Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 0300

 

2020 оны 05 сарын 07 өдөр             Дугаар 128/ШШ2020/0300           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц-ийн Ө/РД:ОО7006****/,

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч П.С,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч П.Сын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 тушаалын Ц.Ө-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Монгол Улсын Засгийн газар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 188 дугаар тогтоол гаргаж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд “Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар”-ын статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан “Б*******” нэртэй үйлдвэрийн газрыг татан буулгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд “Б*******” нэртэй улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан. Засгийн газрын 188 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” А-130 дугаар тушаал гаргасан байдаг. Уг А-130 дугаар тушаалын хавсралтанд “Б*******”-ыг татан буулгаад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд шилжүүлэхтэй холбоотойгоор нэр бүхий 7 ажпыг хийж гүйцэтгэхээр заасан байдаг. П.С ахлагчтай уг ажлын хэсгийн ажил бүрэн дуусаж 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 35, 36, 37, 38, 39, 40 дугаартай тогтоолуудаар “Б*******”-ын хаалтын балансыг баталж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанаас гаргаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд шилжүүлсэн байдаг.

Ийм байтал ажлын хэсгийн ахлагч П.С нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалын хавсралтанд огт заагдаагүй, тусгагдаагүй ажил хийж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай" Б/172 дугаар бүхий “Б*******” ТӨААТҮГ-ын захирлын тушаалыг тус үйлдвэрийн газрын бланк буюу хэвлэмэл хуудсыг ашиглан гаргаж “Б*******” ТӨААТҮГ-т ажиллаж байсан 250 гаруй хүмүүсийг бүгдийг нь ажлаас чөлөөлсөн байдаг.

Энэ нь илэрхий хууль бус, зүй бус үйлдэл гэдэг нь тодорхой байдаг юм. Учир нь П.С ахлагчтай ажлын хэсгийн гүйцэтгэх ёстой А-130 тоот тушаалын хавсралтад заасан ажлууд дотор нь “Б*******” үйлдвэрийн газрын бүх ажиллагсдыг ажлаас нь чөлөөлөх талаар ямар ч заалт байхгүй. Ийнхүү П.С нь “Б*******” ТӨААТҮГ-т ажиллаж байсан 250 гаруй хүмүүсийг бүгдийг нь ажлаас чөлөөлөөд орхичихсон бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 12 хоногийн турш тэдгээр 250 гаруй ажиллагсад хаана ямар статустай байгууллагад харьяалагдаж, хэний удирдлаганд явж буй нь тодорхойгүй байж байтал тус үйлдвэрийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх Б.Ц нь тэдгээр 250 гаруй ажиллагсдаас 217 хүний нэрийг багтаасан Б/01 тоот тушаалыг гаргасан байдаг. 

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/01 тоот тушаалаар Ц.Ө намайг Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч гэх зохиомол буюу ажлын байрны тодорхойлолтгүй, ямар үүрэг гүйцэтгэх нь ойлгомжгүй, өмнө нь тус байгууллагад огт байгаагүй орон тоонд томилсон мэтээр уншиж сонсгоод, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохиомол ажлын байр болох Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгчийн орон тоогоо устгасан тухай тушаал гаргаад, тухайн зохиомол “ажлын байраа байхгүй болгож устгасан учраас” гэх үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ц.Ө намайг ажлаас чөлөөлчихөөд байна.

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсын Засгийн газар нь 186 дугаар тогтоол гаргаж Б******* Үйлдвэрийн газрыг буцаагаад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд нь шилжүүлсэн нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор хууль зөрчсөн олон үйлдлүүдээсээ нэг хэсгийг нь зөвтгөх зөв алхам болсон гэж үзэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” А-130 дугаар тушаалын хавсралтанд заасан гүйцэтгэх ёстой 7 ажил бий. Үүнээс П.Сод “Б*******” ТӨААТҮГ-ын 254 ажилтны “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 тушаал гаргах эрх олгогдоогүй нь тодорхой харагдана.

П.С нь “Б*******” ТӨААТҮГ-ын захирал байгаагүй тул Б/172 дугаар захирлын тушаал гэгчийг гаргасан нь илт хууль бус гэж үзэж байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмно мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан. Гэтэл П.С болон ажлын хэсэг нь ажилтан, ажилтны төлөөлөгч нарт огт мэдэгдэхгүйгээр Б/172 дугаар тушаалыг гаргасан. Үүнийг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Ийнхүү П.Сын илэрхий хууль бус Б/172 дугаар тушаал гарснаар нэхэмжлэл гаргагч Ц.Ө миний хөдөлмөрлөх эрх ноцтойгоор хохирсон үйл явц эхэлсэн бөгөөд улмаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулинд ямар ч өөрчлөлт, тодотгол хийгдээгүй учраас “Б*******” ТӨААТҮГ нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2018 оны 01 дүгээр сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлагдсан бүтэц, төсөв, төлөвлөгөөнийхөө дагуу бүх үйл ажиллагаагаа явуулах ёстой байсан. Хэдийгээр Засгийн газрын 188 дугаар тогтоол гарсан, татан буулгах үйл ажиллагаа явагдаж байсан боловч, хуулиас давсан Засгийн газрын тогтоол гэж байх ёсгүй бөгөөд “Б*******” нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын төсөвт байгууллагынхаа статусаар үйл ажиллагаагаа явуулж эхлэх ёстой байсан. Бодит байдал дээр ч тийм байгаа. “Б*******” үйлдвэрийн газрыг УТҮГ болгосон Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолд ч “...энэ тогтоолын 3, 4 дэх хэсэгт заасан байгууллагуудын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан мөрдүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах;....” гэж тов тодорхой заасан байдаг.” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан шүүхэд ирүүлэхдээ: “...Нэхэмжлэл гаргагч Ц.Ө миний бие Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга П.Сын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажпаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” илт хуулийн болон бодит үндэслэлгүй захиргааны актын улмаас өөрийн эрхэлж байсан “Б*******” ТӨААТҮГ-ын үйлдвэрлэл, технологийн албаны дарга, ерөнхий технологичийн ажил, албан тушаалаасаа нийт 253 ажилчдын хамт үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, улмаар уг тушаалын улмаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажпаас үндэслэлгүйгээр бүр мөсөн чөлөөлөгдсөн.

Ийм учраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга П.Сын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажпаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” захиргааны актын талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 07 сарын 31-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А-130 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга П.Сын гарын үсэгтэйгээр 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/112 дугаар захирлын тушаалыг хүчингүй болгуулах тухай”.

“Б*******” үйлдвэрийн газрыг Улсын төсөвт байгууллага болгосон Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолд ч "... энэ тогтоолын 3, 4 дэх хэсэгт заасан байгууллагуудын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан мөрдүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах;....” гэж тов тодорхой заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэсний 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж, 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга П.Сод “Б*******” ТӨААТҮГ-ын Үйлдвэрлэл-технологийн апбаны дарга, ерөнхий технологичийн ажил, албан тушаалаас намайг болон нийт 253 ажилчдын хөдөлмөрийн гэрээ цуцлах, ажлаас чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд тэрээр өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргаж ажилтан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон юм.

Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга П.Сын “Б******* ТӨААТҮГ-ын захирлын бланкин дээр 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажпаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 тушаалын Ц.Ө надад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ө шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалын хавсралтад заасан 7 ажлаар “Б*******” ТӨААТҮГ-ын мэргэжилтэн, ажилчдыг халах үүргийг П.Сдаргад өгөөгүй. Намайг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б/154 дүгээр тушаалаар халахаас өмнө 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Ц******* нь Б.С*******ын халсан 254 хүнээс 217 хүнийг нь аваад нэг тушаал гаргасан. 10 дугаар сарын 31-ний өдөр Б.С*******ын баталсан бүтцийг өөрчлөөд А/11 гэсэн тушаал гаргаад 3 албыг татан буулгасан. Намайг халахдаа орон тоо чинь байхгүй болсон гээд халсан. Би 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 тушаалтай эхнээс нь маргаагүй гэхээр тэр 3 тушаалын алин дээр нь П.Сдарга “Б*******” УТҮГ-ын бүтцийг өөрчилсөн талаар байхгүй. П.Сдаргын хийх ёстой 7 ажлыг Засгийн газрын тогтоолоор, сайдын тушаалаар заагаад өгчихсөн байхад Б/172 дугаар тушаалыг гаргасан. П.Сдаргад ажилтныг халах талаар эрх өгөөгүй. П.С дарга бид хоёрын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Миний хөдөлмөрийн харилцааны эрхийг зөрчиж байгаа бол хамт олон, ажил олгогчийн төлөөлөл дотор заавал танилцуулах хуулийн зохицуулалт байгаа, тиймээс үүнийг би хүлээн зөвшөөрөөгүй.

Ийм ийм үндэслэлээр энэ асуудлууд илэрхий илт хууль бус учир шүүхэд хандсан. Иргэний шүүх дээр Б.Ц дарга Ц.Өыг халаагүй, П.С дарга халсан гэсэн асуудлыг гаргаж тавиад энэ асуудал нь иргэний шүүхээс буцсан.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь заалт, 47.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Б.С*******ын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаал нь Улсын бүртгэлийн байгууллагад 2018 оны10 дугаар сарын 17-ны өдөр тухайн байгууллагыг хуулийн этгээдийн төлөөлөх, төсвийг захиран зарцуулах этгээд нь томилогдсон. Томилогдох эрх бүхий этгээдийг томилох эрхтэй байгууллага нь томилсон байхад тэр байгууллагын бланк, тамга тэмдгийг ашиглан ажилчдыг бөөнөөр нь халах шийдвэр гаргаж байгаа нь илт хууль бус юм. “Б*******” УТҮГ-тай тухайн ажилчид нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан хөдөлмөрийн эрх зүйн харилцааны оролцогчид. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар чөлөөлж, томилох эрх ажлын хэсгийн ахлагчид байхгүй. Захиргааны эрх зүйн албан тушаалтан оролцож хүний эрхийг хөндөж байгаа нь байж болшгүй зүйл.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хэрэв ажилчдыг бөөнөөр нь халахаар бол 45-аас доошгүй хоногийн өмнө ажилчдад мэдэгдэх ёстой. П.Сдарга, эсхүл ажлын хэсгээс энэ талаар мэдэгдээгүй. Мөн энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн.

Энэ ажиллагааг хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан сонсох ажиллагааны процесс явагдаагүй. Тухайн Б/172 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт гэж үзэж илт хууль бусад тооцуулахаар явж байгаа. Захиргааны байгууллага, түүнд ажилладаг эрх бүхий албан тушаалтан түр хугацаагаар байгуулагдсан захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын эрх ашгийг хөндсөн, өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн. Хөдөлмөрийн гэрээ цуцалж, тэтгэмж олгох тухай шийдвэр захирлын өмнөөс гаргасан. Ажлын хэсэг байгуулсан тушаалын хавсралтад заагдсанаас өөр ажил хийсэн. Захирал нь томилогдсон байгууллагын бланк, тамга ашиглаж өмнөөс шийдвэр гаргасан. Сонсох ажиллагаанаас эхлүүлээд хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Иргэний хэргийн шүүх дээр бид ажил олгогч байгууллагынхаа захирал Б.Ц-д холбогдуулж ажлаас халсан тушаалтай нь холбогдуулж хөдөлмөрийн маргаан үүсгээд явж байгаа.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Б*******” ААТҮГ-ыг татан буулгаж, “Б*******” УТҮГ-ыг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд байгуулан ажиллуулахаар шийдвэрлэж, ТӨААТҮГ-ыг татан буулгах ажлын хэсэг байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан.

Уг тогтоолоор өгсөн үүргийн дагуу Иргэний хуулийн 32 дугаар зүйлийг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-130 дугаар тушаалаар татан буулгах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан. Ажлын хэсэг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ” гэж заасны дагуу татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэсэн ба энэ хүрээнд ажлын хэсгийн ахлагч П.Сын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж тэтгэмж олгох тухай” Б/172 тушаалыг гаргасан байна. Дээрх шийдвэр нь татан буулгах ажлын хэсгийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр байх тул сайдын тушаалаар хүчингүй болгох боломжгүй болно.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 186 дугаар тогтоолоор “Б*******” УТҮГ-ыг ТӨААТҮГ болгон өөрчилж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 186 дугаар тогтоолын дагуу өөрчлөн байгуулагдсан “Б*******” ТӨААТҮГ-ын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батлах бөгөөд албан хаагчдыг томилох, чөлөөлөх асуудал нь ТӨААТҮГ-ын удирдлагын эрх хэмжээний асуудал юм.

Иймд иргэн Ц.Ө-оос гаргасан “Ажлын хэсэг байгуулах тухай” А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, ХХААХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга П.Сын гарын үсэгтэйгээр 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажпаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 дугаар захирлын тушаалыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул уг нэхэмжпэлийг хүлээж авах боломжгүй байна.” гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Монгол улсын Засгийн газраас 2018 оны 188 дугаар тогтоолоор “Б*******” ТӨААТҮГ-ыг татан буулгаж “Б*******” УТҮГ-ыг Мал, эмнэлгийн газрын харьяанд оруулахаар шийдвэрлэж, үүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан. Сайд өөрийн эрх үүргийн болон Засгийн газраас өгсөн тогтоолын дагуу Иргэний хуулийн 32 дугаар зүйлийг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-130 дугаар тушаалаар татан буулгах ажлыг хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас гаргасан комисс эрхлэн гүйцэтгэнэ” гэсний дагуу татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэсэн. Энэ хүрээнд ажлын хэсгийн ахлагч П.С 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 дугаар тушаалыг гаргасан. Зөвхөн 7 ажлын хүрээнд явагдах ажил биш.

Өмгөөлөгчийн хэлж байгаа сонсох ажиллагаа хийгдээгүй тухайд бүх ажилчдад сонсох ажиллагаа хийгдсэн. Ц.Ө нь өөрөө гарын үсэг зурахаас татгалзсан. Ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч байсан хүний гарын үсгийг жишээ болгож гаргаж өгсөн.” гэв.  

 

Гуравдагч этгээд "Б*******" УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1, 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох дараах үндэслэлүүд байна.

1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор "Б*******" ТӨААТҮГ-ыг татан буулгаж, ажлын хэсэг томилохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан байх бөгөөд зохион байгуулалтын бүтэц, орон тоог тогтоохыг мөн үүрэг болгожээ. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар татан буулгах ажлын хэсэг томилогдож, татан буулгахтай холбоотой ажпыг хийж гүйцэтгэсэн байна.

2. Одоо "Б*******" ТӨААТҮГ татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсан, татан буулгах ажпын хэсгийн үүрэг дуусгавар болсон учраас шүүхэд хариуцагч байх боломжгүй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад ямар нэг эрх, үүрэг залгамжлуулсан бүртгэл, шийдвэр алга байна.

3. Нэхэмжлэгч тал Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Б*******" ТӨААТҮГ-т хуучин ажиллаж байсан ерөнхий технологич гэсэн албан тушаалд эгүүлэн томилуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрт хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаснаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2163 дугаартай магадлал гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан байх бөгөөд нэхэмжлэгчийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль ёсны эсэхэд талууд маргаж буй эсэхийг тодруулаагүй гэсэн үндэслэлийг дээрх магадлалд дурджээ.

Иймд тухайн маргаж буй татан буулгах ажлын хэсгийн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар иргэний шүүх дахин хянахаар болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6 дахь заалтыг баримтлан хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

   Нэхэмжлэгч Ц.Ө нь захиргааны хэргийн шүүхэд хандан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч П.Сын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 тушаалын Ц.Өод холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Б*******” ААТҮГ-ыг татан буулгаж, “Б*******” УТҮГ-ыг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд байгуулж, тус байгууллагыг татан буулгаж, шинээр байгуулсантай холбогдуулан хууль тогтоомжийн дагуу комисс томилж, татан буугдсан байгууллагын эд хөрөнгөд тооллого хийж, хаалтын тайлан баланс гаргаж, үндсэн болон бусад эд хөрөнгийг шинээр байгуулагдах хуулийн этгээдэд шилжүүлэх арга хэмжээ авахыг, байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан мөрдүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан байна. 

Энэ тогтоолын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр А-130 дугаар тушаалаар татан буулгах, архив эд хөрөнгийг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэх ажлын хэсгийг  тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ахлуулан байгуулж, ажлын хэсгийн хийх ажлын удирдамжийг батлан, татан буугдсан байгууллагын эд хөрөнгөд тооллого хийж, хаалтын тайлан баланс гаргаж, үндсэн болон бусад эд хөрөнгийг шинээр байгуулагдах хуулийн этгээдэд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг ажлын хэсгийн ахлагчид даалгасан байна.

Энэ тушаалаар баталсан ажлын хэсгийн хийх ажлын удирдамжид татан буулгах, архив, эд хөрөнгийг шинээр байгуулагдах хуулийн этгээдэд шилжүүлэх ажлын хүрээнд 1/ хуулийн этгээдийг татан буулгах тухай мэдэгдлийг нийтэд мэдээлэх, 2/ хуулийн этгээдийг татан буулгах, нэхэмжлэл гаргах журам, хугацааг зээлдүүлэгчид бичгээр мэдэгдэх, 3/ үндсэн болон эргэлтийн хөрөнгөд тооллого хийж, акт үйлдэн хүлээн авах, хүлээлгэн өгөх, 4/ төсвийн болон бусад өр төлбөр, ажиллагсадтай хийх өр авлагын тооцоог нэгтгэн гаргаж, барагдуулах арга хэмжээ авах, 5/ архив, албан хэргийн материалыг акт үйлдэн хүлээн авч, шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд хүлээлгэн өгөх, 6/ санхүүгийн хаалтын тайлан тэнцэл гаргах, 7/ холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдийг улсын бүртгэлийн байгууллагад татан буулгах талаар мэдэгдэх гэсэн ажлуудыг тодорхой заажээ.

Түүнчлэн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар “Б*******” УТҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар “Б*******” УТҮГ-ын даргыг томилсон, хуулийн этгээдийн бүртгэлд 2018 оны 10 дугаар сарын 17-нд хуулийн этгээдийн мэдээлэлд орсон хуулийн этгээдийн хэлбэр болон өмчийн хэлбэр, мөн гүйцэтгэх удирдлагын буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн өөрчлөлт бүртгэгдсэн байна.   

Өөрөөр хэлбэл шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн удирдлага 2018 оны 8 дугаар сарын 23-нд томилогдож, хуулийн этгээдийн бүртгэлд 10 дугаар сарын 17-нд энэ талаарх мэдээлэл бүртгэгджээ.

Гэтэл “Б*******” ТӨААТҮГ-ын захирлын тушаалын буюу татан буугдсан хуулийн этгээдийн захирлын тушаалын албан хэвлэмэл хуудас, тамга бүхий 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр А-130 дугаар тушаалаар томилогдсон татан буулгах, архив эд хөрөнгийг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч П.С гаргаж “Б*******” ТӨААТҮГ-ын ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлжээ. Ингэхдээ Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэсэн байдаг.

Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Б*******” ААТҮГ-ыг татан буулгаж, “Б*******” УТҮГ-ыг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд байгуулж байгаа хэдий ч энэ шийдвэрийг Иргэний хуулийн хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, хуулийн этгээдийг татан буулгах үндсэн зохицуулалтаар авч үзвэл энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгээр “Б*******” ААТҮГ нь хуулийн этгээд болохын хувьд “Б*******” УТҮГ болж зохион байгуулалтын төрөл, хэлбэр өөрчлөгдсөнөөс биш 32 дугаар зүйлд зааснаар татан буулгагдсан үр дагавар үүсгээгүй байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын дээрх тогтоолд заасанчлан тус газрын чиг үүрэг хадгалагдсан, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт өөрчлөлт орохооргүй байна.      

Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх “аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах” үндэслэл үүсэхгүй, зохион байгуулалтын бүтцийн хувьд зарим нэг өөрчлөлт орсон байхыг үгүйсгэхгүй ч бүх албан хаагчдыг чөлөөлж, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж буй тохиолдолд өөрчлөн зохион байгуулагдсан хуулийн этгээдийн ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглодог бөгөөд 40.4-т зааснаар хуулийн этгээдийн харьялал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

Тодруулбал “Б*******” УТҮГ-ын ажиллагсдыг чөлөөж, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байжээ.

Эндээс дүгнэхэд “Б*******” ТӨААТҮГ-ын захирлын гэх Б/172 дугаар тушаал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” үндэслэлээр илт хууль бус байна.

Нөгөөтэйгүүр уг тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх ажил олгогчид буюу хөдөлмөрийн гэрээ байгуулсан этгээдэд олгогдсоноос биш өөр этгээдэд олгогдоогүйн дээр ажлын хэсгийг байгуулсан тушаалд заасан ажлын хэсгийн чиг үүрэг, хийх ажлын удирдамжид заагаагүй хүний нөөцтэй холбоотой чиг үүргийг ажлын хэсгийн ахлагч эдлэхгүй. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасан тодорхой үндэслэлээр өөрийн санаачлагаар цуцлах эрх ажил олгогчид олгогдсон байхад өөр этгээд энэ эрхийг хэрэгжүүлэх боломж хуулиар хязгаарлагддаг.

Хуулийн этгээдийн өмчийн төрөл, хэлбэр нь өөрчлөгдсөн  “Б*******” УТҮГ-ын дарга томилогдсон, хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлт улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш өмнөх хуулийн этгээдийн захирлын тушаалын хэвлэмэл хуудас, тамгыг хэрэглэн хуулиар ч, ажлын хэсгийг байгуулсан эрх бүхий этгээдийн шийдвэрээр ч эрх олгогдоогүй этгээд ийнхүү хүний нөөцтэй холбоотой шийдвэр гаргаж ажилтнуудыг бөөнөөр чөлөөлсөн энэ шийдвэр  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” үндэслэлээр мөн л илт хууль бус байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтанд сарын өмнө, бөөнөөр чөлөөлөх тохиолдолд ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэх ажил олгогчийн үүргийг, ажилтнуудын эрхийг хамгаалах зохицуулалтыг нэгэнт илт хууль бус актын энэ маргаанд тайлбарлах ч илүүц байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч П.Сын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох энэ маргаан нь хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслэлгүйгээр баримталсан ч ийнхүү хүний нөөцтэй холбоотой шийдвэр гаргах эрх олгогдоогүй этгээдээс, ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл буюу Хөдөлмөрийн хуулиар заасан үндэслэл үүсээгүй байхад бөөнөөр нь чөлөөлсөн захиргааны байгууллагаас байгуулсан ажлын хэсгийн ахлагчийн илт хууль бус шийдвэртэй холбоотой тул хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсадын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хөдөлмөрийн маргаан гэхээс илүүтэй илт хууль бусаар иргэний эрхийг зөрчсөн үр дагавар үүсгэсэн захиргааны актын маргаан, өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжтой, энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 24-ний 224 дүгээр тогтоолд дүгнэж, нэхэмжлэлийг “харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүх эрх нь зөрчигдсөн этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тул 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 тушаалын хавсралтын нэхэмжлэгч Ц.Ө-од холбогдох хэсэг л энэ шүүхийн шийдвэрт хамааралтай болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.Өын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч П.С-ын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Б*******” ТӨААТҮГ-ын захирлын тушаалын хэвлэмэл хуудсаар гаргасан “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.Өод холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  48  дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  нь  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА