Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Р.Батнасан,

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдорж, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл /ҮД: 1943/

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч Батмөнхийн Батдоржид холбогдох эрүүгийн 201625020930 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой /9 дүгээр анги төгссөн/, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хойд эцэг, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 25 дугаар байр 7 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 104 дүгээр байрны 38 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Батмөнхийн Батдорж, /РД:УЗ00243051/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдорж нь 2016 оны 4 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар хороолол Нарны замын 59 дүгээр байрны 48 тоотод оршин суух хохирогч И.Алтанцэцэг болон түүний хүүгийн цүнхтэй эд зүйлийг хулгайлж 5.311.999 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд хийсэн хэргийнхээ талаар бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдоржийн мэдүүлэг: “...2016 оны 4 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 02 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 59 дүгээр байрны орц руу орсон юм. Орц нь кодтой байсан. Би хүн орохоор нь дагаад орсон. Тэгээд би ороод лифтээр нь дээшээ 10 давхарт гарсан. Би 10 давхарт гараад нэлээн үүрэглээд орцны шатан дээр сууж байгаад сэрээд шатаар гарахад баруун гар талд байсан хар билүү хүрэн өнгийн бүргэд хаалганы бариулыг дартал онгойчихсон. Тэгэхээр нь би ортол өрөөний орон дээр цаашаа харчихсан хүн унтаж байсан. Тэгэхээр нь би хар өнгийн эмэгтэй хүний цүнхийг аваад буцаад явчихсан. Тэгээд би орц руу гараад 7 давхар руу буугаад цүнхийг онгойлгож үзтэл дотор нь хар өнгийн түрийвч болон бичиг баримт 220 гаруй мянган төгрөг байхаар нь тэрийг нь аваад цүнхийг нь тэнд нь үлдээчихсэн. Тэгэхээр нь би тэндээс гараад Голомт хотхоны урдаас такси бариад 3 дугаар эмнэлэг рүү явсан. Би 3 дугаар эмнэлэгийн дотор байсан ХААН банкны бэлэн мөнгөний машинд хар өнгийн түрийвчин дотор байсан шар өнгийн ХААН банкны картыг уншуулаад кодыг нь 0422 гэж хийгээд 4 удаа уншуулж 4.700.000 төгрөгийг аваад хороололын Билэг их дэлгүүрийн урд талд нэр усгүй Хотел гэсэн буудалд орж тэндээ хоночихоод өглөө нь 8 цаг болж байхад гараад тэндээсээ халдвартын шөнийн зах руу орж 85.000 төгрөгөөр алаг адидас брендийн кет, хар хөх өнгийн даавуун өмд 45.000 төгрөгөөр, цагаан өнгийн оймс 2.500 төгрөгөөр, хар өнгийн даавуун цамц 65.000 төгрөгөөр худалдаж авчихаад халдвартын тэнд байдаг писи тоглоомын газарт ганцаараа тоглосон. Тэгээд хороолол руу Төөгөө гэдэг найзтайгаа уулзчихаад бид 2 хамт писи тоглоомын газар тоглосон. Тэгээд нилээн орой болсон байхаар нь Төөгөө гэрлүүгээ яваад би буудал руугаа явсан. Би өдөр нь Теди худалдааны төвөөс айфоне 5 маркийн гар утсыг 340.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн би хорооллын 15 дугаар хорооны хажууд байрлах Тансаг хүнсний дэлгүүрт 6000 төгрөгний өртэй байснаа өгсөн. Би 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө 11 цагийн орчимд буудлаасаа гараад хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүр рүү орж Жордан-6 загварын пүүз 200.000 төгрөгөөр, сорочкон цамц 65.000 төгрөгөөр, хөх цэнхэр өнгийн  жинсэн өмд 65.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд айр максын писи тоглоомын газарт нэлээн сууж байгаад 19 цагийн үед хорооллын “Билэг их дэлгүүрийн урд байдаг Аск гэх нэртэй цайны газарт 6.000 төгрөгөөр хоол идсэн. Тэгээд орой нь буудал руугаа очиж хоносон... би 90176977 гэсэн дугаарыг Тэнгисийн урд байдаг скайтелаас 9000 төгрөгөөр өөрийн нэр дээр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх 49-50 дугаар хуудас/, 

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хүүхэд маань 9 дүгээр ангиа төгсөөд хөдөө Дундговь аймагт эмээ дээрээ байж байгаад хотод орж ирсэн. Хотод орж ирээд ийм хэрэгт холбогдчихсон байна. Би одоо хүүхдээ өөртэйгөө хамт байлгаж, хараа хяналт тавина. Гэрт хүүхэд байх боломжгүй, хэцүү зүйл байдаггүй…” гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Б.Батдорж Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд манай ээж дээр байдаг. Б.Батдорж 40 дүгээр сургуульд 9 дүгээр ангиа төгсөөд хөдөө мал дээр гарсан. 2016 оны 02 дугаар сарын сүүлчээр хот руу орж ирсэн. Ирээд 2 сар гаруй болж байна. Б.Батдорж хааяа над руу утсаар яриад ирж уулздаг байсан. Өнөөдөр над руу цагдаа залгаад хэрэгт холбогдсон талаар нь ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх 33 дугаар хуудас/,

Хохирогч И.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө манай гэрийнхэн хаалгаа түгжилгүй орхичихоод унтацгаасан байсан. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед босоод хүүгийнхээ цүнхийг хайхад байхгүй болохоор нь эгч нь бариад явсан юм болов уу гэж бодсон. Тэгээд би өөрийн утсаа харахад миний утсанд миний картнаас мөнгө гарсан тухай мэдээлэл мессежээр ирсэн байсан. Би гайхаад цүнхээ хайхад байхгүй байсан. Миний цүнх болон дотор нь байсан эд зүйлсийг манай 7 давхрын залуу шатан дээрээс өглөө үүрээр 6 цагт олчихоод гэртээ оруулж тавьчихаад өдөр нь надад гаргаж өгсөн. Миний цүнхэн дотор түрийвч, бэлнээр 330 гаруй мянган төгрөг, нэрийн хуудасны сав болон бичиг баримтууд, хүүгийн цүнх түрийвч байхгүй болсон байсан. Манай доод айлын залуу надад цүнхэнд байсан эд зүйлийг бүрнээр нь өгсөн. Миний Хаан” банкны 5001493838 тоот данснаас 6 удаагийн үйлдлээр нийт 4.905.000 төгрөгийг гуравдугаар эмнэлгийн доод талын Хаан” банкны экспресс банкнаас уншуулан авсан байсан. Манай гэрийн хаалганы бариулыг дарахад онгойчихдог юм. Тухайн үед миний цүнх болон хүүгийн цүнх үүдээр ороход ойрхон буйдан дээр зэрэгцээд байж байсан. Манай гэрийн хаалга дотроосоо түгжихгүй бол онгойчихдог юм...” гэсэн мэдүүлэг / хх 22-23, 84 дүгээр хуудас/,   

Гэрч Э.Дөлгөөн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө эрт унтсан. Манай гэрийнхэн орж гараад байсан. Тэгээд хаалгаа түгжилгүй орхичихоод унтацгаасан байсан. Би өглөө ажил дээрээ байж байтал ээж утасдаад дүүгийн цүнхийг асуусан би мэдэхгүй гэж хэлсэн. Дахиад утасдаад ээжийн цүнх алга болсон гэж хэлсэн яг юу юу алга болсоныг би сайн мэдэхгүй ээж мэдэж байгаа байх...” гэсэн мэдүүлгээр /хх 24 дүгээр хуудас/,

Гэрч Г.Алтанбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Алтанцэцэгийн нөхөр байгаа юм. 2016 оны 4 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө гэртээ эхнэр Алтанцэцэг, охин Дөлгөөн, хүү Хонгор, эхнэрийн дүүгийн хүүхэд болох Анар-эрдэнэ нарын хамт гэртээ хоносон. Гаднаас хүн орж ирсэнийг мэдээгүй. Манай гэрийнхэн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагт хүү Хонгор хичээлдээ явах гээд цүнхээ хайгаад олоогүй бид нар гайхаад хамаг юмаа хөдөлгөж үзээд хайгаад олоогүй байж байтал эхнэрийн гар утсанд мессеж ирэхээр нь эхнэр мессежээ унштал картнаас гүйлгээ хийсэн байхаар нь өөрийнхөө цүнхийг хайтал байхгүй байхаар нь шөнө хүн гэрт орж ирсэн байна гээд цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд би гэрээсээ гараад гадуур хогийн саванд цүнхнүүдийг нь хаячихсан байж магадгүй гээд хайсан боловч олоогүй. Гэтэл манай доод айлын залуу өдөр нь Алтанцэцэг эгч та цүнхээ аваарай цүнхийг чинь орцонд хамаг юмтай нь хаячихсан байхаар нь би аваад гэртээ оруулчихсан гэж хэлэхээр нь өдөр 12 цагийн үед доод айлаасаа орж цүнхээ авсан. Хүүхдийн цүнх доторхыг нь гаргаад үүрээд явсан байсан. Манай эхнэрийн цүнхнээс 2 ширхэг виза картыг бэлэн мөнгөний хамт аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч А.Билгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өглөө 06 цаг 30 минутын орчимд хичээлдээ явах гээд гэрээсэ гарсан ба шатны хажууд цүнхтэй эд зүйлсийг энд тэндгүй тараагаад хаячихсан байсан. Би өглөө 07 цаг 40 минутаас хичээлтэй байсан болохоор бүх эд зүйлсийг цүнхэн дотор нь хийгээд гэртээ оруулж тавьчихаад өдөр ирж байгаад өгье гэж бодоод хичээлдээ явсан. Өдөр 13 цаг өнгөрч байхад би нэрийн хуудсан дээр байсан 99093308 дугаарын утас руу залгаад ярихад гэрт цагдаатай хамт орж ирэхээр нь би эд зүйлсээ шалгаж аваарай гэж хэлсэн. Өөрөө хэлэхдээ дотор нь байсан бэлэн 300 гаруй мянган төгрөг болон өдөр тутам хэрэглэдэг 2 карт нь байхгүй байна, бусад нь бүрэн байна гээд эд зүйлсээ буцаан авсан...” гэсэн мэдүүлэг,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...Теди-2 гар утас худалдаалах газрын 2 ширхэг баталгааны хуудас болон хохирогч И.Алтанцэцэгээс гаргаж өгсөн “ХААН” банкны хяналтын камерын бичлэг зэргийг хэрэгт хавсаргахаар тогтов...” гэжээ. /хх 18-19 дүгээр хуудас/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 71-75 дугаар хуудас/,

           

Эд зүйлийн үнэлгээ /хх 77 дугаар хуудас/,

Хохирогч И.АлтанцэцэгийнХаан” банкны 5001493838 тоот дансны хуулга / хх 76 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл /хх 11 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12-13, 16 дугаар хуудас/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 15 дугаар хуудас/,

Нас тоолсон тухай тэмдэглэл /хх 20 дугаар хуудас/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 54 дүгаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55 дугаар хуудас/, насанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 56-65 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх 83 дугаар хуудас/, оршин суух хорооны тодорхойлолт /хх 85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдорж нь 2016 оны 4 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар хороолол Нарны замын 59 дүгээр байрны 48 тоотод нэвтэрч иргэн И.Алтанцэцэг болон түүний хүүгийн цүнхтэй эд зүйлийг хулгайлж 5.311.999 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдоржийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч И.Алтанцэцэг, гэрч А.Билгүүн, Э.Дөлгөөн, Г.Алтанбаяр нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Батдорж нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.         

Шүүх насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдоржид ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин арван найман насанд хүрээгүй байхдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шийдвэрлэлээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдорж нь ажил хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй, түүний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй, эцэг эхийн асрамжинд амьдардаг тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Теди-2 гар утас худалдаалах газрын 2 ширхэг баталгааны хуудас болон хохирогч И.Алтанцэцэгээс гаргаж өгсөн “Хаан” банкны хяналтын камерын бичлэг зэргийг хэрэгт хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгч Б.Батдорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч И.Алтанцэцэг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Батдорж хохирол бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул насанд хүрээгүй шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Батмөнхийн Батдорж нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдоржийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батдоржид оногдуулсан 2 /хоёр/ жил 01 /нэг/  сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Батдорж нь 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох Теди-2 гар утас худалдаалах газрын 2 ширхэг баталгааны хуудас болон хохирогч И.Алтанцэцэгээс гаргаж өгсөн “ХААН” банкны хяналтын камерын бичлэг зэргийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Батдоржид оногдуулсан 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж сургуульд оруулж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг эх Б.Батжаргалд хариуцуулсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батдоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН