Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1882

 

 

 

 

 

 

 

 

 

“Цог тулга трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01270 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Цог тулга трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Батбаяр, М.Болортуяа нарт холбогдох

 

   Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 125 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

    Гэрээний үүрэгт илүү төлсөн 61 661 250 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Сувд-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Болортуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цог тулга трейд” ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ж.Батбаяр, М.Болортуяа нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Рояал таун хаус хотхоны 65/6 дугаар байрны 4 тоот 400 м.кв бүхий орон сууцыг нийт 1 450 000 000 төгрөгөөр худалдсан. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж, барилгын норм, чанарт нийцсэн эрхийн доголдолгүй орон сууцыг гэрээний дагуу шилжүүлсэн байдаг. Гэтэл худалдан авагч Ж.Батбаяр, М.Болортуяа нар нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт заасан орон сууцны төлбөр төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 750 000 000 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Хариуцагч нар энэ өр төлбөрөө барагдуулахаар бүхий л арга хэмжээг авч байгаа гэдэг албан тоотыг “Цог тулга трейд” ХХК-д ирүүлсэн байдаг боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт худалдан авагч нь харилцан тохиролцсон төлбөрийг төлөөгүй тохиолдолд 0,1 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Иймд хариуцагч Ж.Батбаяр, М.Болортуяа нараас орон сууцны төлбөрт 750 000 000 төгрөг, мөн гэрээнд заасан алданги буюу 655 860 000 төгрөг, нийт 1 125 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөр 750 000 000 төгрөг, алданги 655 680 000 төгрөг гэсэн атлаа 1 125 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. Энэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа зөрүүтэй байна. Тухайн үед Ж.Батбаяр нь “Цог тулга трейд”  ХХК-д  хоёр удаа албан бичиг хүргүүлэхдээ 2016 оны 01 дүгээр сарын байр борлуулсан орлогоос шууд төлбөр хийж эхэлнэ, мөн үлдэгдэл 750 000 000 төгрөгийг өөрийн барьж ашиглалтанд оруулсан барилгаас зарж борлуулсан орлогоос өгөх боломжтой гэсэн байдлаар тайлбар өгч байсан явдал нь тухайн үед энэ гэрээг байгуулахдаа бартераар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсан гудамжны 65/6 дугаар байрны 04 тоот 400 м.кв-тай орон сууцны төлбөрийг өөрийн барьсан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамжны 48 тоот хаягт байрлалтай, 24 айлын орон сууцны барилгаас зарагдаж борлуулагдахаар нь эсвэл бартераар төлөх талаар ярилцсан юм. Гэтэл эдийн засгийн хямралаас болж, мөн бизнесийн эрсдлүүд гарч гэрээгээр тохиролцсон үнийн дүнгээ төлөх боломжгүй байдал үүссэн бөгөөд энэ нөхцөл байдал нь хариуцагчийн буруутай үйлдлээс болоогүй, өөрөөс нь үл шалтгаалж үүссэн. Үүнийг шүүхээс харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Гэрээнд заасны дагуу үлдэгдэл 750 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар хэн алинд нь маргаан байхгүй. Энэхүү төлбөрөө төлөх боломжгүй байдал үүссэнээс болж өнөөдрийг хүртэл цаг хугацаа алдсан. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа төлбөрийн хувьд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан 1 125 000 000 төгрөгийн үндсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Шинжээчийн дүгнэлтээр MNS6058:2009 стандартаар орон сууцны талбайн хэмжээ нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсан гудамжны 65/6 дугаар байрны 04 тоотын талбайн хэмжээг тооцоод 388.66 м.кв болохыг тогтоосон. Иймд шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр “Цог тулга трейд” ХХК болон иргэн Ж.Батбаяр нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-д заасныг үндэслэн нийт тайлбан хэмжээг 400 м.кв-аар тооцож нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр 400 м.кв хүрэхгүй гэдэг нь тогтоогдсон. Энэ үүднээс шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэ нь 1 450 000 000 төгрөг биш м.кв тутмаар нь тооцоход орон сууцны нийт төлбөр нь 1 408 492 500 төгрөг байна. Үүнээс төлсөн 700 000 000 төгрөгийн төлбөрөө хасаад 708 892 500 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзэж байна. Иймд 1 450 000 000 төгрөг, шинжээчийн дүгнэлттэй уялдуулаад гаргасан төлбөр болох 1 408 892 500 төгрөгийн зөрүү 41 107 500 төгрөг болж байна. Үлдэх төлөгдөөгүй 708 892 500 төгрөгийн үлдэгдлийн 50 хувиар тооцоход алдангийн нийт зөрүү нь 20 533 750 төгрөг байна. Иймд энэ зөрүү төлбөр болох 61 661 250 төгрөгийг “Цог тулга трейд” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

           

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Цог тулга трейд” ХХК байрны үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа учраас хэрэг шийдвэрлэгдээгүй, шүүхийн шийдвэр гараагүй байхад энэ мөнгөнөөс 61 661 250 төгрөгийг гаргуулъя гэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн хариуцагч талаас Иргэний хуулийн  254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байна гэж үзэж байгаа бол мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэхь хэсэгт эд хөрөнгийг хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж зааснаар хариуцагч нар шаардах эрхээ алдсан байна. Орон сууцыг хүлээн авахдаа талбайн хэмжээг зөрүүтэй эсэхийг хэмжих боломжтой буюу худалдан авсан орон сууцны талбайн хэмжээг хэмжүүлэх бүрэн боломжтой байтал энэ ажиллагааг хийгээгүй нэхэмжилж байгаа сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор мөн хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй буюу гэрээний учирсан хохирлоо төлүүлэх шаардлага эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэхь хэсэгт худалдагч тал нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэхь хэсэгт заасны дагуу ашиглалтанд орсноос хойш 3 жилийн хугацаанд орон сууцанд чанарын баталгаа өгнө. Энэ хугацаанд барилгын материалын болон ажлын гүйцэтгэлийн чанартай холбоотой эвдрэл, гэмтэл, доголдол гарвал гүйцэтгэгч өөрийн зардлаар засварлах, доголдлыг арилгах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд баталгаат хугацаа өнгөрсөн байна. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй, шүүх хүлээн авсан тохиолдолд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Нөгөө талаас хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээнд заагдсанаар тухайн худалдаж авсан орон сууцныхаа төлбөрийг зохих ёсоор бүрэн төлөөгүй. Гэтэл төлсөн 700 000 000 төгрөгөөсөө 40 000 000 төгрөгийг гаргуулах  гээд байгаа  нь хуульд нийцэхгүй. 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт гарч, орон сууц хүлээн авч, 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарсан нь хэрэгт авагдсан. Хууль тогтоогч юу шаардсан гэхээр 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр эрхийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу өмчлөх эрх шилжүүлж авах үедээ өөрөөр хэлбэл орон сууцыг шилжүүлж авах үедээ 6 сарын дотор доголдолтой эсэхийг шалгах боломжтой байсан хэдий ч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Одоо гэнэт 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр буюу 2 жил, 4 сарын дараа маргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн ямар үндэслэлээр алдангийг буцааж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Бид хугацаандаа гэрээний үүргээ биелүүлсэн. Хугацаа хэтэрсэн тохиолдолд анзын асуудал нэхэгдэх ёстой болохоос биш, м.кв-ын зөрүү гарлаа гэж алданги тооцох хууль зүйн зохицуулалт гэрээнд тусгагдаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч Ж.Батбаяр /РД:71051175/, М.Болортуяа /РД:ЦВ67111502/ нараас 1 121 209 032 /нэг тэрбум нэг зуун хорин нэгэн сая хоёр зуун ерэн мянга гучин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Цог тулга трейд” ХХК /РД:2648369/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 790 968  /гурван сая долоон зуун есэн мянга есэн зуун жаран найман/ төгрөг, хариуцагчийн 61 661 250 /жаран нэгэн сая зургаан зуун жаран нэгэн мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 782 950 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 466 260 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 5 763 995 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэрт "Илжгэн овогт Баавайгийн Болортуяа /РД:67111502/ нарт холбогдох хэргийг хянав" гэжээ. Хариуцагч нь Ж.Батбаяр, Миеэгомбын Болортуяа нар юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол орон сууцны зөрүү болох 41 107 500 төгрөгийг үндсэн нэхэмжлэлээс хасуулж тооцуулах тухай болно. Шинжээчийн дүгнэлтээр MNS6058:2009 стандартаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсан гудамжны 65/6 дугаар байр 04 тоот орон сууцны талбайн хэмжээг тооцоод 388.66 м.кв болохыг тогтоосноор дээрх худалдан авсан орон сууцны эд хөрөнгийн доголдлыг мэдсэн. Гэтэл орон сууцыг хүлээн авах үедээ доголдолтой болохыг мэдэх боломжтой байсан тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар гэрээгээр заасан үнийг бууруулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар, худалдан авагч доголдлыг мэдэх боломжтой байсан болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд худалдагч нотлох үүрэгтэй байх байтал хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн "урьдчилгаанд төлсөн төлбөрөөс талбайн зөрүү мөнгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй" гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас талбайн зөрүүг хасуулахаар, гэрээгээр заасан үнийг бууруулахыг шаардаж байгаа билээ. Түүнчлэн "талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс үзэхэд орон сууцны үнийг м.кв тутмаар тооцоогүй, гэрээний зүйл орон сууц, орон сууцны үнэ 1 450 000 000 төгрөг байхаар тохиролцсоноос үзэхэд худалдан авагчид хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг доголдолтой гэж үзэх нь учир дутагдалтай байна" гэж дүгнэсэн нь гэрээнд нийт талбайн хэмжээг 400 м.кв байхаар заасныг, худалдан авагч 400 м.кв талбай бүхий орон сууцыг 1 450 000 000 төгрөгөөр худалдан авах хүсэл зоригийг илэрхийлж байгааг харгалзан үзсэнгүй. Худалдан авсан орон сууцны м.кв-ийн зөрүү болох 11.34 м.кв-ийг хасч тооцвол орон сууцны худалдан авах үнэ 1 408 892 500 төгрөг болно. Иймд зөрүү болох 41 107 500 төгрөгийг үндсэн нэхэмжлэлээс хасч тооцох байсан. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүх "худалдан авагчийн гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа дууссан, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжгүй байсан нь баримтаар нотлогдохгүй байна" гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

   Нэхэмжлэгч “Цог тулга трейд” ХХК нь хариуцагч Ж.Батбаяр, М.Болортуяа нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 125 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч гэрээний үүрэгт илүү төлсөн 61 661 250 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

  Талууд  2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Цог тулга трейд” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Роял таун хаус хотхоны 65/6 байрны 4 тоотод байрлах 400 м,кв талбай бүхий орон сууцыг  хүлээлгэн өгөх, хариуцагч нар нь 1 450 000 000 төгрөг төлөх, гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд  хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 7 дугаар тал/

 

   Гэрээний зүйл болох дээрх орон сууцыг 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актаар хүлээн авсан байх тул анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болно. /51-54 дүгээр тал/

 

   Худалдан авагч нар нь гэрээний үүрэгт 702 527 312 төгрөгийг төлсөн, орон сууцыг өмчлөлдөө авсан үйл баримтад талууд маргаагүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч нараас гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 747 472 688 төгрөг, алданги 373 736 344 төгрөг, нийт 1 121 209 032 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

   

  Маргааны зүйл болох орон сууцны талбайн хэмжээний талаар  талууд гэрээндээ “400 м.кв” гэж заасан хэдий ч гэрээний үнийг тогтоохдоо 1 м.кв талбайн үнэлгээг бус харин бүхэлд нь “орон сууцны үнэ” гэсэн агуулгаар тохиролцжээ. Талуудын дээрх тохиролцооноос үзэхэд талбайн хэмжээ гэрээнд зааснаас дутуу байгаа нь  тоо хэмжээний хувьд дутуу нөхцөл биш тул худалдан авагчид дутуу эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэж, үнийг хувь тэнцүүлэн бууруулах Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан талбайн зөрүүтэй холбоотойгоор   орон сууцны үнийг буцаан  төлөх үүрэг үүсээгүй байна.

 

Ийнхүү анхан шатны шүүх орон сууцны талбайн зөрүүд төлбөр гаргуулах тухай  хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд хамаарах шаардах эрхийн үндэслэлийг үгүйсгэх хуулийн зохицуулалтыг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч М.Болортуяагийн ургийн овог болон эцгийн нэр, регистрийн дугаарыг буруу бичсэн нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул зөвтгөн өөрчлөх боломжтой.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01270 дугаар шийдвэрийн

Удиртгал хэсгийн “... Илжгэн овогт Баавайн Болортуяа /РД:ЦВ67111502/ ...” гэснийг “Боржигон овогт Миеэгомбын Болортуяа /РД:ЧТ70042207/” гэж,

1 дэх заалтын “... 255 дугаар зүйлийн 255.1.1...” гэснийг “254 дүгээр зүйлийн 254.4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363 490 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ       

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ