчээр ажиллах мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд хэрхэн тэнцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж хариуцлага тооцон гомдол гаргах эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч Ү.Т ирүүлсэн тайлбартаа: ...Ялтан Д.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн аль зүйл, заалт, хэсгийг хэрхэн яаж ноцтой зөрчсөн, хэрхэн буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн, хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн эсэх талаар тодорхой дурдаагүй байсан. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д заасан үндэслэлээр гаргаагүй гомдлыг хяналтын шатны шүүхэд ирүүлэхгүй байхыг удаа дараа анхан шатны шүүхэд албан бичгээр анхааруулж байсан тул өмгөөлөгч Г.Т-н гомдлыг буцаасан. Өмгөөлөгч Г.Т нь Эрүүгийн байцаан шийтгэл хуулийн 320, 321 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан боловч хуулийн хугацаанд гомдол гаргаагүй болно гэжээ.
М-н 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар магадлалаар: Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Ү.Т-д сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Шүүгч Ү.Т давж заалдах гомдолдоо: Ш-н 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 348 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 729 дүгээр магадлалыг эс зөвшөөрч ялтан Д.Г-н өмгөөлөгч Г.Т хяналтын журмаар гаргасан гомдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д заасанд нийцүүлэхээр буцаасныг Шүүгчийн ёс зүйн дүрэм-ийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасан шүүгч нь бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэснийг зөрчин, ёс зүйн зөрчил гэж үзэн Шүүхийн ёс зүйн хорооны 62 дугаар магадлалаар надад сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Уг магадлалын Үндэслэх хэсэгт Улсын Дээд шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолд тухайн шүүхийн ерөнхий шүүгч гомдлыг хянаж шийдвэрлэхээр заасан байхад шүүгч Ү.Т ерөнхий шүүгч биш атлаа гомдлыг шийдвэрлэж буцаасан гэжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 275 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлэх тухай журам-ыг баталсан бөгөөд уг журам нь шинээр батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг хэрэглэх шилжилтийн үеийн харилцааг зохицуулахад чиглэсэн онцлогтой юм.
Энэ ч утгаараа Журмын 2 дугаар зүйлд 2002 оны 09 дүгээр сарын 01-ээс өмнө шийдвэрлэгдэж таслан шийдвэрлэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон хэргийг Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар хянуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342.1-д заасан гомдол, эсэргүүцэл гарвал уг гомдол, эсэргүүцэл нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 303.1, 342.1-д заасан заалт болон 320, 321 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хяналтын шатны гомдол, эсэргүүцэл мөн эсэхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хянаж, хэргийг Улсын Дээд шүүхэд явуулах эсэхийг шийдвэрлэнэ гэж тусгайлан зохицуулсан байдаг. Харин өнөөдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг бүх шатны шүүх нэг мөр ойлгож, хэрэглээд 10 гаруй жил өнгөрчээ.
Шүүгч хянан шийдвэрлэж байгаа хэрэгт холбогдуулан аливаа шийдвэрийг хэнээс ч хараат бусаар зөвхөн хуульд захирагдан гаргах учиртай юм. Энэ ч утгаараа өмгөөлөгч Г.Т-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хуульд нийцүүлэн гаргуулахаар буцаасан нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн ёс зүйн дүрмийн ямар ч хэм хэмжээг зөрчөөгүй, ёс зүйн зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм.
2. Тухайн үйл баримт нь 2012 онд болсон байх бөгөөд энэ үед Шүүгчдийн зөвлөлийн 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн Ёс зүйн дүрэм үйлчилж байсан. Харин Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 62 дугаар магадлалаар Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм-ийг үндэслэн надад сахилгын шийтгэл ногдуулсан нь эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх ерөнхий зарчмыг зөрчсөн, хууль хэрэглээний ноцтой алдаа боллоо.
Шүүгч би шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 62 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү.
Дараах зүйлсийг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж заасан, Шүүхийн ёс зүйн хороо миний дээрх үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа-г үл харгалзсан нь шүүгчид нөлөөлөх гэсэн санаатай оролдлого гэж үзэхээр байгааг тэмдэглэн хэлье.
Мөн уг магадлалын Удиртгал хэсгээс үзэхэд Ёс зүйн хорооны хуралдааныг Х.Н даргалжээ. Гэтэл магадлалыг албажуулан гаргахдаа даргалагч Н.Ч гэж гарын үсэг зурсан байгаа нь Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.10-т заасныг зөрчсөн илэрхий алдаатай болжээ гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг хянаад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тул мөн зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Шүүхийн ёс зүйн хороонд буцааж шийдвэрлэв.
Гомдол гаргагч Д.Г-с Шүүхийн ёс зүйн хороонд “...Шүүгч Ү.Т нь 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2/1233 дугаар албан бичгээр миний өмгөөлөгч Г.Т-н хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг буцааж намайг хохироосон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320, 321 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй бол хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгч гомдлыг буцаадаг хуулийн зохицуулалт байхгүй. Шүүгч Ү.Т нь шүүгчээр ажиллах мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд хэрхэн тэнцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж, хариуцлага тооцож өгнө үү” гэсэн гомдол гаргасныг Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “шүүгч Ү.Т Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасан “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн эсэхийг шалгах нь зүйтэй” гэж үзэж, сахилгын хэрэг үүсгэжээ.
Шүүхийн ёс зүйн хороо нийт гишүүдийн хуралдаанаар шүүгч Ү.Т-г Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцээд, мөн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасан “Шүүгч нь бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэснийг зөрчиж, хуульд зааснаас бусад хэлбэрээр хөндлөнгөөс оролцож, заавар, удирдамж, чиглэл өгч, авч, урьдчилан санал хэлсэн гэж үзэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба уг магадлал дараах байдлаар Шүүхийн ёс зүйн хорооны дүрэм зөрчсөн байна.
Шүүхийн ёс зүйн хорооны даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар захирамжаар тус Ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааны товыг тогтоож, гомдол хэлэлцэх бүрэлдэхүүн, дарааллыг баталж, хуралдааны даргалагчаар Х.Н, оролцогч гишүүээр Н.Г, Н.Ч, О.М, Б.У, илтгэгч гишүүнээр Н.Э нарыг томилсон байхад гомдлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн магадлалыг албажуулахдаа даргалагч Н.Ч гэж даргалагчаар томилогдоогүй гишүүн гарын үсэг зурж тогтоолыг албажуулсан нь Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.10-т заасныг зөрчсөн хууль бус шийдвэр байна.
Түүнчлэн Шүүхийн ёс зүйн хороо шүүгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь хэсэгт заасныг ямар байдлаар хэрхэн зөрчсөн эсэх, шүүгч Ү.Т-с гомдолтой холбогдуулан гаргасан “...өмгөөлөгч Г.Т нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320, 321 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан боловч гомдлоо гаргаагүй...”, “сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг үл харгалзсан” гэсэн тайлбар болон Улсын дээд шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл, заалтыг хэрэглэх журмын тухай” 275 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт заасныг хэрхэн зөрчсөн нь хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдож тогтоогдсон нь тодорхойгүй, тухайлбал гомдол гаргасан гэх өмгөөлөгчөөс тайлбар авах, тухайн үед Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр хэн ажиллаж байсан зэрэг сахилгын шийтгэл ногдуулахдаа шаардлагатай, ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулж, шалгаж тогтоогоогүй нь Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.7.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Шүүхийн ёс зүйн хороонд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.2, 88.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Шүүхийн ёс зүйн хороонд буцаасугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ