| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2017/00764/И/ |
| Дугаар | 1883 |
| Огноо | 2017-08-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 1883
Ш.Батмөнхийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/01961 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ш.Батмөнхийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Баянжаргалд холбогдох
Гэрээнээс татгалзсаны хохиролд 149 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ганбат,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сард Ц.Баянжаргалаас циркийн авто худалдааны зогсоол дээр “Ланд круйзер 200” маркийн евро загварын 08-80 УБЯ улсын дугаартай авто машин худалдан авсан. 110 000 000 төгрөг бэлэн өгч 38 000 000 төгрөгийг 11 дүгээр сард өгөхөөр тохиролцон гэрээ байгуулж 11 дүгээр сардаа 38 000 000 төгрөгөө өгч нийт 148 000 000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд өөрийн худалдан авсан машинаар 2016 оны 7 дугаар сарын 16-нд ОХУ руу Алтанбулаг Хиагтын боомтоор хил гарах гэтэл ОХУ-ын хил Хиагтын шалган нэвтрүүлэх боомт дээр ОХУ-аас хулгайд алдагдан эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн шалтгаанаар саатуулж хураан авсан. Шударга хөдөлмөрөөр олон жил цуглуулж ганц унах унаатай болсон нь зальт этгээдүүдийн ов мэхэнд хууртагдаж маш ихээр хохироод байна. Иймд Ц.Баянжаргалаас машины үнэ 148 000 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, бүгд 149 000 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон тус дүүргийн прокурорын газраас ОХУ-ын иргэн Арсалан Суворов Батмункуевичий, Монгол Улсын иргэн Ц.Батболд нарт холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн, хулгайн тээврийн хэрэгслийг хууль бусаар хил нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан, бусдыг залилан мэхэлсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа болно. Тухайн маргааны зүйл болох 08-80 УБЯ улсын дугаартай “Ланд 200” маркийн тээврийн хэрэгслийг миний төрсөн ах Ц.Баясгалан нь Б.Сүхбат гэх хүнээс 111 000 000 төгрөгөөр худалдаж аваад надад 150 000 000 төгрөгийн өрөнд бодож өгсөн. Дээрх тээврийн хэрэгслийг миний бие хууль бус хулгайн тээврийн хэрэгсэл гэдгийг огт мэдэлгүйгээр иргэн Ш.Батмөнхөд зарсан нь үнэн болно. Хэдий тийм боловч тухайн маргааны зүйл болох 08-80 УБЯ улсын дугаартай хууль бус хулгайн тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулсан үйлдлийг хийсэн гэм буруутай этгээдийг олж тогтоохгүйгээр энэ хэргийг эргэлзээгүй үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлэхэд бэрхшээлтэй юм. Маргааны зүйл болох 08-80 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хууль бус гэмт хэргийн замаар олдсон хөрөнгө бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийтдээ 7 өөр эзэмшигч, өмчлөгч сольж худалдах худалдан авах гэрээгээр зарагдсан байна. Дээрх тээврийн хэрэгслийн төлбөрийг төлөх юм бол миний бие Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдох бөгөөд мөн ялгаагүй гэм буруутай этгээдээс төлбөрийг барагдуулах аль эсхүл холбогдох этгээдийг хариуцагчаар татан Иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байж иргэн Ш.Батмөнхийн төлбөрийг төлөх нөхцөл байдал үүсэх болно. Маргааны зүйл болох тухайн 08-80 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаан дээр бичигдсэнээр С.Соёл-Эрдэнэ байх бөгөөд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр шаардах эрх үүсэх бөгөөд Ш.Батмөнх нь нэхэмжлэл гаргах эрхтэй субьект мөн эсэхийг тодруулах шаардлагатай. Иймд Эрүүгийн журмаар хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Иргэний маргааныг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Баянжаргалаас 148 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Батмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 902 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Ц.Баянжаргалаас 897 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Батмөнхөд олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь хулгайн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдож ОХУ-ын цагдаагийн байгууллагаас хурааж авсан бөгөөд тухайн хэрэг дээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон тус дүүргийн прокурорын газраас ОХУ-ын иргэн Арсалан Суворов Батмункуевичий, Монгол Улсын иргэн Ц.Батболд нарт холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн, хулгайн тээврийн хэрэгслийг хууль бусаар хил нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан, бусдыг залилан мэхэлсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа болно. Мөн тухайн хэрэгт нэхэмжлэгч Ш.Батмөнхийг хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тооцсон. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааныг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол иргэний хэрэг үүсгэхээс татгалзах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг шүүх баримтлаагүй. Хэдийгээр Ц.Баянжаргал нь тухайн эрүүгийн хэргийн оролцогч биш тухай лавлагаа хэрэгт авагдсан боловч маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бусдад зарж борлуулсан этгээдийг олж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. Дээрхи тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын хилээр орж ирсэнээс хойш 6 хүний нэр дамжуулагдан зарагдсан бөгөөд уг маргааны эх сурвалжийг олж тогтоолгүйгээр хэргийг шийдвэл энэ хэрэгт холбогдсон иргэдэд хүртэл цаг хугацаа, санхүүгийн хувьд хүндрэл чирэгдэл үүсэх нөхцөл байдал бий болоод байна. Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор тухайн эрүүгийн хэрэгт нөлөөлж хохирогч иргэний нэхэмжлэгчийг өөрчлөх хууль зүйн үр дагавар бий болно. Шүүх хэргийг дүгнэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэсэн бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргахдаа худалдах, худалдан авах гэрээтэй бус гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ гаргаж тайлбарласан байдаг. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах тухай, 243.1-т заасан эд хөрөнгийн эрхийн доголдлын талаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж мэтгэлцээгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор дээр мэтгэлцсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, эсвэл мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ш.Батмөнх нь хариуцагч Ц.Баянжаргалд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны хохиролд 149 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2014 оны 9 сард худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч Ц.Баянжаргал нь “Ланд круйзер 200” маркийн, 08-80 УБЯ улсын дугаартай автомашиныг шилжүүлэх, нэхэмжлэгч Ш.Батмөнх нь автомашины үнэ 148 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж, хэн аль нь уг гэрээний үүргээ биелүүлсэн талаар талууд маргаагүй байна.
Харин гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн эзэмшигчээр н.Соёл-Эрдэнэ гэх хүн бүртгэгдсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа боловч уг тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, гэрээний зүйл буюу маргааны зүйл болох автомашиныг нэхэмжлэгч Ш.Батмөнхийн эзэмшилд хариуцагч Ц.Баянжаргал шилжүүлж өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, хариуцагч нь гэрээний дагуу 148 000 000 төгрөгийг хүлээн авсан болохоо тайлбарласан байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар аман хэлцлээр байгуулсан гэж үзнэ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын болон эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэрээний зүйл болох автомашин нь хулгайн эд зүйл болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, цагдаагийн байгууллагын албан бичиг, прокурорын мэдэгдэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, уг автомашин хураагдсан байна.
Иймд гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн автомашин Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасан эрхийн доголдолгүй гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь эд хөрөнгө эрхийн доголдолтой холбоотойгоор Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлахаар шаардлага гаргах эрхтэй. Талуудын хоорондын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг нь нэг удаагийн шинжтэй удаан хугацаагаар үргэлжилсэн бус байх тул гэрээг цуцлах тухай шаардлага нь гэрээнээс татгалзахтай адил үр дагавартай. Түүнчлэн доголдолтой холбоотой шаардлага гаргахад нөгөө талын гэм буруутай үйлдэл байгаа эсэхийг тогтоох шаардлагагүйгээс гадна гэрээний үүргийн зөрчлийн буюу автомашины эрхийн доголдлыг арилгах боломжгүй нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т зааснаар гэрээг цуцлахын тулд нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй юм.
Гэрээний үүргийн доголдолтой холбоотойгоор гэрээг цуцалсан худалдан авагч буюу Ш.Батмөнхөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзсантай холбоотой мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгчид гэрээгээр хариуцагчид шилжүүлсэн 148 000 000 төгрөгийг буцаан олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн анхан шатны шүүх хохирол буюу өмгөөллийн ажлын хөлсөнд төлсөн гэх 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Гэрээнээс учирсан хохирол шаардахын тулд нөгөө талын буруутай байдал тогтоогдох шаардлагатай ба гэрээний зүйл эрхийн доголдолтой байгаа нь хариуцагч Ц.Баянжаргалын буруутай үйлдэлээс болсон гэдэг нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасан хохирол шаардах эрх үүсээгүй байна.
Анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч Ш.Батмөнхийн нэрийг “Баянмөнх” гэж буруу бичсэн, шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалт баримтлаагүй алдаа гаргасан байх боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулан зөвтгөх боломжтой байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/01961 дүгээр шийдвэрийн
удиртгал хэсгийн “... Баянмөнх ...” гэснийг “Батмөнх” гэж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1” гэснийг “Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 902 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Г.ДАВААДОРЖ