Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/шцт/19

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Нямжав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Гомборагчаа,

Шүүгдэгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.А-д холбогдох 2224000000035 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *****************************

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь 2022 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр О.И-ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, толгойн тус газарт хоёр удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.И-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойн тус газарт хоёр удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч О.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Асгат сумын соёлын төвд эмэгтэйчүүдийн баярт зориулсан концерт болж манай нөхөр концертод дуулна гээд 10 цагийн үед гэрээсээ гараад явсан. Өдөр 13 цагийн үед намайг цайгаа уух гээд гэртээ очиход нөхөр гэртээ байхгүй байхаар нь утас руу нь залгахад очлоо гэж хэлээд утсаа тасалсан. Удаагүй байж байтал гаднаас согтуу орж ирсэн. Би түүнд одоо унт, юугаа хийгээд архи уучихдаг юм гэж хэлээд би шалгалт өгөх байсан учраас ажил руугаа нөхрөө гэртээ орхиод гараад явтал миний хойноос гараад явсан байсан. 17 цагийн үед би ажлаа тараад гэртээ ирэхэд нөхөр байхгүй байхаар нь утас руу нь залгаж ярихад Б ахынд байж байгаад ирлээ. Тэндээс малгай авсан гээд орж ирсэн бөгөөд архи уучихсан байхаар нь жаахан унтуулж байгаад концертод дуулах байсан тул сэрээж толгойг нь угааж өгөөд явуулсан. Орой 22 цагийн үед концерт тарах үед Б гэдэг хүн танай нөхөр гадаа шал согтуу хайс түшээд яваад байна гэж хэлэхээр нь би соёлын төвөөс гарч ирээд гэр рүүгээ авч явж оронд оруулж унтуулчхаад бүжгэнд орохоор соёлын төв орсон. Бүжгэнд орж байхад ам цангаад байхаар нь манай найз П.Д бид хоёр соёлын төвийн ард байдаг Б гэдэг айл руу орж М нэг шил дарс аваад гэрт нь ууж байх үед манай найз Б.У орж ирсэн. Тэгээд бид гурав дарсаа ууж дуусаад П.Д-нд очиж бас нэг шил дарс ууж байхад манай нөхөр Б.А залгаад би сэрчихлээ, чи хаана байгаа юм бэ? гэж асуухаар нь би одоо очлоо гээд утсаа салгаад П.Д, Б.У бид гурав манай гэрт очсон. Гэтэл манай нөхөр гэртээ байхгүй гараад явчихсан байсан бөгөөд утас руу нь залгахад ярьж байгаа дохио өгөөд болохгүй байсан. Тэгээд гэртээ байж байтал манай найз Б.У манайд нэг дарс байгаа очоод уух уу? гэхээр нь тэдний гэрт очиж дарсаа задлаад ууж байтал манай нөхөр гаднаас орж ирээд манай найз П.Д рүү хаагуур юу хийгээд эхнэр аваад архи уугаад явчихдаг юм бэ? гээд хараагаад байхаар нь Б.У-ын нөхөр Ц одоо боль гээд Б.А-г аваад гарсан юм. Удаагүй байж байгаад манай нөхөр Ц хоёр буцаад орж ирснээ за намайг уучлаарай хоёулаа гэр рүүгээ явъя гэж хэлэхээр нь би гараад хамт гэр рүүгээ явж байтал намайг цохиж зодсон. Тэгээд би цагдаад очиж дуулга өгсөн. ...Миний нүүрэн тус газарт баруун гараараа цохиж, намайг халтираад унахад толгой руу хоёр удаа өшиглөсөн. Тухайн үедээ толгой, хамраас цус гараад байхаар нь эмнэлэгт очиж үзүүлэхэд толгой хагарсан байна гээд гурван оёо тавьж хамар язарсан, баруун шанаа хэсэгтээ зулгарч хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 12-13/,

Гэрч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.А гаднаас Б.У-ын гэрт орж ирээд О.И-ыг татаж унагаад над руу чи муу архичин Донки нөхөртэйгөө уухад яадаг юм бэ, найз бол найз шиг л байгаарай гээд уурлаад байхаар нь Уянгын нөхөр Цэнд-Аюуш, Б.А-г “чи боль, яагаад байгаа юм бэ” гээд аргадахад за намайг уучлаарай гэсэн. О.И би Б.А-г аваад явчихъя гээд тэр хоёр гараад явсан. Тэгээд удаагүй байж байтал Цэнд-Аюушийн утас дуугараад утсаар ярьснаа цагдаа ярьж байна, нөгөө хоёр чинь цагдаа дээр очсон юм шиг байна гээд явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх 15-16/,

Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.А гаднаас муу архичин “Донки нөхөртэйгөө уухад яадаг юм бэ” гээд П.Д рүү орилоод ороод ирэхээр нь манай нөхөр Ц түүнийг “чи боль, яагаад байгаа юм бэ” гээд аргадахад намайг уучлаарай гэхээр нь О.И би Б.А-г аваад явчихъя гээд тэр хоёр гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 18-19/,

Эмч П.Б “...Хүнд зодуулсан гэв. Зовиур: Толгой хагарсан, баруун шанаа овойж хавдсан, хамар хавдсан, хөхөрсөн, 0,3 зүсэгдсэн, 2 гар толгойноос урагш хөхөрсөн хавдсан, 2 гуя хөхөрсөн бусад нүдэнд харагдахаар шарх сорви байхгүй. Толгой баруун хагарсан хэсэгт 3 оёо тавьсан...” гэсэн эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-26/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 000000171 тоот “...О.И-ын биед нэмэлт үзлэгээр илэрсэн баруун зулайн ар дээд хэсгийн хуйхны сорви гэмтэл нь тухайн хэрэг болох хугацаанд үүссэн байх боломжтой шарх гэмтлийн эдгэрэл бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. О.И-ын биед учирсан гэмтэл нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх 31/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.А-н “...2022 оны 03 дугаар сарын 07-ны орой 19-20 цагийн үед Завхан аймгийн Асгат сумын соёлын төвд концерт болох гэж байсан бөгөөд би тухайн концертод дуулах байсан тул ганцаараа түрүүлээд гэрээсээ гарсан. Би дуулахаасаа өмнө тайзны өрөөнд хоёр найзтайгаа нэг шил архи хувааж уусан. Дуулсныхаа дараа соёлын төвөөс гараад найз Н нэг шил архи хувааж уусан. ...Тэгж байтал удалгүй манай эхнэр найз Д-тэй хамт ирээд намайг гэрт аваачсан. ...Би шөнийн 01 цагийн үед сэрээд гэрийнхээ үүдний амбаараас цагаан сарын архинаас үлдсэн архийг ганцаараа уучхаад гэрээс гарч явсан. Тэгээд Цн гэрт очтол манай эхнэр тэнд байсан бөгөөд би эхнэрийнхээ хамт тэдний гэрээс гараад харих замдаа гудамжинд эхнэртэйгээ маргалдаад баруун гараараа түүнийг нэг удаа алгадсан. Тэр үед эхнэр газар халтираад унахаар нь би архины халуундаа баруун хөлөөрөө толгой хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн....” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, хохирогч О.И-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойн тус газарт хоёр удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

 

Прокуророос шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.А-н хохирогч О.И-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойн тус газарт хоёр удаа өшиглөсөн үйлдэл хохирогчид учирсан толгой хагарч, толгой баруун хагарсан хэсэгт 3 оёо тавьсан, толгойн баруун зулайн ар дээд хэсгийн хуйхны сорви гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байна.

Шүүгдэгч Б.А-н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч О.И-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Иймд шүүгдэгч Б.А-н үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болох нь “...нөхөр Б.А-аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хохирогчийн хүсэлтээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.ӨЛЗИЙХИШИГ