Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00292

 

Н.Г-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00662 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 987 дугаар магадлалтай,

Н.Г- /**44******/-ийн хүсэлттэй,

Нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Д.С, өмгөөлөгч М.Х, прокурор Ш.Одонсүрэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний аав болох Г.Навааншарав 1934 оны 10-р сарын 10-ны өдрийн 11-р хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 42, 51 зүйлээр 8 жил хорих ялаар шийтгүүлснийг 1997 оны 04 сарын 02-ны өдөр хэргийг хянаад Улсын дээд шүүхийн 130-р тогтоолоор цагаатгасан. Хүн амын тооллогоор ам бүл 4 гишүүн байсан. Үүнээс ах Н.Доржсүрэн, 2006 оны 8 сарын 25-нд нас барсан ба Г.Навааншаравын төрсөн хүүхэд надаас өөр үлдээгүй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 15-р зүйлийн 15.1-т заасны дагуу Г.Навааншаравын төрсөн охин надад 40 сая төгрөг олгохоор шийдвэрлэж, өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00662 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хэрээд овогт Навааншаравын Гантөмөр/РД: ХД44041868/-ийн нөхөх олговорт 40 000 000/дөчин сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Н.Г-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 987 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, өмгөөлөгч М.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэлийн шаардлага бол Н.Г-ийн эцэг Г.Навааншарав 1934.10.10-ны өдрийн 11-р хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 42, 51 зүйлээр 8 жил хорих ялаар шийтгүүлснийг 1997.04.02-ны өдөр хэргийг хянаад Улсын Дээд Шүүхийн 130-р тогтоолоор цагаатгасан. Хүн амын тооллогоор ам бүл 4 гишүүн байсан. Үүнээс ах Н.Доржсүрэн 2006.08.25-нд нас барсан ба Г.Навааншаравын төрсөн хүүхэд надаас өөр үлдээгүй. Г.Навааншаравын төрсөн охин надад цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос 40 сая төгрөг олгохоор шийдвэрлэж сонинд зарлагдсаны дагуу олгож өгнө үү гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Н.Г- нь Улсын төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр, /нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийн нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд 40 сая төгрөг”-ийн нөхөн олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэлийг ханган шийдэх ёстой байхад анхан болон давж заапдах шатны шүүхүүд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг удирдлага болгон шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Г- нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ, “миний аав Навааншаравын Гантөмөр улс төрийн хилс хэрэгт 8 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг цагаатгасан, хуульд заасны дагуу нөхөх олговор 40 сая төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурор томилогдсон боловч тэрээр шүүх хуралдаанд ирж, тайлбар гаргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, “...Г.Навааншарав агсан болон түүний эхнэр гэр, орон сууцаа хураалгуулсан болох нь баримтаар тогтоогдоогүй байх тул нөхөх олговор олгох үндэслэлгүй байна...” гэснийг давж заалдах шатны шүүх энэхүү дүгнэлтийг зөв гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

1. Хууль хэрэглээний талаар.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар “..13.2..”  гэсэн хэсэг нэмсэн бөгөөд уг хэсэгт зааснаар “...хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид... нөхөх олговор...”  олгохоор заасан байна.   

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23.1-д “...орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол... дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно...” гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх, хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй” гэсэн нөхцөлийг “хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгаад одоо болтол аваагүй” гэж ойлгож хэрэглэжээ.

Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэх  асуудал чухал байх тул дараах дүгнэлтийг хийлээ.

а/. Дээр дурдсан 13 дугаар зүйл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн “...нөхөх олговор...” олгох тухай Гуравдугаар бүлэгт, харин 23 дугаар зүйл нь “...үр дагаврыг арилгах...” талаар зохицуулсан Дөрөвдүгээр бүлэгт багтсан байх бөгөөд нөхөх олговор олгох, хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах нь хоорондоо ялгаатай, өөр өөр ойлголт байна.

б/. Хууль тогтоомжийн тухай хуулийн 14,16 дугаар зүйлийн зохицуулалтаас үзвэл, хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны үндсэн дээр үзэл баримтлалын төслийг боловсруулан, улмаар баталж, үзэл баримтлалд нь нийцүүлэн хууль тогтоомжийг боловсруулдаг тул хуулийн үзэл баримтлал нь тухай хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой юм. Энэ шалтгаанаар  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн үзэл баримтлалыг судлав. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн үзэл баримтлалд “...хууль батлагдсан 1998 онд хэлмэгдсэн иргэдийн ар гэрт нэг удаагийн нөхөх олговор 1.000.000, 500.000 төгрөгийг олгох, ...хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгуулсан тохиолдолд орон сууц, гэр олгохоор зааснаас өөрөөр... нөхөх олговорыг хуульчлаагүй, ...нөхөх олговорын хэмжээ өөрчлөгдөөгүй байна. ...хэлмэгдэгчдийн ар гэрийнхэн үр хүүхдүүдэд олгож буй нөхөх олговорыг тэдний амьдралын бодит нөхцөл байдал, төгрөгийн ханш, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх шаардлагатай байна, ...Иймд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн, хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүд өмнө нь орон сууц, гэр түүнтэй тэнцэх нөхөн олговор аваагүй бол хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нэмэлт нөхөх олговорыг нэг удаа олгохтой холбогдсон зохицуулалтыг нэмж тусгах...” гэжээ.

Өөрөөр хэлбэл, энэхүү хууль нь нөхөх олговрыг нэг удаа бус, харин  хоёр  удаа хуульд заасан үндэслэлээр олгож болох үзэл баримтлалтай байна.

в/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсонтой холбогдуулан, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан бөгөөд үүний дагуу Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаан болж 27 дугаар магадлал гарсан байна.

Магадлалд  хуулийн “13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2.,  23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн зохицуулалтыг нэн даруй боловсронгуй болох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд уг хуралдааны тэмдэглэлд  “...Улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь...  13.2-т заасан нөхцлөөр хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/ эсхүл хүүхдэд нөхөх олговор дахин олгохоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, харин хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар өмнө нь ямар нэгэн байдлаар орон сууц эсхүл түүнийг орлох мөнгө авсан хүмүүст дахин нөхөх олговор олгохгүй байхаар хязгаарласан...” гэсэн тайлбарыг хэлжээ.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд гаргасан Улсын Их хурлын төлөөлөгчийн тайлбар нь дурдсан хуулийн үзэл баримтлалаас зөрөөгүй байна.

г/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл уг хууль   “...хэлмэгдэгчдийг цагаатгах... нэр төрийг нь сэргээх... нөхөх олговор олгох.. хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаварыг арилгах...” асуудлыг зохицуулах зорилготой байна. 

Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар учирсан хохирлыг... хуульд заасан үндэслэл журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө.   

Хууль анх батлагдахад хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500.000 төгрөгийн нөхөх олговор олгохоор, ингэхдээ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т нөхөх олговорыг нэг удаа олгоно гэж заасан  байжээ.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “нөхөх олговорыг нэг удаа олгох” гэснийг хассан байх тул нөхөх олговорыг дахин олгох буюу энэ нь 13 дугаар зүйлийн 13.2-т ...40 сая болон 80 сая төгрөгийн нөхөх олговор олгох нэмэлт өөрчлөлттэй уялдаатай гэж үзэхээр байна. Иймээс хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, 13.2.2 гэсэн заалтууд нь “нөхөх олговор”-ын талаархи зохицуулалт байхын зэрэгцээ “гэр, орон сууцаа хураалгаж, түүний оронд орон сууц, эсхүл орлох мөнгө аваагүй байх“ нөхцөл шаардаагүй байна.

д/. Дээр дурдснаас гадна хуулийн нэмэлт өөрчлөлт нь өөр 2 нөхцлийг заасан байна. Тухайлбал,

1-рт, Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т заасан нөхөх олговрыг хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд олгохоор хуульчилснаас үзэхэд 13.1-т заасан олговрыг авах эрхтэй этгээдээс ялгаатай, хязгаарлагдсан байна.

2-рт, Хуулийн 23.1-ийн дагуу орон сууц, эсхүл түүний оронд мөнгө  авсан бол дахин нөхөх олговор олгохгүй гэсэн хориглолттой байна.

2. Хэргийн талаар.

Хэргийн баримтаас үзэхэд Гаравын Навааншарав улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, Дотоодыг хамгаалах газрын дэргэдэх Тусгай комиссын 1934 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор 8 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг, Улсын Дээд шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 130 дугаар тогтоолоор цагаатгасан бөгөөд Навааншаравын Гантөмөр нь хэлмэгдэгчийн төрсөн охин болох нь тогтоогдсон байна. Энэхүү үйл баримтыг хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцүүлэн дүгнэжээ.

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019.10.18-ны өдрийн 05/4093 тоот лавлагаанд хэлмэгдэгч Г.Навааншаравын баривчлагдах үед хөрөнгийн хувь 11 гэжээ.

Г.Навааншарав Шүүх цааз бичгийн 42, 51-р зүйлээр шийтгэгдсэн ба эдгээр зүйлд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оногдуулна гэж заасан байна.

Харин Г.Навааншаравын хэрэгт хөрөнгө хураасан тухай бичиг баримт байгаагүй болох нь тогтоогджээ. Хэлмэгдэгч Г.Навааншарав, эхнэр Цагаан, хүү Н.Доржсүрэн, охин Н.Г- нарын хамт амьдарч байсан бөгөөд Н.Г-өөс өөр нөхөх олговор шаардах эрхтэй этгээд байхгүй байна. Н.Г- хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн хүрээнд орон сууц, гэр шаардах эрхтэй субъектэд хамаарахгүйгээс гадна өмнө нь орон сууц, гэр, эдгээрийг орлох мөнгөн олговор авч байсан нь тогтоогдоогүй байна.

Дурдсан үндэслэлээр хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хангаж, хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2-т зааснаар Н.Г-т нөхөх олговорт 40 сая төгрөг гаргуулж, энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 987 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/0662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар улсын төсвөөс 40.000.000 /дөчин сая/ төгрөг гаргуулж Н.Г-т олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар хүсэлт гаргагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ